Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 39

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Б.Нарангэрэл, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Бурамсүрэнгийн Нарангэрэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525013021 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий  аймгийн Хэрлэн суманд төрсөн,  33  настай,  эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын задгайд оршин суудаг гэх, бие эрүул, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот таслан шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж оногдуулсан ялыг 2 жилээр хойшлуулсан,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот шийтгэх тогтоолоор өмнө оногдуулсан уг ялыг биечлэн эдлүүлж 1 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдсэн,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 22 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зэаснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 05 өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 02 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Баянзүрх дүүргийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 273 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 714 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуупийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 04 сарын хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 05 сарын 06-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй. Боржигон овогт Бурамсүрэнгийн Нарангэрэл, /РД:СЮ83061015/,

Шүүгдэгч Б.Нарангэрэл нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжны 3 тоот хашаанд оршин суух иргэн Г.Баттогтохын гэрийн үүдний амбаарын цоожийг хөшин, орон байранд нэвтрэн орж, 40 ам.доллар, гар утас, эмэгтэй хүний мөнгөн эдлэл, гоёлын хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар байрны 1 давхарын 76 тоот орон сууцанд оршин суух иргэн Т.Оюун-Эрдэнийн гэрийн цонхоор нэвтрэн орж алт, мөнгөн аяга, үнэт эдлэл зэрэг эд хөрөнгийг хулгайлахыг завдсан,

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун Алтан-Өлгийн 32-535 тоотод оршин суух иргэн Ш.Ундармаагийн байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, хуучин цагийн мөнгөн аяга, мөнгөлсөн зэс аяга, булган малгай, монетон бөгж, скай А770 маркын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.956.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжны 504 тоот хашаанд амьдардаг Б.Бат-Эрдэний өвлийн байшингийн цонхоор нэвтэрч 313.000 төгрөгийн үнэ бүхий хувцас хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гурван үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Нэг үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Ууганжаргал байцаагч дээр өглөө 10 цагт ирээд оройны 18 цагт гэртээ харьсан. Би Ууганжаргал байцаагч дээр өдөр болгон ирдэг байсан. Намайг энэ сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн хоёр төлөөлөгч намайг барьж аваачаад иргэн Ундармаа гэдэг айл руу хулгай хийх гэж орсон, чи энэ хэргийг хийсэн биздээ гэж хэлээд намайг зодож, архи өгч дарамталсан. Тэгээд намайг чи энэ хэргийг хүлээчих, чамайг эд хөрөнгийг нь авчир гэж хэлээгүй, гэр орныхонтой чинь уулзуулья, зугаа цэнгэлийг чинь хөөлгүүлье гэхээр нь би хүлээхгүй, би мэдэхгүй гэсэн. Тэгээд хажууд нь хорих 461 дүгээр ангийн Мөнхзаяа гэдэг хүн байсан. Тэрэнгээр ч гэсэн хэлүүлэх гэж оролдсон. Тэгээд намайг онц ноцтой гэмт хэргийн газар руу аваачиж чи энд хүлээхгүй бол чамайг шоронд очихоор чинь хүлээлгэнэ гэж хэлсэн. Намайг зодсон нь 461 дүгээр ангийн жижүүрийн камерт бичээтэй байгаа. Намайг хаана зодуулсан яасан гэж асуухаар нь би хэлсэн байгаа. Миний хурууны хээ гараагүй. Миний утсыг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хурааж авсан. 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн төлөөлөгч 461 дүгээр ангид очоод хэргээ хүлээсэн гээд байцаалт өгчих л дөө гэж гуйж байсан. Би үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Бусад 3 айлаас хулгай хийсэн нь үнэн. Үүнийхээ хохирлыг төлье гэсэн чинь Ууганжаргал байцаагч намайг ажил хийлгээгүй” гэв.

Хохирогч Т.Баттогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Сансар хотхоны 1 дүгээр гудамжны 3 тоотод хашаанд монгол гэрт амьдардаг. Би 2015 оны 12 сарын 09-ны өдрийн өглөө 08 цагт ажилдаа явсан ба намайг ажилдаа явахад эхнэр Ч.Алтанцэцэг үлдсэн. Эхнэр над руу 12 цаг 50 минутад залгаад гэрийн хаалга эвдээд хулгай орчихсон байна гэхээр нь би гэртээ иртэл гэрийн үүдний амбаарыг цоож эвдэрсэн байсан ба гэрийн эд хогшлийг бүгдийг нь онгичсон байсан. Эд зүйлсээ бүртгэж үзтэл эхнэрийн ээмэг зүүлт бөгжүүд, гар утас, эхнэрийн хэтэвчинд байсан 40 ам доллар алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-24/,

Гэрч Ч.Алтанцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай гэр Баянзүрх дүүргийн 4-р хороо Сансар хотхоны 1 дүгээр гудамжны 3 тоотод байдаг юм. Би 2015 оны 12 сарын 09-ны өдрийн 12 цагт гэрээсээ гараад 12 цаг 20 минутад гэртээ ирэхэд гэрийн үүдний амбаарын цоожийг эвдчихсэн байхаар нь гэртээ ортол гэрийн эд зүйлийг онгичсон байхаар нь цагдаа дуудаад дараа нь эд зүйлсээ бүртгэж үзтэл миний ээмэг бөгж зүүлтүүд, түрүүвчинд байсан 40 ам доллар, цэнэглэж байсан гар утас алдагдсан байсан. Би алдагдсан зүйлийнхээ үнийг мэдүүлье. Үүнд Скай маркийн цагаан өнгөтэй гар утас, 2015 оны 09 сард хуучнаар нь 80.000 төгрөгөөр авч байсан. “...Мөнгөн гарын бугуйвчийг 150.000 төгрөгөөр авч байсан, 4 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэгийн 50.000 төгрөгөөр авч байсан. Нийлээд 200.000 төгрөг, 1 ширхэг мөнгөн хүзүүний зүүлт 28.000 төгрөөөр авч байсан, мөнгөн хүзүүний зүүлт 68.000 төгрөгөөр авч байсан. “...Гоёлын төмөрөн мөнгөн ээмэг 25.000 төгрөгөөр авч байсан. “...Гоёлын төмөрөн ээмэг, зүүлтний хослол үнэ нь 60.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-26/,

Шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 407 тоот дүгнэлтэд: “...Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №2,3-д харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын мөрийн хээтэй хэлбэр, дүрсээрээ ижил байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хх44-47/,

Хохирогч Т.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 2015 оны 12 сарын 11-ний өдөр байсан бөгөөд тэр өдрийн өглөө 07-09 цагийн хооронд манай охидууд хичээлдээ явах нь яваад, ажилдаа явах нэг нь ажилдаа яваад би гэртээ ганцаараа үлдсэн юм. Тэгээд би гэртээ ганцаараа байж байгаад 10 цагийн үед гадуур ажилтай болоод гэрээсээ гарсан юм. Гарахдаа гэрийн

хаалгаа түгжээд гарсан юм. Тэгээд би гадуур ажил хөөцөлдөөд явж байх үед 11 цагийн үед байх миний 8800**** дугаарт манай гэрийн хажуу 78 тоотын оршин суугч Цэвэлмаа эгч над руу хорооны нийгмийн ажилтан эмэгтэйн 9601**** дугаарын утаснаас надруу яриад “танай гэрийн цонхыг хагалаад хулгайч орсон байна, бид нар цагдаа дуудчихсан байгаа” гэж надад хэлсэн юм. Тэгхээр нь би бас гэр рүүгээ ирэх замдаа өөрөө цагдаагийн 102 дугаарт залган давхар дуудлага өгсөн юм. Тэгээд намайг яваад гэртээ ирэх үед цагдаа нар хамгаалалт аваад тууз татчихсан байсан юм. Тэгээд намайг гэр рүү оруулахгүй, цагдаа нар нь танай гэрт хулгай хийж байгаа хүн байна гэж хэлсэн бөгөөд удалгүй цагдаагийн тусгай хүчний алба хаагч нар ирээд манай гэрт орж тэр хулгайчийг барьж авсан юм. Тэгээд тэр хулгайчийг бариад авч явсаны дараа цагдаа нар манай гэрт орж үзлэг хийсэн бөгөөд би бас ороод гэрт байгаа зүйлүүдээ бүртгэж үзэхэд миний унтлагын өрөөний зурагтын тавиурны шүүгээнд байсан бор хайрцаг дотор байсан бэлэн 105.000 төгрөг алга болсон байсан юм. Тэгээд цааш эд зүйлүүдээ бүртгэж үзхэд тэр хулгайч манай гэрийн том өрөөний ширээн дээр байдаг хар өнгийн нөүтбүүкний гар цүнхийг өрөөний голд тавьчихсан дотор нь мөнгөн аяга, зэс аяга, үнэт эдлэлийн зүйлүүдийг авч явахаар бэлтгээд хийчихсэн байсан юм. Тэр цүнхэн дотор гал тогооны өрөөний ханын тавиур дээр байж байдаг 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аягийг тус цүнхэнд хийчихсэн, мөн миний унтлагын өрөөнд байсан үнэт эдлэлийн хайрцаган дотор байдаг сувдан шигтгээтэй монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гоёлын ээмэг бөгжнүүд зэрэг зүйлсүүдийг хийчихсэн байсан бөгөөд манай гэрт хөдөлгөөнгүй байдаг. Тухайн эд зүйлсүүдийг цүнхэнд хийгээд өрөөний голд тавьчихсан авч явахаар бэлтгэчихсэн байсан нь илт байсан юм. Тэр бүү хэл тэр хар цүнхтэй эд зүйлүүдийг тэр хулгайч бариад гал тогооны өрөөний цонхоор гарах гэж байхад нь Цэвэлмаа эгч хараад болиулсан гэж байна лээ. Тэр үед цагдаа нар ирээд тэр хулгайч гарч чадаагүй юм байна лээ. Тэгээд гарч чадалгүй байсаар цагдаагийн байгууллагад баригдсан ба манай гэрээс өөр эд зүйлүүд аваагүй харин онгичоод хаячихсан байна лээ. Түүний авч гарах гэж байсан цүнхтэй эд зүйлээ би хүлээн авсан ба харин бэлэн 105.000 төгрөгөө эгүүлэн олж аваагүй юм...” гэсэн мэдүүлэг. /хх79-81/,

Гэрч М.Цэнджав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 11 цаг өнгөрч байх үед би ажлын байрандаа сууж байтал манай хорооны иргэн Цэвэлмаа өрөөнд орж ирээд “25 дугаар байрны 76 тоот айлын цонхоор нэг хүн орчихлоо, хулгай хийх гэж байгаа юм шиг байна, яаралтай цагдаад мэдэгдэх хэрэгтэй байх” гэж хэлэхээр нь би тэр даруй өөрийн 1 хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Я.Цэндсүрэнд утсаар мэдэгдэж, мөн тус 25 байрны 76 тоотын оршин суугч Оюун-Эрдэнэд утасаар залгаж “танай гэрт хулгайч орчихлоо” гэж хэлсэн юм. Тэгээд Цэвэлмаа бид хоёр тэр хулгай орсон айлын гадна явж очтол удалгүй цагдаа нар болон хэсгийн байцаагч Цэндсүрэн, хэсгийн цагдаа Цэнд-Аюуш нар ирсэн бөгөөд удалгүй араас нь цагдаагийн тусгай хүчний алба хаагч нар ирж тэр гэрт нь орж тэр хулгай хийж байсан хүнийг үйлдэл дээр нь барьж авсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-82/,

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 4-р хороо Цэргийн хотхон Нарангийн 1 дүгээр гудамжны 504 тоот хашаанд байх байшинд өөрийн эхнэр Д.Номин-Эрдэний хамтаар амьдардаг. Эхнэр бид хоёр Нарантуул захад бэлэн хувцас зарж борлуулдаг ба ихэвчлэн эхнэр зах дээр борлуулдаг юм. 2015 оны 12 сарын 08-ны өдөр гэрээсээ гарч яваад орой ирэхэд байшингийн урагшаа харсан том өрөөний вакум цонхыг хөшиж онгойлгоод дутуу хаачихсан байхаар нь эд зүйлээ бүртгэж үзтэл миний хэрэглэж байсан шар өнгөтэй дунд зэргийн хэмжээтэй 1 ширхэг гар цүнх, эхнэрийн зарж байсан барааг онгичож орхисон байсан. Гэрт байсан барааг тоолж үзтэл 5 ширхэг богино өмд, 6 ширхэг урт эмэгтэй өмд алдагдсан байсан. Тэгээд мэдчихээд цагдаад өргөдөл гаргах зав гарахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаагүй ба харин 2015 оны 12 сарын 12-ны өдрийн үеэр цагдаагийн ажилтан ирж танайхаас алдагдсан эд зүйл хураагдсан байгаа, цагдаагийн байгууллагад өргөдөл гарга гэхээр нь өргөдөл гаргасан юм. Дээрх алдагдсан хувцаснууд бол шинэ хувцаснууд байсан, 5 ширхэг богино өмд, 6 ширхэг даавуун эмэгтэй хүний өмд, 1 ширхэг нь 28,000 төгрөг, нийлээд 168.000, миний хэрэглэж байсан шинэвтэр цүнх, үнэ нь 20.000 төгрөг...” гэсэн мэдүүлэг. /хх103-104/,

Хохирогч Ш.Ундармаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэр баруун алтан өлгийн 32-535 тоот гэрээсээ өглөө 09 цагийн үөд гараад ажилдаа яваад орой 20 цагийн үөд гэртээ охины хамт буцаж ирсэн. Тухайн өдөр гэрээс манай охин Буянзаяа хамгийн сүүлд 15 цагт хаалга үүдээ цоожлоод гэрээсээ гараад над дээр ирсэн. Тэгээд охин бид хоёр орой 20 цаг 10 минутын уед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой нохой үүдэндээ байсан Тэгээд хашаа руу ороод хартал таамбарын цонх хагарсан, мансардны урд талын хаалга онгорхой жижиг  өрөөний гэрэл асаалттай, том өрөөний урд талын гэрэл бас асаалттай мансардны цонх хагархай, жижиг өрөөний хоёр давхар шилэн цонх хагархай байдалтай байсан /манай гэрийн гэрэл унтраастай байсан/. Байшингийнхаа гадна хаалгыг түлхүүрээрээ онгойлгож ороход үүдэнд байсан зүйлүүд эмх замбараагүй болсон дотор хаалгаа онгойлгоод ортол бүх зүйл эмх замбараагүй, пийшин дээр сандал гаргаад тавьчихсан пийшингийн харалдаа дээд тал хэсэг эвдэрч хэмхэрсэн. Том өрөөнд шүүгээ, савны хаалганууд бүгд онгорхой дотроос нь юмнууд гаргаж эмх замбараагүй хаясан байсан, мөн тэр хулгайч сервантан дээр байсан шампааскийг задалж уусан шинжтэй байсан, гадуур нь асгасан байсан, үлдсэн тал шил шампаанскийг том тольны өмнө тавьсан байсан. Тэгээд цагдаа дуудсан... Манайхаас дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг нэг нь арай жижиг хэмжээтэй  дээр үеийн хийцтэй 800.000 төгрөгөөр үнэлж байна, нөгөө гурван аяганы нэг нь “Туул зөрлөгийн хамт олноос дурсгав 2015 он 12 сарын 06” гэсэн бичигтэй орчин үеийн хийцтэй шинэ аяга 240.000 төгрөгөөр үнэлж байна, нөгөө хоёр аяга нь мөнгөлсөн зэс аяга байсан ямар нэг содон шинж тэмдэггүй нэгнийнх нь ёроолд нь Л үсэг зурсан байсан нэг ширхэгийг нь 60.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн булган малгай хоёр ширхэг эрэгтэй эмэгтэй, эрэгтэй нь саравчтай кепкерхүү загвартай, эмэгтэй нь баруун тапдаа гоёлын булган унжлагатай, урд хэсгээрээ 5-6 ширхэг цагаан шигтгээтэй 2014 оны өвөл нэг ширхэгийг нь 250.000 худалдан авч төгрөгөөр авч байсан, тэмээний ноосон маак 2 ширхэг, 2015 оны 11 дүгээр сард хүүхдийн тэмээний ноосон майкийг захаас 20.000 төгрөгөөр, том хүний майкийг 2007 оны үед их дэлгүүрээс 30.000 төгрөгөөр авч байсан хуучирсан эдлэгдсэн, энгэрийн баруун хэсэгтээ цоорхой байсан. Хүүхдийн сурагч үүрдэг эрэгтэй хүрэндүү бор,

ногоон өнгөтэй цүнх 2015 оны 08-р сарын сүүлээр 65.000 төгрөгөөр циркийн хажууд гарч байсан үзэсгэлэн худалдаанаас авсан. Мөн Скай А-770 маркийн гар утас цэнхэр гэртэй, дэлгэц нь хагарч цуурсан 2015 оны 11 дүгээр сард 100.000 төгрөгөөр Монтел төвөөс худалдан авч байсан, Монетон бөгж нэг ширхэг найзаасаа бэлгэнд авсан 60.000 төгрөгөөр үнэлж байна, хүүхдийн яст мэлхий хэлбэртэй хүзүүнд зүүдэг цагаан өнгөтэй цаг бэлгэнд одоогоос 10 орчим жилийн өмнө авч байсан үнэлж мэдэхгүй байна, тэмээний ноосон маакны халаасанд 6000 төгрөг байсан гэсэн. Мөн манай гэрт цонх, дээврээс авахуулаад зөндөө эвдрэл гэмтэл гарсан. Би урьд өгсөн мэдүүлэгтэй одон тэмдэг алдагдсан гэж мэдүүлсэн боловч гэрээс тухайн тэмдэгнүүд олдсон...” гэсэн мэдүүлэг. /хх151-153/,

Гэрч Э.Цолмон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...намайг гэртээ харихааар явж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч хэргийн газрын үзлэг хийж байна хөндлөнгийн гэрчээр оролцох хэрэгтэй байна гэж хэлээд нэр бичиж аваад үзлэг дууссаны дараа гарын үсэг зуруулсан. “...үзлэгийн тэмдэглэл уншиж танилцсан. Төв замын хажуу талын ногоон хаалгатай хашаан дотроо тоосгон улаан өнгийн 1 давхар байшингийн цонхоор хулгай орсон. Гэрийнх нь бүх зүйлийг ухаж, эд зүйлийг нь унагаасан, дээврийн өрөөнд гар утас зэрэг эд зүйл байсан. Хулгайчийн утас байх гээд зураг аваад үзүүлсэн унтарсан байсан байх. “...одоо санаж байгаагаар хулгайчийн байж болзошгүй гар утсыг дээврээс авсан гарын мөр бэхжүүлэн авсан, гарын мөр бэхжүүлж авсан санаж байна. “...нокиа маркийн саарал өнгийн гар утас байсан. Онцлог шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, хх-27/,

Гэрч М.Дагвадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би найзтайгаа явж байгаад цагдаагийн мөрдөн байцаагч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд айлын хашаанд үзлэг хийж байгаа гэж хэлээд хэргийн газарт дагуулж очсон. Тухайн үед Цолмон бид хоёрыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. “...уншиж танилцсан тоосгон улаан байшин байсан. Цонхоор нь хулгайч орсон байдалтай хагалсан байсан. Хувцас хунар эд зүйлийг нь сандаачсан дээврийн өрөөнд нь гар утас зэрэг эд зүйл байсан. Хулгайчийн утас байх гэж хэлээд зураг аваад үзүүлсэн унтарсан байсан. Гарын мөр нокиа маркийн гар утас зэргийг хураан авсан. “...саарал өнгийн нокиа байсан одоо сайн санахгүй байна шинжээч нь уутанд хийгээд авч байсан...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, хх-29/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх6-10/, эд мөрийн баримт хураан авсан тогтоол /хх-15/, эд зүйлийн үнэлгээ /хх20-21/, хохирогч Т.Баттогтохын мэдүүлэг /хх23-24/, гэрч Ч.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-26/, гэрч В.Саранчимэгийн мэдүүлэг /хх31-32/, шинжээчийн дүгнэлт /хх44-47/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх58-75/, эд зүйлийн үнэлгээ /хх-78/, хохирогч Т.Оюун-Эрдэний мэдүүлэг /хх79-81/, гэрч М.Цэнджавын мэдүүлэг /хх-82/, хохирогч Б.Бат-Эрдэний мэдүүлэг /хх103-104/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх105/, эд зүйлийн үнэлгээ /хх-106/, хохирогч Б.Бат-Эрдэний мэдүүлэг /хх103-104/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх114-124/, илтгэх хуудас /хх127/, эд зүйлийн үнэлгээ /хх133-134/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-135/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх138-140/, таньж олуулах ажиллааны тэмдэглэл /хх-141/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-146/, цагдаагийн хэлтсийн албан бичиг /хх147-150/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх144-145/, хохирогч Ш.Ундармаагийн мэдүүлэг /хх151-153/, гэрч Э.Цолмонгийн мэдүүлэг /2 хавтас, хх-27/, гэрч М.Дагвадоржийн мэдүүлэг /хх-29/, шинжээчийн дүгнэлт /хх-244/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Нарангэрэл нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжны 3 тоот хашаанд оршин суух иргэн Г.Баттогтохын гэрийн үүдний амбаарын цоожийг хөшин, орон байранд нэвтрэн орж, 40 ам.доллар, гар утас, эмэгтэй хүний мөнгөн эдлэл, гоёлын хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар байрны 1 давхарын 76 тоот орон сууцанд оршин суух иргэн Т.Оюун-Эрдэнийн гэрийн цонхоор нэвтрэн орж алт, мөнгөн аяга, үнэт эдлэл зэрэг эд хөрөнгийг хулгайлахыг завдсан,

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун Алтан-Өлгийн 32-535 тоотод оршин суух иргэн Ш.Ундармаагийн байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, хуучин цагийн мөнгөн аяга, мөнгөлсөн зэс аяга, булган малгай, монетон бөгж, скай А770 маркын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.956.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжны 504 тоот хашаанд амьдардаг Б.Бат-Эрдэний өвлийн байшингийн цонхоор нэвтэрч 313.000 төгрөгийн үнэ бүхий хувцас хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Нарангэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Нарангэрэлийг ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Нарангэрэлээс 2.249.000 төгрөгийг гаргуулж үүнээс 293.000 төгрөгийг хохирогч Г.Баттогтоход, 1.956.000 төгрөгийг хохирогч Ш.Ундармаад олгохоор шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Нарангэрэл нь урьд долоо удаа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хуульд зааснаар ялтай байх хугацаа өршөөгдсөн гэж шүүх дүгнэж түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Нарангэрэл нь хохирол төлбөр төлөөгүй нь ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Нарангэрэлд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Нарангэрэлд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь Б.Нарангэрэл нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Бурамсүрэнгийн Нарангэрэлийг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Нарангэрэлээс эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Нарангэрэлээс эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Нарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг мөн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж буюу Б.Нарангэрэлийн нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Нарангэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Нарангэрэлийн урьд цагдан хоригдсон 162 /нэг зуун жаран хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

           6.  Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нокиа маркийн 1 ширхэг гар утсыг хууль ёсны эзэмшигч Б.Нарангэрэлд, 1 ширхэг ноосон майкийг хууль ёсны эзэмшигч Ш.Ундармаад буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Нарангэрэлээс 2.249.000 /хоёр сая хоёр зуун дөчин есөн мянга/ төгрөгийн гаргуулж үүнээс 293.000 /хоёр зуун ерэн гурван мянга/ төгрөгийг хохирогч Г.Баттогтоход, 1.956.000 /нэг сая есөн зуун тавин зургаа мянга/ төгрөгийг хохирогч Ш.Ундармаад тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

       9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нарангэрэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР