| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 118/2023/0009/З |
| Дугаар | 221/МА2023/0556 |
| Огноо | 2023-08-29 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0556
Ц.Бийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0022 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл
Гуравдагч этгээд Б.Ба
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б
Гуравдагч этгээд Б.Ба
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н
Хэргийн индекс: 118/2023/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0022 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12 дахь хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд холбогдох нэхэмжлэгч Ц.Бийн “Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эрх бүхий албан тушаалтанд Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Ц.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан ба уг шалгаруулалтын нэг ажлын байр нь Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаал зарлагдсан байсан. Уг албан тушаалын бүх шаардлагыг хангаж байсан тул миний бие уг сонгон шалгаруулалтад төрийн албаны нөөцөөс уг албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтад Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нягтлан бодогч Б.Батай өрсөлдөж сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт байхгүй /ажиллаагүй/ үзүүлэлтээр тухайн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтны доор бичигдэж шалгаруулалтад 2 дугаарт бичигдсэн. Гэтэл Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд оноогоороо нэгээр бичигдсэн иргэнийг томилохоос татгалзсан хариуг Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлснийг Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хүний нөөцөөс надруу утсаар 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн. Мэдсэн даруйдаа 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр миний бие Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан боловч н.Мөнхзаяа дарга аймагт байхгүй байна н.Б-эй ярь гэсэн. Түүний дагуу н.Б гэдэг хүнтэй холбогдож нийгмийн даатгалаас надтай ярилаа, танай нэр дэвшүүлсэн хүнээс татгалзсан байна, би тэр шалгалтад 2 дээр бичигдсэн хүн байна, намайг санал болгох боломжтой юу гэхэд н.Б Төрийн албаны зөвлөлөөс лавлаж асуулаа салбар зөвлөл өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэлэлцээд шийдвэрлэх боломжтой юм байна гэлээ, манайхан хотод явж байгаа ирэхээр нь болох байлгүй гэж мэдэгдсэн боловч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр н.Б залгаад таныг нэр дэвшүүлэх боломжгүй, дараагийн хүн гэж байхгүй, дахин сонгон шалгаруулалт явуулна, та харин дараагийн шалгатдаа бэлдээд, шалгалтад орох боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь би салбар зөвлөлд бичгээр Монгол Улсын Төрийн Албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай” 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нэр дэвшигчийг томилохоос татгалзсантай холбогдуулан Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн зохион байгуулсан сонгон шалгаруулалтаар онооны дарааллаар 2 дугаарт бичигдсэн намайг Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр уламжлах тухай хүсэлтийг Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан. Тэгээд хариу өгөхгүй удаад байхаар нь н.Б-тэй утсаар ярихад чамайг томилох боломжгүй гэсэн, тэглээ манай салбар зөвлөлөөс нийгмийн даатгалын хэлтэст дахин сонгон шалгаруулалтын захиалгаа өг гэж хэлэхэд тэгвэл гаргасан өргөдлийнхөө хариуг бичгээр авмаар байна гэдгээ хэлсэн. Ингээд салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 12 тоот хариу хүргүүлэх тухай албан тоотыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан. Уг хариу албан тоотод шалгалтын үр дүнг Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хамгийн өндөр оноо авсан иргэнийг Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд томилуулахаар хамтын шийдвэр гаргаж, томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлсэн. Иймд нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд таныг дахин нэр дэвшүүлэх боломжгүй байна ... гэж намайг уг албан тушаал нэр дэвшүүлэх боломжгүй гэж үзсэн байгааг эс зөвшөөрч төрийн албаны зөвлөл рүү гомдол гаргасан. Тэгээд төв төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байхдаа нийгмийн даатгалын хэлтсийн татгалзсан албан тоотыг авахаар салбар зөвлөлийн Б-эй ярихад манайх гаргаж өгөх боломжгүй нийгмийн даатгалаасаа авах боломжтой, тэглээ ч нийгмийн даатгалын хэлтсээс санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалын сул оронд сонгон шалгаруулалт явуулах захиалгаа танайд ирүүлсэн байгаа гэж мэдэгдсэн.
Гэтэл Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/659 дугаартай албан бичгээр "Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч нэр дэвшсэн иргэн тухайн албан тушаалд томилогдохоос татгалзсан тохиолдолд саналыг бичгээр хүлээн авч онооны дарааллыг баримтлан дараагийн оролцогчийг нэр дэвшүүлж болохыг зөвлөж байна” гэсэн хариуг ирүүлснийг хариуцагч байгууллагад танилцуулсан боловч одоог хүртэл Ц.Б намайг Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол гаргахгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холболдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан ба зохих журам нь Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай” 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоол юм. Төрийн албаны тухай хуульд дахин сонгон шалгаруулалт явуулах талаар тусгаагүй харин дахин нэр дэвшүүлэхээр хуульд тусгайлан зохицуулсан байна. Салбар зөвлөл нь дээрх журмыг үл ойшоож, дараагийн хүнийг дэвшүүлэхгүй, дахин сонгон шалгаруулалт явагдахаас өөр аргагүй гэж сонгон шалгаруулалтыг ач холбогдолгүй, төрийн үрэлгэн зардлыг бий болгож Төрийн албаны тухай хууль, дээрх журмаар хамгаалагдсан төрийн албанд нэр дэвшигчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс шалгалт явагдах үед тухайн албан тушаал нь удирдах албан тушаал байсан боловч дараа нь гүйцэтгэх албан тушаалтан болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэсний хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тухайн албан тушаал нь анх сул орон тоо гарахад болон сонгон шалгаруулалт товлон зарлагдахдаа, зохион байгуулахдаа, дүн танилцуулах бүх л үед тухайн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явагдаж, удирдах албан тушаалтанд нэр дэвшүүлж явсан. Миний бие удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад өрсөлдөж тухайн шалгалтад оролцсон учраас дээрх тусгай журамд шууд хамаарна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор бүх ажиллагаа явагдсан байхад энэ тогтоолд хамаарахгүй гэдэг дүгнэлт нь өөрөө тухайн журмын эсрэг буюу тухайн журам, уг журмаар явагдсан сонгон шалгаруулалт хүртэл хүчингүй болно.
Хэрэв гүйцэтгэх албан тушаалтан болсон бол салбар зөвлөлөөс удирдах албан тушаалтанд нэр дэвшүүлэх эрхгүй гэж үзэж байна. Тухайн журмын дагуу томилох эрх бүхий албан тушаалтнаас томилохоос татгалзсан бичиг нь салбар зөвлөлд очоод байхад төрийн албаны зөвлөлөөс тухайн сонгон шалгаруулалт зарлана захиалгаа дахин өг гэж дахин захиалга өгүүлчхээд дараа нь сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй гэж нэр дэвшигчийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 118/ШШ2023/0022 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч зарим хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байх тул зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхилоо.
1. Нэхэмжлэгч Ц.Б нь “Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд даалгах” нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлдээ томилох эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтад орж нэр дэвшүүлсэн эхний хүнийг томилохоос нэг удаа татгалзсан тул Төрийн албаны зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу сонгон шалгаруулалтад 2-т орсон намайг нэр дэвшүүлэх ёстой атал дэвшүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг зөрчсөн гэж маргасан байна.
2. Анхан шатны шүүх Салбар зөвлөлөөс уг албан тушаалын сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авсан Б.Баыг нэр дэвшүүлсэн байхад томилох эрх бүхий Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь Б.Баыг “өөрөө татгалзсан” гэх үндэслэлээр томилолгүй сул орон тооны захиалга өгсөн нь ойлгомжгүй, гуравдагч этгээд Б.Ба татгалзаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж, Ц.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
3. Харин тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтыг явуулж, Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд Б.Баыг нэр дэвшүүлсэн үйл ажиллагаа нь тухайн албан тушаал “удирдах” албан тушаалын ангилалд байх үед холбогдох хууль журмын дагуу явуулсан байхад анхан шатны шүүх түүнээс хойш “гүйцэтгэх” албан тушаалын ангилалд хамаарахаар болсонтой холбоотой хууль журмыг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй, энэ талаарх гомдол үндэслэлтэй байна.
4. Гэвч энэхүү үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
4.1. Учир нь нэхэмжлэлийн үндэслэл болсон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дүгээр албан бичигт “... Санхүү бүртгэлийн тасгийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Б.Ба нь өөрийн хүсэлтээр тухайн албан тушаалд ажиллахаас татгалзсан” гэх үндэслэл нь гуравдагч этгээд Б.Баын тайлбар, томилохгүй байгаатай холбоотой Салбар зөвлөлд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн талаарх хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
5. Өөрөөр хэлбэл томилох эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч нэр дэвшүүлсэн этгээдийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан “онооны дарааллыг баримтлан Ц.Бийг нэр дэвшүүлэх” урьдчилсан нөхцөл бүрдээгүй байх тул хариуцагч Салбар зөвлөлөөс “... Б.Баыг нэр дэвшүүлсэнтэй холбоотой Ц.Бийг нэр дэвшүүлэхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5-д заасан “иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, жинхэнэ албан тушаалд томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”-аар заасанд нийцсэн, хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5 дахь заалтыг нэмж өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 118/ШШ2023/0022 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтын “хуулийн гэсний дараа 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5,” 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ