Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0587

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ОГ” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Гомдол гаргагч: “ОГ” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О

Маргааны төрөл: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-ын “ОГ” ХХК-д оногдуулсан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002356 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, С.Б, өмгөөлөгч Б.Х

Хариуцагч улсын байцаагч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2023/0334/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “ОГ” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-ын “ОГ” ХХК-д оногдуулсан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002356 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаар шийдвэрээр: “1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаартай шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон нэг сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдэж...” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: 

 

3.1. “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т “Нэгэнт гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй энэ тохиолдолд хэрэглэгчдийн өргөнөөр сонгон хэрэглэдэг дээд болон нэгдүгээр гурилын үнийг нэмэгдүүлэн өөрийн харилцагчдад нийлүүлж байгаа нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэж, мөн шийдвэрийн 5-д “Зах зээлд зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэж, гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ, зардал өсөөгүй энэ тохиолдолд үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, хэрэглэгчийн эрхийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэхээр байх тул ... гэж тус тус дүгнэсэн.

 

3.2. Гэтэл бодит байдал дээр гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ үнэхээр өссөн бөгөөд энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №22/015 тоот “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”, тус гэрээний дагуу төлбөр төлсөн баримт, хэргийн материалын 5, 6, 7 дугаар хуудас-т зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байгаа.

 

3.3. Мөн улсын ахлах байцаагч Х.О нь акт гаргахдаа зөвхөн гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайн үнийн өсөлттэй холбоотой асуудлыг шалгасан гэх атлаа гурилын үйлдвэрлэл явуулахтай холбоотой зардлуудыг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй, үзээгүй байж актдаа бусад зардал огт өсөөгүй байна гэсэн хийсвэр дүгнэлтийг хийсэн. Гэтэл шүүх үүнийг шалган тогтоогоогүй, бусад зардал өсөөгүй гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад бусад зардал өсөөгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь туйлын ойлгомжгүй байна.

 

3.4. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно: 11.1.1 .бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ... гэрээ, хэлцэл (картель) байгуулсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... торгоно” гэж тус тус заасан.

 

3.5. Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас харахад Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох үйл ажиллагааг 2 буюу түүнээс дээш аж ах/й эрхлэгчид нийлж, урьдчилан хэлцэн тохиролцож тогтоох замаар гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байх шаардлагыг заасан байна.

 

3.6. Гэтэл шүүх зөвхөн “ОГ” ХХК-ийн гаргасан зөрчлийн хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн атлаа гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд нийлж гурилын үнийг хэлцэн тогтоох гэрээ хэлцэл байгуулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь логикийн хувьд маш ноцтой алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны №22/015 тоот удирдамжийн хүрээнд хийсэн хяналт шалгалт нь гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийг хамарч, улмаар тэдгээрт аж ахуйн нэгжүүдэд ч мөн Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан бөгөөд анхан шатны шүүх дээр зөрчлийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Хэрэгт гурилын үйлдвэрлэл эрхлэгчид хэлцэн тохиролцоод бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон гэрээ хэлцэл байгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнийг нотолсон нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд огт нийцэхгүй байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/29 дугаартай удирдамжийн дагуу “буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулж буй гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох”-оор тус газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга, улсын ахлах байцаагч Ч.О-д насан нэгдсэн удирдлагаар хангаж, тус газрын улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийжээ.

 

2.2. Дээрх хяналт шалгалтыг хийгээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаартай шийтгэлийн хуудсаар “ОГ” ХХК нь “гурилын үнийг хэлэлцэн тогтоож, өрсөлдөөнийг хязгаарласан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1,402,651,914 /Нэг тэрбум дөрвөн зуун хоёр сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/343 дугаар тушаалаар үр тарианы үрийн болон хүнсний улаанбуудай үнийг тогтоосон байхад “ОГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас уг хугацаанаас өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 13 удаагийн тушаалаар бүтээгдэхүүний үнийг нэмсэн үйл баримт тогтоогдож байна.

 

2.4. Энэ талаар анхан шатны шүүхээс “...Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д стратегийн хүнс гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг гэж тодорхойлсон бөгөөд “ОГ” ХХК нь стратегийн хүнс үйлдвэрлэж буй аж ахуй эрхлэгч болохын хувьд бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр, нэмэгдүүлсэн үнээр өөрийн харилцагчдад нийлүүлсэн, ... Зах зээлд зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэж, гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ, зардал өсөөгүй энэ тохиолдолд үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

2.5. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...улсын ахлах байцаагч Х.О нь акт гаргахдаа зөвхөн гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайн үнийн өсөлттэй холбоотой асуудлыг шалгасан гэх атлаа гурилын үйлдвэрлэл явуулахтай холбоотой зардлуудыг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй, үзээгүй байж актдаа бусад зардал огт өсөөгүй байна гэсэн хийсвэр дүгнэлтийг хийсэн. Гэтэл шүүх үүнийг шалган тогтоогоогүй, бусад зардал өсөөгүй гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад бусад зардал өсөөгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн, ... хэрэгт гурилын үйлдвэрлэл эрхлэгчид хэлцэн тохиролцоод бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон гэрээ хэлцэл байгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнийг нотолсон нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэжээ.

 

2.6. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гээд 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж,

Харин Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

2.7. Уг хуулийн зохицуулалтуудаас үзэхэд аж ахуй эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад нь тэгш өрсөлдөх боломжийг хангах, аж ахуй нэгжийн эрхийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулж, үүгээр дамжуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалахад оршиж байна. Төрөөс аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт явуулахдаа тухайн нөлөөлж буй хүчин зүйлс нь аж ахуй эрхлэгчдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой эсэхийг нарийн ялгах шаардлагатай. Харин Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл нь аж ахуй эрхлэгчээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой зааж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох арга хэрэгслийг хориглосон бол, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь Өрсөлдөөний тухай хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, зөрчсөн, иргэн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах асуудлыг зохицуулжээ.

 

2.8. Харин хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийг тухайн гаргасан зөрчил болох буудайн гурилын үнэ нэмэхдээ хэлэлцэн тохиролцсон гэдгийг хангалттай нотлоогүй, түүнчлэн  шийтгэлийн хуудсаар “ОГ” ХХК-ийн борлуулалтын нийт орлогоос тооцож торгууль ногдуулсанаа нягтлах шаардлагатай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа энэ тохиолдолд зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж шинээр дахин акт гаргах нь зүйтэй байна.

 

2.9. Тодруулбал, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “ОГ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр торгууль ногдуулсан байхад анхан шатны шүүхээс “...хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэж гомдол гаргагч байгууллагыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг зөрчсөн эсхүл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн буюу ямар үндэслэлээр зөрчилд тооцсон болон ямар хуулийг зөрчсөн талаар зөрүүтэй дүгнэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй тул хариуцагч байгууллагаас ийнхүү зөрүүтэй байдлыг нэг мөр дүгнэж, маргаан бүхий нөхцөл байдлыг дахин тодруулж шийдвэрлэх замаар дахин акт гаргах шаардлагатай гэж үзэхээр байна.

 

2.10. Өөрөөр хэлбэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “ОГ” ХХК-ийн тогтоосон бараа бүтээгдэхүүний үнэ бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгчдийн тогтоосон үнийн хязгаартай ижил үнээр худалдаалагдаж буй эсэх, тус хуулийн этгээд нь зах зээлд шударга өрсөлдсөн эсэх, өрсөлдөгчийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянан шалгах бүрэн эрхтэй тул маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хангалттай тогтоосон тохиолдолд дахин шинэ акт гаргах эрх нь нээлттэй. 

 

2.11. Хэдийгээр анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар үндэслэх хэсгийн 2.9-д дурьдсанчилан зөрүүтэй дүгнэсэн, түүнчлэн хариуцагчаас шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг нягтлах шаардлагатай гэдгээ хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг шалган тогтоож, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА