| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0163/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/215 |
| Огноо | 2021-08-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.М, өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2125000000044 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.А
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Г.А нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэмбий” авто угаалгын газрын ажилчдын өрөөнөөс насанд хүрээгүй Н.Б-гийн Редми Нөт-8 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 414.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөнтуяа мэдүүлэхдээ; “...Г.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхэд татгалзахгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
насанд хүрээгүй хохирогч Н.Б-гийн “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Цэмбий" авто угаалгын газарт ажил дээрээ очсон. Тэгээд би ажилдаа гарахдаа ажлын өрөөнд өөрийн “Редми Нөт-8” маркийн гар утсаа цэнэглээд гарсан, машин угааж байх үед гаднаас 12 цагийн үед нэг эмэгтэй хүн орж ирээд “танай захиралтай утсаар холбогдсон, ажилд орох гэж ирлээ” гэж хэлээд захирлыг хүлээж байсан. ...захирал руу Эрка ах залгаад “нэг эмэгтэй хүн ажилд орох гэж ирсэн” гэж хэлсэн чинь “явуул” гэсэн, нөгөө эмэгтэйд хэлсэн чинь “явахгүй” гээд зогсоод байсан. Нөгөө эмэгтэй ажлын өрөөний хажууд зогсож байгаад нэг харсан чинь байхгүй, би ажлын өрөө рүү орж утсаа харсан чинь байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх 13-14/,
иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш 15 цагийн орчимд намхан дуу эмэгтэй “80.000 төгрөгийн хэрэг гараад байна, 2-3 хоногийн дараа утсаа авья” гэсэн, утсыг үзтэл ажиллагаа хэвийн болохоор нь 80.000 төгрөгийг өгч явуулсан. ...Би хулгайн утас гэдгийг мэдээгүй, надад гомдол санал байхгүй, уг нь би 80.000 төгрөгийг авах ёстой байсан, гэхдээ Г.А нь амьдрал ядруухан харагдаж байсан тул нэг удаа буян болоод 80.000 төгрөгөө нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-19/,
гэрч Н.У-н “....Би Ганболдын Анхцэцэг 2020 оны 3 дугаар сард Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс албадан эмчилгээ нь цуцлагдаж, миний хяналтад орсон, өөрөөр хэлбэл Г.А насанд хүрсэн бие хүний эмгэг өвчний оноштойгоор одоог хүртэл хяналтад байгаа, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 50 хувиар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон. Бие хүний эмгэг гэдэг нь тухайн хүний хүүхэд үеэс насанд хүртэлх үеийн эмгэг зан үйл гэж ойлгож болно, өөрөөр хэлбэл тэнэхийн дон, хулгайн дон, бэлгийн дон зэрэг дурын эмгэгүүдээр илэрдэг.” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэц наркалогийн тасгийн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “...1.Г.А нь сэтгэцийн хувьд F60.3 /Эмгэг төрх, тэнэхийн дон/ өвчтэй байна. 2.Г.Аийн энэ өвчин төрөлхийн, энэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын группт байдаг, энэ өвчин нь гэмт хэргийн улмаас үүсээгүй. 3.Г.А нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай учир тухайн үед Г.Ат сэтгэцийн өөрчлөлтийн бусад шинж тэмдгүүд /түр зуурын- солиорлын шинж/ илрэхгүй, гэхдээ эмгэг төрхийн явц нь байнгын ээнэгшил алдагдсан байдалтай байна. Энэ ээнэгшил алдагдалт тогтонгишсон байдалтай байгаа нь магадлуулагчийн амбулаторийн үзлэгийн хяналтын картнаас орон нутгийн сэтгэцийн эмчийн хяналт үзлэгт дүгнэлт хийж үзэхэд батлагдаж байна. Иймд магадлуулагч Г.А нь хэрэг хариуцах чадваргүй. 4.Г.Ат эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай. Энэ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг харъяа орон нутгийн Сэтгэцийн эмчийн хяналтад хэвтүүлэн эмчилж авах шаардлагатай. Г.Аийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг дээрх өвчний засрал сайжралд ортол үргэлжлүүлэх шаардлагатай.” гэсэн дүгнэлт /хх-42-44/,
Шинжээч Л.Б-н “...Г.Аийн эмгэг төрх буюу хулгай хийх дон өвчин нь дээд мэдрэлийн системийн төрөлхийн буюу бага насанд олдсон хэвийн биш байдал амьдралын орчин нөхцөл буруу хүмүүжил, хүмүүжлийн таатай биш нөлөөллийн улмаас хүүхэд цагаас эхэлдэг өвчин. Энэ нь зан сэтгэцийн өв тэгш биш байдлаар илэрдэг. Г.Аийн хувьд сэдрэлт ойр, ойрхон гардаг учир өвчний түүх өвчний карт асуумжаас харахад өвчин хурцадмал байдал нь хугацааны хувьд янз бүр байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-47-48/,
Г.А сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлэг өгсөн, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “эмэгтэй машин угаагч ажилд авна.” гэсэн зарын дагуу “Цэмбий” авто угаалгын газрын эзэнтэй холбогдож ажилд орох талаар асуухад “би ажил дээрээ удахгүй очлоо” гэж хэлсэн. ...би Согоот багийн нутаг дэвсгэрт “Цэмбий” авто угаалгын газарт очиход дарга нь байхгүй, дарга руу нь дахин залгахад “удахгүй очно, хүлээж бай” гэж хэлээд утсаа салгасан...угаалгын газрын дотор амралтын өрөөнд ороод утсаа цэнэглэх гэсэн чинь “энд залгуур байгаа” гэж хэлээд нэг өрөөнд оруулсан, тухайн өрөөнд нэг гар утас цэнэглэж байхаар нь би аваад кармандаа хийгээд гарсан. ...Би гар утсыг Сонор хайрхан төвийн 3 давхарт зүүн гар тал руу эргээд эхний засварчинд 80.000 төгрөгөөр өгөөд, 80.000 төгрөгийг өөртөө хэрэглээд дууссан.” гэсэн мэдүүлэг /хх-52-53/,
Н.Б-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-3/,
гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10/,
эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-15/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ОРХ/20-097 дугаартай үнэлгээний дүгнэлтэд Редми Нөт-8 гар утас 414000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хх-29-32/,
Г.А урьд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, Г.Аийн өвчний түүх /хх-80-105/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-106-111/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2 дугаартай сэтгэл зүйн оношилгоо /хх-112-115/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаартай шүүгчийн захирамж /хх-116-119/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Г.А нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэмбий” авто угаалгын газрын ажилчдын өрөөнөөс насанд хүрээгүй Н.Бгийн Редми Нөт-8 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 414.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-ийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.А нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Б-д 414.000 төгрөгийн хохирл учирсан бөгөөд хулгайлсан гар утсыг биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Г.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй.
Гэвч Г.А нь оюун ухааны хөнгөн хэлбэрийн хулгайн дон өвчтэй, хулгайн дон өвчний тухайд хүчлэгдсэн гэнэтийн дур хүрсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар хүнд хэрэгцээтэй үгүйгээс үл хамааран хулгай хийснээр дур нь дарагддаг, давтагддаг шинжээрээ нийгэмд аюултай бөгөөд Г.А нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадваргүй, өөрийн мэдэлгүй донтож хулгай хийдэг, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц Наркологийн тасгийн шинжээч Ж.Должмаа, Л.Бүдсүрэн, С.Энхмаа нарын гаргасан 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт,
мөн шинжээч эмч Л.Бүдсүрэн, гэрч Н.Уянга нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай улсын яллагчийн санал үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.А-ийн сэтгэцийн байдал, нийгэмд учруулж буй хор уршигтай үйлдэл давтагдах шинжтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хотын сэтгэц судлалын үндэсний
төвд 1 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Сэтгэц судлалын үндэсний төв болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 19.3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.А-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Г.А-т авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 /нэг/ жилийн хугацаагаар авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Сэтгэц судлалын үндэсний төв болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Г.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ