Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/226

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, 

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125000000276 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Б.М

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.М нь 2021 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 11-25 тоотод иргэн С.Баясгалангийн толгой тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн

хохирогч С.Б-н “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Мөнхбаяр, Ганзориг бид гурав Сэлэнгэ буудлын урд талын паб-д сууж юм ярингаа архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж байгаад Ганзоригийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баян замын 11-25 тоотод очиход цаг нэлээн орой болсон байсан...Мөнхбаяр, Ганзориг бид гурав гаднаас 0.5л экс архи аваад орсон учир тэр архиа хувааж уунгаа юм ярьсан. Ганзориг бид хоёр морь яриад сууж байтал Мөнхбаяр “та хоёр морь ярилаа, намайг тоосонгүй” гээд над руу дайрсан, тэгээд Мөнхбаяр бид хоёр барьцалдаж аваад гадаа гарсан, би Мөнхбаярыг өөрөөсөө цааш түлхээд орохдоо хаалгыг түгжээд орсон. Тэгсэн Мөнхбаяр том өрөөний цонхоор орж ирээд миний толгой хэсэг рүү ширээн дээр байсан архины шилээр цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-13/,

гэрч Б.М-н “....эмчлүүлэгч нь гаднаас толгой, дух хэсгээр цус мэт зүйлээр бохирлогдсон, даралт унасан, царай цонхийсон байдалтай орж ирсэн. Толгойн урд хэсэгт 4см орчим 1см гүн шархтай байсан, 3 оёдол тавьж боолт хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-15/,

гэрч Т.Одонтуяагийн “...2021 оны 8 дугаар сарын 13-ны шөнийн 3 цагийн үед Баясаа, Мөнхбаяр хоёр хоорондоо муудалцаж барьцалдаад авсан байхаар нь нөхөр Ганзориг бид хоёр салгаад Мөнхбаярыг аваад гарах гэтэл ширээн дээр байсан архины шилээр Баясаагийн толгой руу цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-17-18/,

гэрч Г.Ганзоригийн “... 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Мөнхбаяр, Баясгалан бид гурав городод караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад манайх буюу Уртын гол баг Баян замын 11-25 тоотод очсон. Манай гэрт Мөнхбаяр, Баясгалан бид гурав нэг шил 0.5л экс архийг хувааж ууж, тухайн үедээ Баясгалан бид хоёр морь ярьж байгаад би унтаад өгсөн. Мөнхбаяр Баясгаланд хандаж “та хоёр намайг тоосонгүй” гэж уурласан байсан, ...Мөнхбаяр Баясгалангийн толгой руу архины шилээр цохисон, тэр үед би Мөнхбаяр, Баясгалан хоёрыг салгаад түргэн дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-20/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаартай “...Б.Мын биенээс авсан гэх цусанд 2.45 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-36-37/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 476 дугаартай “...С.Баясгалангийн биед духны зүүн дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мэс заслын оёдолтой тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй. С.Баясгалангийн зүүн хөлийн шагайн үений хэсэгт гэмтэл тогтоогдсонгүй. Уг гэмтэл нь өөрөө унах үүсэх боломжгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Духны зүүн дээд хэсэгт шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-42-43/,

Б.Мын “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хөдөөнөөс ирээд найз Баясгалан, Ганзориг нартай уулзаж паб-д хоёр шил архи, нэг нэг лааз пиво уусан. Тэгээд Ганзоригийн гэр болох Уртын гол баг Баян замын 11-25 тоотод 23 цагийн үед 0.5л экс архи авч очсон. Ганзориг, Баясгалан бид гурав нийлээд гал тогооны өрөөнд юм яриад архиа уугаад байж байсан. Ганзориг, Баясгалан нар надтай юм ярихгүй хоорондоо морь яриад намайг тоохгүй байсан, тэгэхээр нь “намайг тоосонгүй” гэж хэлээд Баясгалантай муудалцаж нэг нэгнийгээ барьж аваад гадаа гарсан чинь Баясгалан намайг түлхээд гэрийн хаалгыг түгжээд цааш орсон, тэгэхээр нь би цонхоор нь үсэрч ороод ширээн дээр байсан архины шилийг аваад Баясгалангийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон чинь толгойноос нь цус гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-25, 51/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/,

эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/,

Б.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/,

яллагдагч Б.Мын “...миний бие найз Баясгалангийн толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-69/,

хохирогч С.Баясгалангийн “...миний биед хөнгөн хохирол учирсан, Мөнхбаяр надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо учраа олсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-70/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баян замын 11-25 тоотод иргэн С.Баясгалангийн толгой тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Баясгалангийн “...Мөнхбаяр том өрөөний цонхоор орж ирээд миний толгой хэсэг рүү ширээн дээр байсан архины шилээр цохисон.” гэх,

гэрч Б.Мөнгөн-Эрдэнийн “....эмчлүүлэгч нь гаднаас толгой, дух хэсгээр цус мэт зүйлээр бохирлогдсон, даралт унасан, царай цонхийсон байдалтай орж ирсэн. Толгойн урд хэсэгт 4см орчим 1см гүн шархтай байсан, 3 оёдол тавьж боолт хийсэн.” гэх,

гэрч Т.Одонтуяагийн “...Мөнхбаярыг аваад гарах гэтэл ширээн дээр байсан архины шилээр Баясаагийн толгой руу цохисон.” гэх,

гэрч Г.Ганзоригийн “...Мөнхбаяр нь Баясгалангийн толгой руу архины шилээр цохисон байсан, тэр үед нь би Мөнхбаяр, Баясгалан хоёрыг салгаад түргэн дуудсан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 476 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч С.Баясгалангийн “...миний биед хөнгөн хохирол учирсан Мөнхбаяр надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо учраа олсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй.” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Arkhi гэсэн бичвэр бүхий 0.5л архины шил нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 100.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүгдэгч Б.М-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Arkhi гэсэн бичвэр бүхий 0.5л архины шил нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

          энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ