Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1996

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 107-100 тоотод оршин суух, Мэргэд овогт Лхагвасүрэнгийн Гүнбилэг /РД:ПЭ85041109/-ийн хүсэлттэй,

Г.Идэрбаярыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Л.Гүнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Идэрбаяр нь 2017 оны 7 сарын 20-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын нутагт Солонготын даваа уруудаж яваад, өөрийн 6791 УБЕ дугаартай Ланд-100 маркийн машинаар манай машиныг мөргөж, тухайн үед дотор нь сууж явсан 3 хүний  /7 сартай хүү, нөхөр болон би/ биед хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үедээ гомдолгүй гэчихээч, адилхан залуу улсууд хол газар яваа юм байна, хохирлыг чинь барагдуулж өгнө гэсэн боловч одоог хүртэл хохирол барагдуулаагүй байна. Банзүрх дүүргийн шүүхэд гомдол гаргасан боловч хаяг тодорхойгүйн улмаас хэрэгсэхгүй болоод байна. Иймд Г.Идэрбаярын хаягийг тодорхойлж, эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Л.Гүнбилэг нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Идэрбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Л.Гүнбилэг нь “Г.Идэрбаярыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор гэм хорын хохиролд 3,322,411 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Г.Идэрбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 5/135 дугаартай тогтоол, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан  болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Г.Идэрбаяр нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянзүрх 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14-14 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 сарын 14-ний өдрийн 101/ШЗ2017/03302 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Идэрбаярын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Л.Гүнбилэгийн “Г.Идэрбаярыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Г.Идэрбаярын регистрын дугаар РУ82102934, утасны дугаар 91919558 болохыг дурдах нь зүйтэй.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                                          ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Л.Гүнбилэгийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гонгорболдын Идэрбаяр /РД:РУ82102934/-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Г.Идэрбаяр /РД:РУ82102934/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

   

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА