| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2019/0073/З |
| Дугаар | 080 |
| Огноо | 2019-11-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 080
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид холбогдох,
“Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг эргүүлэн олгох” тухай 18-03/78 дугаар актыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч М..А, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын байцаагч Р.Хуатхан, гуравдагч этгээд Х..Г, түүний өмгөөлөгч Х.Бакен, гэрч К.Нурбек шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Р” өрхийн эрүүл мэндийн төвөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “... төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана: 5.2.1-т он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар, 5.2.2-т шалгалтын зорилго, үндэслэл , 5.2.3-т шалгалтын төрөл, арга, хэлбэр, 5.2.4-т шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр, 5.2.5-т шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч, 5.2.6-т шалгалт эхлэх болон дуусах хугацаа, 5.2.7. өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл, 5.6 дахь хэсэгт “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж тус тус заасан.
Гэтэл улсын байцаагчаас Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М..А болон нягтлан бодогч К.Нурбек нарт төрийн хяналт шалгалт явуулах талаар ямар ч удирдамж танилцуулаагүй байна. Ингэснээр улсын байцаагч Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... ил тод...” гэж заасныг, 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсгийн “ ил тод байх” гэсэн заалтыг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан "Дотоод аудитын дүрэм"-ийн 3 дугаар заалтын 3.1 дэх хэсгийн “Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод...” гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна.
2. Холбогдох хуульд зааснаар хяналт шалгалтын явцыг тэмдэглэл үйлдэж баримтжуулах, хяналт шалгалт дууссаны дараа танилцуулга бичигдэх учиртай. Гэвч улсын байцаагч эдгээр баримт бичгүүдийн аль алиныг үйлдээгүй байна. Ингэснээр улсын байцаагч Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн зургаа дугаар заалтын 6.3 дахь хэсэгт “Дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь энэ журмын 6.1, 6.2-т зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ, 6.3.1-т санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах, 6.3.2-т хяналт шалгалтын танилцуулга, бусад баримт бичгийг /шалгалтын тэмдэглэл, нэг бүрчилсэн акт, албан шаардлага/ зохих журмын дагуу үйлдэж, гарын үсэг зурах, 6.3.3-т хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах, 6.3.4-т санхүүгийн хяналт шалгалтын болон аудитын материал, бичсэн танилцуулга, акт, тоо баримтын үндэслэл нотолгооны үнэн зөвийг хариуцах, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэгт “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн юм.
3. 2143585 тоот регистрийн дугаартай “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай бөгөөд эрх зүйн байдлыг Эрүүл мэндийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм” болон "Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5292:2017”-ээр тус тус зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв нь ... сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн нэг дүгээр заалтын 1.1 дэх хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв /цаашид “төв” гэх/ нь ... сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн” гэж тус тус заасан.
4. Улсын байцаагчаас маргаан бүхий актыг гаргахдаа “... дундуур нь олгоогүй байгаа 9 жилийн зэргийн нэмэгдэл хөлс 5090.7 мянган төгрөгөөр хохироож Засгийн газрын 2010 оны 108 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 491, А/472 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт, Эмнэлгийн мэргэжилтний төгсгөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журмын 6.1-т “Тухайн мэргэжлээр ажиллаж байгаа бүхий л хугацаанд мэргэжлийн зэрэг хүчин төгөлдөр байна” гэсэн заалтыг зөрчиж ажилласан байна” гэж дүгнэсэн байна. Уг журмын зургаа дахь хэсэгт “Суралцагчдад тавигдах нийтлэг шаардлага: 6.1-т Үндсэн мэргэшлийн сургалтад элсэх их эмчид дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд: 6.1.1-т Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нүүр амны чиглэлээр бакалаврын дипломтой байх, 6.1.2-т Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй байх /Нийгмийн эрүүл мэндийн мэргэшүүлэх сургалтад хамаарахгүй/, 6.1.3-т Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх, 6.1.4-т Захиалагч эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээтэй байх, 6.1.5-т Анагаах ухааны бакалаврын сургалтын нийт багц цаг нь элсэх гэж буй сургалтын цөм хөтөлбөрийн агуулгын залгамж холбоо, багтаамжийг хангасан байх, 6.1.6-т Элсэлтийн шалгалтад тэнцсэн байх, 6.1.7-т Бакалаврын сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж нь тухайн үндсэн мэргэшлийн сургалтын шаардлагыг хангахгүй тохиолдолд уг хичээлийг багц цагаар тооцон нөхүүлсэн байх” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актад дурдсан дүгнэлт нь ойлгомжгүй, бодит байдалд нийцээгүй, хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.
5. Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмч Х..Г нь хуульд заасны дагуу ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа ажилтны хувьд түүний эрх зүйн байдал нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах учиртай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй”, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Ажилтан Х..Г хөдөлмөрлөх явцад эрх нь зөрчигдсөн буюу цалин хөлс дутуу авсан гэж үзэж байгаа бол уг асуудлаа хуульд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй юм.
6. Монгол Улсын Засгийн газраас 2010 онд 108 дугаар тогтоол гарсан боловч уг тогтоол нь Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 3 дугаар заалтаар хүчингүй болсон байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 6 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгохоор зохицуулсан. Ажилтан Х..Ггийн хувьд Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд өрхийн их эмчээр ажилладаг ба түүнд Эрүүл мэндийн сайдын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 289 дугаар тушаалаар олгосон 2157 дугаар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэхээс үзэхэд тэрээр “Ерөнхий мэргэжлийн эмч” мэргэжлээр “Ахлах” зэрэг авсан байна. Өөрөөр хэлбэл, Х..Г өрхийн эмчийн мэргэжлээр зэрэг аваагүй учир хуульд заасны дагуу мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах эрхгүй юм.
7. Захиргааны акттай холбоотой шийдвэр гаргах ажиллагаанд захиргаанаас акт гаргахдаа урьдчилсан нөхцөл шаардлагыг шалгах, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, төсөл бэлтгэх болон түүнийг батлан гаргахад хамаарах эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох зэрэг бүхий л үйлдлийг хамааруулан ойлгоно. Захиргааны акт гаргахтай холбоотой шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 14-51 дүгээр зүйлд заасан хэм хэмжээгээр зохицуулсан.
Гэтэл улсын байцаагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны хуульд заасан хэм хэмжээг огт хэрэгжүүлээгүй байна. Ингэснээр Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол маш ноцтойгоор зөрчигдсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар маргаан бүхий актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар өмгөөлөгчөөрөө дамжуулж Сангийн сайдад хандаж гомдол гаргасан боловч “.... Акт-ыг хууль стандартад нийцүүлэн хяналт шалгалт хийсэн байгууллагад хүргүүлэх нь зүйтэй” гэсэн ойлгомжгүй хариу өгсөн байна.
Бид уг гомдлын хариуг шуудангаас 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан болно. Иймд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг эргүүлэн олгох” тухайн 18-03/78 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү.Тус байгууллага нь төсөвт байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм гэжээ.
Нэхэмжлэгч “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч М..А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн “Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг эргүүлэн олгох” тухай актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Х..Г эмч “Р” өрхийн эрүүл мэндийн төвд 30 гаруй жил ажиллаад, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр өндөр настны тэтгэвэрт гарсан. Хууль журамд зааснаар ерөнхий мэргэжлээр ахлах зэргийн нэмэгдлийг олгох ёсгүй юм байна. Тиймээс энэ үндэслэлээр 2010 онд Т.Ашим гэдэг улсын байцаагчийн дүгнэлтээр мэргэшлийн зэргийн нэмэгдэл авахыг актаар зогсоосон байна.
Эрүүл мэндийн төвд нийт ахлах зэргийн нэмэгдэл авч байсан эмч нарын зэргийн нэмэгдлийг хассан байна. Дараа нь 2018 онд Х..Г эмч надад ахлах зэргийн нэмэгдэл олгох тухай хүсэлт гаргахад, би Х..Г эмч ахлах зэрэгтэй гэдгийг мэдсэн. Тэгээд Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл намайг дуудаж, “Эрүүл мэндийн газрын хуулийн зөвлөх Х.Бакенээс зөвлөгөө авсан, ахлах зэргийн нэмэгдлийг олгож болно” гэсэн, би 2018 оны 09 дүгээр сараас эхлэн тушаал гаргаж зэргийн нэмэгдлийг олгож эхэлсэн. Дараа нь Эрүүл мэндийн газарт зэргийн нэмэгдэл авч байсан хүмүүсийн нэмэгдлийг Х.Машанхан гэдэг байцаагчаас зөвлөгөө авч дахиад зогсоосон. Гэхдээ манайх зогсоогоогүй 11 сар хүртэл олгож байсан. Зэргийн нэмэгдлийг өгч байх хугацаанд надад Р.Тамара байцаагч утсаар яриад “Танайд ажилладаг Х..Ггаас өргөдөл ирсэн, өргөдлийн дагуу залгаж байна, өдөр 14 цагт ня-ботай хамт ирээд уулзаарай” гэж залгасан.
Өдөр нь ня-ботой хамт Р.Тамара улсын байцаагчид очиход, Х..Ггаас мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг олгох тухай өргөдөл өгсөн гэсэн. Бид нар өргөдөлтэй танилцъя гэхэд бидэнд өргөдлийг танилцуулаагүй, өөрөө хагас дутуу уншаад өгсөн. Бид тайлбар хэлэх гэж 2-3 удаа очиход, ерөөсөө бидний тайлбарыг хүлээж аваагүй. Бид нарт 2010 оноос хойших цалингийн цэс болон улсын байцаагч Т.Ашимын тогтоосон акт байвал олоод ир гэсэн. Бид нар тухайн үед иргэний өргөдлийн дагуу шалгалт хийж байна гэж ойлгосон. Яагаад гэвэл бидэнд өргөдлийн дагуу танайд хяналт шалгалт хийж байна гэсэн ямар ч удирдамж танилцуулаагүй. Бид нар өргөдлийн дагуу л шалгаж байна гэж ойлгоод цалингийн цэс болон улсын байцаагч Т.Ашимийн актыг архиваас авч өгсөн.
Дараа нь биднийг дуудаж очиход, Р.Тамара өөрөө байгаагүй, Р.Хуатхан байцаагч байсан. Бидэнд танай байгууллагад акт тогтоосон гэж актыг танилцуулсан. Тухайн үед ня-бо бид хоёр хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл бид хувийн хэвшлийн байгууллага учраас 5090.7 мянган төгрөгийг төлөх бидэнд бололцоо байхгүй. Тэгээд улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар Сангийн сайдад хандаж явуулсан. Сангийн сайдаас “энэ актыг хянаж үзэхэд дор дурдсан зөрүүтэй болон үндэслэлгүй нөхцөл байдал үүссэн” гэдгийг тогтоож өгсөн. Энэ хугацаанд залруулах ёстой гэсэн, гэхдээ ямар ч залруулга хийгдээгүй. Тийм учраас Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг эргүүлэн олгох” тухай 18-03/78 дугаар актыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч А.Серикжан би, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх, үүргийнхээ дагуу Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож байна.
Нэхэмжлэгч “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн шүүхэд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг эргүүлэн олгох” тухай 18-03/78 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Х..Г нь эмчийн “Ахлах” зэрэгтэй, Засгийн газрын 2010 оны 108 дугаар тогтоолын хавсралтад эмнэлгийн мэргэжилтэнд олгох мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээг үндсэн цалингаас мэргэшлийн зэргийн дагуу хувиар тооцож олгохоор заасан болохоос биш ажил, мэргэжлийн албан тушаалаар нь ангилж тусгаж өгөөгүй, Эрүүл мэнд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 491, А/472 дугаар хамтарсан тушаалын 4-р хавсралтаар батлагдсан журмын 6.1-д тухайн мэргэжлээр ажиллаж байгаа бүхий л хугацаанд мэргэшлийн зэрэг хүчин төгөлдөр байна гэж тусгасан, Х..Г нь дээрх хууль журмын дагуу мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах ёстой” гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг судалж үзэхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 26 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй байх ба түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 5.7, 5.9, 5.10, 5.11, 5.12, 5.16, 52 дугаар зүйлийн 521, 522, 523, 525 дугаар заалтууд болон 2015 оны Засгийн газрын 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.3.1, 6.3.3-д заасан санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн удирдамж, тэмдэглэл, танилцуулга зэргийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах, хяналт шалгалтын тэмдэглэлийг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй буруутай болох нь тогтоогдож байна. Тодруулбал,
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана: 5.2.1-т он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар; 5.2.2-т шалгалтын зорилго, үндэслэл; 5.2.3-т шалгалтын төрөл, арга, хэлбэр; 5.2.4*-т шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр; 5.2.5-т шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч; 5.2.6-т шалгалт эхлэх болон дуусах хугацаа; 5.2.7-т өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл”, 5.6 дахь хэсэгт “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж тус тус заасан.
Гэтэл улсын байцаагчаас Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М..А болон нягтлан бодогч К.Нурбек нарт төрийн хяналт шалгалт явуулах талаар ямар ч удирдамж танилцуулаагүй байна. Ингэснээр улсын байцаагч Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...ил тод...” гэж заасныг, 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсгийн “ил тод байх;” гэсэн заалтыг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн Гурав дугаар заалтын 3.1 дэх хэсгийн “Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод...” гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар захиргааны актыг буюу удирдамжийг “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М..А болон нягтлан бодогч К.Нурбек нарт мэдэгдэх нь хариуцагчийн үүрэг юм.
Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Р.Тамарагаас зарим зүйлийг асууж тодруулсан тухай тэмдэглэлээс үзэхэд “...удирдамжийг нягтлан бодогч К.Нурбект утсаар мэдэгдсэн” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч удирдамжийг шалгуулагчид утсаар мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах ёстой. Гэвч хариуцагчаас захиргааны актыг буюу удирдамжийг нэхэмжлэгч талд утсаар мэдэгдэж баримтжуулснаа нотолж чадаагүй байна.
2. Холбогдох хуульд зааснаар хяналт шалгалтын явцыг тэмдэглэл үйлдэж баримтжуулах, хяналт шалгалт дууссаны дараа танилцуулга бичигдэх учиртай. Гэвч хариуцагчид эдгээр баримт бичгүүдийн аль алиныг үйлдээгүй байна. Ингэснээр улсын байцаагчид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл, 52 дугаар зүйлийн холбогдох заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн зургаа дугаар заалтын 6.3 дахь хэсэгт “Дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь энэ журмын 6.1, 6.2-т зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ, 6.3.1-т санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах; 6.3.2-т хяналт шалгалтын танилцуулга, бусад баримт бичгийг (шалгалтын тэмдэглэл, нэг бүрчилсэн акт, албан шаардлага) зохих журмын дагуу үйлдэж, гарын үсэг зурах; 6.3.3-т хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах; 6.3.4-т санхүүгийн хяналт шалгалтын болон аудитын материал, бичсэн танилцуулга, акт, тоо баримтын үндэслэл нотолгооны үнэн зөвийг хариуцах;”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэгт “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн байна.
3. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа “...дундуур нь олгоогүй байгаа 9 жилийн зэргийн нэмэгдэл хөлс 5090,7 мянган төгрөгөөр хохироож Засгийн газрын 2010 оны 108 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 491, А/472 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт, Эмнэлгийн мэргэжилтний төгсгөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журмын 6.1-д “Тухайн мэргэжлээр ажиллаж байгаа бүхий л хугацаанд мэргэжлийн зэрэг хүчин төгөлдөр байна” гэсэн заалтыг зөрчиж ажилласан байна” гэж дүгнэсэн байна.
Дээрх журмын зургаа дахь хэсэгт “Суралцагчдад тавигдах нийтлэг шаардлага: 6.1-т Үндсэн мэргэшлийн сургалтад элсэх их эмчид дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд: 6.1.1-т Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нүүр амны чиглэлээр бакалаврын дипломтой байх; 6.1.2-т Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй байх (Нийгмийн эрүүл мэндийн мэргэшүүлэх сургалтад хамаарахгүй); 6.1.3-т Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх; 6.1.4-т Захиалагч эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээтэй байх; 6.1.5-т Анагаах ухааны бакалаврын сургалтын нийт багц цаг нь элсэх гэж буй сургалтын цөм хөтөлбөрийн агуулгын залгамж холбоо, багтаамжийг хангасан байх; 6.1.6-т Элсэлтийн шалгалтад тэнцсэн байх; 6.1.7-т Бакалаврын сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж нь тухайн үндсэн мэргэшлийн сургалтын шаардлагыг хангахгүй тохиолдолд уг хичээлийг багц цагаар тооцон нөхүүлсэн байх” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актад дурдсан дүгнэлт нь ойлгомжгүй буюу бодит байдалд нийцээгүй, хууль зүй утга агуулгын хувьд үндэслэл муутай болжээ.
2143585 тоот регистрийн дугаартай “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд бүрэн хариуцлагатай, хуулийн этгээдийн төрлийн хувьд ашгийн төлөө бөгөөд эрх зүйн байдал нь Эрүүл мэндийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм” болон “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5292:2017”- ээр тус тус зохицуулагдсан.
Түүнчлэн, Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв нь ...сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн нэг дүгээр заалтын 1.1 дэх хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв нь ...сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн” гэж тус тус заасан байна.
Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмч Х..Г нь хуульд заасны дагуу ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа ажилтны хувьд түүний эрх зүйн байдал нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах учиртай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй”, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.
Гуравдагч этгээд Х..Г нь хөдөлмөрийн гэрээний тал болохын хувьд хуульд заасны дагуу хөдөлмөрлөх явцад эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш уг асуудлаа хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага /шүүх/-д гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид маргаан бүхий актыг гаргах байдлаар бус нэхэмжлэгчид уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх талаар зөвлөх ёстой байсан гэж үзэж байна.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.10-д заасныг зөрчиж ашгийн төлөө, хувийн хэвшлийн байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож маргаан бүхий актаар мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг эргүүлэн олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Монгол Улсын Засгийн газраас 2010 онд 108 дугаар тогтоол гарсан боловч уг тогтоол нь Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 3 дугаар заалтаар хүчингүй болсон байна.
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 6 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгохоор зохицуулсан.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.3-т “өрхийн эмч” гэж өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн хүний их эмчийг;” гэж заасан.
Ажилтан Х..Ггийн хувьд Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд өрхийн их эмчээр ажилладаг ба түүнд Эрүүл мэндийн сайдын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 289 дугаар тушаалаар олгосон 2157 дугаар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэхээс үзэхэд тэрээр “Ерөнхий мэргэжлийн эмч” мэргэжлээр “Ахлах” зэрэг авсан байна. Өөрөөр хэлбэл, Х..Г өрхийн эмчийн мэргэжлээр зэрэг аваагүй учир хуульд заасны дагуу мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах эрхгүй байна.
Хавтаст хэрэг цугларсан нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 32/395/50 дугаар улсын байцаагчийн актаар нэр бүхий ажилтнуудын авч байсан мэргэшлийн зэргийн /Х.Күнай гэх мэт/ нэмэгдлийг зөрчилд тооцож, илүү олгосон зэргийн нэмэгдлийг төлүүлэхээр шийдвэрлэж байжээ.
Нөгөөтээгүүр, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн 2010-2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд зөрчилгүй санал дүгнэлт өгсөн атлаа хариуцагч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид хэт нэг талыг барьж нэхэмжлэгч байгууллагыг буруутгаж маргаан бүхий актаар нэхэмжлэгч Х..Гд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн нь маш их эргэлзээ төрүүлж байна.
Дээр дурдсанчлан захиргааны акттай холбогдсон шийдвэр гаргах ажиллагаанд захиргаанаас акт гаргахдаа урьдчилсан нөхцөл шаардлагыг шалгах, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, төсөл бэлтгэх болон түүнийг батлан гаргахад хамаарах эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох зэрэг бүхий л үйлдлийг хамааруулан ойлгоно. Захиргааны акт гаргахтай холбоотой шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 14-51 дүгээр зүйлд заасан хэм хэмжээгээр зохицуулсан. Гэтэл улсын байцаагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээг огт хэрэгжүүлээгүй байна. Ингэснээр үйлчлүүлэгч Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М..А болон нягтлан бодогч К.Нурбек нарын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол маш ноцтойгоор зөрчигдсөн байна.
Хэдийгээр хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийг нэхэмжлэгчид танилцуулаагүй, гардуулаагүй боловч хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны гэх 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар хяналт шалгалтын удирдамжийн гурав дахь хэсэгт “шалгалтыг санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Р.Тамара би хийж гүйцэтгэх ба шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагыг татан оролцуулна” гэжээ.
Гэтэл шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй хариуцагч Р.Хуатхан гэгч санхүүгийн хяналт шалгалт хийсэн мэтээр маргаан бүхий актад гарын үсэг зурж тэмдгээ дарсан байна.
Баян-Өлгий аймгийн “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч К.Нурбекийн хэлснээр 2019 оны 6 дүгээр сарын сүүл үеэр Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Р.Тамара нь Х..Ггийн гомдлыг М..А, К.Нурбек нарт уншин танилцуулж өгмөгц тэрээр нэхэмжлэгчид хандаж “Та нар Х..Ггийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг өгөх ёстой, би энэ тухай акт тавих гэж байна” гэжээ. Үүнээс үзэхэд хариуцагч Р.Тамара нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл 5.4 дэх хэсгийг зөрчсөн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт шалгалтын улсын Ерөнхий байцаагчид гомдол гаргасан, Сангийн сайдаас бидний гомдлын дагуу маргаан бүхий актыг хянан үзээд зөрүүтэй болон үндэслэлгүй нөхцөл байдлуудыг тогтоосон байдаг.
Хариуцагчид санхүүгийн хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй субъектүүд атлаа маргаан бүхий актад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 ба 10 дугаар зүйлд заасан өөрсдийн чиг үүрэгт нь үл хамаарах мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрхтэй холбоотой зүйл, заалтыг баримталсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчид маргаан бүхий актыг гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсныг анзаараагүй байна.
Маргаан бүхий актад Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 491, А/472 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтний төгсгөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журмын 6.1-д заасныг үндэслэж гуравдагч этгээд Х..Ггийн 2010 оны 4 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутуу гэх 5090,7 мянган төгрөгийг эргүүлэх олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэж шийдвэрлэхдээ гуравдагч этгээд Х..Ггийн 2010 оны 4 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны мэргэшлийн зэргийн нэмэгдлийг чухам ямар үндэслэлээр авах тухайд хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул уг акт ойлгомжгүй байна.
Дүгнэж хэлэхэд, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, түүнчлэн дээрх журамд зааснаар холбогдох зөрчилд акт тавих эрхтэй боловч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль болон дотоод аудитын дүрмээ баримталж ажиллаагүй мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс маргаан бүхий захиргааны акт хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг эргүүлэн олгох” тухай 18-03/78 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Р.Хуатхан болон Р.Тамара нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэгч “Р” өрхийн эмнэлгийн их эмч Х..Г нь эмчийн ахлах зэрэгтэй, ажилласан жилийн туршлагатайн хувьд анагаах ухааны боловсрол олгох их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, тасралтгүй олон жил их эмчээр ажиллаж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн мэргэжилтэн”-д хамаарч эмч мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж үзэж байна. Энгийн хэлбэрээр “мэргэжил” гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авахыг, харин түүгээрээ олон жил ажиллах нь “мэргэшил” юм гэж тодорхойлсон байна. Иймд тухайн мэргэжлээрээ буюу “эмчийн албан тушаалд” ажиллаж байх хугацаанд мэргэшлийн зэрэг олгоно гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 108 дугаар тогтоолын хавсралтад эмнэлгийн мэргэжилтэнд олгох мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээг үндсэн цалингаас мэргэшлийн зэргийн дагуу хувиар тооцож олгохоор заасан болохоос биш ажил, мэргэжлийн албан тушаалаар нь ангилж тусгаж өгөөгүй байгаа болно.
Мөн Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 491, А/472 тоот хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралтын Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмын 6.1-д Тухайн мэргэжлээр ажиллаж байгаа бүхий л хугацаанд мэргэшлийн зэрэг хүчин төгөлдөр байна гэж тусгасан байна. Өргөдөл гаргагч “Р” эрүүл мэндийн төвийн их эмч Х..Г нь дээрх хууль, тогтоол, журмын дагуу мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах ёстой гэж үзээд хавсралт тооцоо судалгааны дагуу аваагүй байсан 9 жилийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл 5090.7 мянган төгрөгийг холбогдох эзэнд эргүүлэн олгож хохиролгүй болгохоор акт тогтоосон болно гэжээ.
Хариуцагч Р.Хуатхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гуравдагч этгээд Х..Г гэдэг хүн анх Санхүүгийн хяналт, аудитын албанд ахлах зэргийн мэргэшлийн нэмэгдлээ авч чадахгүй байна гэдэг утгатай өргөдөл гаргасан. Тухайн үед миний бие өргөдлийг улсын байцаагч Р.Тамарад шалгуулахаар шилжүүлсэн. Тэгээд Р.Тамара хяналт шалгалт явуулах удирдамжаа гаргаж байгууллагад танилцуулах ёстой байсан. Нэхэмжлэгчийн тайлбарыг сонсоход танилцуулаагүй гэж байна. Яагаад танилцуулаагүйг мэдэхгүй байна. Р.Тамара улсын байцаагч шалгаж Х..Гд зэргийн нэмэгдэл нийт 5090.7 мянган төгрөг олгох ёстой байсныг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу тогтоосонд би гарын үсгээ зурж явуулсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгох ёстой байсан гэв.
Гуравдагч этгээд Х..Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Р” өрхийн эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа Х..Г би нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж холбогдох нотлох баримтуудыг хавсран хүргүүлж байна.
Миний бие 1989 онд Анагаах ухааны дээд сургуулийн өдрийн ангийг ерөнхий эмчилгээний мэргэжлээр төгсөж ирээд Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт их эмчээр томилогдон ажилласан. Миний бие Нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тушаалаар Өлгий сумын 1 дүгээр багийн өрхийн их эмчээр томилогдон ажилласан. Дараа нь 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 дүгээр захирамжаар Баян-Өлгий аймагт 5 өрхийн эмнэлэг байгуулагдаж байсан. Тухайн үед би Эрүүл мэндийн газрын даргын 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тушаалаар “Р” өрхийн эмнэлэгт өрхийн эмчээр томилогдсон. Тэр үед надтай хамт 3 хүн анх өрхийн эмнэлгийг байгуулж, эмнэлэгт оноосон нэр өгч, улсын бүртгэлд бүртгүүлэн “Р” өрхийн эмнэлэг үйл ажиллагаагаа эхэлж байсан.
Үүнээс хойш тасралтгүй “Р” өрхийн эмнэлэгт өрхийн эмчээр ажиллаж байгаа. 2003 онд Эрүүл мэндийн сайдын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 289 тоот тушаалаар надад ерөнхий мэргэжлийн эмч мэргэжлээр “ахлах” зэрэг олгосон. Холбогдох журамд зааснаар ахлах зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэнд сар тутам үндсэн цалингийн 10 хувиар тооцож зэргийн нэмэгдэл олгох ёстой. Би үүний дагуу зэргийн нэмэгдлээ 2010 он хүртэл авч байсан.
Надад мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 2010 оны 04 дүгээр сар хүртэл олгож байгаад байцаагчийн дүгнэлт гарсан гэж зогсоосон. Гэхдээ надад дүгнэлтийг танилцуулаагүй. Нэмэгдэл авах талаар эмнэлгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж байсан боловч олгоогүй. Дараа нь би Улаанбаатар хот руу очиж холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж, “миний зэргийн нэмэгдлийг яагаад хассан бэ” гэж тодруулж байсан.
Эмнэлгийн мэргэжилтэнд зэрэг олгох журамд зааснаар тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа бүхий л хугацаанд мэргэжлийн зэрэг хүчин төгөлдөр хэвээр байх ёстой гэсэн заалттай. Тэгээд 2018 оны 6 дугаар сард Эрүүл мэндийн газрын даргад зэргийн нэмэгдэл олгох тухай хүсэлт гаргасан. Тэгээд Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл авах ёстой гэж, манай өрхийн эрүүл мэндийн төвийн даргад уламжилж өгч, өрхийн эрүүл мэндийн даргад ч мөн адил хүсэлт гаргаж, 2018 оны 09 дүгээр сараас зэргийн нэмэгдэл олгож эхэлсэн.
Тэгээд завсардсан хугацааны 9 жилийн нэмэгдэл цаашид миний өндөр настны тэтгэвэрт гарахад нөлөөлдөг учраас аргагүйн эрхэнд 2019 оны 06 дугаар сард Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд хандсан. Тус албанаас “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн 2010 оны 04 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны санхүүгийн баримтуудыг хянаж үзээд 5090.7 мянган төгрөгийн зэргийн нэмэгдлийг дутуу олгосон учир энэ жилдээ багтаан эргүүлж олгож хохиролгүй болгохыг “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан.
Тийм учраас Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг эргүүлэн олгох тухай” 18-03/78 дугаартай акт хууль зүйн үндэстэй гарсан акт учир хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие гуравдагч этгээд Х..Ггаас гаргасан хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэг цугларсан нотлох баримтын хүрээнд саналаа хэлэхэд, зэргийн нэмэгдэл олгох асуудал 2000 оноос эхлээд хэрэгжиж эхэлсэн нөхцөл байдал харагдаж байна. 2009, 2011, 2013 онуудад удаа дараа зэргийн нэмэгдэл олгох журмууд гарсан. Эдгээр журмуудаас үзэхэд зэргийн нэмэгдэл олгох нь тухайн мэргэжилд тасралтгүй ажиллаж байгаа хүнд мэргэшлийн зэргийн нэмэгдэл хүчин төгөлдөр байна гэж аль аль журамд заасан.
Х..Ггийн хувьд 1992 оны Нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Өлгий сумын 1 дүгээр багийн өрхийн эмчээр томилогдсон байна. Энэ тушаалын үндэслэлээс харахад Эрүүл мэндийн газрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/09 тоот шийдвэрийг үндэслэн гаргасан байна. 1992 оны 01 дүгээр сараас эхлээд Баян-Өлгий аймгийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж эхэлсэн. Мөн аймгийн Засаг даргын 29 дүгээр захирамжаар өрхийн эмнэлгийг байгуулсан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн газрын даргын 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тушаалаар өрхийн эмч нарыг хуваарилсан. Эдгээр тушаалуудын аль алинд Х..Г өрхийн эмчээр ажилласан байгаа. 2003 онд Эрүүл мэндийн сайдын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 289 тоот тушаалаар Х..Г ерөнхий мэргэжлийн эмч мэргэжлээр “ахлах” зэрэг авсан. Тухайн үед өөрийнхөө диплом дээр бичигдсэн ерөнхий эмч мэргэжлээр хамгаалсан. Өөрөөр хэлбэл, ерөнхий эмч гэдэг бол дагнасан мэргэжил биш ерөнхийдөө аль аль чиглэлд ажиллахаар эмч гэж ойлгох хэрэгтэй. Үүнээс хойш Х..Г үндсэн болон төрөлжсөн сургалтуудад хамрагдаагүй. Өөр төрлийн мэргэжил эзэмшээгүй. Холбогдох журамд зааснаар ахлах зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэнд сар тутам үндсэн цалингийн 10 хувиар тооцож зэргийн нэмэгдэл олгох ёстой.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Х..Гд 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон зэргийн үнэмлэхийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй. 2010 оны 50 дугаартай улсын байцаагчийн актыг үндэслэл болгож байгаа нь Х..Гтай ямар ч холбоогүй. Эрүүл мэндийн газрын ажлыг шалгаж, тухайн үед тэнд ажиллаж байсан Д.Күнай, А.Клара, Р.Болат гэдэг 3 хүнд тавьсан актын үндэслэл нь бас өөр байгаа. Яагаад гэвэл эдгээр хүмүүс өрхийн эмнэлэгт ажиллаж байгаад, Эрүүл мэндийн газарт өөр албан тушаалд шилжиж явсан учраас зэргийн нэмэгдлүүдийг хасаж, акт тавьсан асуудал байгаа. Улсын байцаагчийн актын талаар ярихад тухайн үед удирдамжаа гаргаж, ахлах байцаагчаар батлуулсан байна. Мөн холбогдох хүмүүсийг дуудаж, шаардагдах материалыг авсан. Энэ талаар нэхэмжлэгч болон гэрчээр оролцож байгаа К.Нурбек үгүйсгээгүй байна.
Үүнд гаднаас ямар нэгэн байдлаар үндэслэлгүй шалгалт явуулсан мэт ойлгох үндэслэл байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд дотоод албаны дүрэмд заасан зарим заалтууд зөрчигдсөн байж болно. Гэхдээ үүнд эрх ашиг нь зөрчигдөж байгаа гуравдагч этгээд Х..Гг буруутгаж, маргаан бүхий актыг бүхэлдээ хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн хүрээнд ярихад хавсралтын дугаарыг буруу бичсэн гэж байна. Нэхэмжлэгч эрхийнхээ хүрээнд Сангийн яамд гомдол гаргасан. Сангийн яамнаас хариу ирэхдээ бичилтийн алдаа гарсан, мөн холбогдох хавсралтыг бүрэн явуулаагүй гэсэн. Хавсралтыг тухайн үед явуулаагүй гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Сангийн яамнаас ирсэн албан бичигт зөвхөн процессын алдааг зас гэсэн болохоос Х..Г гэдэг хүнд 5090.7 мянган төгрөгийг эргүүлэн олгох тухай акт тавьсан нь үндэслэлгүй гэж гараагүй. Энэ акт үндэслэлтэй гэж гарсан.
Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярихад 2010 оноос, 2018 оны 08 дугаар сар хүртэл үргэлжилсэн асуудал байгаа. Тухайн үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хууль өөрөө 2015 оны 6 дугаар сард батлагдсан. Гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэдэг байдлаар Х..Гг буруутгах үндэслэл байхгүй. “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний Б/01 тушаалаар зэргийн нэмэгдлийг олгож эхэлсэн. Би Эрүүл мэндийн газрын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан нь үнэн. 2015 оны 08 дугаар сараас эхлээд, 2018 оны 06 дугаар сарын 01 нь хүртэл ажиллаж, дараа нь гэрээгээ цуцалсан. Өргөдлийн нөхцөл байдлаас үзэхэд энэ 8 дугаар сард болсон асуудал байна. Яагаад гэрээгээ цуцалсан бэ гэхээр хамт ажиллаж байсан хүмүүс Хуульчдын холбоонд “Х.Бакен давхар ажил эрхлээд байна” гэж өргөдөл явуулсан учраас гэрээнээсээ татгалзсан. Тэгээд ч хуулийн зөвлөх тэгж ярьсан учраас бид нар олгосон гэж хүний нэрийг барьж ярихгүй байхыг та бүхнээс хүсье. Х..Ггийн эрх ашиг нь зөрчигдсөний хувьд зөрчигдсөн.
Улсын байцаагч холбогдох хууль журмын дагуу акт тавьсан. Акт хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Р” өрхийн эрүүл мэндийн төвөөс Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Р.Хуатхан, улсын байцаагч Р.Тамара нарт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг эргүүлэн олгох тухай” 18-03/78 дугаар актыг[1] хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалж үзээд дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээд Х..Г нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 90 дүгээр тушаалаар[2] өрхийн их эмчээр, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалын хавсралтаар[3] Өлгий сумын “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчээр тус тус томилогдон ажилласан, түүнд 2003 онд Эрүүл мэндийн сайдын 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 289 дүгээр тушаалаар “Ерөнхий мэргэжлийн эмч” мэргэжлээр “Ахлах” зэрэг[4] олгосон, 2004 оны 01 дүгээр сараас 2010 оны 04 дүгээр сар хүртэл, 2018 оны 9 дүгээр сараас “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал[5] гарах хүртэлх хугацаанд тус тус цалингийн 10 хувийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг авч байсан, 2010 оны 4 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл буюу нийт 8 жил 5 сар мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгогдоогүй байна.
Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 90 дүгээр тушаал, Эрүүл мэндийн газрын даргын 2002 оны 10 дугаар тушаалын хавсралт, Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн 2157 дугаартай үнэмлэх, Х..Ггийн ажиллаж байх хугацаанд цалин хөлс авч байсан 2004, 2010, 2018 онуудын цалингийн цэс[6], “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 13 дугаар тушаал зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Гуравдагч этгээдээс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Санхүүгийн хяналтын албаны даргад “... ажиллаж байх хугацаанд 10 гаруй жил зэргийн нэмэгдэл авч чадаагүй тул нөхөн олгуулах арга хэмжээ авах” тухай өргөдөл гаргаснаар Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар удирдамжийн[7] дагуу “Р” өрхийн эрүүл мэндийн урьд онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18-03/78 дугаартай актаар 5090,7 /таван сая ерэн мянга долоон зуу/ төгрөгийн зэргийн нэмэгдлийг “Р” өрхийн эрүүл мэндийн төвөөс Х..Гд олгохоор тогтоожээ.
Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж, 16.3-т “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заасан ба Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг шинэчлэн батлах тухай” дүрмийг баталжээ.
Уг дүрмийн Нэгийн 1.1.-т “Өрхийн эрүүл мэндийн төв /цаашид “төв” гэх/ нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн байгууллага мөн”, Гурвын 3.1-т “Төвийн санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн санхүүжилт, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ” гэж тус тус заасан.
Хууль болон дүрмийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд өрхийн эрүүл мэндийн төв нь хэдийгээр хувийн хэвшлийн байгууллага мөн боловч төрөөс иргэдэд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг гэрээгээр хэрэгжүүлдэг, санхүүжилт нь улсын, орон нутгийн төсвөөс болон эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн санхүүжилт, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрддэг, төвийн их эмч, ажилтнууд нь төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн сүлжээгээр цалинждаг болох нь хэрэгт авагдсан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2002 оны 10 дугаар тушаалын 1 дэх заалтаар батлагдаж байна.
Үүнээс гадна дүрмийн Хоёрын 2.10-т “Төвийн дарга нь эмч, ажиллагсадтай “Хөдөлмөрийн тухай” хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана” гэж заасан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсдын эрх зүйн байдал нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ба гуравдагч этгээдийн маргаж буй ажил олгогчоос мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгоогүй эс үйлдэхүй нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал гэж шүүхээс үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Ажилтан нь ... цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй”, 47 дугаар зүйлийн 47.1-т “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 51 дүгээр зүйлийн 51.1-т “Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно”, 125 дугаар зүйлийн 125.1-т “Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ”, 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
Гуравдагч этгээд Х..Г нь хуулийн дээрх заалтуудаар цалин хөлсний бүрдэлд хамаарах мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд ажил олгогчоос 10 хувийн зэргийн нэмэгдэл олгохыг зогсоосныг мэдсэнээс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйг хуулиар олгосон байхад энэ эрхээ эдлэхгүйгээр, 9 жилийн дараа “зэргийн нэмэгдлийг нөхөн олгох” үндэслэлээр санхүүгийн хяналт, аудитын албад өргөдөл гаргасан, хариуцагчаас энэхүү өргөдлийг шууд хүлээн авч, хяналт шалгалт явуулж шийдвэр гаргасныг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 5 дугаар зүйлийн 5.6- т “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ”, 5.9-т заасан “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана”, 5.9.3-т “шалгуулагч этгээдийн санал, хүсэлт”, Засгийн газрын 2018 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Дотоод аудитын дүрмийн Зургаагийн 6.3-т “Дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь энэ журмын 6.1, 6.2-т зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 6.3.1-т “ санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах”, 6.3.2-т “хяналт шалгалтын танилцуулга, бусад баримт бичгийг (шалгалтын тэмдэглэл, нэг бүрчилсэн акт, албан шаардлага) зохих журмын дагуу үйлдэж, гарын үсэг зурах”, 6.3.3-т “ хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах” гэж тус тус заасан.
Хариуцагч дотоод аудитор буюу санхүү хяналтын улсын байцаагч нь Х..Ггийн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийх удирдамжаа баталсан атлаа энэ удирдамжийг хяналтын хуудасны хамт шалгуулагч этгээдэд гардуулаагүй, хариуцагч Х.Тамара нь гардуулсан гэж тайлбарласан[8] боловч үүнийг нотолж чадаагүй, хяналт шалгалт хийсэн талаар тэмдэглэл үйлдээгүй, шалгуулагч этгээдийн санал, хүсэлт, тайлбарыг аваагүй, зөвхөн Х..Ггийн 10 жилийн цалингийн цэсийг үндэслэн акт үйлдсэнийг хуульд заасан журмын дагуу хяналт шалгалт хийсэн гэж үзэх боломжгүйгээс гадна Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “... хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй байна.
Иймээс маргаан бүхий захиргааны акт нь дээрх үндэслэлүүдээр холбогдох хууль болон дүрмийг зөрчсөн хууль бус, үүний улмаас нэхэмжлэгч “Р” өрхийн эрүү мэндийн төвийн төсөвт 5090,7 /таван сая ерэн мянга долоон зуун/ төгрөгийн хохирол учирч болзошгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг, төрөөс иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг явуулдаг хуулийн этгээд мөн тул төсвийн байгууллага нэхэмжлэл гаргасан гэж үзэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.6, 5.9, 5.9.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” өрхийн эрүүл мэндийн төвөөс Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн дутууг эргүүлэн олгох тухай” 18-03/78 дугаар актыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 3 дугаар хуудас
[2] Хэргийн 90 дүгээр хуудас
[3] Хэргийн 62 дугаар хуудас
[4] Хэргийн 118 дугаар хуудас
[5] Хэргийн 121 дүгээр хуудас
[6] Хэргийн 38,45, 52 дугаар хуудас
[7] Хэргийн 25-26 дугаар хуудас
[8] Хэргийн 95 дугаар хуудас