Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/256

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,

улсын яллагч Л.Э,

хохирогч Б.А,

шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125000000308 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, М.Х

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч М.Х 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 14-38 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.А-н нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт

шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ; “...2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хөдөө явахдаа хоёр найзтайгаа архи уусан, тэгээд гэртээ ирээд эхнэртээ уурлаж нүдэн тус газарт нь цохисон. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хохирогч Б.А мэдүүлэхдээ; “...Би “Монос” эмийн санд ажилладаг, ажлаа тараад бид хоёр харьж явах замдаа муудалцсан, гэтэл машинаас бууж ирээд нүд, ам руу цохисон, би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.А-ийн “...2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажил тарах гэж байхад манай нөхөр “гадаа ирчихсэн байна, хамт явья” гэж хэлсэн, би хамт ажилладаг эгчтэйгээ хамт 6 дугаар микро руу алхаж очоод таксинд суух гээд байж байхад над руу нөхөр утасдаад “хаана байгаа юм” гэхээр нь би хаана байгаагаа хэлэхэд над дээр согтуу машинаа жолоодоод хүрээд ирсэн. Би машинд нь орж суугаад явж байхад гэр лүүгээ явах замдаа намайг бусадтай нууцаар явалддаг гэх мэтээр хэл амаар доромжилсоор байгаад очсон. Тэгээд манай нөхөр намайг архи уухаараа унтуулж амраадаггүй, хэл амаар доромжилдог болохоор нь унтаж амрахын тулд хадам ээжийнхээ гэр лүү зугтаагаад явж байхад араас машинтайгаа хүрч ирээд намайг угзарч газарт унагаад миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохиод авсан. ...намайг ахиж нүүр лүү гараараа хоёр удаа цохиж, газарт унагаад миний хоолойг боосон.” гэсэн мэдүүлэг /хх-15, 17/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 522 дугаартай, “...1.Б.Аийн биед баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-27-28/,

насанд хүрээгүй гэрч Х.Н-н “...2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ дүүтэйгээ байж байгаад бие засах гээд гарахад манай аав, ээж хоёр ирчихсэн хашааны гадна хоорондоо хэрэлдээд байж байсан. Гэтэл гэнэт ээж машин дотроосоо буугаад гүйсэн бөгөөд аав араас нь гүйж очоод тэр хоёр гэртээ орж ирсэн, энэ үед харахад аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ээж уугаагүй байсан. Гэртээ орж ирээд тэр хоёр “сална” гэх мэтээр хэрэлдэж байгаад буцаж хоёулаа гараад хашаан дотор зодолдоод байх шиг барьцалдаж аваад орилолдоод байсан. ...ээжийг ирэхэд би босч ирээд харахад нэг нүд нь хөхөрчихсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

гэрч М.А-н “...шөнийн 1 цагийн орчим манай бэр эгч Б.А гаднаас уйлчихсан, баруун нүд нь хавдсан, өмд нь шороо болсон байдалтай орж ирсэн. Би бэр эгчээсээ юу болсон талаар асуухад төрсөн ах М.Хыг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муудалцаж, баруун нүд рүү гараараа цохисон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-22/,

М.Х-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчим өөрийн эхнэр Б.Аийг Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-1-р байрны урд талын автобусны буудал дээрээс очиж авчихаад гэртээ хамт ирсэн. Гэр лүүгээ явах замд би эхнэртээ “...18 цагийн орчим ажил дээр чинь очиход чи байхгүй байсан хаагуур яваад байдаг юм” гэж бид хоёр бага зэрэг ам мурийсан. Гэртээ ирээд байж байхад манай эхнэр над руу “чи муу яахаараа дандаа хардаж байдаг юм” гээд хүрч ирж миний зүүн мөр лүү гурван удаа алгадаад авахаар нь би бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эхнэрээ буцаагаад нүүрэнд нь нэг удаа гараараа цохиод авахад миний эхнэр ор луу суугаад буцаж босон гараад гүйсэн, би эхнэрийнхээ араас гүйж гараад “...хаачих гээд байгаа юм буцаад орооч” гээд гараас нь татахад миний эхнэр газарт өнхрөөд уначихсан.” гэсэн мэдүүлэг /хх-37-38/,

хохирогч Б.А-ийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6/,

хохирогч Б.А-ийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-7/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 11-12/,

Уртын гол багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-41-42/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-43-51/,

М.Х эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-68-72/,

яллагдагч М.Х-ын “...Эхнэр Алтанцэцэгийг 2021 оны 9 дүгээр сарын 17-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нүдрүү нь цохиж хөхрүүлсэн, хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж, уг үйлдэлдээ маш их гэмшиж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-78/,

хохирогч Б.А-ийн “...2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн нөхөр Хатанбаатартай муудалцаж нүдэндээ цохиулан цагдаагийн байгууллагад хандсан. Нөхөр бид хоёр учраа ололцон эвлэрсэн ба миний нөхөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-79/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч М.Х 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг  Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 14-38 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Аийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Б.А-ийн “...манай нөхөр намайг архи уухаараа унтуулж амраадаггүй, хэл амаар доромжилдог болохоор нь унтаж амрахын тулд хадам ээжийнхээ гэр лүү зугтаагаад явж байхад араас машинтайгаа хүрч ирээд намайг угзарч газарт унагаад миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохиод авсан. ...намайг ахиж нүүр лүү гараараа хоёр удаа цохиж, газарт унагаад миний хоолойг боосон.” гэх,

насанд хүрээгүй гэрч Х.Н-н “...манай аав, ээж хоёр ирчихсэн хашааны гадна хоорондоо хэрэлдээд байж байсан. ...Гэртээ орж ирээд тэр хоёр “сална” гэх мэтээр хэрэлдэж байгаад буцаж хоёулаа гараад хашаан дотор зодолдоод байх шиг барьцалдаж аваад орилолдоод байсан. ...ээжийг ирэхэд би босч ирээд харахад нэг нүд нь хөхөрчихсөн байсан.” гэх,

гэрч М.А-н “...шөнийн 1 цагийн орчим манай бэр эгч Б.А гаднаас уйлчихсан, баруун нүд нь хавдсан, өмд нь шороо болсон байдалтай орж ирсэн. Би бэр эгчээсээ юу болсон талаар асуухад төрсөн ах М.Хыг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муудалцаж, баруун нүд рүү гараараа цохисон” гэж хэлсэн.” гэх,

сэжигтэн, яллагдагч М.Х-ын “...манай эхнэр над руу “чи муу яахаараа дандаа хардаж байдаг юм” гээд хүрч ирж миний зүүн мөр лүү гурван удаа алгадаад авахаар нь би бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эхнэрээ буцаагаад нүүрэнд нь нэг удаа гараараа цохиод авахад миний эхнэр ор луу суугаад буцаж босон гараад гүйсэн, би эхнэрийнхээ араас гүйж гараад “...хаачих гээд байгаа юм буцаад орооч” гээд гараас нь татахад миний эхнэр газарт өнхрөөд уначихсан.” гэх мэдүүлгүүд,  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 522 дугаартай дүгнэлт, хохирогч Б.А-ийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл,  яллагдагч М.Х, хохирогч Б.А нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Б.А-ийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 17 дүгээр талд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч М.Х-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч М.Хыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч М.Х-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч М.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч М.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ