Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00941

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00319 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 409 дүгээр магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.923.668 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батнасан, Ж.Лхагважаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Б- нь Г ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн 1404160148 тоот гэрээгээр 6.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хашаа байшин засварлах зориулалтаар авсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 44 дүгээр гудамж, 5в тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 44 дүгээр гудамж, 5в тоот хаягт байрлах 309 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалан эрх бүхий газарт бүртгүүлсэн. Хариуцагч нь зээлийн хугацаанд нийт 2.043.250 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлж, үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй байна. Тиймээс одоо үндсэн зээл 6.000.000 төгрөг, үндсэн хүү 3.559.150 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343.018 төгрөг, нотариатын зардал 21.500 төгрөг, нийт 9.923.668 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Л.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй байна. 6.000.000 төгрөгийн зээлийн хүү 3.559.150 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 343.018 төгрөг шаардаж байна. 3.559.150 төгрөгийн хүү ямар хугацаанд хуримтлагдсан нь тодорхой биш байна. Бас нэмэгдүүлсэн хүүг ямар хэмжээний үндсэн хүүнээс бодсон нь тодорхойгүй. Яагаад гэрээний хугацаа 2017 оны 10 сард дууссан байхад гэрээгээр хүлээсэн эрхийнхээ хүрээнд шүүхэд хандахгүй 12 сар хэтрүүлж шүүхэд хандсан нь ойлгомжгүй бөгөөд барьцааны үнийн дүнд зээлийн үндсэн төлбөр хүүг тулган барьцааны зүйлийг 100 хувь авах санаархал бүхий мөнгө хүүлэх бодлого баримталсан байж болох байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 7.100.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 24-ний дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00319 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Б-гаас 9.902.168 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 21.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Б-гийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 44 дүгээр гудамж, 5в тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046180 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын 18629309383339 дугаартай, 309 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201034938 дугаарт бүртгэлтэй газар зэргийг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343.018 төгрөгөөс 243.929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 99.089 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, хариуцагч Л.Б-гаас 243.585 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 409 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00319 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00319 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 409 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Г ХХК нь зээл санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх бүхий гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг Г ХХК-ийг төлөөлж эрх бүхий этгээд байгуулаагүй учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Иймд хариуцагч 4.400.000 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөнө. Давж заалдах шатны шүүх тусгай зөвшөөрлийн хүчинтэй эсэхийг хянаж үзээгүй мөн Г ХХК-ийг хэн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болон уг эрх бүхий этгээд хэлцэлд төлөөлсөн эсэхийг мөн анхаарч үзээгүй. Хариуцагч дээр дурдсан 2 нөхцөлөөр нэхэмжлэлийн шүүхээр тогтоосон үнийн дүнгээс 4.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр магадлалаар тогтоосон үнийн дүнгээс 4.400.000 төгрөгийг хасаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

    ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Л.Биндэрьяад холбогдуулан зээлийн төлбөр, нотариатын зардалд нийт 9.923.668 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

Зохигчийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 6.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 22 дүгээр хороо, хилчин 44 дүгээр гудамж, 5в тоотод байрлах 49 м.кв талбай бүхий хувийн орон сууц, 309 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалжээ /хэргийн 12-21 дүгээр тал/.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээ байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөөгүй болохоо хариуцагч үгүйсгээгүй байна.

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-т заасан тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 9.902.168 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1., 175 дугаар зүйлийн 175.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрөл хэрэгт авагдсанаас гадна хариуцагч энэ талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээр тогтоосон үнийн дүнгээс 4.400.000 төгрөгийг хасах” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00319 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 409 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 86.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ