| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02240/И |
| Дугаар | 1998 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1998
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жавханц хутагт дамдинбазар, Элеганс таун хотхон 44/А-3 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Кредит Юнион Монгол” ХЗХ-ны хүсэлттэй,
Д.Ганчимэгийн эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Кредит юнион монгол” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганчимэг нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай хоршоотой 53/16 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээл авсанаас хойш зээлээ төлөлгүй биднийг хохироож байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хаягтандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.Ганчимэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Кредит юнион монгол” ХЗХ нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ганчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч “Кредит юнион монгол” ХЗХ нь “Д.Ганчимэгийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 36,950,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Д.Ганчимэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Д.Ганчимэг /РД:НЭ64052701/ нь албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Автозамчдын гудамж 56/А-60 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 13-ны өдрийн 181/ШЗ2017/08717 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ганчимэгийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч “Кредит юнион монгол” ХЗХ-ны “Д.Ганчимэгийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Кредит юнион монгол” ХЗХ-ны хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жас овогт Дагвын Ганчимэг /РД:НЭ64052701/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Жас овогт Дагвын Ганчимэг /РД:НЭ64052701/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА