Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/965

 

 2021            09            21                                          2021/ШЦТ/965

 

                                          

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Гантулга, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2108000001153 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 16-16 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

            - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр суллагдсан, Бөө овогт Ганхуягийн Гантулга /РД:ОС93092514/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Г.Гантулга нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамжинд хохирогч Д.Ганчимэгийн эзэмшлийн ЛЖ Эс-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн довтлон авч, бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Д.Ганчимэгийн эзэмшлийн ЛЖ Эс-6 маркийн гар утсыг хүч хэрэглэн довтлон авах явцдаа түүний хөл дээр нь гишгэн, түлхэж унагаан, чирч эрүүл мэндэд нь баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, хоёр  тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулга “ мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

   - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас),        

            - Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.Ганчимэгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 16 дугаар хуудас), гэрч Г.Доржпүрэвийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), Г.Гантулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

            - “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21/026 дугаартай хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 6302 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

            - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар тал), анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 60-64 дүгээр хуудас), сэтгэл зүйн тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дугаар тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,

шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй” гэх тайлбар,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцэх зүйлгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон” гэсэн болно.

Шүүгдэгч Г.Гантулга нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамжинд иргэн Д.Ганчимэгийн эзэмшлийн “ЛЖ Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэн довтлон авч, 310.000 төгрөгийн хохирол учруулсан, уг хэргийг үйлдэх явцдаа иргэн Д.Ганчимэгийн хөл дээр нь гишгэн, түлхэж унагаан, чирч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

            - хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх3-6/,

            - хохирогч Д.Ганчимэгийн “...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамжны 315 тоот гэрээсээ 19 цаг 45 минутын үед гарч дэлгүүр орж нэгж авчхаад Овоотын 9 дүгээр гудамжинд дээшээ гэрүүгээ өгсөх замдаа...гар утсаа оролдоод явж байтал...араас 25-30 орчим насны, халамцуу, өндөр, туранхай залуу гарцаар хүрч ирээд миний гарт байсан гар утсыг авах гээд татахаар нь гар утсаа өгөхгүй гээд зуураад булаацалдаад байж байтал тухайн залуу миний баруун хөл дээр хөлөөрөө гишгэж байгаад намайг түлхэж газарт унагаагаад миний гар утсыг аваад явах гэхээр нь хөлөөс нь зуурч чирэгдэж байгаад алдсан...чирснээс болж хоёр гарын тохой зулгарч шалбалсан...надад эмчилгээний зардалд гаргаж өгөх баримт байхгүй...Г.Гантулга эмчилгээний зардалд 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13,16/,

            - гэрч Г.Доржпүрэвийн “...2021 оны 07 дугаар сарын 13-ны орой 20 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамжинд өөрийн эзэмшлийн 58-90УБМ улсын дугаартай, цагаан өнгийн АD маркийн машинтайгаа найз Хүрэлбаатар, Монхоо, Хүслэн нарын хамт явж байтал хажуугаар нэг залуу хурдан гүйгээд өнгөрсөн. Тэгтэл 50 гаран насны эмэгтэй машины урдуур орж ирж зогсоогоод “эгчдээ туслаарай, саяын гүйгээд явдаг залууд гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлэхээр нь машиндаа суулгаад эргэтэл тухайн залуу гудамж руу орж байхаар нь араас нь хөөж, шахаж очиж зогсоогоод бариад автал гар утсыг нь өвс рүү шидчихсэн...өвсөн дотроос эгч утсаа олж аваад цагдаад дуудлага өгсөн. Тухайн эгч намайг унагаасан тохой, хөл өвдөж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-24/,

            - “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21/026 дугаартай “...ЛЖ Эс-6 маркийн гар утас 310.000 төгрөг...” гэх эд зүйлд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /хх31-32/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 6302 дугаартай “...Д.Ганчимэгийн биед баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, хоёр тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, унаснаас үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Гантулга нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, хохирогч Д.Ганчимэгийн биед хүч хэрэглэн халдан довтолж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол /баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, хоёр тохойнд зулгаралт гэмтэл/ учруулж, түүний эзэмшлийн гар утас /ЛЖ Эс-6/-ыг дээрэмдэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдлийн тухайд тэрээр хохирогчийн эд хөрөнгө/гар утас/-ийг өөрийн өмчлөлд авах зорилгоор довтолж буюу шунахайн сэдэлтээр, үнэ төлбөргүйгээр, хүч хэрэглэж хохирогчийн гар утсыг авч, дээрэмдэх явцдаа хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулж буй үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогджээ.

Нөгөөтээгүүр Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг[1]-т заасныг журамласан нь хуульд нийцсэн, шүүгдэгчийн үйлдлийн хувьд хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан гэж үзнэ.  

Тиймээс шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (дээрэмдэх), мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

 Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ганчимэгийн биед баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, хоёр тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба, гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг(хх-16)-ийг өгчээ.

Мөн “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 21/026 дугаартай хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтоор түүний эзэмшлийн “ЛЖ Эс-6” маркийн гар утсыг 310.000 төгрөгөөр үнэлсэн ба, тухайн гар утсыг “биет байдлаар буцаан” авсан болох нь гэрч Г.Доржпүрэвийн мэдүүлэг (хх-24) зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Гантулгыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил 8 сарын хорих ял оногдуулах, оногдуулан, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал” дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ”Г.Гантулгын хувьд гэм буруугийн асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэснийг баримтлан түүнд 1 жил 1 сарын хорих ял оногдуулж өгнө үү. Нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулж, мэтгэлцэв.  

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас(хх57)-аар Г.Гантулга нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл эдэлж байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол(хх60-64)-ын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байгаа боловч тэрээр эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй /Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/ юм.

Шүүгдэгч Г.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Гантулгыг “дээрэмдэх”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн, эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч 300.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлттэй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ зэрэг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил, 7 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан уг хориг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Гантулга нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шатанд цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй юм.

Улсын яллагчийн “Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг  Шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Тодруулбал: Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Г.Гантулгын нэр дээр үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олдог эсэх нь эргэлзээтэй, тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон ял буюу нийтэд тустай ажил хийлэх ял, хорих ялыг тус тус оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэхийг шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон.

Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л Шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.Гантулгад хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ялыг оногдуулсан байдал нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохирсон, цээрлүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2108000001153 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Гантулгын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Бөө овогт Ганхуягийн Гантулгыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн,

- дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Гантулгад

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 30 (гуч) хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 7 (долоон) сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гантулгад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гантулгын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Эрүүгийн 2108000001153 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Г.Гантулга нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч  Г.Гантулгын эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гантулгад авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР

 

 

[1] “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”