| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0205/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/223 |
| Огноо | 2021-09-02 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125001610230 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, М.М
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч М.М нь Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр “Хүнхэр Алтай” төвийн гаднаас Г.О-н унадаг дугуйг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч М.М мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэг өгөхгүй.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Г.О-н “...2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд найз Нэргүйбаатар яриад “...“Хүнхэр Алтай” төвийн нийтийн байранд хүрээд ир” гэсэн, би унадаг дугуйгаа унаад Нэргүйбаатарынд очсон, дугуйгаа нийтийн байрны гадна талд хашлага түшүүлээд орхисон. ...миний хашлага түшүүлээд тавьсан байсан унадаг дугуйг үл таних ажлын хувцастай хүн унаад цааш явахаар нь “...наад дугуйгаа тавь” гээд орилсон, Нэргүйбаатар хажуугаас “...наад дугуйгаа үлдээ” гэсэн боловч тэр чигтээ унаад явчихсан, ...ямар ч байсан надаас зөвшөөрөл аваагүй, Нэргүйбаатар нь “хүний дугуй үлдээ” гэж орилж байсан болохоор зөвшөөрөл өгөөгүй байх, Мөнхдэлгэр унадаг дугуйны хохирол 400.000 төгрөг бэлнээр өгч хохирол барагдуулсан, надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-11, 14/,
гэрч С Н-н “... Би 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ... “Хүнхэр Алтай” төвийн нийтийн байранд Оюун-Эрдэнэтэй нэг шил архи уугаад сууж байхад 439-р хорих ангид ял эдэлж байсан Мөнхдэлгэр гэх дүү над руу утсаар яриад ... ирсэн. Мөнхдэлгэр нь бид хоёртой хамт архинаас ууж байгаад “...өнөөдөр миний барилга дээр ажилласан цалин бууж байгаа, би мөнгөнд яваад ирэх үү” гэж ярьж, бид хоёртой хамт гадаа зогсож байгаад Оюун-Эрдэнийн унадаг дугуйг бид хоёроос ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр шууд унаад яваад өгсөн. Оюун-Эрдэнэ бид хоёр хойноос нь “...зогс, дугуй аваад ир” гэж орилсон боловч тэр чигээрээ цааш яваад өгсөн, араас нь гар утас руу нь олон удаа залгахад утсаа авахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-19/,
М.М-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Шанд багт гэрийнхээ ойролцоо найз Баяраатай нэг шил 0.75л савлагаатай архи хувааж уучихаад Нэргүйбаатар ах байр түрээсэлж байсан болохоор утсаар нь залгаж байгаад Зэст багийн БОЭТ-ийн ойролцоо нийтийн байранд нь ирсэн. ...архи уучихаад би нэг хэсэг ухаан балартаж согтсон байсан бөгөөд нэг мэдсэн чинь Нэргүйбаатар ахаас “унадаг дугуйг унаж яваад ажил дээр цалин бууж байгаа, мөнгө аваад ирье” гээд гуйгаад зогсож байсан. ...Нэргүйбаатар ахынд ирсэн найз нь уг унадаг дугуйг унаж ирсэн байсан. Нэргүйбаатар ах надад найзынх нь унадаг дугуйг унаж ажил руугаа мөнгөнд явахыг зөвшөөрсөн бөгөөд би замдаа 2-3 удаа онхолдож байснаа санаж байна, нэг сэрсэн чинь Зэст багийн барилгачдын талбай дээр газарт ганцаараа унтаж байсан. Намайг сэрэхэд унадаг дугуй нь хажууд байхгүй байсан бөгөөд би уг дугуйг ойр орчимдоо хайж байгаад гэр лүүгээ явж амарсан. ...Би Оюун-Эрдэнэтэй тохиролцож түүний нэхэмжилсэн 400.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-25, 51/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ТХХ/21-135 дугаартай “...“Alton брэндийн 26 инчийн унадаг дугуй 550.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-29-33/,
М.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/,
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-63-64/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-66-67/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-68-69/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч М.М нь Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр “Хүнхэр Алтай” төвийн гаднаас Г.Оюун-Эрдэнийн унадаг дугуйг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Г.О-н “...2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд...унадаг дугуйгаа унаад Нэргүйбаатарынд очсон, дугуйгаа нийтийн байрны гадна талд хашлага түшүүлээд орхисон. ...миний хашлага түшүүлээд тавьсан байсан унадаг дугуйг үл таних ажлын хувцастай хүн унаад цааш явахаар нь “...наад дугуйгаа тавь” гээд орилсон.” гэх,
гэрч С Н-н “... Би 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ...Мөнхдэлгэр нь бид хоёртой хамт архинаас ууж байгаад “...өнөөдөр миний барилга дээр ажилласан цалин бууж байгаа, би мөнгөнд яваад ирэх үү” гэж ярьж байгаад бид хоёртой хамт гадаа зогсож байгаад Оюун-Эрдэнийн унадаг дугуйг бид хоёроос ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр шууд унаад яваад өгсөн.” гэх мэдүүлгүүдээр,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ТХХ/21-135 дугаартай “...“Alton брэндийн 26 инчийн унадаг дугуй 550.000 төгрөг” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс илээр авахыг хэлэх бөгөөд шүүгдэгч М.Мийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүний дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирол хор уршгийн талаар;
Эрүүгийн хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч Г.О-н “...М.М унадаг дугуйны хохирол 400.000 төгрөг бэлнээр өгч хохирол барагдуулсан, надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 14 дүгээр талд,
мөн шүүгдэгч М.М-ийн “...Би Оюун-Эрдэнэтэй тохиролцож түүний нэхэмжилсэн 400.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 51 дүгээр талд тус тус авагдсан бөгөөд хохирогч нь зөрүү 150.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, цаашид бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.М-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч М.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч М.М гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах.” гэсэн санал, дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч М.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал байдал, учруулсан хохирол, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан, мөн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах;” үүрэг хүлээлгэж,
мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох;” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
зорчих эрх хязгаарлах ял болон үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч М.М-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж,
7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ