Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Онон /томилолтоор/,

Хохирогч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2143/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж *** овогт ***-т холбогдох эрүүгийн 2105004000260 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамтаар Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, ... гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо ... дугаар байрны .... дугаар орцны .... тоотод түр оршин суудаг гэх, /РД: / урьд 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 761 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусгавар болж суллагдсан, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.А-тэй фэйсбүүкээр Айфоне 12 про макс зарна гэсэн зар байршуулсны дагуу холбогдож худалдаж авъя гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “эгчдээ үзүүлээд мөнгийг нь аваад ирье, энэ машины бичиг баримт, машинаа бичиг баримттайгаа хамт үлдээчихье” гэж хэлээд Айфоне 12 про макс гар утсыг нь залилан авч 3.949.000 төгрөгийн хохирол,

2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гар утас худалдааны төвийн орчимд хохирогч ***-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгож Айфоне 12 про маркийн гар утсыг залилан авч 4.299.000 төгрөгийн хохирол,

2021 оны 2 дугаар сарын 28-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***-ын Айфоне 12 про макс загварын 2 ширхэг гар утсыг “...хямдхан худалдаж аваад мөнгө нэмж зарах тул утсыг чинь үзүүлчхээд ирье...” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, залилан авч 8.248.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, үргэлжилсэн үйлдлээр нийт 16.496.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  ***-ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчилгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

 Тодруулбал, шүүгдэгч *** нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А- ын I Phone 12 Pro Max загварын 2 ширхэг гар утсыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон залилан авч, хохирогчид 8.248.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 2 тал/,

Эд зүйл хураан авсан “...Ай фоне 12 Про макс маркийн сериал дугаартай хар саарал өнгийн, гадуураа хар хөх өнгийн хайрцагтай гар утас. ...Баянзүрх дүүргийн *** дугаар хороо *** төвийн *** тоотод байрлах *** нэртэй ломбардаас Ай фоне 12 Про макс загварын 321 гэсэн дугаартай гадуураа гялгар зүйлээр ороож скочдсон гар утас...” хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 3, 5 тал/,

“***” Ломбардын барьцаат зээлийн гэрээ /1 хх-ийн 4 тал/,

Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт болох ширхэг гар утсыг хохирогч Б.А- т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 6 тал/,

Хохирогч ***-ын цахим орчинд тавьсан зар /1 хх-ийн 10-13 тал/,

Хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүкийн гар утасны зарын группт ай фоне 12 про макс загварын 256г, ай фоне 12 про макс загварын 128г 2 ширхэг гар утас зарна гэж зар тавиад 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед *** гэсэн дугаараас залгаад гар утасны үнэ асууж залгаад гар утас авбал хүргээд өгч чадах уу гэж хэлэхээр нь хаана юм гэж асуухад их дэлгүүрт би ажилладаг гэж эрэгтэй хүн утсаар ярьсан. Би ай фоне 12 про макс загварын 256г гар утсыг 3.900.000 төгрөгт ай фоне 12 про макс загварын 128г 3.700.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад 10 орчим минутын дараа нөгөө хүн залгаад очоод авахаар боллоо гэрийн хаягаа хэлчих гэхээр нь мессежээр явуулъя гэж хэлээд явуулсан, удаагүй манай гэрийн гадаа ирчихлээ гэж хэлэхээр нь гэрийн гадаа гараад сувдан цагаан өнгийн ланд-200 маркийн машинтай, 20-25 орчим насны эрэгтэй туранхай 170 см орчим өндөртэй, ногоон хавар намрын куртиктай залуу машинд сууж байхаар нь машинд нь суугаад 2 ширхэг гар утсаа үзүүлсэн, тэгээд тэр залуу та гар утсаа хямд зарж байгаа юм байна. Манай найз Тэди төв дээр гар утас авдаг юм би дундаас нь тавь тавин мянган төгрөг нэмж зараад мөнгө унагах гэсэн юм гэж хэлэхээр нь би тэгүүл чимээгүй энд сууж байя оруулж ирээд гар утсаа өгчих гэж хэлэхэд, үгүй ээ ард машинтай дагаад ирсэн байгаа үзүүлээд ирье гэхээр нь за гэж хэлээд буусан. Нөгөө залууг хайгаад байхгүй болохоор нь тухайн машин дээр байсан дугаар луу залгаад саяын утас авч явсан залуу мөн үү гэж асуухад юу яриад байгаа гээд хаалга онгойлгоод 40-50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд энэ миний машин гэхээр нь юу яриад байгаа юм. Сая энэ машинд сууж байсан хүн гар утас аваад явсан гэж хэлсэн чинь энэ түрээсийн машин байгаа юм. Саяын залуу түрээсэлсэн гэж хэлэхээр нь, гэрээ хийсэн юм уу гэж асуухад гэрээ хийгээгүй уулзаад шууд энд ирсэн, тэр залуу намайг бууж бай найз охинтойгоо уулзах гэсэн юм гэж хэлсэн надад хамаагүй гээд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...2021 оны 2 дугаар сард  хоёр өөр хүнээс гар утсаа худалдан авсан мөнгөө цувуулж төлж байж гар утсаа худалдан авсан, ай-фон 12 про макс загварын 128г гар утсыг 4.750.000 төгрөг, ай-фон 12 про макс загварын 256г гар утсыг 4.800.000 төгрөгөөр авсан цувуулж мөнгийг нь төлж авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46 тал/,

Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Машин захиалсан хүн рүү залгаад уулзаад 1 дүгээр хорооллын Эрин хороолол явъя тэндээс тооцооны мөнгө 300.000 төгрөгийг өгье гэж хэлсэн. ...Эрин хороололд ирээд нэг хүн рүү ирчихлээ гэж залгасан. Утсаа тасалсны дараа та 5 минут гадаа байж бай, би найз охинтойгоо уулзъя гэж хэлсэн. Би машинаас буугаад гадаа байж байтал нэг охин ирээд машинд суусан. Төд удалгүй нөгөө залуу буугаад явсан. Тэгэхэд би мөнгө төгрөг авах гээд явж байна гэж бодоод байж байтал миний утас дуугарсан. Би жолооч байна гэж хэлээд машиндаа орсон. Тэгэхэд нэг охин та хэн бэ гэж асуусан. Бид хоёр ярилцаад тэр охины утас бас өөрийгөө залилуулсан гэдгээ ойлгосон.   ...Туранхай 170-175 см өндөртэй, 25 орчим насны эрэгтэй хүн байсан. Ногоон ноосон малгайтай, хоёр талдаа том хармаатай өмдтэй, бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19-20 тал/,

Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “............ гэсэн дугаар миний нэр дээр байдаг. ...*** өөдөөс харсан автобусны буудал дээр уулзахад 25-30 орчим насны эрэгтэй цагаан өнгийн марк барьсан залуу байсан. Уг залуу надаас *** гэсэн дугаарыг 20.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 22 тал/,

Гэрч Ц.Ц-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн дугаарыг бол мэднэ манай С  гэдэг найз фэйсбүүкээр 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр над руу хандаад нэр хаяг байхгүй дугаар байхгүй биз гэхээр нь би өмнө нь мэддэг байсан, нисдэг машины эсрэг талд байдаг модон дэлгүүрээс очиж утасны дугаар зарж байна уу гэж хэлэхэд зарахгүй байгаа больсон гэж хэлсэн, тэгээд би О  гэдэг найзаасаа нэр хаяггүй дугаар зардаг хүн байна уу гэж асуухад би дугаар зардаг хүнээс асуугаад өгий гэж хэлээд .... гэсэн дугаар өгөхөөр нь тухайн дугаар луу залгаад дугаар зардаг хүн мөн үү гэж асуухад мөн гэсэн, тэгээд би дугаар авах гэсэн юм гэж хэлэхэд модон дэлгүүрийн тэнд манай гэр байдаг хүлээж бай гэж хэлсэн, тэгээд би нисдэг машины эсрэг талын автобусны зогсоод дээр *** улсын дугаартай гранд марк-2 машинтай зогсож байхад дугаар зардаг хүн ирсэн. Би тэгээд дугаар чинь хэд юм гэхэд 20.000 төгрөг гэсэн, тэгээд би тухайн хүнээс .... гэсэн дугаарыг 20.000 төгрөгөөр аваад, нөгөө хүнийг багшийн дээдийн тэнд буулгаад, найз С- тай фэйсбүүкээр холбогдоход өөр хүнд наад дугаарыг чинь өгнө манай найз байгаа юм гэж хэлсэн, тэгээд би хорооллоос хойш гэр хороололд байдаг Баянгол дэлгүүр дээр найзыгаа ирүүлчих гэж хэлсэн, тэгээд Баянгол дэлгүүр дээр очиход приус-20 маркийн саарал өнгөтэй машинд 2 залуу сууж байсан, тэгээд би хаалгыг нь онгойлгоод С  гуйгаад байхаар нь би уг дугаарыг олж өглөө шүү гэж хэлээд юнителийн дугаар симтэй өгөөд яваад өгсөн....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25-26 тал/,

Гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэртээ амарч байхад Б-  гэдэг залуу манайд ирсэн. Б-  өмнө нь шоронд орж байсан тэрнээс хойш уулзалдаагүй байж байгаад тэр өдөр манай гэрт ирж уулзсан, тэгээд манай гэрт ирээд Б-  надаас таньд барьчихаар дугаар байна уу гэж асуусан тэгэхээр нь би дугаар байхгүй гэж хэлээд С-  гэдэг эмэгтэйгээс юнителын дугаар олоод өгчих гэж хэлсэн, тэгээд бид 2 манай гэрээс гараад явж байсан чинь С  хаан банкны дансны дугаар өгөөд 40.000 төгрөг хийчих дугаар олоод өгье гэж хэлэхээр нь тухайн дансанд 40.000 төгрөг хийсэн, тэгээд С-  1 цагийн дараа хорооллын Энхбаярын замаар өгсөөд Баянгол дэлгүүрийн гадаа зогсож бай машиныхаа дугаар хэлчих гэж хэлсэн тэгээд тэнд очоод зогсож байхад 1 залуу ирээд Б- т юнителын дугаар өгөөд яваад өгсөн. Тухайн үед би дэнжийн 1000 орох ажилтай байсан учир Б- ыг Хүнсний дэлгүүрийн ойролцоо буулгасан Б-  буухдаа каргонаас юм авах гэж байна гээд буугаад үлдсэн, би тэгээд 7-н буудалд очоод байж байхад 21 цагийн үед Б-  гар утас авах хүн байна уу гэж ярихаар нь ямар гар утас гэж асуухад ай-фон 12 гэж хэлхээр нь таньдаг хүнээс асуугаад өгье гэхэд таньдаг хүнд зараад яахын би эхнэрт хаясан гэж хэлсэн гэж ярьж байгаад миний байгаа газрыг асуугаад хүрээд ирсэн, ирэхдээ ай-фон 12 загварын хөх цэнхэр өнгийн хайрцагтай гар утас гаргаж ирээд энийг та ломбардад тавиад өгчих надад бичиг баримт байхгүй гэж хэлээд надаар тухайн гар утсыг Сансарын тэнд байдаг ломбардад 2.850.000 төгрөгөөр миний нэр дээр тавиулсан тэгээд Б- аас наад мөнгөөрөө юу хийх гэж байгаа юм гэхэд өрөндөө өгнө гэж хэлсэн. Тэгээд би мөнгө зээлээч гээд 500.000 төгрөг зээлж авсан. Тэгээд Б-  надаас салаад явсан. Би ломбардын бичгийг Б- т хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29-30 тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** овогтой *** гэдэг хүн 21 цаг 58 минутад орж ирээд I phone 12 pro max загварын rap утас тавьсан тухайн залуу хэлэхдээ машин зарсан. Уг гар утсыг зөрүүнд нь авсан юм. 14 хоногийн хугацаатай ломбардад тавина гээд хар хөх өнгийн хайрцагтай шинэ дагалдах зүйлтэй ашиглаагүй гар утас байхаар нь 2.850.000 төгрөг барьцаанд авсан. Тухайн хүн манай ломбардад орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Би ломбардад тавьсан гар утасны 2.850.000 төгрөгийг нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 38 тал/,

*** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хх-ийн 39 тал/,

2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Дамно ХХК-ийн № БГ2-21-196 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 8.428.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 48-49 тал/,

Хохирогч ***-ын Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан“...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр I Phone 12 Pro Max маркийн гар утас 2 ширхэгийг алдсан гэх өргөдөл гаргасан. Алдсан эд зүйлээ эргүүлж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /1 хх-ийн 92 тал/,

Иргэний нэхэмжлэгч ***-тай хийсэн хохирол барагдуулах тухай бичиг /1 хх-ийн 179 тал/,

Шүүгдэгч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр би танил ах ***-тэй 11 цагийн үед Төмөр замд уулзсан. Ингээд ойрд уулзаагүй гээд юм ярьж суусан. Архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Миний бодолд хуурамч дугаар олоод залилан хийх сэдэл төрөөд л байсан бөгөөд *** ахаас “танд бүртгэлгүй дугаар байна уу” гэж асуусан. Тэгтэл *** ах яаж гэж байгаа юм бэ? гэхээр нь хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд хүнээс асуугаад өгье гээд 1 хүнээс асуусан. Нөгөө хүн нь 40.000 төгрөгийн дугаар байна гэж хэллээ гэхээр нь авахаар болоод Баянгол дэлгүүрийн гаднаас очиж авсан. Ингээд *** ахаар хүнсний 4 дүгээр дэлгүүр хүргүүлээд машинаас буугаад утсаар фэйсбүүк орж машин түрээсэлнэ гэсэн зарын дагуу залгаад Ланд круйзер 200 маркийн машин жолоочтой нь түрээсэлж авсан. Ингээд фэйсбүүкээс зар харж байгаад Ай Фоне 12 про макс зарна гэсэн зар байхаар нь утсаар нь залгаад ***-ийн ***-р хороо *** хорооллын байрны гадаа уулзсан. Энэ үед 16 цаг өнгөрч байсан. Тэгээд А- гэх эмэгтэйг машинд орж ирэхээс нь өмнө жолоочийг бууж бай найз охинтойгоо уулзах гэсэн юм гэж худлаа хэлээд буулгасан. Ингээд удалгүй А- гэх эмэгтэйг машинд суулгаад гар утсыг нь асуутал 2 ширхэг Ай Фоне 12 про макс загварын гар утас үзүүлсэн. Би уг гар утсыг нь Тэди дээр байдаг найздаа мөнгө нэмж зарах гэж байгаа юм. Намайг дагаад ирчихсэн байгаа. Би бууж үзүүлчхээд ирье гэж хэлээд гар утсыг нь аваад машинаас буугаад зугтаасан. Ингээд уг 2 гар утсыг аваад *** ахыг төмөр замд хүрээд ирээ гэж хэлээд дуудсан. Ингээд Төмөр замын вокзалын ойролцоо уулзаад хамт Сансарын Тунел дээр очсон. Гэрэлтөр ахад хандан “надад каргогоор 2 ширхэг гар утас ирсэн. Бичиг баримт байхгүй тул таны нэрээр тавьчих уу” гэсэн чинь тэг гэсэн. Ингээд *** ахад 128 гегабайтын багтаамжтай гар утсыг нь өгөөд ломбард 2.800.000 төгрөгийн барьцаанд тавиулаад мөнгийг нь өөрөө авсан. *** надаас ахдаа 500.000 төгрөг зээлчих гэхээр нь би уг мөнгөнөөс нь 500.000 төгрөгийг нь өгсөн. Миний залилангийн хэрэгт энэ хүн бол ямар ч хамаарал байхгүй. Үлдсэн 2.300.000 төгрөгийг нь хэрэглээд дуусгасан. 1 гар утсыг нь зарж амжаагүй байж байгаад цагдаад баригдсан. ...Миний ломбардад тавьсан гар утсыг цагдаагийн байгууллагаас хурааж аваад эзэнд нь өгчихсөн байсан. Одоо А- бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Ломбардын эзэн ***-д 2.800.000 төгрөгийг төлж барагдуулах болно. ...Би өөрөө санааг нь гаргаад өөрөө ганцаараа хийсэн. Миний түрээсэлсэн автомашин төлбөр нэхэмжлээгүй. Надад өөр хийсэн үйлдэл байхгүй...” гэх мэдүүлгээр /1 хх-ийн 58-60 тал/,

Мөн шүүгдэгч *** нь 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ***-ийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож Айфоне 12 про макс гар утсыг залилан, 4.299.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 197 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...25-30 насны эрэгтэй хүн баруун гартаа хар өнгийн гар утасны хайрцаг байж болзошгүй зүйл барьсан алхаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байх ба тухайн этгээдийг гомдол гаргагч *** нь миний гар утсыг аваад явсан эрэгтэй мөн байна гэж заасан. Бичлэг дээр 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 14 цаг 41 минут 10 секунд гэ харагдах бөгөөд тухайн сарал биеийн тамирын өмдтэй найке компанийн логотой хар өнгийн богино хүрэм өмссөн, хар өнгийн гуталтай, цайвар царайтай, богино үсний засалттай, 25-30 орчим насны этгээдийн толгойны орой хэсэгт хагарсан мэт сорви байгаа нь дүрс бичлэгт харагдана” тэмдэглэл /1 хх-ийн 198-199 тал/,

Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2017 оноос хойш Теди гар утасны худалдааны төвийн 2 давхрын лангуунд худалдагчаар ажиллах болсон. Манайх гар утсаа лангуун дээрээ болон фэйсбүүкийн зарын сайтуудыг ашиглан зарах гар утаснуудынхаа зургийг байршуулан гар утсаа худалдан борлуулдаг юм. 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 13 цагийн үед *** дугаарын гар утаснаас залгаад Айфоне 12 Про макс загварын гар утас 256 gb-ийн багтаамжтайг авъя гэж хэлсэн. ...14 цагийн үед *** дугаарын утаснаас залгаад Тедигийн замын эсрэг талын эмийн сангийн хажууд *** улсын дугаартай LEXUS-470 загварын автомашин байгаа шууд суучих гэж надад хэлсэн учир би арын хаалгыг нь татаад суусан. Жолоочийн суудал дээр эрэгтэй хүн байсан ба тухайн хүн гар утсыг нь үзье гээд гар утсыг авч хайрцагны гадна уутыг задалж лацыг нь хөдөлгөсөн. Тэгээд үзэж байгаад би энэ гар утсыг Банкны захиралд өгөх гэж байгаа болохоор мөнгийг нь бэлнээр өгнө одоо очиж гар утсыг нь өгөөд мөнгийг нь аваад ирье, чи миний машинд сууж байх уу, машинаа асаалттай, түлхүүрийг нь зоогоод үлдээлээ гэж хэлэхээр нь за тэгвэл би сууж байя гээд машинд нь суугаад үлдсэн. Тэгээд 15 орчим минут машинд нь ганцаараа суугаад хүлээж тэсэлгүй *** дугаарын гар утас руу нь залгасан ер утсаа авахгүй дуудуулаад байсан. Тэгээд ойр зогсож байсан хар савхитай эрэгтэй хүн орж ирээд... ...би машинаа түрээслэхээ болилоо танай дүү чинь худлаа залуу шиг байна. Чи одоо машинаас буу гэж хэлсэн. Тэгэхээр нь би та юу яриад байна, энэ машины жолооч гар утсыг аваад урагшаа явсан. Би ирэхээр нь гар утасныхаа мөнгийг авна гэж хэлсэн. ...Би гар утасны үнэлгээтэй танилцсан 4.299.000 төгрөг гарсан байсан ба үнэлгээний талаар санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 204-206 тал/, 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2021 оны 1 дүгээр сарын 30-нд фэйсбүүк дээр зар тавьсан. Би эгчийнхээ лангуун дээр суудаг байсан. ...4.300.000 төгрөгөөр зарах гэж байсан. Над руу утасдсан. ...Тэгээд очиход 470 маркийн машинтай явж байсан. ***  намайг “...Та миний машинд сууж бай” гэж хэлсэн. Би машинд нь сууж л байсан. Ирэхгүй болохоор нь би утас руу нь залгахад одоохон очлоо гээд хурдан тасалчихсан. Дараа нь залгахад авахгүй байсан. Дахиад залгахад холбогдохоо боломжгүй гэсэн. Тэгээд машинд нь сууж байтал нэг хүн ирээд та нар ямар хэлсэн ярьсандаа байдаггүй хүмүүс вэ? Машинаа авлаа гээд намайг машинаас буу гэсэн. Та нар хоорондоо асуудлаа шийд би машинаас буухгүй гэсэн. Тэгээд намайг хүчээр буулгаад машинаа аваад явсан. Би тэгээд *** дүүргийн цагдаагийн газарт хандсан. Тэр машин авч явсан хүнийг цагдаа нар шалгаад энэ хэрэгт хамааралгүй юм байна гэсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын байцаагчид би өөрөө энд тэндхийн камерын бичлэг олоод аваачиж өгсөн. Тэрнээс өмнө би нөхрийнхөө найзад ээжийн бие муу байгаа. Утсаа зарах шаардлагатай байна гэж хэлж байсан. Манай нөхрийн найз нэг залуу яг ийм утас аваад явж байсан талаар хэлсэн. Тэгээд хажуу талынх нь эмийн сангийн камерыг шүүж үзэхэд мөн байсан. Би гомдолтой байна. Надтай энэ хүн уулзаагүй. Миний хохирлыг төлөөгүй. Би 4.299.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б- аас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 1 сарын 31-ний өдөр 13 цаг 27 минутад *** дугаарын гар утаснаас залгаад LEXUS-470 автомашин түрээсэлмээр байна ямар үнэтэй вэ? гэхээр нь бүтэн өдрөөр тооцогдоно үнэ нь 150.000 төгрөг гэж хэлсэн  тэгээд тухайн хүн за болж байна гэж хэлээд миний түрээслэх машиныг Сүхбаатарын талбайн хажуугийн Туушин зочид буудлын урагшаа явуулчих гэж хэлсэн. Тэгээд би хамтран ажилладаг жолооч Ууганбаяр руу залгаж ажил байна гэж хэлсэн. Тухайн үед Ууганбаяр завтай байна би явна гэж хэлсэн. ...Ууганаа 15 цаг 44 минутад над руу залгаад таны холбосон  хүн чинь алга болчихлоо, энд бас нэг эмэгтэй байна. Тэр залууд гар утсаа өгсөн гээд гэхээр нь яасан сонин залуу вэ гэж хэлээд цагдаагаар шалгуулсан дээр байх гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 215 тал/,

Гэрч Д.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2021 оны 1 сарын 31-ний өдөр 13 цаг 45 минутын үед манай танил ах Б- залгаад шөнө дунд хүртэл явах 150.000 төгрөгийн ажил байна дээр нь бензиний 50.000 төгрөг төлөх ба Улаанбаатар хот дотроо явна гэхээр нь би зөвшөөрсөн. ...Тэгээд би 14 цаг 15 минутын үед Туушин зочид буудлын гадаа ирчихлээ гэж хэлсэн. ...Тухайн хүн мөнгөө Теди гар утас худалдааны төвөөс очиж эгчээсээ мөнгө авч өгнө гэж хэлэхээр нь хөдлөөд явсан юм. Тэгээд Теди гар утас худалдааны талын замын эсрэг талд байх байрны голын гарцны үзүүр хэсэгт зогссон. Миний машинд сууж байх үедээ эгчтэйгээ ярина гэж хэлээд ... за та одоо аваад гараад ирэх үү *** гэсэн дугаартай хар өнгийн машин байгаа шууд суучих гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд надад хандаж би эгчдээ машин түрээсэлж байгаагаа хэлээгүй юм та гадаа гараад нэг кафед ороод сууж байх уу? гэхээр нь үгүй би машиныхаа гадаа тамхи татаад зогсож байя гэж хэлээд машинаа асаалттай, түлхүүрийг нь зоогоод буусан. Тэгээд тамхи татаад зогсож байхад нэг хамгаалалтын хувцастай махлаг эмэгтэй хүн суусан. Тэгээд тухайн эмэгтэйг суугаад 2-3 минутын дараа нөгөө залуу буугаад тэр эмэгтэйн суусан талын хаалгыг онгойлгоод нэг зүйл авах шиг болсон ба цаашаа хүний зам дагаад хурдан хурдан алхаад явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 220-222 тал/, 

Дамно ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний ЧД1-21-101 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.299.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1 хх-ийн 229-230 тал/,

Шүүгдэгч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний бие яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. ...Ингээд би эхлээд тухайн Lexus-470 маркийн авто тээврийн хэрэгсэл түрээсэлнэ гэх зар байхаар нь би тэр зарын дагуу тухайн хүнтэй уулзсан. Lexus 470 маркийн авто тээврийн хэрэгслийг өдрийн 300.000 төгрөгөөр түрээсэлж ай фоне 12 маркийн гар утас авах хүнтэйгээ уулзахаар Тэди худалдааны төвийн урд ирсэн. ...Машин дотроо оруулж суулгаад утсыг нь үзэж байгаад машины гадаа хүнд үзүүлчхээд ирье гэж хэлээд утсыг нь аваад гараад явчихсан. Би тухайн утсаа Сансарын ойролцоо явж байгаад хүмүүст гар утас зарна гэж асуугаад явж байтал нэг хүн явъя гэж хэлээд надаас 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлгээр /2 хх-ийн 4, 7-8 тал/,

Шүүгдэгч *** нь 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ***-г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож Айфоне 12 про макс гар утсыг нь залилан авч 3.949.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 16 тал/,

О, О нарын фэйсбүүкээр харьцсан мессенжерийн хуулга /2 хх-ийн 17-49 тал/,

Хохирогч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би Теди төвийн 13-7 дугаартай лангууг 2020 оны 11 дүгээр сараас хойш түрээслэн гар утасны худалдаа эрхэлж байна. “...*** А” гэх хаягаасаа фэйсбүүкийн айфоне маркийн гар утас зарна, худалдана гэсэн группэд зарах гэж байгаа гар утаснуудынхаа мэдээллийг оруулсан. ..Ингээд 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 11цагийн үед “***” гэх эмэгтэй хүний нэртэй зурагтай фэйсбүүк хаягаас “айфоне 12 про макс 128 гегабайт багтаамжтай шаргал өнгийн ***, ***дугаарын имей кодтой, *** дугаарын сериалтай, 4400000 төгрөгийн үнэтэй, хайрцаг савтай, цоо шинэ гар утсыг худалдан авахаар болж ... тэгээд 13 цагийн үед Улсын их дэлгүүрийн зүүн талаас Тэнгис кино театр руу 174-178 сантиметр орчим өндөртэй, туранхай биетэй, хар өнгийн энэ тэндээ цоохор цагаан өнгийн бичигтэй, богино куртиктэй, хар  өнгийн ноосон малгайтай, хар өнгийн нүдний шилтэй, доогуураа бор шаргал өнгийн хажуудаа халаастай өмдтэй эрэгтэй хүн Тоёота приус 20 маркийн *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашинаас бууж ирээд “энэ гар утсыг би цаашаагаа мөнгө нэмээд эгчдээ зарах гэж байгаа юм, 8 дугаар байранд эгчдээ үзүүлээд мөнгөө аваад ирье, энэ миний машины бичиг баримт, машинаа бичиг баримттайгаа хамт үлдээчихье ” гэж хэлэхээр нь машины бичиг баримтыг авахгүй, гар утасны төлбөрөө шилжүүлчих гэсэн... Тэгээд худлаа хэлээд 21 цаг хүргэсэн ба улмаар залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 58-59 тал/,

Гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед нөгөө *** дугаартай эрэгтэй хүн шууд залгаж орж ирээд “Оюука эгчийн найз мөн үү” гэхээр нь би зөрүүлээд “бараа хүргүүлэх хүн мөн үү” гэсэн тэгээд Сансарын KFC-ын урд талд хүрээд ир гэж дуудахаар нь төрсөн ах Б.Оюун-Эрдэнэтэй хамт түүний *** улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг аваад очиход хар өнгийн малгайтай, нүдний шил зүүгээгүй, өндөр туранхай биетэй, алаг нүдтэй, амны хаалт зүүсэн, дээгүүрээ хар өнгийн куртиктай эрэгтэй хүн шууд машинд орж ирээд суусан.

Ингээд тэр эрэгтэйгээс хаа хүрэх талаар асуухад “Улсын их дэлгүүр ороод тэндээсээ QR код авч өгнө” гэж хэлэхээр нь Улсын их дэлгүүрийн зүүн талын хэсэг Тэнгис кино театр руу явах чиглэлийн засмал зам дээр очсон. Тэгээд тэр залуу ах Б.Оюун-Эрдэнэ бид хоёр нөгөө хүн Сүхбаатарын талбай өнгөрөөгөөд ирж байна, өмнө нь тэр эгчдээ найзынхаа машинд QR  код авч өгөөд загнуулсан болохоор энэ машиныг худалдаж авсан гэж хэлээд QR код гаргуулж авах юмаа, та хоёр түр ойрхон CU руу ороод байж байгаач гэхээр нь машинаа асаалттай чигээр нь тэр залууд үлдээгээд түлхүүрээ аваад CU руу орсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 60 тал/, 

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед дүү болох Б над руу залгаж QR код гаргаад өгье түгээлтийн ажил байна гэж байна хийх үү гэхээр нь би ямар ажил байна хийнэ гэсэн. ...Болор-Эрдэнэ нь QR код гаргаж түгээлтийн ажил хийлгэнэ гэсэн эмэгтэйтэй чатлаад тэр эмэгтэй Сансарын колонкийн KFC дээр хүрээд ир манай дүү байгаа гэсэн. ...Сансарын колонкийн KFC дээр ирж *** дугаар руу холбогдож 20-23 орчим насны эрэгтэйтэй уулзсан чинь Улсын Их дэлгүүр дээр очье гээд машинаар Улсын Их дэлгүүр дээр очсон. ...нөгөө залуу машинаар ирж буугаад гараараа даллахаар нь очиж байсан чинь цаашаа алхаад байхаар нь “юу болсон бэ” гэж асуухад “та хоёр байж байгаарай QR кодыг чинь хэвлээд ирье” гэсэн. Тэр залуу алхаад байран дундуур орж алга болсон. Бид хоёр машиндаа суугаад цаг гаран хүлээсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 61 тал/,

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би .... гэсэн дугаарыг 2020 оны 7 дугаар сараас хойш ашиглаагүй. .... дугаарыг 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хэн ашиглаж байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 64 тал/,

Дамно ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний ЧД1-21-48 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.949.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /2 хх-ийн 70-71 тал/,

Шүүгдэгч Э.Б- ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Ингээд хэд хоногоос би фэйсбүүкээс мөн адил ай фоне 12 про макс маркийн гар утас худалдана гэсэн зарын дагуу холбогдож их дэлгүүрийн гадаа уулзахаар болсон. Би фэйсбүүкээс хүргэлт хийнэ гэсэн зарын дагуу холбогдож би машинд чинь QR код аваад өгье хэд хоногоос хүргэлтээр ажиллах уу гэж асуухад тэр хүмүүс зөвшөөрөөд Сансарын KFC дээр уулзсан. ...утас зарна гэж зар тавьсан хүн дээр очиход эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн бөгөөд би тухайн 2 хүнд би эгчдээ та хоёроос авсан утсаа мөнгө нэмж зарах гэж байгаа юм утсыг нь үзүүлчхээд мөнгийг чинь аваад өгье гэж хэлээд утсыг нь авч явсан. Ингээд Да хүрээ захын ойролцоо танихгүй хүнд 3.800.000 төгрөгөөр зараад мөнгөө хэрэглээндээ зарцуулчихсан. Одоо би гар утас зарсан гэх 2 хүнийг танихгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Миний бие яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолд дурдагдсан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулах болно...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 7-8, 81, 82, 230-231 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч ***-ын шүүхэд ирүүлсэн бичиг, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирогч Б.М- тэй хийсэн хохирол нөхөн төлөх тухай бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус хэргийн үйл баримтууд нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч ***-ын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж болох хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг шинжийг хангаж байх ба шүүгдэгч үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж, нэг ижил аргаар нэр бүхий 3 хохирогчийг залилан хохирол учруулжээ.

Тухайлбал, хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь гар утас худалдах зарын дагуу хохирогч нартай холбогдон, тэдгээрт Айфоне 12 про макс загварын гар утсыг нь худалдан авах гэж байгаа мэт ойлголтыг төрүүлэн дуудан ирүүлж, эгчдээ үзүүлээд мөнгийг нь аваад ирье, банкны захиралд өгөх гэж байгаа юм, мөнгийг нь аваад ирье гэж хуурч аваад, буцаад өгөхгүйгээр цааш нь зарж борлуулсан байх ба ингэхдээ бусдын эзэмшлийн Ланд-200, Лекус 470, Приус 20 загварын автомашиныг түрээслэн унаж, түрээсэлсэн автомашиныхаа бичиг баримт, түлхүүрийг үлдээх, хохирогчийг машинд суулгаж үлдээх зэрэг нэг ижил аргаар хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлэн залилах гэмт хэргийг үйлдсэн байна.

 Шүүгдэгч ***-ыг дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан...” шинжийг бүрэн хангасан байна.

Мөн шүүгдэгч ***-ын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Б.А- , Б.М- , А.А-  нарын болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудтай нийцсэн, агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй байх тул яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт үйлдсэнд тооцно” гэж заасан тул прокуророос шүүгдэгч Э.Б- т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна. 

Иймд прокуророос 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.А- тэй фэйсбүүкээр Айфоне 12 про макс зарна гэсэн зар байршуулсны дагуу холбогдож худалдаж авъя гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “эгчдээ үзүүлээд мөнгийг нь аваад ирье, энэ машины бичиг баримт, машинаа бичиг баримттайгаа хамт үлдээчихье” гэж хэлээд Айфоне 12 про макс гар утсыг нь залилан авч 3.949.000 төгрөгийн хохирол,

2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гар утас худалдааны төвийн орчимд хохирогч Б.М- ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгож Айфоне 12 про маркийн гар утсыг залилан авч 4.299.000 төгрөгийн хохирол,

2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А- ын Айфоне 12 про макс загварын 2 ширхэг гар утсыг “...хямдхан худалдаж аваад мөнгө нэмж зарах тул утсыг чинь үзүүлчхээд ирье...” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, залилан авч 8.248.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Б- ыг “Залилах гэмт хэргийг буюу хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлын зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй оролцсон болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.А- д 3.949.000 төгрөгийн, хохирогч Б.М- т 4.299.000 төгрөгийн, хохирогч Б.А- т 8.248.000 төгрөгийн, нийт 16.496.000 төгрөгийн хохирол бусдад учирсан болох нь үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох Дамно ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ийн № БГ2-21-196 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 8.428.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 48-49 тал/,

2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний ЧД1-21-101 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.299.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1 хх-ийн 229-230 тал/,

2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний ЧД1-21-48 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.949.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлтүүдээр /2 хх-ийн 70-71 тал/ тогтоогдож байна.

Мөн иргэний нэхэмжлэгч "*** ХХК-д 2.850.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогджээ.

Үүнээс шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***-т 2 ширхэг гар утсыг буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт болох 2 ширхэг гар утсыг хохирогч Б.А- т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Б.А- ын “...Алдсан эд зүйлээ эргүүлж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Мөн 1 дүгээр хавтас хэргийн 179 дэх талд авагдсан иргэний нэхэмжлэгч Н.Б-тай хийсэн хохирол барагдуулах бичиг болон шүүхийн шатанд гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч ***-ын “...1.350.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх бичгээр иргэний нэхэмжлэгчид 1.500.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, хохирогч А.А- , Б.М-  нарын хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.Б- аас хохиролд нийт 9.748.000 төгрөг гаргуулж, хохирогч А.А- д 3.949.000, хохирогч Б.М- т 4.299.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “***” ХХК /захирал ***/-д 1.500.000 төгрөг тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний хувийн байдалтай холбоотой Э.Б- ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 76, 2 хх-ийн 130 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 68, 2 хх-ийн 124 тал/, Асап сангийн лавлагаа /1 хх-ийн 71-75, 2 хх-ийн 127-129 тал/, жолоодох эрхийн лавлагаа /1хх-ийн 93 /, шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 78-86, 2 хх-ийн 109-117 тал/, Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны засаг дарга “...*** овогтой *** нь тус хорооны хайлааст 6-44 тоотод оршин суудаг, ам бүл 2 болохыг...” гэх тодорхойлолт /1 хх-ийн 67 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 69 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 70 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, хохирогч Б.А- ын 2 ширхэг гар утсыг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч *** 1.350.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч А.А- , Б.М-  нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамаарна. Харин урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 761 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Иймд шүүгдэгчийн хувийн зан байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч Э.Б- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялаар шийтгэх нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, шүүгдэгч Э.Б- т 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***-т хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаартэг зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 177 /нэг зуун далан долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тоолох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, мөн хохирлыг нөхөн төлөхөө бүрэн илэрхийлж байх тул 2021 оны Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар өршөөлд хамруулж өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргаж оролцсон.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг нарийвчлан зааж өгсөн бөгөөд 12.5 дахь хэсэгт “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д “...Залиллах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заасан байна. 

Өөрөөр хэлбэл, уг заалт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй ялтанд хамаарахаар байх тул шүүх хэрэглээгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч **** овогт ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- ын цагдан хоригдсон 177 /нэг зуун далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- аас гэмт хэргийн хохирол хор уршигт тооцож 9.748.000 /есөн сая долоон зуун дөчин найман мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч А.А- д 3.949.000 /гурван сая есөн зуун дөчин есөн мянга/-н төгрөг, хохирогч Б.М- т 4.299.000 /дөрвөн сая хоёр зуун ерэн есөн мянга/-н төгрөг, иргэний нэхэмжлэгч “***” ХХК /захирал ***/-д 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А-  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА