Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/225

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч, 

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125002190251 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Н.Б

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Отгонтэнгэр автобусны буудлын хажууд Б.Ц-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт

шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Ц-ын “...2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Ар булаг” гэх газарт зуны байшингийн дээвэр хийх гэж очсон, хийх материал нь дуусаад тэндээ 1 шил 0.75 л архи, 1 том пиво Н.Б бид хоёр хувааж уусан. ...Н.Б “дэлгүүр орно” гээд байсан би “гэртээ буу, чамайг дэлгүүр лүү хүргэж өгч чадахгүй” гэж хэлтэл “буухгүй” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Би машинаасаа буугаад хаалгыг нь онгойлгоод “буу” гэж хэлтэл Н.Б шууд цээж рүү маань нэг удаа цохиод авсан, бид хоёр барилцаж аваад ноцолдож эхлээд Н.Б гараараа нэг удаа ам хэсэг рүү цохитол шүд маань уначихсан. Би тэр дор нь “шүд унагачихлаа” гээд Н.Бд харуулаад өгтөл аваад шидэж байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-25/,

гэрч Г.Баярхүүгийн “....Ц, Б-н нар “Ар булаг” гэх газар зуны байшин барихаар очсон, ажлаа хийж дуусаад Цэрэнбаатар, Болдсайхан хоёр нэг шил архи, нэг том пиво ууж дуусчихаад би тэр хоёрыг Говил баг руу гэрт нь хүргэж өгөхөөр явцгаасан. ...Цэрэнбаатар, Болдсайхан хоёр гэнэт л муудалцаад “хоёулаа зодолдьё” гээд буугаад хоёулаа цохилцоод авсан, ...Цэрэнбаатар Болдсайханд хандаж “чи миний шүдийг цохиод унгачихлаа” гээд амнаасаа шүдээ гаргаж ирээд харуулж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-21/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаартай “...1.Б.Ц-ын биед нэг шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-15-16/,

Н.Бы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...“Ар булаг” гэх газар Цэрэнбаатар, Баярхүү бид гурав зуны байшин барьж байгаад тэндээ 1 шил 0.75 литр архи 1 том пиво уусан. Намайг Б.Ц “гэртээ ирчихлээ, буугаарай” гэж хэлсэн би тэгэхээр нь “дэлгүүрийн гадаа бууна” гэтэл Б.Ц “үгүй, гэрийнхээ гадаа буу” гэж надад хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд миний уур хүрээд би Б.Цыг “буугаад ир хоёулаа зодолдьё” гэж хэлээд бид хоёр буусан. Эхлээд би Б.Цын цээж хэсэг рүү нэг удаа цохисон, бид хоёр ноцолдоод газар унасан тэр үед шүд нь унасан байх, тухайн үед бид хоёрын хажууд Баярхүү гээд манай ажлын залуу архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан, Б.Цын шүдийг гараараа цохиод л унагасан байх, дээр доороо ороод ноцолдож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-27/,

хохирогч Б.Ц-ын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-8/,

Н.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-31-33/,

Н.Б нь хохиролд 500.000 төгрөг төлсөн баримт /хх-41/,

яллагдагч Н.Б-ы “...2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Цтай 1 шил архи, 1 пиво ууж хоорондоо муудалцаж нэг шүдийг нь унагасан учир хэргээ хүлээж шүд хийлгэсэн 500.000 төгрөг төлсөн эмчилгээний зардалд төлсөн тул миний энэ хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-57/,

хохирогч Б.Ц-ын “...Н.Б-тай маргалдаж үүдэн шүдээ цохиулж нэхэмжлэл гаргасны төлбөр 500.000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон тул хэргийг хлбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Отгонтэнгэр автобусны буудлын хажууд Б.Цын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бы гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Ц-ын “...2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...1 шил 0.75л архи, 1 том пиво Н.Б бид хоёр хувааж уусан. ...Н.Б шууд цээж рүү маань нэг удаа цохиод авсан, бид хоёр барилцаж аваад ноцолдож эхлээд Н.Б гараараа нэг удаа ам хэсэг рүү цохитол шүд маань уначихсан.” гэх,

гэрч Г.Баярхүүгийн “....Цэрэнбаатар, Болдсайхан хоёр гэнэт л муудалцаад “хоёулаа зодолдьё” гээд буугаад хоёулаа цохилцоод авсан, ...Цэрэнбаатар Болдсайханд хандаж “чи миний шүдийг цохиод унгачихлаа” гээд амнаасаа шүдээ гаргаж ирээд харуулж байсан.” гэх мэдүүлгүүдээр болон

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Цын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Н.Б нь хохиролд 500.000 төгрөг төлсөн баримт, хохирогч болон шүүгдэгчийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Б.Ц-ын “Болдсайхантай маргалдаж үүдэн нэг шүдээ цохиулж нэхэмжлэл гаргасны төлбөр 500.000 төгрөг өгч хохиролгүй болгосон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсанаас гадна шүүгдэгч Н.Б нь хохирогчид 500.000 төгрөгийг төлсөн тухай баримт хэргийн 41 дүгээр талд авагдсан байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүх шүүгдэгч Н.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 100.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЭНХТУНГАЛАГ