Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 852

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, дүгнэлт гаргагч Д.Г, хариуцагч Ж.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “Э.Г.Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нарыг оролцуулан БЗД Прокурор Д.Г-ийн дүгнэлттэй, Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Н.Ч нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

Дүгнэлт гаргагч: БЗД Прокурор Д.Г, 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Н.Ч, 

Гуравдагч этгээд: “Э.Г.Ч” ХХК

Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Н.Ч нарын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 242018036 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: “Баянзүрх прокурорын газрын хяналтын прокурор Д.Г би тус дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Н.Ч нар нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн материалыг хүлээн авч хянахад Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй “Э.Г.Ч" ХХК-ийг 2017 онд 4,500,000 төгрөгийг өөрийн падаанаар хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн татвар ногдуулах орлого бууруулсан, “Б” ХХК-д зээлдүүлсэн зээлийн, хүүгийн зардлыг үндсэн үйл ажиллагааны зардлаар бүртгэж аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тайлангийн татвар ногдуулах орлого бууруулсан 150,314,726.0 төгрөгийн зөрчил гаргасан гэж 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шийтгэлийн хуудсаар шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн ямар заалтыг хэрэглэн, ямар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй, ... алдагдлыг бууруулж . , ... үлдэгдлийг бууруулж... шийдвэрлэсүгэй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хуулийг буруу хэрэглэсэн байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа явуулах, шийтгэлийг зөвтгүүлэх шаардлагатай байна.

Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Н.Ч нарын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн.” гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны 24180200057 тоот томилолтыг үндэслэн Татварын улсын байцаагч Ж.О, Н.Ч бид 54822.. тоот регистртэй “Э.Г.Ч” ХХК-ийн 2017 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, дараах зөрчил илэрсэн тул 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 242018036 тоот шийтгэлийн хуудас бичсэн болно. Үүнд:

1. 2017 онд “Б” ХХК-д зээлдүүлсэн зээлийн, хүүгийн зардлыг үндсэн үйл ажиллагааны зардлаар бүртгэж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдуулах орлого бууруулсан 150,314,726.0 төгрөгийн зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”, 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 16 дугаар зүйлд “Албан татвар ногдуулах тодорхойлох...”, 16.2-д “Энэ хуулийн ... албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг...хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно...” гэж заасан заалт,

2. 2017 онд 4,500,000.00 төгрөгийн өөрийн компанийн падаанаар хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйл 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж заасан заалтыг тус тус зөрчсөн нь 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 1876870222 дугаарын худалдан авалтын падаан зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Татвар төлөгчийн гаргасан дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл-д “Татварын ерөнхий хууль зөрчих, мөн зүйлийн 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэсэн хариуцлагын заалтад нийцэж байгаа болно. Гэвч татвар төлөгч нь:

1. 2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 416,631,947.00 төгрөгийн алдагдалтай тайлан ирүүлсэн байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох”, 20.2-д “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна.” гэж заасан заалтыг үндэслэн 2017 оны 416,631,947.00 төгрөгийн алдагдлыг 150,314,726.00 төгрөгөөр бууруулж 266,047,221.00 төгрөг болгон шийдвэрлэсэн болно.

2. 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн дүнгээр 8,972,768.70 төгрөгийн буцаан авалттай тайлан татварын албанд ирүүлсэн байх тул Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн А/150 дугаар тушаалаар батлагдсан «Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах, гааль, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хөтлөх журам»-ын 2 дугаар хавсралтын дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэж татвар төлөгчийн төсвөөс буцаан авахаар тайлагнасан 8,972,768.70 төгрөгийн татварыг шалгалтаар илэрсэн 4,500,000.00 төгрөгийн зөрчилд ногдох 450,000.00 төгрөгийн татварын дүнгээр бууруулж 8,522,769.70 төгрөг болгож шийдвэрлэсэн болно. 

3. Татварын хяналт шалгалт хийж, зөрчил шалган шийдвэрлэх явцдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол...” гэж заасан заалтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

4. Татварын Ерөнхий Газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2825 дугаар албан бичгээр өгсөн чиглэлийн 2.2-т “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүнгээр зөрчил илэрсэн тохиолдолд нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэн ЗШША-2 тэмдэглэл болон Шийтгэлийн хуудас /Маягт2/ үйлдэх” гэсэн чиглэлийг баримталсан болно. 

Татварын улсын байцаагч Ж.О, Н.Ч бид нарын бичсэн 242018036 дугаарын Шийтгэлийн хуудасны үр дүнд улсад болон татвар төлөгчид ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд татвар төлөгч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болно.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “... “Э.Г.Ч” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаан дахь албан татвар ногдуулалт, төлөлтөд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.О******* болон Н.Ч******* нар 2018 оны эхний улиралд татварын бүрэн хяналт шалгалтыг хийсэн. 

Уг Татварын хяналт шалгалтаар дараах шийдвэрийг гарган шийтгэлийн хуудас бичсэн. Үүнд:

1. 2017 оны аж ахуйн нэгийн орлогын албан татварын тайлангийн 416,361.947 төгрөгийн алдагдлыг 150,313,726 төгрөгөөр бууруулсан;

2. 2017 оны НӨАТ-ын тайлангийн 8,972,768 төгрөгийн төсвөөс буцаан авах

үлдэгдлийг 4,500,000 төгрөгийг зөрчилд ногдох 450,000 төгрөгөөр бууруулж тус

тус шийдвэрлэсэн.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.7-д зээлийн хүүгийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох бөгөөд уг хүүгийн зардлыг тооцохдоо хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүүгүй байхаар тооцох хэрэв илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй байхаар (хуулийн 14.3 зүйлд) заасан. Өөрөөр хэлбэл “Э.Г.Ч” ХХК-д оруулсан эзний хөрөнгө оруулалтын хэмжээ буюу 126,800,000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлснээс илүүгүй зардлаар буюу 380,400,000 төгрөг хүртэл хэмжээгээр албан татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлтэй юм. Тухайн үед “Э.Г.Ч” ХХК-ийн татварын тайлан нь дээрх хуулийн дагуу бэлтгэгдсэн боловч татварын улсын байцаагчдын гаргасан шийдвэрээр зээлийн хүүгийн зардлыг үндсэн үйл ажиллагааны зардлаар бүртгэж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж оногдуулсан шийдвэр нь дээр хуулийн нөхцөлийг буруу хэрэглэсэн.

Энэ үндэслэлээр Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Д.Гийн гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 33 тоот прокурорын дүгнэлтээр дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу аливаа захиргааны акт нь уг актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заасан байх зэрэг нөхцөлийг шаарддаг бөгөөд “Э.Г.Ч” ХХК-д оногдуулсан дээрх шийтгэлийн хуудас нь уг нөхцөлийг буюу хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд захиргааны хэргийн шүүхээс нь уг шийтгэлийн хуудсыг буюу захиргааны актыг илт хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

БЗД Прокурор Д.Г нь  Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Н.Ч нарын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 242018036 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ. 

Дүгнэлт гаргагчаас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй “Э.Г.Ч” ХХК-ийг 2017 онд 4,5 сая төгрөгийг өөрийн падаанаар хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн татвар ногдуулах орлого бууруулсан, “Б" ХХК-д зээлдүүлсэн зээлийн хүүгийн зардлыг үндсэн үйл ажиллагааны зардлаар бүртгэж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдуулах орлого бууруулсан 150,314,726.0 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шийтгэлийн хуудсаар шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн ямар заалтыг хэрэглэн, ямар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй, шийтгэлийн хуудаст алдагдлыг бууруулж, үлдэгдлийг бууруулж шийдвэрлэсүгэй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн, уг шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Зөрчил илэрсэн эсэх, тооцооллын хувьд маргаагүй, гагцхүү шийтгэлийн хуудас бичиж буй хэлбэрийг засах ёстой гэх үндэслэлээр дүгнэлт бичсэн гэж, 

Хариуцагчаас “Э.Г.Ч" ХХК-ийн хувьд зөрчил илэрсэн тул бид илтгэх хуудас бичих боломжгүй, мөн ноцтой зөрчил биш гэж үзсэн учир дүгнэлт бичих боломжгүй байсан тул нотлох баримтыг бүрэн цуглуулж, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэн Шийтгэлийн хуудас үйлдсэн, мөн шийтгэлийн хуудас нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж үнэт цаасан дээр бичигдэж эхэлсэн. Түүнээс өмнө А4 хэмжээтэй, канттай цаасан дээр бичигдэж байсан гэж, 

Гуравдагч этгээдээс Захиргааны ерөнхий хуулийн 40 зүйлд заасны дагуу аливаа захиргааны акт нь уг актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заасан байх зэрэг нөхцөлийг шаарддаг бөгөөд “Э.Г.Ч” ХХК-д оногдуулсан дээрх шийтгэлийн хуудас нь уг нөхцөлийг буюу хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж тус тус маргасан. 

Тодруулбал хэргийн оролцогчид үнийн дүн буюу тооцоолол, бодит байдалд зөрчлийн нөхцөл байдал тогтоогдсон эсэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн гэх зэрэг асуудлаар маргаагүй, зөвхөн маргаан бүхий 242018036 тоот шийтгэлийн хуудас нь хэлбэрийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр маргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт өгч, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцож, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах...”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 1.4 дүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг тогтооход оршино...”  гэж тус тус заасан. 

Хариуцагчийн “бидний шалгалтаар 2 төрлийн зөрчил илэрсэн ч гэсэн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох” гэж заасны дагуу тухайн аж ахуй нэгж 2017 онд аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар алдагдалтай ажилласан байсан учир бид тэр алдагдлыг гарсан зөрчлийн хэмжээгээр бууруулж шийдвэрлэсэн, мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна” гэж заасныг үндэслэн тухайн оны алдагдлыг  гаргасан зөрчлийн хэмжээгээр дараа онд шилжүүлэн тооцох алдагдлаас хасаж тооцно гэж заасны дагуу алдагдлыг бууруулсан.” гэх тайлбараас үзвэл хариуцагч нар нь “Э.Г.Ч” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад тулгуурлан хяналт шалгалт явуулж, нөхөн татвар, торгууль, алданги оногдуулах зөрчил илрээгүй гэж үзсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг баримтлан шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.  

Түүнчлэн дээр дурдсаны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Э.Г.Ч” ХХК-ийн 2018 оны тайланд тусгах байдлаар шийтгэлийн хуудас биелэгдсэн, мөнгөн хэлбэрээр ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй гэх тайлбарыг хийсэн. 

Хариуцагчийн “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хууль батлагдсанаас хойш  хэвлэмэл маягт байхгүй байсан учир бичгийн цаасан дээр үйлддэг байсан, үүнийг манай удирдлага болон Татварын ерөнхий газрын хэлтэс, албадын хяналт шалгалтаар ажил эрхэлсэн дарга нар хэлэлцээд шийтгэлийн хуудасны эх загварыг үйлдэж, прокурорын байгууллагаар хянуулж бидэнд өгсөн загварын дагуу тухайн шийтгэлийн хуудсыг үйлдсэн” гэх тайлбарыг дүгнэлт гаргагчаас үгүйсгэж маргаагүй бөгөөд нэгэнт тухайн үед үнэт цаас батлагдаж гараагүй, нийтээр мөрдөж эхлээгүй байсан тул уг үндэслэлээр хариуцагч нарын гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй буюу уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоод үнэт цаасан дээр зөвтгөж бичүүлэхээр дүгнэлт бичсэн, гэхдээ шийтгэлийн хуудсын агуулга, тооцоололтой нь маргахгүй, “Э.Г.Ч” ХХК-ийн 2018 оны тайланд нэгэнт тусгагдаж зөвтгөгдөөд биелэгдсэн гэх гомдол гаргагч прокурорын тайлбараас дүгнэхэд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох  ач холбогдолгүй байна. 

Учир нь Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой бөгөөд энэ тохиолдолд холбогдогч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрсөн, уг асуудлаар маргаагүй, уг шийтгэлийн хуудсын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол аливаа байдлаар зөрчигдөөгүй, эсхүл зөрчигдөх нөхцөл байдал үүсээгүй, гомдлын шаардлага хангагдсанаар чухам хэний, ямар зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байна. 

 

       Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагч БЗД Прокурор Д.Гийн гаргасан “Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Н.Ч нарын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 242018036 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.14 дэх заалтад зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ДОЛГОРСҮРЭН