Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/044

 

 Г.Тд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Г.Т

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 455 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлээр Г.Тд холбогдох эрүүгийн 1714001730193 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Оргиу овогт Г.Т, ...............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлтгүй, регистрийн дугаар /ВТ90111711/

Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг “Хуурайн дээд гол” гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт дараах ажиллагааг хийж гүйцэтгэх зүйтэй гэж үзлээ.

1. Арван найман насанд хүрээгүй гэрч *******ийн эцэг, эхийн аль нэгийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, тэдгээр хууль ёсны төлөөлөгч болон тодорхой ажил төрөлтэй сурган хүмүүжүүлэгч гэсэн албан ёсны бичиг баримттай иргэнийг байлцуулж, *******оос хэргийн талаар тодорхой дэлгэрэнгүй байцаалтыг авах,

2. Шүүгдэгч Г.Тээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдагдсан нэр бүхий 2 иргэн ******* болон түүний эхнэрийг гэрчээр байцаах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэн харин өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан 18 насанд хүрээгүй гэрч *******оор шүүгдэгчийг таньж олуулах, шүүгдэгч Г.Тийн хүсэлтэд дурдагдсан дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамж нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Үүнд: 1. Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор

аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг “Хуурайн дээд гол” гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч *******ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч *******ийн хууль ёсны төлөөлөгч *******, сурган хүмүүжүүлэгч ******* нарын хамт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул Г.Тд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг удаа дараа зарлаж /3-4/ шүүх хуралдаан явуулан насанд хүрээгүй гэрч *******ийг оршин суугаа газраас нь авчирч шүүх хуралдаанд гэрчээр заавал оролцуулахыг хууль ёсны төлөөлөгч *******т шүүхээс удаа дараа даалгасан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр насанд хүрээгүй гэрч ******* нь ирээгүй тул шүүхээс хууль ёсны төлөөлөгч *******т торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэж болно.

Түүнчлэн анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд яллагдагч Г.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн хэрэг болох цаг хугацаанд хөдөө хээр малын бэлчээр дээр хохирогч А.Доржготов болон насанд хүрээгүй гэрч *******, яллагдагч Г.Т нар байсан бөгөөд өөр ямар ч хүн байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Гэтэл шүүхээс нэр бүхий 2 иргэн ******* болон түүний эхнэрийг гэрчээр байцаах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд тухайн хэрэгт ямар ч ач холбогдолгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг явдал болсон гэх газарт ойрхон байсан гэх ******* болон түүний эхнэр нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газар байгаагүй тул тухайн хэргийн талаар гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй бөгөөд тухайн хэрэгт ямар ч ач холбогдолгүй болно.

Нөгөөтэйгүүр арван найман насанд хүрээгүй гэрч *******ийн эцэг, эхийн аль нэгийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, тэдгээр хууль ёсны төлөөлөгч болон тодорхой ажил төрөлтэй сурган хүмүүжүүлэгч гэсэн албан ёсны бичиг баримттай иргэнийг байлцуулж *******оос хэргийн талаар дахин тодорхой дэлгэрэнгүй байцаалтыг авах гэсэн шүүгчийн захирамжийн заалт нь мөн үндэслэлгүй байна.

Учир нь тухайн хэргийн талаар мэдэх цорын ганц гэрч болох *******ийг байцаахдаа хууль ёсны төлөөлөгч *******, сурган хүмүүжүүлэгч ******* нарыг байлцуулан мэдүүлэг авсан бөгөөд энэ ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн гэж үзэж байна. Тиймээс гэрч *******ийн эцэг, эхийн аль нэгийг дахин хууль ёсны төлөөлөгчөөр заавал тогтоож дахин мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь хууль ёсны төлөөлөгч ******* нь насанд хүрээгүй гэрч *******ийн ойрын төрөл садангийн хүүхэд бөгөөд, сурган хүмүүжүүлэгчээр оролцсон ******* нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын нэг цэгийн үйлчилгээний төвийн сэтгэл зүйчээр ажилладаг тул дахин насанд хүрээгүй гэрч *******ийн эцэг, эхийн аль нэгийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, тэдгээр хууль ёсны төлөөлөгч болон тодорхой ажил төрөлтэй сурган хүмүүжүүлэгч гэсэн албан ёсны бичиг баримттай иргэнийг байлцуулж *******оос хэргийн талаар дахин тодорхой дэлгэрэнгүй байцаалтыг авах шаардлагагүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй *******ийг гэрчээр байцаахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсны төлөөлөгч болон тодорхой ажил төрөлтэй, албан ёсны бичиг баримттай иргэнийг сурган хүмүүжүүлэгчээр оролцуулсан учраас дахин байцаалт авах шаардлагагүй болно.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг “Хуурайн дээд гол” гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Баянхонгор аймгийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг шалган тогтоон хэргийг зөв зүйлчилсэн байх тул Г.Тд холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний бусдад учруулсан хохирол, гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 455 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Тд холбогдох эрүүгийн 1714001730193 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

            ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

                                     М.МӨНХДАВАА