Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0596

 

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0430

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б нарын нэр бүхий 4 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд Х.Б

Нэхэмжлэгч: Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т

Хариуцагч: Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Т, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, хариуцагч Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ш

Хэргийн индекс: 109/2022/0106/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б, Ж.Т, Ж.Б, Ж.Ч нараас Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд даалгах, нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газар дээр Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Хасбазарын Б-ын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Жаргалант сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд даалгаж,

2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7, 52.10, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газар дээр Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Хасбазарын Б-ын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Жаргалант сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Т-ийн эзэмшил газарт барьсан Х.Б-ын малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөх шийдвэр гаргахыг Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргад даалгаж, бусад нэхэмжлэгч нарт хамаарах нэхэмжлэлийн эл шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Х.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. ...Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газраас намайг Ж.Т-ийн газар дээр Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй хашаа барьсан гэж үзэж миний барьсан хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөх шийдвэр гаргахыг Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргад даалгах шийдвэр гарсан нь үндэслэлгүй байна.

3.2. Манайх Ж.Т-ийн газар дээр буугаагүй, нэг айл өвөлжөө, хаваржааны газар эзэмшлээ гээд тэр уулын амыг ойр орчмын газартай нь бүхэлд нь эзэмшээд байгаа нь учир дутагдалтай байна. Мөн газар өмчилж байгаа иргэд нь тухайн бүс нутагтаа тогтвор суурьшилтай амьдардаггүй атлаа газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан байхад тогтвор суурьшилтай амьдарч байгаа иргэд нь газаргүй хохирч байгаад гомдолтой байна.

3.3. Шүүхийн шийдвэр нь бодит нөхцөл байдалтай нийцсэнгүй гэж үзэж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шийвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж,

Мөн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Архангай аймгийн Жаргалант сумын Асайт баг Мухар бэлчирт гэх газар оршин суух Галбуу овгийн Хасбазарын Бадам-Очир миний бие Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүндээ нэмж тайлбарлахад анхан шатны шүүх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж чадаагүй, дутуу дулимаг байдлаар шалгаж шийдсэн гэж үздэг. Үүнд:

Би шинэ газар дээр хашаа барьсан асуудал байхгүй, хуучин аав, ээжийнхээ нутаглаж байсан газар дээр малын хашаагаа барьсан. Үзлэгийг ч гэсэн буруу, дутуу хийсэн. Миний малын хашаа Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын хэнийх нь ч эзэмшил газар дээр миний малын хашаа давхцалгүй баригдсан. Ж.Т-ийн эзэмшил газар дээр малын хашаа баригдсан зүйл огт байхгүй. Үзлэг огтлолцолоо буруу хийсэн.

Бэлчээрийн даац хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь маргаан гаргаад байгаа нэр бүхий хүмүүстэй садан төрлийн холбоотой. Тэдгээр хүмүүсийн талд илтэд үйлчилнэ гэж хардаж байгаа бөгөөд гуравдагч этгээд болох надад учирах эрсдлийг шүүх тооцоолж үзсэнгүй. Би барьсан хашаандаа малаа л маллах гэж барьж байгаагаас биш ямар ч зорилгогүйгээр тэр хашааг барихгүй. Хашаагаа буулгахаар малаа юунд агуулах вэ? Гэх мэт миний эрхийн зөрчлийг огт бодсонгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс нилээдгүй юм тодорхой болно.

Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдээгүй гэж үзэж Захиргааны хэргийн шүүх шалгах ажиллагаагаа дутуу шалгаж хяналаа гэж гомдож байгаа учир хэргийг бүхэлд нь хянуулж надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Би энэ хэрэгт хариуцагчаар ороогүй байхад намайг хариуцагчийн адилаар хандаж, миний эрхийг зөрчлөө. Иймд хэргийг бүхэлд нь хянаж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай шийдвэрийн 2-р заалтын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Ж.Б нарын нэр бүхий 4 иргэнээс Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд даалгах, нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газар дээр Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Хасбазарын Б-ын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Жаргалант сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд даалгаж,

2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7, 52.10, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газар дээр Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Хасбазарын Б-ын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Жаргалант сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Т-ийн эзэмшил газарт барьсан Х.Б-ын малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөх шийдвэр гаргахыг Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргад даалгаж, бусад нэхэмжлэгч нарт хамаарах нэхэмжлэлийн эл шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ж.Ч-ын газар усны нэр болоод багийн нэр зөрүүтэй, Ж.Б, Ж.Б, Ж.Т нарын газрын байршил зөрүүтэй гэж тайлбарлаж байна. Манай талаас дээрх байдлыг засах боломжтой. Шүүх энэ хэргийг шийдэж шүүхийн шийдвэр гарчихвал бид шүүхийн шийдвэрийг үндэслэн засах боломжтой. ...Нэхэмжлэлийн өөрт хамааралтай хэсэгтэй маргахгүй...” гэжээ.

3.2. Анхан шатны шүүхээс “...газрын кадастрын мэдээллийн үнэн зөвийг эрхлэн хариуцах, газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийг засах эрх хэмжээ нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт олгогдсон байна. ...хариуцагч нь Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, өөрт хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд иргэн Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөн засварлаагүй эс үйлдэхүй гаргасан...” гэж дүгнэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд хэргийн оролцогчид хэн аль нь тухайн асуудлаар маргаагүй байх тул шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар шийдвэрлэсэн асуудлын талаар давж заалдах шатны шүүх дахин дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.  

4. “Нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газар дээр Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Хасбазарын Бадам-Очирын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Жаргалант сумын Засаг даргад даалгах” шаардлагын тухайд: 

4.1. Газрын тухай хуулийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн  хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж, 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус зохицуулжээ.

4.2. Нэхэмжлэгч Ж.Т нь Архангай аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Чингэстэйн голын Мухар бэлчирийн дэнж, Тошлойтын үзүүр гэх газарт газар эзэмших хүсэлтийг холбогдох баримтын хамт хүргүүлж, тус сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжаар Архангай аймгийн Жаргалант сум, Асайт багийн Бөмбөнгийн дэнж гэх газарт 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болжээ.

4.3. Харин гуравдагч этгээд Х.Б-т “маргаан бүхий газар болох Архангай аймгийн Жаргалант сумын Асайт баг “Мухар” бэлчир гэх газар өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрх үүсээгүй, энэ талаарх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж зохих ёсоор шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэгч Ж.Т-ийн эзэмших эрхтэй дээрх газартай давхцуулан малын хашаа барьж, зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Архангай аймгийн Жаргалант сумын газрын даамал А.Алтанцэцэгийн “...Х.Б газар эзэмших асуудлаар хүсэлт гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн “...гуравдагч этгээд Х.Бын барьсан гэх хашаа болон малын саравчны солбилцлын цэгийг тогтоож хэмжилт хийхэд нэхэмжлэгч Ж.Т-ийн 6520001234 нэгж талбарын дугаар бүхий кадастрын /6520001360/ зурагтай, эзэмшил газартай давхцалтай байв...” гэх үзлэгийн тэмдэглэл,  газрын байршлын кадастрын зураг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “...манайх Ж.Т-ийн газар дээр буугаагүй, нэг айл өвөлжөө, хаваржааны газар эзэмшлээ гээд тэр уулын амыг ойр орчмын газартай нь бүхэлд нь эзэмшээд байгаа нь учир дутагдалтай. ...тухайн бүс нутагтаа тогтвор суурьшилтай амьдардаггүй атлаа газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсанд ...гомдолтой байна” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.4. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Х.Б нь холбогдох хууль, журамд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаарх үйл баримттай маргаагүй байх тул “...тогтвор суурьшилтай амьдарч байгаа иргэд нь газаргүй хохирч байгаад гомдолтой байна. ...шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд нийцсэнгүй” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.  

4.5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

4.6. Нэхэмжлэгч Ж.Б нарын нэр бүхий 4 иргэнээс шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...түр буусан айлыг нүүлгэх, газраа чөлөөлүүлэхээр ...сумын Засаг даргадаа хандахад ямар нэгэн хариу өгөөгүй, мөн аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлэхээр хандсан боловч ямар нэг хариу өгөхгүй байна. Иймд ...малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг даалгаж өгнө үү” гэж, “...хариуцагч Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ...Ж.Бн эзэмшил гэх газарт түр буусан айлыг нүүлгэх, газар чөлөөлүүлэх асуудлыг ...журмын хүрээнд шийдвэрлүүлэх нь зүйтэй талаар тайлбарласан, ...хуулиар хүлээсэн үүргийн дагуу 2 удаа уулзалт хийсэн” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4.7. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд Х.Бын бусдын өвөлжөөний газарт зөвшөөрөлгүй малын хашаа барьсан асуудлаар нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргад хандан удаа дараа гомдол гаргаж байсан... уг асуудлаар Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн иргэдийн нийтийн хурлаар авч хэлэлцсэн боловч тохиролцоонд хүрээгүй болох нь тус хурлын 2022 оны 11 дүгээр сарын 17, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул маргаан бүхий уг асуудлыг тус сумын Засаг дарга шийдвэрлэхээр байна.

4.8. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д ...зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж тус тус заажээ.

4.9. Хариуцагч Засаг даргаас дээрх хуульд заасны дагуу аливаа шийдвэр гаргаагүй байх тул “...хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй газар эзэмшлийн асуудлаар гарсан маргаан бүхий эл асуудлыг өөрт хуулиар олгосон бүрэн эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан...” гэж дүгнэн нэхэмжлэгч Ж.Т-ийн эзэмшил газарт барьсан Х.Бын малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөх шийдвэр гаргахыг хариуцагч Архангай аймгийн Жаргалант сумын  Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

4.10. Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН