Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/966

 

     2021            09           21                                        2021/ШЦТ/966

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

            улсын яллагч У.Анхжаргал,

            шүүгдэгч П.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108000000931 дугаартай, нэг хавтаст хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 39 дүгээр гудамжны 57 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хариад овогт Пүрэвсүрэнгийн Баттулга /РД:РЮ84061817/.

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

            Яллагдагч П.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 39 дүгээр гудамжны 57 тоотод иргэн Б.Нандинцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Баттулга “нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

            - Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Б.Нандинцэцэгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас), гэрч Ч.Энхчулууны мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас), гэрч Б.Мөнхийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Мөнхдалайн мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7353 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 53, 57 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), түүний Хаан банкны дансны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 61-74 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дугаар тал) зэрэг болно.

           

            Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Баттулгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд:

            I. Гэм буруугийн талаар.

            Улсын яллагчаас “шүүгдэгч П.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг шүүгдэгчээс “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй” болно.

            Шүүгдэгч П.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 39 дүгээр гудамжны 57 тоотод иргэн Б.Нандинцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            - Хохирогч Б.Нандинцэцэгийн “2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд нөхөр П.Баттулга нь найзтайгаа хамт архи уучихсан байсан. Найз Пүрэв нь 13 цагийн үед яваад өгсөн. Бид хоёр гадаа зэрлэгээ зулгааж дуусаад гэртээ 16 цагийн үед орж ирсэн. Гэрт бага зэргийн маргаан болж...баруун гараараа миний нүүр, хамар хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх-23-27/,

            - Гэрч Ч.Энхчулууны “...Баттулга нь гэрийнхээ гадаа суучихсан, Нандинцэцэг эгчийн нүд хамар хэсэг нь хавдсан байдалтай байсан. Урьд өмнө нь зодож, цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх32-33/,

            - Гэрч Б.Мөнхийн “...надад хэлэхээр нь би яваад очсон. П.Баттулга нь манай эгчийн нүүр рүү цохисон, эгчийн хамар, нүд хэсэг нь хавдсан байсан. Хоорондоо маргалдаж, бие биедээ гэмтэл учруулж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх35-36/,

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7353 дугаартай “Б.Нандинцэцэгийн биед баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх14-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч П.Баттулга нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй байдлын улмаас хохирогч Б.Нандинцэцэгийн биед халдан /цохих/, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өөрөөр хэлбэл П.Баттулга нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /7353/, хохирогч, гэрч нарын  мэдүүлгээр хангалттай тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч П.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч П.Баттулга нь сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр илэрхийлсэн тул түүний хүсэлтийг Шүүх хангасан болохыг тэмдэглэв.

            - Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нандинцэцэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд Шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг өгчээ.

            Иймд шүүгдэгч П.Баттулгын энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

            II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

            Улсын яллагчаас “ шүүгдэгч П.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт”-ийг шүүгдэгчээс маргаж, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар П.Баттулга нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй (хх-38) буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Баттулга нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-102) гаргасныг Прокурор хүлээн авч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” тухай 241 дугаартай тогтоол (хх106-107) үйлдэн, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, хүлээн зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, бусдыг илтэд үл хүндэтгэн, хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогчийн эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлттэй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой орлого олдог/ зэрэг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баттулгыг 500 нэгж[1]тэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан үзэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Бусад асуудлаар.

            Эрүүгийн 2108000000931 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Хариад овогт Пүрэвсүрэнгийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баттулгыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар П.Баттулгад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай. 

4. Эрүүгийн 2108000000931 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Баттулгад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЯМБААБААТАР

 

 

 

[1] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.”