Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч,    

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2125000350197 дугаар хэргийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол улсын иргэн, Б.М

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ-р үйлчлүүлж байсан иргэн С.Б-н халаасанд байсан Самсунг Эйс-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч С.Б-н “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гэж 19 цаг 25 минутын үед зүүн талаасаа 3 дахь АТМ дээр гүйлгээ хийж байх үед гаднаас хоёр эрэгтэй хүн орж ирээд, “эгч картнаас мөнгө аваад өгөөч” гэж хэлсэн, би картыг АТМ-д хийж уншуулж үлдэгдлийг нь шалгасан чинь 460 төгрөг байхаар нь “мөнгө гарах боломжгүй байна” гэж хэлж картыг нь өгсөн. ...Тухайн үед надтай тэр хоёр хүнээс өөр ойртож ирсэн хүн байхгүй, би өөрийн эзэмшлийн Samsung S-8 загварын гар утсаа үзсэн чинь байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-19/,

иргэний нэхэмжлэгч А.Ш-н “...Би Б.Мгээс 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Samsung S-8 загварын гар утсыг худалдан авсан. Мөнхтүвшин уг гар утсыг манай гэрт ирж зарсан, би “хэний гар утас юм бэ” гэж асуухад “би олсон юм, та мэдээд авахгүй юу” гэхээр нь 100.000 төгрөгөөр аваад кодыг нь гаргаад хэн, нэгэн хүнд зараагүй байж байхад цагдаагийн газраас алба хаагч ирээд хураагаад аваад явсан. ...надад гомдол санал байхгүй, 100.000 төгрөг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-21/,

яллагдагч Б.М-гийн “...мөнгөний хэрэг болоод Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ дотор үйлчлүүлж байсан 40 орчим насны эмэгтэйн гар утсыг карманаас нь авсан, хэн нэгний хамтын оролцоо байхгүй, 100.000 төгрөгөөрөө архи авч уусан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-43-44/,

хохирогч О.Б-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-7/,

Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны АТМ-ны камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-12/,

иргэний нэхэмжлэгч А.Ш-с хохирогч С.Б-н эзэмшлийн Samsung S-8 загварын гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-13/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-17/,

Хаан банкнаас гаргаж өгсөн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-17/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ОРХ/21-0101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30-34/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-55/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-60-61/,

шүүгдэгч Б.М 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан талаар бичилт хийгдсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ-р үйлчлүүлж байсан иргэн С.Батжаргалын халаасанд байсан Samsung S-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч С.Б-н “...АТМ дээр гүйлгээ хийж байх үед гаднаас хоёр эрэгтэй хүн -орж ирээд, “эгч картнаас мөнгө аваад өгөөч” гэж хэлсэн, би картыг АТМ-д хийж уншуулж үлдэгдлийг нь шалгасан чинь 460 төгрөг байхаар нь “мөнгө гарах боломжгүй байна” гэж хэлж картыг нь өгсөн. ...би өөрийн эзэмшлийн Samsung S-8 загварын гар утсаа үзсэн чинь байхгүй байсан.” гэх,

иргэний нэхэмжлэгч А.Ш-н “...Би Б.Мгөөс 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Samsung S-8 загварын гар утсыг худалдан авсан. ...кодыг нь гаргаад хэн нэгэн хүнд зараагүй байж байхад цагдаагийн газраас алба хаагч ирээд хураагаад аваад явсан.” гэх,

яллагдагч Б.М-гийн “...мөнгөний хэрэг болоод Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ дотор үйлчлүүлж байсан 40 орчим насны эмэгтэйн гар утсыг карманаас нь авсан.” гэх мэдүүлгүүдээр болон

хохирогч О.Б-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны АТМ-ны камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч А.Ш-с хохирогч С.Б-н эзэмшлийн Samsung S-8 загварын гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл, Хаан банкнаас гаргаж өгсөн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Шүүгдэгч Б.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүний “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Б.М нь хохирогч О.Б-д 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн байна.

         Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч А.Ш-д 100.000 төгрөгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэгчийн “...гомдол санал байхгүй, 100.000 төгрөг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

          Шүүх шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б-с “...2009 онд түүний баривчлах ялыг өршөөсөн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой, иймээс 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, хулгайлах төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг, мөн түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Б.М нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2021 оны 8 дугаар сарын 06, 27, 9 дүгээр сарын 06-ны өдрүүдийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 671 дугаартай шүүгчийн захирамжаар түүний хаана байгааг нь олж тогтоох, эрэн сурвалжлах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсний үр дүнд 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр түүнийг олж, энэ өдрөөс эхлэн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар ангид цагдан хорьсон тул түүний 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкнаас гаргаж өгсөн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 4 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жил 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкнаас гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг сидиг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ