Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0552

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Э-Э” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Хариуцагч Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.

 

Хэргийн индекс: 128/2023/0414/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э-Э” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 тоот” Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э-Э” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2.  Нэхэмжлэгч “Э-Э” ХХК-ийн захирал Д.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын “Э-Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

... Анхан шатны шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт Монгол улсын дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тайлбарласныг иш татсан атлаа тухайн тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэглээгүй гэж үзэж байна. Бид тухайн газартаа байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байх зорилгоор майхан-кэмпийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж, жуулчдад сарлаг, морь, тэмээ унуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байсан бөгөөд энэ бүхнийг хамгаалалтын захиргааны ажилтан, алба хаагчид болон зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүд мэддэг төдийгүй энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас гурвалсан гэрээг дүгнэсэн актаар бүрэн нотлогддог ба анхан шатны шүүхийн “гэрээ байгуулагдсанаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх дүгнэлт бүхэлдээ үгүйсгэгдэж байна. Харин тухайн дүгнэлт гарснаас хойш 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил 1 сар 3 өдрийн хугацаа өнгөрч байхад газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон акт гарсан талаар гомдол гаргаж байхад шүүх хамгаалалтын захиргаанаас гарсан албан бичгүүд, гурвалсан гэрээг дүгнэсэн акт зэрэг нотлох баримтыг үнэлэлгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийг хүндэтгэн үзэлгүй 2015 онд гэрээ байгуулагдсанаас хойш гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх дүгнэлт хийхдээ хамгаалалтын захиргаанаас хийсэн хээрийн судалгааг үндэслэл болгосон гэдэг. Гэтэл тухайн хээрийн судалгаа нь 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хийгдсэн байдаг. Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах тухай гурвалсан гэрээг дүгнэсэн 2021 оны 07 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлт гарснаас хойш хээрийн судалгаа хийсэн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, мөн маргаан бүхий захиргааны акт гарсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаа болоогүйг шүүх дүгнэлт хийхдээ огт анхаарч үзсэнгүй. Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээний 2.1-т газар ашиглах зориулалтыг аялал жуулчлал гэж заасан. Бид дээр дурдсанчлан газрыг зориулалтын дагуу ашиглаж аялал, жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байсныг Хамгаалалтын захиргаа гэрээг дүгнэхдээ баталгаажуулж өгсөн. Гурвалсан гэрээнд заавал байшин, барилга, зам барина гэж огт дурдаагүй байхад шүүхээс байшин, барилга, зам бариагүй тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ” гэж заасан бөгөөд бид энэ зорилгод нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасны дагуу сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулаагүй, сонсох ажиллагааны оролцогчдод энэ талаар зохих журмын дагуу мэдэгдээгүй байдаг. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ” гэж заасан. Уг хуулийн заалтыг шинжлэх ухааны тайлбарт тайлбарлахдаа “сонсох ажиллагааны мэдэгдлийг оролцогчид хүргэх боломжтой аргыг хэрэглэн хүргэх” талаар тайлбарласан байдаг. Хариуцагч нарын зүгээс сонсох ажиллагааг зохион байгуулахаар Өдрийн сонинд зар хэвлүүлсэн гэдэг ч шүүх хуралдаанд хариуцагч нараас асууж тодруулахад нэг ч аж ахуй нэгж тухайн сонсох ажиллагаанд ирээгүй, оролцоогүй талаар тайлбарладаг. Үүнээс харвал хариуцагч нарын зүгээс сонсох ажиллагааг оновчтой зохион байгуулаагүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд сонсох ажиллагааны зар нь огт хүрээгүй гэх үндэслэлтэй байна. “Э-Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүд нь хэрэгт байгаа баримтуудаар бүхэлдээ үгүйсгэгдэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байхад ийнхүү шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй юм.

2. “Э-Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсэгт "... нэхэмжлэгч нь дээрх хугацаанд газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах талаар ямар нэг хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж гаргаагүй болох нь шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгээр тогтоогдсон" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулахын тулд хуульд заасан хугацааны дотор Байгаль орчин аялал жуулчлалын яаманд биш, харин анхан шатны нэгж болох Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргаж, улмаар тус захиргаа нь газар ашиглах эрхийг сунгуулахад ямар нэгэн хууль, эрхзүйн зөрчилгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол гэрээ болон газрын төлбөр төлөлтийн талаархи акт, дүгнэлт үйлдэж, газар ашиглах эрхийг сунгуулахыг дэмжсэн албан тоотыг яаманд хандан гаргаж, эдгээр баримтуудыг хүсэлт гаргагчид өгдөг журамтай. “Э-Э” ХХК-ийн хувьд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор байсан. Тухайн үед газар ашиглах эрх сунгуулах тухай хүсэлтээ гаргахаар хамгаалалтын захиргаанд хандахад ковидтой холбоотойгоор хүсэлт хүлээж авах хүнгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй байгаа, хүсэлт хүлээж авах боломжтой болмогцоо танд мэдэгдэнэ гээд хүсэлтийг маань хүлээн аваагүй. Хуульд заасан хугацаа өнгөрөх гээд байсан тул арга буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20/06 тоот албан бичгийг хамгаалалтын захиргаанд гаргаж өгсөн байдаг. Хүсэлтийг маань хүлээж авсан даруйд газар ашиглах гэрээ дүгнэсэн акт, яаманд газар ашиглах эрхийг дэмжсэн, уламжилсан албан тоот, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх албан тоот зэргийг гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч эдгээр баримтуудыг гаргаж өгөлгүй, хариу өгөлгүй удсан. Энэхүү нөхцөл байдлыг тухайн үед Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Дг гэрчээр дуудаж мэдүүлэг авахад тодорхой мэдүүлсэн, дээрх үйл баримтыг нотолсон. Гэтэл анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийн ач холбогдлыг зориуд буруугаар тайлбарлаж шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсэгт “...Ц Дг гэрчээр дуудан мэдүүлэг авсан боловч дурдсан албан тоотууд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүрсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой мэдүүлэг өгөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж дүгнэсэн. Бид гэрч асуулгах хүсэлт гаргахдаа түүний гаргаж өгсөн албан тоотууд нь хууль ёсны дагуу хийгдсэн эсэх, тухайн цаг үед цар тахлын нөхцөл байдал байсан эсэхийг нотлуулахаар хандсан болохыг хэрэгт байгаа баримтаас харах боломжтой. Гэрч нь хэрэгт ач холбогдолтой мэдүүлгийг өгсөн гэж үзэж байгаа. Дээрх нотлох баримт, үйл баримтаар “Э-Э” ХХК нь газар ашиглах эрх сунгуулах хүсэлтээ хууль тогтоомжид заасан журмын дагуу гаргасан бөгөөд захиргааны байгууллага шийдвэрлэлгүй өдийг хүрснийг огт үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс Е- Монголиа платформоор газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах талаар хүсэлт гаргаж байсан гэх боловч хүсэлтийн агуулгаас харахад “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт” гэж, шийдвэрлэсэн байдал нь “газар ашиглах эрх сунгасан сайдын шийдвэр гарсны дараа дахин ирүүлнэ үү” гэж тус тус тэмдэглэсэн байгаагаас үзэхэд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах талаарх агуулгатай байсан гэж дүгнэх боломжгүй байна гэж шүүх үзлээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани яаманд “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт” гаргуулах хүсэлт огт гаргаагүй. Харин газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг гаргахад Дэлхий нийтийг хамарсан цар тахал, Ковид 19 халдварт өвчний ид тархалтын үе байсан бөгөөд Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоож, хүн, тээврийн хөл хөдөлгөөнийг хориод байсан үе юм. Газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтээ Яаманд өгөх гэтэл хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бичгээр хүсэлт авах боломжгүй, Е-Монголиагаар цахимаар хүсэлтээ гаргаарай гэсний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр газар ашиглах эрх сунгуулах тухай хүсэлтээ холбогдох бусад баримтын хамт цахимаар илгээсэн. Бидний цахимаар илгээсэн хүсэлт шийдвэрлэх ажиллагааны явц хэрхэн, яаж хийгдсэнийг бид мэдэхгүй. “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт” гэх агуулгатай болсон байсан. Үүнийг бид уншиж, ойлгохдоо газар ашиглах эрх сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааны хүрээнд яамны хэлтэс хооронд хийгдэж буй процесс ажиллагаа гэж ойлгож, хүсэлтийнхээ хариуг хүлээж байсан. Яаманд гаргасан хүсэлт шийдвэрлэлтийн талаар холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудын утсаар нь холбогдож мэдээлэл авах гэхэд амралтаа авсан, сургалт семинарт явсан, томилолтоор явсан, хүсэлтийг чинь шийдвэрлээд хариу мэдэгдэнэ гэх мэт хариуг өгсөөр байсан. Үүнээс өөрөөр таны хүсэлт манайд ирээгүй, бүртгэгдээгүй байна гэх талаар хэн ч надад хариу өгч байгаагаагүй юм. Энэ мэтчилэн хугацаа өнгөрсөөр, хүсэлтийнхээ хариуг авч чадалгүй явж байтал гэнэт бидэнд газар ашиглах эрхийг маань цуцалсан мэдэгдэл ирсэн. Үүнээс өмнө газар ашиглах эрх сунгуулах тухай хүсэлтийг маань шийдвэрлэж байгаа гэдэгт итгэж, найдаж байсан юм.

Дээрх баримтаар газар ашиглах эрх сунгуулах тухай хүсэлтийг яамнаас тавьсан шаардлагын дагуу гаргасан гэдэг нь хангалттай баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүхээс дээрх хууль бус дүгнэлтийг хийж “Э-Э ХХК-ийг газар ашиглах эрх сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Яаманд баримт бичгийн үзлэг хийхэд манай компанийн хүсэлт мэдээллийн санд нь огт олдохгүй байгаа нь яамны мэргэжилтнүүд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн байхад шүүх дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах байтал манай эрх ашгийг дордуулсан дүгнэлт хийсэн. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. “Э-Э” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй, нэгэнт газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гарсан, түүнийг хууль бус гэж тогтоосон шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр энэ төрлийн нэхэмжлэлийг гаргасан нь ойлгомжгүй, газар эзэмших хугацаа сунгуулах өргөдөлтэй холбоотой бусад төрлийн нэхэмжлэлийг гаргах боломжгүй гэж үзсэн нь тодорхойгүй байхад энэ талаар тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54, 55 дугаар зүйлд заасанд нийцээгүй байна.

1.2. Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргахад хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх; нэхэмжлэгчийн хувьд шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг шүүхээр зайлшгүй тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байх хоёр нөхцөл зэрэг хангагдсан байхыг Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-н өдрийн 30 дугаар тогтоолд заасан.

1.3. Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны үндсэн дээр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах эсэхээ шийдвэрлэх шаардлагатай байжээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 тоот тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч “Э-Э” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2015/50 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулсан байх бөгөөд энэхүү өдрөөс тухайн газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй, тухайн газар дээрээ ямар нэг барилга, байгууламж, зам талбай бариагүй болох нь шүүхээс газар дээр хийсэн үзлэг болон хариуцагч Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн хээрийн судалгаагаар тус тус тогтоогдлоо ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “... шүүхээс байшин, барилга, зам бариагүй тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Бид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байх зорилгоор майхан-кэмпийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж, жуулчдад сарлаг, морь, тэмээ унуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Энэ нь Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас гурвалсан гэрээг дүгнэсэн актаар бүрэн нотлогддог” гэх гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

2.3. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана: 1/ онцгой бүс; 2/ аялал,жуулчлалын бүс; 3/ хязгаарлалтын бүс” гэж,

16 дугаар зүйлд “Аялал, жуулчлалын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно: 1/ энэ хуулийн 11,15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулах; ...” гэж,

17 дугаар зүйлд “Хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулж болно: 1/ энэ хуулийн 11,15,16 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа; ...” гэж,

37 дугаар зүйлийн 2-д “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана: 1.тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө, ... 3. газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага” гэх зэргээр зааснаас үзвэл уг хуулийн зорилго нь аль болох байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, байгалийн унаган төрхийг хадгалах арга хэмжээг заавал авч, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болохыг нарийвчлан зохицуулжээ.

2.4. Үүнээс үзвэл нарийвчилсан харилцааг зохицуулсан хуулийн зорилго, тухайн харилцааны онцлогийг харгалзаж, газар ашиглагчийн байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр явуулсан гэх үйл ажиллагааг “аялал жуулчлалын зориулалтаар ашигласанд хамааруулах” эсэхийг дүгнэхдээ заавал барилга байгууламж, зам талбай барьсан байхыг шаардах нь өрөөсгөл болох бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тухайн хуульд заасан зориулалтаар газар эзэмшигчийн хувьд хэрхэн ойлгох талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолыг шууд хэрэглэх үндэслэлгүй юм.

2.5. Харин байгалийн цогцолборт газарт газар ашиглах эрх бүхий этгээд нь тухайн газар дээр ямар үйл ажиллагаа явуулж, аялал жуулчлалын зориулалтаар хэрхэн ашиглахаар эрх олж авсан, тухайн зориулалтаар үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоосны үндсэн дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл байсан эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.

2.6. Хэрэгт тус байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн С.Б-ны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр[1] “... нэхэмжлэгч компанийг ... газар дээрээ объект байхгүй, цахилгаан, холбоо сүлжээ, техникийн нөхцөл бүрэн хийгдсэн, ... газартаа аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг, байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх ажилд идэвхтэй оролцдог” гэж дүгнэсэн, улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 21/390 дүгээр албан бичгээр “...газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг дэмжиж байгааг үүгээр уламжилж байна”, мөн өдрийн 21/391 дүгээр албан бичгээр “... байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгээ хийлгүүлэхээр уламжилж байна” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргад тус тус хүргүүлсэн гэх албан бичгүүд авагдсан боловч тухайн Хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дүгээр[2], 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр[3] албан бичигт “... хавсралтад дурдсан 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллага /23-д “Э-Э” ХХК/ нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заагдсан арга хэмжээг авч газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн, 2022 оны 08 дугаар сард хийсэн хээрийн судалгаа[4] болон шүүхийн 2022 оны 11 дүгээр сард хийсэн үзлэгийн[5] тэмдэглэлээр газар дээр ямар нэгэн барилга, байгууламж, хашаа байгаагүй зэргээс үзвэл “газрыг аялал жуулчлалын зориулалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэх хэргийн оролцогчдын маргасан үйл баримт тогтоогдоогүй, эргэлзээтэй байна.

 2.7. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтын заримыг үнэлээгүй, зарим албан бичгийг Байгаль орчны яаманд хүргэгдсэн нь тодорхойгүй гэж үзэж гэрч Ц.Дг асуусан боловч түүний мэдүүлгээр хэргийн үйл баримт тодорхой болоогүй байхад холбогдох байгууллагаас лавлагаа авах, тухайн дүгнэлтийг гаргаж өгсөн ажилтныг гэрчээр асуух зэргээр дээрх баримтуудын зөрүүг арилгаагүй байна.

2.8. Түүнчлэн нэхэмжлэгчийн Ковид  19 цар тахлын үед 2021 онд гаргасан ...E-Mongolia /И-Монголиа/-аар гаргасан гэх хүсэлт, түүнд “техник эдийн засгийн үндэслэл 31 хуудас, газрын зөвшөөрөл 4 хуудас, Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал 57 хуудас” баримтуудыг хавсаргасан талаарх Цахим үйлчилгээний нэгдсэн фортал Е-монголиа-гийн баримт /хэргийн 104-107-р хуудас/ хэрэгт авагдсан, нэхэмжлэгч “газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах” хүсэлт гаргасан гэж тайлбарласан боловч анхан шатны шүүх энэ талаар тодруулж, тухайн хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотой баримтыг цуглуулаагүй атлаа “байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгээ хийлгүүлэх” талаар хүсэлт гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв тухайн баримтуудыг цуглуулсан тохиолдолд тухайн газар дээр ямар үйл ажиллагаа явуулсантай холбоотой хэргийн зарим нөхцөл байдлыг тодруулах боломжтой байжээ.

2.9. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах, холбогдох баримтуудыг бүрэн цуглуулах, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны  үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

     ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] 128/2022/0879/З индекстэй хэргийн 87 дугаар хуудас

[2] Мөн хэргийн 27 дугаар хуудас

[3] Мөн хэргийн 90 дүгээр хуудас

[4] Мөн хэргийн 70 дугаар хуудас

[5] Мөн хэргийн 75-80 дугаар хуудас