Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/857

 

2021 08 11                2021/ШЦТ/857

 

МОНГОЛ УСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч У.Анхжаргал /томилолт/, хохирогч Т.Буян-Очир, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шинжээч М.Аригуунтөгс /цахимаар/, гэрч Д.Алдармаа, Ж.Энхжаргал, шүүгдэгч Ц.Гарамгайбаатар, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Гарамгайбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908035391273 дугаартай, хоёр хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 08 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1960 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 24 дүгээр байрны 4 дүгээр орцны жижүүрийн ажилтай, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 24 дүгээр байрны 246 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Цэвэгдоржийн Гарамгайбаатар /РД:УС60081533/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Ц.Гарамгайбаатар нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 4 дүгээр орцонд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн Т.Буян-Очиртой маргалдаж, улмаар түүнийг түлхэж унаган Т.Буян-Очирын биед баруун зулай, баруун чамархай, суурь, дагз ясны хугарал, зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн дэлбэнгийн цус хуралт, баруун духны дэлбэнд цусархаг няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч, гэрч нар мэдүүлэхдээ: Шүүгдэгч Ц.Гарамгайбаатар “2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Алдармаа над руу залгаад Гарамгайбаатар ахаа би таны талд мэдүүлэг өгнө. Буян-Очир автобусанд суух гэж байгаад унаад гэмтсэн гэж хэлсэн. Алдармаа, Буян-Очир нар орцны үүдэнд байнга архи уудаг, хоорондоо ярьдаг зүйлүүд нь би чиний талд мэдүүлэг өгнө, өгөхгүй гэх зэргээр маргалддаг. Буян-Очир надаас 2-3 удаа хоёулаа эвлэрье гэж гуйсан, эвлэрнэ 2 гэхээр надад 1 шил архи авч өг гээд байдаг. Буян-Очир удаа дараа дүүтэйгээ нийлж зоддог гэж ярьж байгаа. Дандаа худлаа ярьж байна. Буян-Очир хууль шүүхийн байгууллагаар тоглож байна. Та нарт гомдолтой өргөдөл, гомдол өгнө гэхээр надаас түрүүлээд өргөдөл, гомдол гаргачихдаг. Надад ямар ч гэм буруу байхгүй. Тухайн үед Буян-Очир 5 хоног харагдахгүй алга болсон байсан. Би гайхаад байсан чинь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байсан юм билээ. Надад хамт архи уудаг хүмүүс нь хэлсэн. БуянОчирын ээж Энхжаргал нь манай хүүхдийг Гарамгайбаатар зодсон гэж хэлээд өгөөч гээд гуйгаад явж байсан. Би Буян-Очироос байнга зугтаж явдаг. Ойртвол тамхины ишээр түлнэ, шүлсээ хаяна, нусаа нийдэг. Намайг цэвэрлэгээ хийхгүй байна гээд 2, 3 удаа чирээд СӨХийн даргын өрөөнд орж байсан. Би дуугүй л байдаг. Би СӨХ-ийн жижүүрээр ажиллаад 6 жил болж байна. Нэг ч өдөр эрүүл байхыг хараагүй, коронагийн вакцин хийлгэж 50.000 төгрөг авах гэж 3 хоног архи уугаагүй эрүүл байсан гэж архи хамт уудаг хүмүүс нь ярьж байсан” гэв. Хохирогч Т.Буян-Очир “2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай хоёр найз 13 цагийн үед намайг дуудаад машин олоод Тахилт явъя гэж байсан чинь Гарамгайбаатар юу гээд муухай хараад байгаа юм бэ гээд намайг цохисон. Бид гурав Тахилт ороод ирсэн. Би гэртээ байж байгаад цонхоор харсан чинь Гарамгайбаатар цагдаатай уулзаад зогсож байсан. Намайг гараад ир гэж хэлсэн. Би гараад очсон. Намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Эрүүлжүүлэх байр намайг авахгүй гэж хэлсэн. 16 цагийн үед Алдармааг дуудсан. Цагдаа Алдармаад ажил ихтэй байна наад хүнээ гэрт нь оруулаад битгий гарга гэж хэлсэн гэсэн. Алдармаа орой 20 цагийн үед ирсэн. Бид хоёр Миний дэлгүүр орж хоолны материал аваад гэртээ орох гээд орц руугаа орсон чинь Гарамгайбаатар чи 3 дугаар хэлтэст очиж байцаалтаа өг гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь шууд цээж рүү цохисон. Яаж байгаа юм бэ гэсэн хоёр гараараа намайг хүчтэй түлхсэн. Би хойшоо хий гишгээд шатан дээр унасан. Би толгойгоо барьсан. Амнаас цус амтагдаж байсан. Мөн миний хоолойг боосон. Алдармаа лифт ирлээ гээд дуудахад Гарамгайбаатар босоод гүйгээд явсан. Лифтэнд ороход Алдармаа наад хүзүү чинь яасан юм бэ гэж асуусан. Би сая Гарамгайбаатар цохисон гэж хэлсэн. Би гэртээ ороод хувцсаа тайлаад орон дээр гараад хэвтсэн. Миний толгой өвдөөд бөөлжөөд болохгүй болохоор нь маргааш нь түргэн дуудсан. Миний толгойн ард дахиад толгой байгаа юм шиг хавдсан байсан. Түргэний эмч ирж үзээд толгойны зураг авхуул гэж хэлсэн. Манай ээж Налайх яваад 6 дугаар сарын 29-ны орой ирсэн. 7 дугаар сарын 01-ний өдөр ээж бид хоёр гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Намайг үзээд одоо эмнэлэгт хэвтэж хагалгаанд орохгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Би маргааш нь эмнэлэгт хэвтээд 7 дугаар сарын 10-нд хагалгаанд ороод 7 дугаар сарын 16-ны өдөр эмнэлгээс гарсан. Гарамгайбаатар Алдармаа бид хоёрыг дуудаад нэг шил архи авч өгье тохиролцъё гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ гэж хэлээд явж байсан” гэв. Гэрч Д.Алдармаа “2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр намайг ажил дээр байхад цагдаагаас залгаж нөхрөө ирээд ав гэж хэлсэн. Би цагдаа дээр ирээд Буян-Очирыг аваад гэрт нь оруулаад явсан. Орой ажлаасаа 20 цагийн үед тараад Буян-Очирыг дуудаад бид хоёр Миний дэлгүүр орж хоолны зүйл аваад орц руугаа орж ирсэн. Гарамгайбаатар хаалганы хажууд зогсож байсан. Буян-Очирыг цагдаа дээр очиж мэдүүлгээ өг гэж хэлсэн. Буян-Очир чи юу яриад байгаа юм бэ гээд уурласан. Би Буян-Очирыг хэрэггүй ээ хоёулаа гэртээ оръё гээд түрүүлж очоод лифт дарсан. Намайг лифт дараад зогсож байхад тас хийх шиг чимээ гарсан. Би юу болсон бэ гэж асуухад Буян-Очир Гарамгайбаатар намайг цээж рүү цохчихлоо гэж хэлсэн. Хүзүү нь зулгарсан байсан. Гэртээ ороод бөөлжөөд босож чадахгүй унаад, толгойн ард нь том хавдсан байсан. Тэр өдөртөө түргэн дуудаагүй маргааш нь түргэн дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд наад хүнийхээ толгойн зургийг 3 яаралтай авхуул, цус харвана гэж байна гэж хэлсэн” гэв. Гэрч Ж.Энхжаргал “Би хөдөө байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Гэртээ ирэхэд миний хүү босож чадахгүй, орондоо хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Гарамгайбаатарт зодуулсан гэж хэлж байсан. Тэр өдрөө эмнэлэгт үзүүлэх гэтэл босож чадахгүй байсан. Тэгээд 07 дугаар сарын 01-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд эмнэлэгт хэвтсэн” гэв. Шинжээч М.Аригуунтөгс “Гавлын ясны хугарлууд нь шугам хугарлууд байгаа, хатуу хальсан дээрх цусан хураа нь цус бага хэмжээтэй алдаж байгаа тохиолдолд амьд явах боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн явж чадахгүй болох, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг” гэв. Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: - Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Буян-Очирын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 7-18 дугаар хуудас), гэрч Ж.Энхжаргалын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас), гэрч Д.Алдармаагийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33- 40 дугаар хуудас), гэрч Д.Гантөмөрийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас), шинжээч М.Аригуунтөгсийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас), гэрч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар хуудас), гэрч Б.Батсүрэнгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар хуудас), - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8297 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),- - Дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст х эргийн 96-98 дугаар хуудас), - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас), - Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст гаргасан /Ж.Энхжаргал/ гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудас), - Хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд, хагалгаанд орсны дараах гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 67-75, 78-83, 85-86 дугаар хуудас), - Гэмтэл согог судлалын үндэсний төвд Б.Буян-Очир хэвтэн хагалгаанд орж эмчлүүлсэн талаарх осол гэмтлийн хуудас, өвчний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 165-177 дугаар хуудас), - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Оршин суугаа хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар тал), хөлсөөр ажиллуулах гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр тал), “Өнөр-324” СӨХолбооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар тал), - Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 7 хуудас /Эхо оношилгоо болон 4 Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн баримт, “Өнөр-324” СӨХолбооны тодорхойлолт, тэтгэврийн дэвтрийн хуулбар/ баримт зэргийг шинжлэн судлав. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт: Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Гарамгайбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд: I. Гэм буруугийн талаар. Шүүгдэгч Ц.Гарамгайбаатар нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 04 дүгээр орцонд иргэн Т.Буян-Очиртой маргалдаж, улмаар түүнийг цохих, түлхэж унаган түүний биед баруун зулай, баруун чамархай, суурь, дагз ясны хугарал, зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн дэлбэнгийн цус хуралт, баруун духны дэлбэнд цусархаг няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь: - Хохирогч Б.Буян-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэртээ цонхоор хараад тамхи татаад зогсож байхад манай байрны гадаа цагдаагийн машин ирээд Гарамгайбаатар цагдаатай уулзаад зогсож байсан. Цагдаа намайг харчхаад гараад ир гэж дуудсан. Би гарч ирэхэд намайг эрүүлжүүлэхэд хийнэ гээд аваад явсан. Эрүүлжүүлэх байран дээр очиход эмч нь намайг үзээд аваагүй. Цагдаа Алдармааг дуудаад намайг хүлээлгэж өгсөн. Алдармаа ажлаасаа ирж намайг аваад буцаад ажил руугаа явсан. Би гэртээ хэвтэж байхад Алдармаа ажлаасаа ирж намайг аваад буцаад ажил руугаа явсан. Би гэртээ хэвтэж байхад Алдармаа Миний зах дээр хүрээд ир гэж дуудсан. Би гэрээсээ 20 цагийн үед гарч яваад бид хоёр дэлгүүр орж хоол хүнсний юм аваад орц руу ороход Гарамгайбаатар жижүүрийн өрөөнөөсөө гарч ирээд чи цагдаагийн 3-р хэлтэс дээр очиж байцаалтаа өгөөч гэхээр нь цагдаа дуудаагүй байхад чи юу юм бэ гэж хэлээд хэрэлдэж маргасан. Тэр үед Алдармаа наадахтайгаа юундаа хэрүүл хийдэг юм бэ гээд лифт дуудах гээд явахад Гарамгайбаатар баруун гараараа миний цээж рүү хоёр удаа цохихоор нь би чи хүн цохидог хэн юм бэ гэж хэлээд өөдөөс нь яваад очиход миний цээж рүү хоёр гараараа түлхэх үед би хойшоогоо хөл алдаад газар унахдаа шатны ирмэг дээр дагзаараа мөргөөд унахад цус амтагдаж байсан. Би хоёр гараараа толгойгоо барихад Гарамгайбаатар дээр гарч намайг багалзуурдсан. Алдармаа лифт ирчихлээ чи яачих ваа гэж дуудахад Гарамгайбаатар орцноос гараад явсан. Би босоод Алдармаа дээр очиход чиний хүзүү яасан юм бэ гэхэд би Гарамгайбаатар цохичихлоо гэж хэлсэн. Би гэртээ ороод хэвтсэн. Дотор муухайраад бөөлжөөд тав хоног гэртээ хэвтсэн. Манай ээж Энхжаргал 06 дугаар сарын 29-ний өдөр Налайхаас ирээд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэмтлийн эмнэлэг очиж үзүүлж гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлээд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хагалгаа хийсэн...” гэсэн мэдүүлэг (1хх7-18), - Гэрч Ж.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би 06 дугаар сарын 24-ний өдөр Налайх руу айлд очих гээд явсан. 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд миний хүү босож чадахгүй, орондоо хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Гарамгайбаатарт 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зодуулсан гэж хэлсэн. Тэр өдрөө эмнэлэгт үзүүлэх гэтэл босож чадахгүй байсан. Тэгээд 7 дугаар сарын 01-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд эмнэлэгт хэвтсэн” гэх мэдүүлэг (1хх28-32), - Гэрч Д.Алдармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 5 өгсөн “...Би 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр намайг ажил дээр байхад цагдаагаас залгаж нөхрөө ирээд ав гэж хэлсэн. Би цагдаа дээр ирээд Буян-Очирыг аваад гэрт нь оруулаад явсан. Орой ажлаасаа 19-20 цагийн үед ажлаасаа буугаад Буян-Очирыг дуудаад бид хоёр Миний дэлгүүр орж хоолны зүйл аваад орц руугаа орж ирсэн. Гарамгайбаатар хаалганы хажууд зогсож байсан. Буян-Очирыг цагдаа дээр очиж мэдүүлгээ өг гэж хэлсэн. Буян-Очир чи юу яриад байгаа юм бэ гээд уурласан. Би БуянОчирыг хэрэггүй ээ хоёулаа гэртээ оръё гээд түрүүлж очоод лифт дарсан. Намайг лифт дараад зогсож байхад тас хийх шиг чимээ гарсан. Би юу болсон бэ гэж асуухад Буян-Очир Гарамгайбаатар намайг цээж рүү цохчихлоо гэж хэлсэн. Хүзүү нь зулгарсан байсан. Гэртээ ороод бөөлжөөд босож чадахгүй унаад, толгойн ард нь том хавдсан байсан. Шөнө Буян-Очир ёо ёо гээд унтахгүй болохоор нь босоод өвчин намдаах эм өгсөн. Маргааш нь түргэн дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд наад хүнийхээ толгойн зургийг яаралтай авхуул, цус харвана гэж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш Буян-Очир босохгүй бөөлжөөд юм идэж уухгүй хэвтээд байсан. Хадам ээж Энхжаргал 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Буян-Очирыг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлнэ гээд аваад явсан. Би ажил дээрээсээ хадам ээж рүүгээ утсаар залгаж асуухад Буян-Очирын тархинд цус хурсан, эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж хэлсэн. Буян-Очир Гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт байнгын сахиуртай хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг (1хх33-40), - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8297 дугаартай шинжээчийн “...Т.Буян-Очирын биед баруун зулай, баруун чамархай, суурь, дагз ясны хугарал, зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн дэлбэнгийн цус хуралт, баруун духны дэлбэнд цусархаг няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь өөрийнх нь гараар үүсгэгдэх боломжгүй” гэсэн дүгнэлт (1хх60-61), - шинжээч М.Аригуунтөгсийн “...Дээрх гэмтлийг авсны дараа тархи толгой өвдөх, дотор муухай оргих, тэнцвэр алдагдах, хоолны дуршил муудах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Хатуу хальсан дээрх цусан хураа нэмэгдэхийн хирээр өөр эмнэл зүйн өөр өөр шинж тэмдэг өгч, комын байдалд хүрэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах үед үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх64-65), - Гэрч Д.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...наадмын өмнө БуянОчирын ээжтэй нь таарахад Буян-Очир нь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа бие нь муу байгаа гэж хэлэхээр нь маргааш нь Буян-Очирыг очиж эргэж уулзахад “орцны жижүүр Гарамгайбаатартай муудалцаад намайг түлхэж унагаахад би хөл алдаж толгойгоороо шат мөргөж унаад ийм юм болчихлоо гэж” надад хэлж байсан...’’ гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас), - мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1хх180-182) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд 6 ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Гарамгайбаатар нь шууд санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг зориуд хүсч үйлдсэн, урьдын хувийн таарамжгүй харилцаанаас улбаатай хохирогч Т.Буян-Очирын эрүүл мэндэд халдаж, түүний биед баруун зулай, баруун чамархай, суурь, дагз ясны хугарал, зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн дэлбэнгийн цус хуралт, баруун духны дэлбэнд цусархаг няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байх тул улсын яллагчаас Ц.Гарамгайбаатарыг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасныг Шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй болно. Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “тухайн хэргийг үйлдээгүй, Ц.Гарамгайбаатарын үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан талаар хангалттай нотлогдоогүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Т.Буян-Очирын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд нь хэрэг учралын талаар тогтвортой мэдүүлсэн, мөн гэрч /Д.Алдармаа, Ж.Энхжаргал, Д.Гантөмөр/-ийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт /8297/ зэргээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдан үгүйсгэгдсэн, шүүгдэгчийн идэвхтэй үйлдлийн улмаас /цохих, түлхэх/ хохирогчид хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл хийсэн, тэрхүү үйлдэл, гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, тухайн гэмт хэрэг гарсан цаг, хугацаа /2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр/-г мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоосон байна. Иймээс шүүгдэгч Ц.Гарамгайбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно. - Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заажээ. Тус гэмт хэргийн улмаас хохирогч нь хүнд зэргийн гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэн, хагалгаанд орж, эм тариа, хоол ундны зардалд баримт /1хх67-75, 78-83, 165-177/-аар нийт 2.985.920 төгрөгийг нэхэмжилснийг Шүүх нотлох баримтын шаардлага хангасан, гаргавал зохих зардал гэж үнэлж шүүгдэгчээс уг зардал /2.985.920 төгрөг/-ыг гаргуулж хохирогч Т.Буян-Очирт олгохоор шийдвэрлэв. Нөгөөтээгүүр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8297 дугаартай дүгнэлтэд “...Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх 7 эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.”, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...ухаан алдаж унадаг болсон...” гэх мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгчөөс “...цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг Шүүх хүлээн авч, хохирогч Т.Буян-Очир нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Гарамгайбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэр хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасныг Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн хувьд нойр булчирхайн өрөвсөлтэй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин, тэтгэмж авдаг зэргийг харгалзан 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.4-т зааснаар өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг, Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулан санал гаргаагүй болно. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч Ц.Гарамгайбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /урьдын харилцааны улмаас маргалдан, шууд санаатай үйлдлээр бусдын эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /60 настай, эрүүл мэндийн байдал/-ийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гарамгайбаатарт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг Шүүх хүлээх авах боломжгүй гэж үзлээ. Тодруулбал: Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ц.Гарамгайбаатар нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 дүгээр орцны жижүүрийн ажил эрхэлдэг, сардаа 420.000 төгрөгийг цалинтай талаарх “Өнөр-324” СӨХолбооны тодорхойлолтоор тогтоогдсон хэдий боловч шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн болно. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйл /Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ/-ийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 6 дугаар зүйл 8 /Ялаас өршөөн хасах/-ийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна”, мөн хуулийн 12 дугаар зүйл /Хууль хэрэглэх журам/-ийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж тус тус заажээ. Шүүгдэгчийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Эрүүгийн хууль /2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан/-д заасан гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэм буруугийн асуудлаар маргаж, мэтгэлцэн бөгөөд шүүх ердийн журмаар хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гарамгайбаатарт энэ тогтоолоор /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/ оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийг хасч, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв. Бусад асуудлаар: Эрүүгийн 1908035391273 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Гарамгайбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Боржигон овогт Цэвэгдоржийн Гарамгайбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гарамгайбаатарт 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Гарамгайбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гарамгайбаатарт энэ тогтоолоор оногдуулсан 4 (дөрвөн) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийг хасч, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 (хоёр) жилээр тогтоосугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Гарамгайбаатараас 2.985.920 (хоёр сая есөн зуун наян таван мянга есөн зуун хорин) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Буян-Очирт олгож, тэрээр тус 9 хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 6. Эрүүгийн 1908035391273 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Гарамгайбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Гарамгайбаатарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай. 8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гарамгайбаатарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР