Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/255

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,  

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125000000317 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Б.Э

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 41-07 тоотод хамтран амьдрагч Д.Б-гийн нүүр, цээж, толгой руу нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ; “...манай найз Хөвсгөлөөс ирээд бид 0.75гр архи хувааж уугаад эхнэртэйгээ маргаж, муухай харьцсан байна, миний буруу.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.Б-гийн “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Энхтайваны багийн найз нь Хөвсгөлөөс Эрдэнэт хотод манайд ирсэн, Энхтайван найз нь ирлээ гээд дэлгүүрээс нэг шил 0.75л архи худалдаж авч ирээд бид гурвуулаа хувааж уусан. Тэгээд удалгүй Энхтайван найзынхаа хамт тамхи татчихаад гэрт буцаж орж ирээд надтай хэрүүл маргаан хийсэн, Энхтайван нэлээн согтчихсон байсан. Миний бодлоор Энхтайван намайг найз Баттулгатай хардаад нүүр, цээж, толгой хэсэг рүү гар болон хөлөөрөө цохиж зодсон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-22, 24/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 521 дугаартай,

“...1.Д.Б-гийн биед нүүр, хуйх, цээж, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, дээд уруулд 1 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарнулна. 4.Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хх-27-28/,

Б.Э-ы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр миний багийн найз Баттулга Хөвсгөл аймгаас манай гэрт ирсэн. Тэгээд найзыгаа ирсэн гээд би нэг шил 0.75л архи найз болон хамтран амьдрагч Д.Бгийн хамт хувааж уусан. Нэг шил архиа хувааж уучихаад би найз Баттулгатай гэрийн гадаа тамхи татчихаад орж ирэхэд Б.Буянхүү над руу хандан “гадаа юу яриад байгаа юм бэ, намайг муулаад байгаа юм уу” гэж уурлаж эхэлсэн тэгэхээр нь миний уур хүрээд Б.Буянхүүгийн нүүр, толгой, цээжин хэсэг рүү нь хэд хэдэн удаа гар болон хөлөөрөө цохиж зодсон, харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-34, 39/,

хохирогч Д.Б-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдлыг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-5/,

Зөрчлийн тухай тэмдэглэл /хх-6/,

хохирогч Д.Б-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-7/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-10-12/,

Б.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/,

яллагдагч Б.Э-ы “...2021 оны 9 дүгээр сарын 15-нд хамтран амьдрагч Д.Бг зодож бие болон нүүрэн тус газарт хөнгөн гэмтэл учруулсан, эм болон тос авч өгсөн, зодсондоо гэмшиж байна. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-60/,

хохирогч Д.Б-гийн “...хамтран амьдрагчдаа зодуулж хөнгөн гэмтэл авсан, надад эм болон тос зэргийг авч өгч би түүнийг нь хэрэглэсэн. Миний бие гомдолгүй, цаашид хэрүүл маргаангүй амьдарна. Тийм учраас бид хоёрын асуудлыг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-61/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 41-07 тоотод хамтран амьдрагч Д.Бгийн нүүр, цээж, толгой руу нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-ы гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Д.Бгийн “...Энхтайван найзынхаа хамт тамхи татчихаад гэрт буцаж орж ирээд надтай хэрүүл маргаан хийсэн, ...намайг найз Баттулгатай хардаад нүүр, цээж, толгой хэсэг рүү гар болон хөлөөрөө цохиж зодсон.” гэх,

сэжигтэн, яллагдагч Б.Э-ы “...би найз Баттулгатай гэрийн гадаа тамхи татчихаад орж ирэхэд Б.Буянхүү над руу хандан “гадаа юу яриад байгаа юм бэ, намайг муулаад байгаа юм уу” гэж уурлаж эхэлсэн тэгэхээр нь миний уур хүрээд Б.Буянхүүгийн нүүр, толгой, цээжин хэсэг рүү нь хэд хэдэн удаа гар болон хөлөөрөө цохиж зодсон, харамсаж байна.” гэх мэдүүлгүүд,  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 521 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Б-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, яллагдагч Б.Э, хохирогч Д.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Д.Б-гийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ