Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2018/ДШМ/046

 

О.Гд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч О.Г

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч О.*******н гаргасан давж заалдах гомдлоор О.Гд холбогдох эрүүгийн 1814001380090 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт О.Г, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн “Зооноз” өвчин судлалын төвд жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

О.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7- ийн А-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Мөн дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэр Шаргалжуут рашаан сувиллаас тус багийн төв орох замд 88-80 БНА улсын дугаартай УАЗ Пургон 220692-033 маркийн авто машиныг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргаж авто машин дотор зорчиж явсан иргэн *******ын биед хөнгөн гэмтэл, М.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ын *******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 181 дүгээр зүйлийн 181.1.2, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт О.Гд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, хоёр жил таван / 2 жил 05 сар / сарын хугацаагаар тэнсэж, уг шийтгэлд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 188 дугаар зүйлийн 188.4-д зааснаар шүүгдэгч О.Г нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.2-д зааснаар шүүгдэгч О. Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.Гд үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүх үзсэнийг дурдаж,

Уг хэрэгт шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч О.Г нь хохирогч М.Бямбаахүүд хохиролд дөрвөн сая таван зуун наян таван мянга гурван зуун / 4585300 / төгрөг төлсөн болохыг дурдаж цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шүүгдэгч О.*******н тээврийн хэрэгслийг жолоодох 174508 дугаарын үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэх, мэдэгдлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлэхийг шүүгчийн туслах болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч О.*******н өмчлөлийн 526 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг газрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч О.Гд буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор О.Г миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хоёр жил таван сарын хугацаагаар тэнсэн харгалцах ялаар шийтгэсэн билээ. Миний бие тус аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор *******гаас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ маш их гэмшиж хохирогч нарын хохиролыг бүрэн барагдуулж хохирогч М.Бямбаахүүгийн хохиролд нэхэмжилсэн мөнгө болох 4 585 300 төгрөгийг төлж барагдуулсан. О.Г би 47 настай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг “Зооноз” өвчин судлалын төвд жолооч ажилтай бөгөөд жолоо барьж ар гэрээ тэжээдэг билээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарын хохиролыг барагдуулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалцан хөнгөрүүлэхээр заасан байна.

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж сэтгэл санаагаар маш их унаж мөн өөрөө тухайн хэргээс болж гэмтэж биеийн байдал сайнгүй байна. Мөн ар гэрээ давхар шийтгэж тэднийгээ эдийн засгийн болоод сэтгэл санааны хувьд хүнд дарамтанд оруулсан. Хүний амьдрал тааварлашгүй хэзээ ч ийм зүйл болно гэж бодож байгаагүй зүйл тохиолддог юм байна.

Иргэн хүний хувьд шүүхээс оногдуулсан ялыг арай бага оногдуулах байх гэж их горьдож, итгэж найдаж байсан билээ. Би насаараа жолоо барьж ар гэрээ тэжээдэг мөн энэ мэргэжилээрээ амьдарч ажиллаж ирсэн. Иймд миний хувийн байдлыг харгалзан жолооны эрх хасах ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор О.Гд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тухайн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан шийдвэр гаргасан хуулийн энэрэнгүй шударга ёсны зарчмыг алдагдуулаагүй байна. эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг нь бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж байна.

Хохирогчийн хувьд биеийн байдал бүрэн сайжраагүй цаашид үргэлжлүүлж эмчлүүлэх шаардлагатай байгаа нь гэмт хэргийн хор уршиг арилаагүй гэж үзэх үндэстэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх санал байна. гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон хүн цаашид төрийн албанд ажиллах боломжгүйг О.Г ойлгох хэрэгтэй байна. шүүх хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэх бүх талын арга хэрэгсэл бусад нөхцлийг хэрэглэсэн байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох болно гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7- ийн А-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Мөн дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэр Шаргалжуут рашаан сувиллаас тус багийн төв орох замд 88-80 БНА улсын дугаартай УАЗ Пургон 220692-033 маркийн авто машиныг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргаж авто машин дотор зорчиж явсан иргэн *******ын биед хөнгөн хохирол, М.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Б /1-р хх-ийн 66-69 дүгээр тал/, хохирогч ******* /1 дүгээр хх-ийн 72-74 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч ******* /1 дүгээр хх-ийн 79-80 дугаар тал/, гэрч /1 дүгээр хх-ийн 81-83 дугаар тал/ нарын мэдүүлгүүд болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 197 дугаартай “ М.Бгийн биед учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх /1 дүгээр хх-ийн 94-96 дугаар тал/, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаартай “*******ын биед учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /1 дүгээр хх-ийн 178-179 дүгээр тал/, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 246 дугаартай “ын биед учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх /1 дүгээр хх-ийн 182-183 дугаар тал/, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 199 дугаартай “ О.*******н биед учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх /1 дүгээр хх-ийн 186-187 дугаар тал/ тус тус шинжээчийн дүгнэлтүүд, “Энх-Нахиа” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 191-192 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 16-20 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21 дүгээр тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр тал/, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 90-91 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтууд болон прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсгээр хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс О.*******н үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор хуулийг зөв хэрэглэн ял оногдуулжээ.

О.Г “би насаараа жолоо барьж ар гэрээ тэжээдэг мөн энэ мэргэжлээрээ амьдарч ажиллаж ирсэн. Иймд миний хувийн байдлыг харгалзан жолооны эрх хасах ялыг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, жолооч О.Г нь 0.97 хувийн согтолттой байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэх заалтад О.*******г гэм буруутайд тооцохдоо эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгийн ерөнхий нэрийг хэрэглэж гэм буруутайд тооцсон, мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг байтал санаатай үйлдсэн гэж ойлгогдохоор бичсэн, 2 дахь заалтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг баримталсан нь О.Гд тус хуулиар ял оногдуулсан мэт уншигдан ойлгогдож байгаа зэрэг алдаа зөрчлүүд байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтад “Шүүгдэгч ******* овогт *******ын *******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 181 дүгээр зүйлийн 181.1.2, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт О.Гд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, хоёр жил таван /2 жил 05 сар/ сарын хугацаагаар тэнсэж, уг шийтгэлд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт О.Гд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр жил таван сарын хугацаагаар тэнсэж, уг шийтгэлд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

                               Г.УЛАМБАЯР