Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0210

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А, 

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125000000271 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Д.А

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Д.А нь согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт 15-р байрны гадаа Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Г.Г-н цээж рүү нь цохиж, хувцаснаас нь заамдаж, зуурах зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж, тавьсан шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн

хохирогч Г.Г-н “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт коронавирус өвчин туссан гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавих зорилгоор Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Энхсайхан, Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Ононтал, Говил багийн нийгмийн ажилтан Болортуяа, хэсгийн ахлагч Оюун-Эрдэнэ нарын хамт 15-р байрны гадаа иргэдтэй уулзаж байхад нэг эмэгтэй ирээд “байрны ар талд машин дотор хүмүүс архи уугаад хоорондоо маргалдаад байна” гэж хэлсэн. Би мэдээллийн дагуу Ононтал, хэсгийн ахлагч Оюун-Эрдэнэ нарын хамт байрыг тойроод очиход 48-57ОРХ дугаартай цагаан өнгийн “Приус-30” загварын машин дотор хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн согтуу байсан ба урд сууж байсан хоёр эрэгтэй хүн хоорондоо маргалдаад нэг нэгийнхээ хувцаснаас зууралдчихсан байсан. Би тэр эрэгтэйд хандаж “юу болоод байгаа юм, яагаад маргалдаад байгаа юм, та нар халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүү, гэр, гэр лүүгээ харьж амар” гэхэд Аюуш гэх эрэгтэй машинаас бууж ирээд “би өөрийнхөө машинд архи ууж байна, чамд ямар хамаатай юм бэ, хоёр таван хошуутай пизда минь ална шүү” гээд миний тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, би “цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой” гэж хэлэхэд Аюуш гэх хүн шууд миний цээжний хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон, миний өмсөж байсан хээрийн хувцасны зах хэсгээс гараараа заамдаж, хоолой боосон. Би Аюушийн үйлдлийг таслан зогсоож, гаваар гавлах гэтэл эсэргүүцсэн ба бид хоёр хоорондоо ноцолдсон. Энэ үед онцгой байдлын ажилтан Ононтал тусалсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, урагдсан хувцсыг нэхэмжлэхгүй, яагаад гэвэл оёдол хэсгээрээ урагдсан байсан тул би өөрөө оёод өмссөн.” гэсэн мэдүүлэг /хх-15-17/,

гэрч Н.О-н “....2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр корона вирус урьдчилан сэргийлэх дэглэм зөрчиж байгаа иргэдтэй уулзах зорилгоор цагдаагийн дэслэгч Г.Ганцоож, Онцгой байдлын албан хаагч багийн нийгмийн ажилтан Болортуяа, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Энхсайхан бид нар Говил багийн 15-р байрны гадаа зогсож байхад нэг эмэгтэй ирээд “байрны зүүн талд машин дотор хоёр эрэгтэй хүн согтуу зодолдоод байна” гэхээр нь очиход Галзогсох гэх эрэгтэй машины урд нэг хүнтэй заамдалцаад зууралдаад байж байсан...цагдаагийн албан хаагч Ганцоож очоод “яагаад зодолдоод байгаа юм бэ, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу, харьж амар” гэхэд бор царайтай цайвар өнгийн подволктой эрэгтэй машинаас бууж “чамд ямар хамаатай юм, пизда минь” гээд хэл амаар доромжилж байгаад баруун гараараа Ганцоожийн цээж хэсэг рүү хоёр удаа цохиход, Ганцоож “та яагаад миний биед халдаад байна, би таныг зүгээр амарчих гээд биз дээ” гэхэд Ганцоожийг зодох гээд тэгээд “чи яах юм” гээд дайрч байгаад барьцалдаж Ганцоожтой унасан. Тэгээд онцгой байдлын албан хаагч дундуур нь орж салгаж, Ганцоож онцгой байдлын албан хаагч хоёр нийлж байгаад уг залууг гавлан зогсоосон, гавлахгүй бол дайраад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-23/,

гэрч Ш.О-н “...машины урд талд хоёр эрэгтэй хүн нэг нэгнийхээ хувцаснаас зуурчихсан, нэгнийхээ хоолойг боочихсон байсан. Хэсгийн байцаагч Ганцоож тэр хүмүүст хандаж “машинаасаа буу, яагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хэв журам зөрчөөд байгаа юм бэ, машинаа үлдээгээд гэр, гэртээ харь” гэсэн. Намхан биетэй бор залуу хэсгийн байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй урдаас нь эсэргүүцэж, хэл амаар доромжилсон, хэсгийн байцаагчийг зүгээр зогсож байхад “чи миний машинд хүрдэг хэн бэ” гээд шууд түлхээд хувцаснаас нь зуураад гараараа цээж рүү нь цохисон. Хэсгийн байцаагч Ганцоож согтуу залууг гавлах гээд ноцолдоод газар унасан, согтуу залууг ганцаараа гавлаж чадахгүй байхаар нь би тусалсан. Тэгээд утсаараа 7035102 луу залгаж цагдаагийн бүрэлдэхүүн дуудсан, согтуу залуу хэсгийн байцаагчийн хувцасыг урчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-29/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 455 дугаартай “...Г.Г-н биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /хх-34-35/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хүрэмний баруун суганы оёдол хэсэгт үүссэн 67 мм хэмжээтэй оёдол, оёосоороо ханзарсан гэмтэл, өмдний зүүн хажуу халаасны оёдол хэсэгт 30 мм хэмжээтэй оёдол оёосоороо ханзарсан гэмтэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хх-40-41/,

Д.А-ийн “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 8-9 цагийн хооронд найз Галзогсохын гэрт очсон, архи ууж дууссаны дараа дахиад дэлгүүрээс 0.75л “Хараа” архи хоёр шилийг аваад Галзогсохын найз гэх залуугийн гэрийн гадаа очиж уусан. Дэлгүүрээс сүүлд авсан хоёр шил архийг уугаад дуусч байхад би согтсон. Нэг хэсэг болсон үйл явдлыг сайн санахгүй байна, нэг мэдэхэд цагдаа ирчихсэн, намайг гавлаад цагдаагийн газар авч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-52/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11/,

Д.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/,

ялллагдагч Д.А-ийн “...миний бие өөрийн үйлдэл гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт хх-92/,

хохирогч Г.Г-н “...нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-93/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

          Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт 15-р байрны гадаа Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Г.Ганцоожийн цээж рүү нь цохиж, хувцаснаас нь заамдаж, зуурах зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Г-н “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр...Аюуш гэх эрэгтэй машинаас бууж ирээд “би өөрийнхөө машинд архи ууж байна, чамд ямар хамаатай юм бэ, хоёр таван хошуутай пизда минь, ална шүү” гээд миний тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, би “цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой” гэж хэлэхэд Аюуш гэх хүн шууд миний цээжний хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон, миний өмсөж байсан хээрийн хувцасны зах хэсгээс гараараа заамдаж, хоолой боосон.” гэх,

гэрч Н.О-н “...Ганцоож очоод “яагаад машин дотор зодолдоод байгаа юм бэ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу, харьж амар” гэхэд бор царайтай цайвар өнгийн подволктой эрэгтэй машинаас бууж “чамд ямар хамаатай юм, пизда минь” гээд хэл амаар доромжилж байгаад баруун гараараа Ганцоожийн цээжин хэсэг рүү хоёр удаа цохиход, Ганцоож “та яагаад миний биед халдаад байна, би таныг зүгээр амарчих гээд биз дээ” гэхэд Ганцоожийг зодох гээд “тэгээд чи яах юм” гээд дайрч байгаад барьцалдаж Ганцоожтой унасан.” гэх,

гэрч Ш.О-н “...Хэсгийн байцаагчийг зүгээр зогсож байхад “чи миний машинд хүрдэг хэн бэ” гээд шууд түлхээд хувцаснаас нь зуураад гараараа цээж рүү нь цохисон. Хэсгийн байцаагч Ганцоож согтуу залууг гавлах гээд ноцолдоод газар унасан.” гэх мэдүүлгүүдээр,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 455 дугаартай, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай дүгнэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Г.Г нь “Надад нэхэмжлэх зүйл байхгүй, урагдсан хувцасыг нэхэмжлэхгүй, яагаад гэвэл оёдол хэсгээрээ урагдсан байсан тул би өөрөө оёод өмссөн.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Д.А-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Д.Аийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Д.А-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Д.А-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ид хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 18 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 150.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүгдэгч Д.А-ид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ