Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/262

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,   

улсын яллагч Г.Эрдэнэзул,

өсвөр насны шүүгдэгч О.Г түүний хууль ёсны төлөөлөгч Э.Соёл-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Р.Бямбажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ургийн овог тодорхойгүй, Отгонбаярын Гантулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125001360286 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, О.Г

Холбогдсон хэргийн талаар;

Өсвөр насны яллагдагч О.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энэл” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 100.000 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө дахин “Энэл” дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 103.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

өсвөр насны шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

хууль ёсны төлөөлөгч Э.С мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, хэлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллаганы үед өгсөн;

хохирогч Б.Н-н “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Энэл” дэлгүүрт ирэхэд гадна камерыг эвдэж унжуулсан, урьд өдрийн орлого 203.000 орлого алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-21/,

“...анх манай дэлгүүрт 2021 оны 4 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө хулгай орж нийт 5000, 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэртээр нийт 100.000 төгрөг алга болсон. ...2021 оны 4 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө мөнгөний шүүгээнд байсан бутархай, бүхэл мөнгөн дэвсгэрт нийлсэн нийт 103.000 төгрөг ойролцоогоор алга болсон, нийт 203.000 төгрөг хулгайд алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-22/,

“...өнөөдөр Гантулга миний хохирлын мөнгийг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-23/,

         өсвөр насны яллагдагч О.Г-н “...2021 оны 4 дүгээр сард, өдрөө сайн санахгүй байна, “Уурхайчин” багт байх “Энэл” хүнсний дэлгүүрийн хажуугаар 16 цагийн үед өнгөрөхөд дэлгүүрийн цонх наашаа жоохон хэмжээтэй онгойчихсон байсан. Тэгэхээр нь дэлгүүр хаачихсан, шөнийн 02 цагийн үед “Энэл” дэлгүүр дээр очоод цонхыг нь хартал онгорхой байсан тэгэхээр нь дэлгүүрийн цонхоор ороод мөнгөнийх нь савыг ухаад бэлэн мөнгө авсан. Үүнээс хойш дахин хэд хоногийн дараа дахин “Энэл” дэлгүүр дээр шөнийн 03 цагийн үед ирээд дэлгүүрийн араар тойроод камерынх нь хажууд ирээд дээш болгоход камер нь сууринаасаа сугарчихсан, өмнө нь орсон цонхоороо дахин дэлгүүр лүү орж бэлэн мөнгө авсан. ... Эхний өдөр хулгай хийгээд 90.000 төгрөг авсан, сүүлийн өдөр авсан мөнгөө тоолж үзээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-96/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-9/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13/,

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-14/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /хх-15-18/,

О.Г-н төрсний бүртгэлийн лавлагаа /хх-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-72/, суурь боловсролын гэрчилгээ /хх-73-74/, суралцагчийн хувийн хэрэг /хх-75-85/,

Хохирогч Б.Н-т 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 203.000 төгрөгийг шилжүүлсэн тухай банкны баримт /хх-101/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, өсвөр насны яллагдагч болон хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Өсвөр насны шүүгдэгч О.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум “Уурхайчин” багийн нутаг дэвсгэр “Энэл” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 100.000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө дахин “Энэл” дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 103.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Г-н гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Н-н “...2021 оны 4 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө дэлгүүрт хулгай орж нийт 5000, 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэртээр нийт 100.000 төгрөг алга болсон. ...2021 оны 4 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө мөнгөний шүүгээнд байсан бутархай, бүхэл мөнгөн дэвсгэрт нийлсэн нийт 103.000 төгрөг ойролцоогоор алга болсон, нийт 203.000 төгрөг хулгайд алдагдсан байсан.” гэх,

         өсвөр насны яллагдагч О.Г-н “...2021 оны 4 дүгээр сард, өдрөө сайн санахгүй байна, ...шөнийн 02 цагийн үед “Энэл” дэлгүүр дээр очоод цонхыг нь хартал онгорхой байсан тэгэхээр нь дэлгүүрийн цонхоор ороод мөнгөнийх нь савыг ухаад бэлэн мөнгө авсан. Үүнээс хойш дахин хэд хоногийн дараа дахин “Энэл” дэлгүүр дээр шөнийн 03 цагийн үед ирээд...өмнө нь орсон цонхоороо дахин дэлгүүр лүү орж бэлэн мөнгө авсан. ...Эхний өдөр хулгай хийгээд 90.000 төгрөг авсан, сүүлийн өдөр авсан мөнгөө тоолж үзээгүй.” гэх мэдүүлгүүдээр, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Нандинцэцэгт 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 203.000 төгрөгийг шилжүүлсэн тухай банкны баримт /хх-101/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд өсвөр насны шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтэрсэн байхыг хэлнэ.

Өсвөр насны шүүгдэгч О.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Хууль зүйн хувьд шүүгдэгч О.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч О.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон бөгөөд мөн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож,

         мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          Хохирол төлбөрийн талаар;

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Б.Н-т 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 203.000 төгрөгийг шилжүүлсэн тухай банкны баримт хэргийн 101 дүгээр талд авагдсан, мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед “...би барилга дээр ажил хийж цалингаараа хохирлыг төлсөн.” гэсэн мэдүүлгийг өгсөн тул өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч О.Г-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, 

2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.” гэж,

3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж тус тус хуульчилжээ.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч О.Г-д хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих.” гэсэн дүгнэлтийг, 

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэх, хараа хяналтандаа байлгах хүнгүй тул хэн нэгэн хүнд энэ асуудлыг даалгахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн саналыг гаргасан болно.

Шүүх шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар авч, энэ арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Орхон аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлэхийг даалгаж,

дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүргийг өсвөр насны шүүгдэгч О.Гд хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн... 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан боловч өсвөр насны шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй байна.

          Өсвөр насны шүүгдэгч О.Г-г гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Бусад асуудлын талаар;

          Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Өсвөр насны шүүгдэгч ургийн овог тодорхойгүй О.Г-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Г-д ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Г-д хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хариуцуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг өсвөр насны шүүгдэгч О.Г-д нэг жилийн хугацаанд авч,

шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч О.Г-д анхааруулж, шүүхийн шийдвэрийн  биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт хураагдан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ