Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1049

 

2021          10             15                                        2021/ШЦТ/1049

 

                                   

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Г.Хосбаяр нарыг оролцуулан “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Хосбаярыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирү\үлсэн, эрүүгийн 2108000001228 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл-4, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Намъянжугийн гудамж, 78 дугаар байрны 18 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хөгшин-Овоот овогт Галиндэвийн Хосбаяр (РД:УК02310918).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Г.Хосбаяр нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Шинэ толгойт хотхон 102-86 тоотод байх иргэн О.Анудариас онлайн бараа захиалга гэх нэрийдлээр “Converse shop Mongolia” нэр бүхий хуурамч фейсбүүк хаяг нээн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн 5114553315 тоот дансаараа 115.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хосбаяр мэдүүлэхдээ “нэмж мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

            - Иргэн О.Анудариас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1, 4 дүгээр хуудас)

               - мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Г.Анударийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12,14 дүгээр хуудас), Г.Хосбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

               - хохирогч О.Анудариас Г.Хосбаярын эзэмшлийн 5114553315 тоот данс руу 115.000 төгрөгийг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),

               - Шүүгдэгч Г.Хосбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дугаар тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Хосбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёс, шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Хосбаярыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг

Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа, хэргийн зүйлчлэл, хохирол дээр маргах зүйлгүй, прокурорын дүгнэлттэй маргаж мэтгэлцэхгүй” гэсэн болно.

Шүүгдэгч Г.Хосбаяр нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Шинэ толгойт хотхон 102-86 тоотод иргэн О.Анудариас онлайн бараа захиалга нэрийдлээр цахим хэрэгсэл ашиглаж, “Converse shop Mongolia” гэх хуурамч фейсбүүк хаяг нээн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн 5114553315 тоот дансаар 115.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Иргэн О.Анудариас цагдаагийн байгууллагад гаргасан “Converse shop Mongolia” гэсэн фейсбүүк онлайн дэлгүүрээс 115.000 төгрөгийн бараа захиалаад залилуулсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-1,4/,

- Мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн хохирогч Г.Анударийн: “...2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн фейсбүүкээрээ “Converse shop Mongolia” гэсэн фейсбүүк хуудсан дээр “шинэ дэлгүүр нээгдэж байна 7-14 хоногийн хугацаанд ирнэ, бараа захиалаад 50 хувийг төлөөд, бараагаа хүлээж аваад 50 хувийг өгнө” гэхээр нь 120.000 төгрөгийн үүргэвчтэй цүнх, 110.000 төгрөгийн гутал захиалж, урьдчилгаа болох 115.000 төгрөгийг Хаан банкны 5114553315 тоот данс руу өөрийн Хаан банкны 5171225615 тоот данснаас шилжүүлсэн. 4 хоногийн дараа фейсбүүк хуудасныхаа нэрийг солиод намайг блоклосон байсан. Захиалсан бараа ирэх байх гэж хүлээгээд нэг сарын дараа цагдаад өргөдөл өгсөн...би хохирлын 115.000 төгрөгөө бэлэн авсан тул одоо ямар гомдол санал нэхэмжлэх эд зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх11-12,14/,

- Г.Хосбаярын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Converse shop Mongolia” гэсэн фейсбүүкийн хуурамч хаяг нээгээд уг хаягаар “бараа захиалж урьдчилгаа 50 хувийг нь авна” гэж зар оруулсан. Тэгтэл Анударь чатаар “230.000 төгрөгийн барааг захиалах гэсэн юм” гэхээр нь би “барааны урьдчилгаа 115.000 төгрөгийг төлөх ёстой” гээд өөрийн Хаан банкны 5114553315 тоот дансанд шилжүүлж аваад хаягаа устгасан. Анудариас авсан мөнгөөрөө интернэт тоглоомд бооцоонд тавиад алдчихсан. Өөр хүнээс мөнгө авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-29/,

- Хохирогч О.Анудариас Г.Хосбаярын эзэмшлийн 5114553315 тоот данс руу 115.000 төгрөг шилжүүлсэн баримт, фейсбүүкийн чат /хх5-6/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Г.Хосбаяр нь “Фейсбүүк” цахим сүлжээнд “Converse shop Mongolia” гэх хуурамч хаяг үүсгэн, “шинэ дэлгүүр нээгдэж байна, 7-14 хоногийн хугацаанд ирнэ, бараа захиалаад 50 хувийг төлөөд, бараагаа хүлээж аваад 50 хувийг өгнө” гэх мэтээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн дансаар 115.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, тэрээр энэхүү үйлдлийг шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Хосбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, зөв байх тул түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж Шүүх үзсэн.

Шүүгдэгч Г.Хосбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

Нөгөөтээгүүр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 879 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт Г.Хосбаярын үйлдсэн гэмт хэргийн шинжид хамаарах “цахим хэрэгсэл ашиглаж” гэх шинжийг орхигдуулж зүйлчилсэн байгааг Шүүх зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой, хэргийн зүйлчлэлд тухайн гэмт хэргийн шинжийг орхигдуулж зүйлчилсэн нь нөлөөлөхөөргүй тул Шүүх зөвтгөн шийдвэрлэсэн. Цаашид яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн тусгаж байхыг анхаарвал зохино.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Анударьд 115.000 төгрөгийн хохирол учирсан ба тэрээр “...хохирлыг бүрэн хүлээн авсан тул надад гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /хх-72/-ийг илэрхийлжээ. Иймд шүүгдэгч Г.Хосбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Хосбаярт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг шүүгдэгчийн зүгээс “...маргаагүй, хүлээн зөвшөөрч байна” гэсэн болно.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Г.Хосбаяр нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх /хх-70/ ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, хохирлоо барагдуулж авсан/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оюутан/ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хосбаярыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хотоос явахыг 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан ”хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Г.Хосбаярын хувийн байдлын хувьд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Намъянжүгийн гудамж, 78 дугаар байрны 18 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй нь иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт/хх-58,60/-оор тогтоогдсон, 19 настай, оюутан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон зэрэгт дүгнэлт хийж, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал болон гэм бурууд тохирсон, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзсэн.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2108000001228 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Хосбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөгшин-Овоот овогт Галиндэвийн Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хосбаярыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Улаанбаатар хотоос явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Хосбаяр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

            4. Эрүүгийн 2108000001228 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Хосбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Хосбаярт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР