Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 079

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бсумын 4 дүгээр багийн оршин суугч Х.Сы   нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бсумын Засаг даргад  холбогдох;

             “Бсумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн  “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/99 дүгээр захирамж, 2019 оны 06 дугаар 20-ны өдрийн  иргэн Х.Нтай байгуулсан “Иргэдэд хадлангийн талбай ашиглуулах гэрээ”-г тус тус хүчингүй болгож, Х.Стай хадлангийн газар  ашиглуулах гэрээ байгуулахыг  сумын Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай  захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  Х.С, түүний өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч  Т.Маншүк,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын иргэн Ө.С, Х.С нар бид Бсумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар арал” хэмээх газраас хадлангийн зориулалттай газрыг олон жилийн өмнө эзэмшиж байсан юм. Нөхөр Ө.С бид хоёр 2003 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж №14 тоот гэрлэлтийн гэрчилгээ авсан. Нөхөр маань Бсумын 4 дүгээр багт эцэг, эхийн хамт байнга оршин суудаг ба нөхөр бид хоёр гэрлэсний дараа миний бие тус багт албан ёсоор шилжиж ирсэн. Өөрөөр хэлбэл миний бие 2003 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж Бсумын төв 4 дүгээр багт байнга оршин сууж, энэ багийн харьяаллын дагуу сонгууль өгч байна гэсэн үг. Нөхөр бид хоёр малчин хүмүүс учраас нөхөр нас барах өдөр хүртэл Бсумын 2 дугаар баг “Шар борик”-т байдаг өвөлжөөнд, 5 дугаар багт байдаг хаваржаанд, Цамбагарав уулын “Нөрөөлөг” гэх газарт зусланд, “Шар цэхээ” гэх газарт байдаг намаржааны газруудад түр оршин сууж буюу 16 дахь жилдээ мал маллаж амьдарч ирсэн. Манай гэр бүл эдгээр бүх газруудад үл хөдлөх хөрөнгөтэй болно. Дээр дурдсанчлан нөхөр бид хоёр малчин хүн учраас өөрийн гэсэн малтай ба жил болгон малаа зохих журмын дагуу тоолуулдаг юм.  Нөхөр Ө.С маань 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан, нөхөр бид хоёрын дундаас бага насны 3 хүүхэдтэй учраас ганцаараа хүүхдүүдээ асран хамгаалахаар болж буюу малаа өөрийн биеэр хариулах боломжгүй болж хөлсний хүнээр эдгээр малаа хариулуулж, маллуулж байгаа болно. Нөхөр Ө.С бид хоёр маргаан бүхий хадлангийн талбайг эндээс 12 жилийн өмнөөс буюу 2007 оноос эхэлж зохих газрын зөвшөөрлийн дагуу эзэмшиж ирсэн. 4-5 жилийн өмнө нөхөр Ө.С нь газрын гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ,иргэний үнэмлэх, мотоциклийн техникийн гэрчилгээгээ биедээ авч явж байгаад гол гатлах үеэр голын усанд алдсан байсан ба 2018 онд эдгээр бичиг баримтуудыг шинэчилж авсан.Ингэхдээ маргаан бүхий хадлангийн гэрчилгээг шинэчилж аваагүй юм байна. Маргаан бүхий хадлангийн газар нь манайх гэдгийг, түүнчлэн жил болгон уг хадлангийн талбайгаас өвс авдаг гэдгийг манай нутгийн бүх ард иргэд болон газрын даамлаар олон жил ажилласан Х.А, мөн багийн Засаг дарга нар сайн мэдэж байгаа болно. Гэтэл Бсумын Засаг дарга  нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр А/99 дугаартай захирамж гарган манай өрхийн хадлангийн талбайг тус сумын иргэн Х.Н гэдэг хүнд эзэмшүүлсэн байна.

Миний бие нөхөр маань нас барсны дараахан буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хадлангийн гэрчилгээгээ дахин авахаар  холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлээд газрын асуудал хариуцдаг ажилтанд өргөдөл гаргатал “таны нөхөр нас барсан тул нөхрийн нэр дээр гэрчилгээ бичиж олгохгүй, таны нэр дээр юм уу,эсхүл хүүхдүүдийн нэр дээр бичиж өгье” гэсэн хариу өгсөн ба би “ойлголоо, болно” гэж хэлээд явсан. Тэгээд гэрчилгээнээс сураг гараагүй учраас Х.А ээлжийн амралтад явчхаж магадгүй, тэрнээс өмнө гэрчилгээгээ бичүүлж авъя гэж бодоод 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр газрын даамалд очтол Х.А надад манай 16 жил эзэмшиж ирсэн газрыг Засаг даргын орлогч бусдад хууль бусаар шилжүүлж  өгсөн тухай хэлсэн юм. Х.С би өрх толгойлсон эмэгтэй ба 3 өнчин хүүхдийн хамт амьдардаг. Б сумын Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн, миний нөхөр нас барсан байдлыг далимдуулан бидний өрхийн олон жил эзэмшиж, хадлан тэжээл бэлтгэж ирсэн талбайг өөр хүнд бидний зөвшөөрөлгүйгээр эзэмшүүлсэн явдалд маш их гомдолтой байна. Маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар Х.С миний бие 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад албан ёсоор гомдол гаргасан юм. Миний гомдлыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Болат 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №8-03/699 дугаартай албан тоотоор шилжүүлсэн боловч Бсумын Засаг даргатай уулзахад “Таны газрыг өгөхгүй, та маргаанаа шүүхээр шийдвэрлүүл” гэсэн хариу өгсөн юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Бсумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/99 дугаартай захирамж болон иргэн Х.Над хадлангийн газар ашиглуулсан гэрээг тус тус хүчингүйд тооцож, иргэн Х.Стай хадлангийн газар ашиглуулах  гэрээ  хийхийг Бсумын Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий акт дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсгийг баримталсан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-т ”Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан. Газрын тухай хуулийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах  үйл ажиллагаа нь  зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт; 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан. Эдгээр үндэслэлүүд бүрдсэн тохиолдолд Засаг дарга шалгаж үзээд, захирамжаа гаргах ёстой. Энэ тохиолдолд хоёр этгээд хоорондоо газар шилжүүлэн авч байгаа биш, газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн нас барснаар түүний газар эзэмших, ашиглах эрх нь хэрхэх вэ? гэдэг асуудал байгаа.

Засаг дарга “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д зааснаар “газар эзэмшигч иргэн нас барсан …. түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болдог. Талийгаач Ө.Сийн хүүхэд нь насанд хүрээгүй учраас өөр хүнд өгсөн” гэсэн утгатай хариу тайлбар ирүүлсэн. Ө.С нас барснаар түүний өв залгамжлагч байхгүйг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй байна.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл зааснаар хариуцагч Бсумын Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Эрх нь зөрчигдөж болзошгүй этгээд болох талийгаач Ө.Сийн эхнэр, хүүхдүүдийг захиргааны акт гаргах ажиллагаанд татан оролцуулж, түүний тайлбарыг сонсох, эрх, үүргийг нь тайлбарлах зэрэг ажиллагаануудыг хийсэн байхыг хууль шаардаж байгаа. Энэ ажиллагаануудыг хийгээгүй. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэ ажиллагааг хийсэн бол эдгээр нөхцөл байдал тогтоогдох байсан.Талийгаач Ө.С 3 хүүхэдтэй, эхнэр Х.Сы хамт Бсумын 4 дүгээр багт оршин суудаг, гэр бүл болоод 16 жил болсон, тухайн хадлангийн талбайг ашиглаад 12 гаруй жил болсон гэдгийг гэрчүүд мэдүүлсэн. Өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон гэдгийг Засаг дарга хийсвэрээр тайлбарласан гэж үзэж байгаа. Өв залгамжлагч хэн бэ? гэдгийг Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудаас харах ёстой.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж зохицуулагдсан байгаа. Өв нээгдэх үе нь  өвлүүлэгч нас барснаас хойш 1 жилийн дараа нээгдэх ёстой. Хууль ёсны өвлөгчийн тухай Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д ”нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасан. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд өв залгамжлагч нь байна. Талийгаачийн эхнэр, 3 хүүхэд нь байсаар байхад өв залгамжлагчгүй болох нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь өөрөө бусдын эрхэд халдсан шийдвэр болсон гэж үзэж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан. Засаг дарга ийм тохиолдолд бусдын 12 жил хуулийн дагуу эзэмшиж ирсэн газрыг хууль бусаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн байгаа. Газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших ёстой гэсэн зохицуулалт Газрын тухай хуульд байгаа. Миний үйлчлүүлэгчийн нөхөр нь өөрийнхөө хадлангийн талбайдаа очихын тулд 2-3 голыг гаталж  очдог юм байна. Тэрнээс болж хэдэн жилийн өмнө бичиг баримтаа алдсан гэдгээ тайлбарлаж байна. Тухайн үед газар эзэмших гэрчилгээ  нөхөж авах гэсэн боловч зарим шалтгаануудаас болж авч чадаагүй. Хамгийн гол нь хариуцагч болон гуравдагч этгээд нар талийгаач Ө.С нас барах өдөр хүртэл хадлангийн талбайгаа ашиглаж ирсэн, энэ хүний хадлангийн талбай мөн гэж хэлдэг боловч талийгаачийн хүүхэд С.Талгатбек нь 13 нас 6 сартай байсан учраас түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй гэж тайлбарлаж байгаа. Үүнээс харахад бүгдээрээ Ө.Сийн хадлангийн талбай гэдгийг зөвшөөрч байгаа.

Захирамжийн 1 дүгээр заалтад “Бсумын 2 дугаар багийн иргэн Өмирзах овогтой Сүйиндик нь хуучин эзэмшиж буй “Шар арал”-д байгаа хадлангийн талбайг олон жил өргөдөл өгч, одоо хүртэл хадлангийн талбайгүй байсан 5 дугаар багийн иргэн Ханай овогтой Нурболатад 30 жилийн хугацаатай зориулалтаар нь шилжүүлэн эзэмшүүлсүгэй” гэж байгаа. Талийгаач Ө.Сээс Х.Над шилжүүлсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Хариу тайлбартаа тухайн үед талийгаачийн эхнэр Х.С албан ёсоор нотариатаар гэрчлүүлсэн өв залгамжлагчийн гэрчилгээ авчирч өгөөгүй учраас газрыг нь Х.Над шилжүүлсэн гэсэн байгаа. Нотариатын тухай хуулийн 48 дугаар зүйлд гэрчилгээ хэрхэн бичигдэх талаар журмыг зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл аливаа иргэн нас барж, түүний өв хөрөнгийг өв залгамжлагчид шилжүүлэхийн тулд хуульд заасан хугацаа өнгөрсөн байхыг шаардаж байгаа. Энэ нь наад зах нь 1 жил өнгөрсөн байх шаардлагатай. Дараа  нь өв залгамжлагч холбогдох бичиг баримтыг нотариатад бүрдүүлж өгснөөр энэ гэрчилгээ бичигдэх ёстой. Маргаан бүхий актыг Засаг даргын орлогч бичсэн байна.  Маргаан бүхий актад “дарга С.Берик” гэсэн мөртлөө Засаг даргын орлогч нь гарын үсэг зурсан. Үүнд Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар зөрчигдсөн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Бсумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн Х.Сы Бсумын Засаг дарга надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Түүний нэхэмжлэл үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий газрыг Ө.С эзэмшиж байсан ба тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 28-нд өвчний улмаас нас барсан. Газрын тухай  хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар газар эзэмшигч нас барсан, түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болдог. Тухайн үед талийгаач Ө.Сийн эхнэр Х.С нь албан ёсоор нотариатаар гэрчлүүлсэн өв залгамжлагчийн гэрчилгээ авчирч өгөөгүй. Өөрийн хүү С.Талгатбекийн нэр дээр шилжүүлж өгөх хүсэлт гаргасан. Газрын тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д 18 насанд хүрсэн иргэн газар эзэмшиж ашиглахаар зохицуулсан. Хүсэлт гаргах үед С.Талгатбек нь 13 нас 6 сартай байсан учир нэр дээр нь шилжүүлэх боломжгүй талаар өөрт нь хариу өгч байсан. Иймд түний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд Х.Н шүүхэд ирүүлсэн  тайлбартаа:

Миний бие Х. Нурболат Баян-Өлгий аймгийн Бсумын 5 дугаар багт оршин суудаг. Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Би 2007 оноос эхэлж гэр бүл болсноос хойш одоо хүртэл хадлангийн эзэмшлийн талбайгүй, байнга мал малладаг, өвс худалдаж авдаг,  жил бүр газрын маргаан шийдвэрлэх комисст хадлан олгох өргөдөл оруулж ирж байсан. Иймд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн сумын газрын маргаан шийдвэрлэх комиссын хурлын шийдвэрийн дагуу сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр А/99 тоот захирамжаар хадлангийн газар эзэмших эрхийн акт миний нэр дээр гарсан байгаа. Гэвч миний нэр дээр эзэмшиж байгаа хадлангийн талбайгаас 2019 оны 08 дугаар сарын 10-ны үеэр тус сумын 4 дүгээр багийн иргэн Х. Сайран нь дураараа 2 машин өвс хадаж авч, намайг хохироож байна. Уг хадлангийн талбайг Ө.С эзэмшин ашиглаж байсан ба 2019 оны 5 дугаар сард нас барсан юм. Х.Сд хадлангийн газар эзэмших ямар ч эрхийн акт гараагүй, тус суманд тогтмол оршин суугаагүй, 2018 оноос хойш өөр газарт амьдардаг, мал тоолуулаагүй иргэн юм. Иймд миний нэрд эзэмшүүлсэн хадлангийн талбайг хэвээр үлдээж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь: 

Маргаан бүхий захиргааны акт болох Бсумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний  өдрийн А/99 дүгээр захирамжаар[1]  тус сумын иргэн Ө.Сийн  эзэмшиж байсан  Шар аралд байгаа хадлангийн талбайг  иргэн Х.Над 30 жилийн хугацаатай, зориулалтаар нь шилжүүлэн эзэмшүүлж, уг захирамж гарсантай холбогдуулан Ө.Ст газар эзэмшүүлсэн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/53 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон байна.

Нэхэмжлэгч талаас  уг захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ”Монгол Улсын иргэн Ө.С, Х.С нар бид Бсумын нутаг дэвсгэр “Шар арал” хэмээх газраас хадлангийн зориулалттай газрыг олон жилийн өмнө эзэмшиж байсан юм.Нөхөр Ө.С  нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Нөхөр Ө.С бид хоёр маргаан бүхий хадлангийн талбайг эндээс 12 жилийн өмнөөс буюу 2007 оноос эхэлж зохих газрын зөвшөөрлийн дагуу эзэмшиж ирсэн. Маргаан бүхий хадлангийн газар нь манайх гэдгийг, түүнчлэн жил болгон уг хадлангийн талбайгаас өвс авдаг гэдгийг манай нутгийн бүх ард иргэд болон газрын даамлаар олон жил ажилласан Х.А, мөн багийн Засаг дарга нар сайн мэдэж байгаа болно. Гэтэл Бсумын Засаг дарга  нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр А/99 дугаартай захирамж гарган манай өрхийн хадлангийн талбайг тус сумын иргэн Х.Н гэдэг хүнд эзэмшүүлсэн байна. Б сумын Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн, миний нөхөр нас барсан байдлыг далимдуулан бидний өрхийн олон жил эзэмшиж, хадлан тэжээл бэлтгэж ирсэн талбайг өөр хүнд бидний зөвшөөрөлгүйгээр эзэмшүүлсэн явдалд маш их гомдолтой байна”  гэж тодорхойлсон.

Хариуцагч Бсумын Засаг даргаас уг А/99 дүгээр захирамжийн үндэслэлийн талаар “...Маргаан бүхий газрыг Ө.С эзэмшиж байсан ба тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 28-нд өвчний учир нас барсан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар газар эзэмшигч нас барсан, түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болдог. Тухайн үед талийгаач Ө.Сийн эхнэр Х.С нь албан ёсоор нотариатаар гэрчлүүлсэн өв залгамжлагчийн гэрчилгээ авчирч өгөөгүй. Өөрийн хүү Х.Талгатбекийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д 18 насанд хүрсэн иргэн газар эзэмшиж, ашиглахаар зохицуулсан. Хүсэлт гаргах үед С.Талгатбек нь 13 нас, 6 сартай байсан учир нэр дээр нь шилжүүлэх боломжгүй талаар өөрт нь хариу өгч байсан” гэж тайлбарлажээ. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгох ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”,  35 дугаар зүйлийн 35.1.4-т ”газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”,45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 53 дугаар зүйлийн 53.1-д “Сум, дүүргийн Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана”, 53.2-т “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж тус тус заасан.

Дээрх заалтуудаас үзэхэд хадлан бэлтгэх зорилгоор ашигтай чанарыг нь гарган хэрэглэж байгаа хадлангийн талбай бүхий газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар зохицуулсан, ингэхдээ уг газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан журмын дагуу буюу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг даргаас хадлан авах бололцоотой талбайг жил бүр зохион байгуулалт, хуваарилалт хийж иргэдэд ашиглуулдаг байх бөгөөд Засаг даргад   газрыг хадлан бэлтгэх зориулалтаар олон жилийн хугацаагаар нэг этгээдэд эзэмшүүлэх, эсхүл ашиглуулах  эрх хэмжээ олгогдоогүй, мөн газар ашиглагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй байхаар зохицуулжээ.  

Бсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах Шар арал дахь газраас хадлан бэлтгэж байсан, хадлангийн зориулалттай газар гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа, энэ нь гэрч газрын даамал Х.Аын мэдүүлгээр[2] мөн нотлогдсон,  өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд Х.Над шилжүүлэн эзэмшүүлсэн газар нь газрын нэгдмэл сангийн ангиллын хувьд  хөдөө аж ахуйн газарт хамаарах хадлангийн газар  гэдэг талаар маргаагүй болно. Харин нэхэмжлэгчээс  тухайн хадлангийн талбай бүхий газрыг 2007 оноос эхлэн эзэмшиж байсан гэж тайлбарлаж байгаа боловч  нэхэмжлэгч Х.Сы нөхөр Ө.С нь /агсан/ Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1,53.2-т зааснаар 2010 онд хадлангийн талбай ашиглах хуваарилалтад хамрагдсанаар Бсумын  4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах Шар арал нэртэй газраас 5000 м.кв  хадлангийн талбай бүхий газрыг 2010 оноос эхлэн хадлан бэлтгэх зориулалтаар ашиглаж байсан болох нь гэрч нарын мэдүүлэг[3] болон  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[4] тогтоогдсон. Түүнчлэн 2010 онд Бсумын Засаг даргаас иргэн Ө.Ст газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй[5], маргаан бүхий захирамжаар  хүчингүй  болсонд тооцсон Ө.Ст газар эзэмшүүлсэн гэх Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/53 дугаар захирамжийн хувьд   53 дугаартай захирамж нь  2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж болох нь нотлогдсон[6] болно.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1–д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан.

Гэтэл дээрх байдлаар нэхэмжлэгчийн нөхөр Ө.С /агсан/ нь маргаан бүхий газрыг ашиглаж байсан, мөн 2003 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдсөн Газрын тухай хуулиар  хадлангийн талбай бүхий газрыг  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  ашиглуулахаар зохицуулснаас гадна газар ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр хуульд заагаагүй байхад хариуцагч Бсумын Засаг дарга нь тухайн  маргааны хувьд бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмших  эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг зохицуулсан Газрын тухай  хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх заалтыг  үндэслэн гаргасан маргаан бүхий хадлангийн талбайг  гуравдагч этгээд Х.Над шилжүүлэн эзэмшүүлсэн захирамж нь  үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд тохироогүйгээс гадна  Газрын тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1, 45 дугаар зүйлийн 45.1, 53 дугаар зүйлийн 53.1,53.2–т заасантай тус тус  нийцээгүй хууль бус захиргааны акт байна гэж үзлээ.

Түүнчлэн  хөдөө аж ахуйн газарт хамаарах хадлангийн талбай бүхий газрыг зохистой ашиглах, хамгаалах асуудлыг Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлээр  нарийвчлан зохицуулсан ба 53.1,53.2-т зааснаар  баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг даргаас хадлан авах бололцоотой талбайг жил бүр зохион байгуулалт, хуваарилалт хийж иргэдэд ашиглуулахаар заажээ.

Бсумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2019 онд  хадлан авах бололцоотой талбайг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  хуваарилах асуудлыг хэлэлцээгүй, өөрөөр хэлбэл уг асуудлыг хэлэлцэж сумын Засаг даргад санал  хүргүүлээгүй, мөн  нэхэмжлэгч Х.С нь Бсумын 4 дүгээр багт бүртгэлтэй, тодорхой хэмжээний малтай болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7] тогтоогдсон болно.  

Хариуцагч Бсумын Засаг даргын тухайн хадлангийн талбай бүхий газрыг гуравдагч этгээд Х.Над шилжүүлэн эзэмшүүлсэн агуулгатай  захирамж нь дээрх байдлаар   хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд  Бсумд  бүртгэлтэй  иргэний хувьд нэхэмжлэгч Х.С нь  уг хадлангийн газрыг ашиглах талаар багийн иргэдийн Нийтийн Хуралд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх  эрхтэй  тул  маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзээд   сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/99 дүгээр захирамж, уг захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Х.Нтай байгуулсан хадлангийн талбай ашиглуулах  гэрээг тус тус  хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Харин хадлангийн талбайг хуваарилах санал хүргүүлэх нь  багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээнд хамаарч  байгаа бөгөөд 2019 онд хадлан авах бололцоотой талбайг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  хуваарилах асуудлыг тус сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар  хэлэлцэж сумын Засаг даргад санал  хүргүүлээгүй байх тул  сумын Засаг даргаас хадлангийн газрыг ашиглуулахаар шууд шийдвэрлэх нь бусад иргэд болон гуравдагч этгээдийн зохих журмын дагуу жил бүрийн хуваарилалтад хамрагдах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байгаа, мөн Газрын тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар  өмчлөх, эзэмших , ашиглахад  шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим болон 53 дугаар зүйлийн 53.2 дахь заалттай нийцэхгүй тул нэхэмжлэгч Х.Стай уг хадлангийн газрыг ашиглуулах гэрээ байгуулахыг сумын Засаг даргад даалгах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1,106.3.13,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

              1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 45 дугаар зүйлийн 45.1, 53 дугаар зүйлийн 53.1,53.2–т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  Х.Сы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Бсумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн  “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/99 дүгээр захирамж, 2019 оны 06 дугаар 20-ны өдрийн  иргэн Х.Нтай байгуулсан “Иргэдэд хадлангийн талбай ашиглуулах гэрээ”-г тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Х.Стай хадлангийн газар  ашиглуулах гэрээ байгуулахыг Б сумын Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ

 


[1] Хэргийн 33-р хуудас

[2] Хэргийн 44-46-р хуудас

[3] Хэргийн 44-46, 57-58, 81,87-р хуудас

[4] Хэргийн 101-103-р хуудас

[5] Хэргийн 22-р хуудас

[6] Хэргийн 22-23-р хуудас

[7] Хэргийн 7, 52-53, 57-58, 66-72-р хуудас