Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1729

 

“Нэйшнлкашмер силк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01715 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Нэйшнлкашмер силк” ХХК,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

4 ширхэг автомат удирдлагатай сүлжээний машиныг төлбөрт хураан авч, худалдан борлуулах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Нэйшнлкашмер силк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Намере” ХХК-аас 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр авлагад тооцож ХБНГУ-д үйлдвэрлэсэн 4 ширхэг автомат удирдлагатай сүлжээний “Stoll” машиныг балансаас баланс руу шилжүүлэн худалдан авч өөрийн үйлдвэрийн байрандаа байрлуулан өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүн үйдвэрлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай үйлдвэрийн байранд ирж үйлдвэрлэл явуулж байгаа сүлжих машиныг “Намере” ХХК-ийн шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрт хураан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулан худалдан борлуулах ажиллагаа хийгдэж байна гэж мэдэгдлээ. “Нэйшнлкашмер силк” ХХК нь “Намере” ХХК-ийн өмнөөс төлбөрийг төлж барагдуулах үүрэггүй бөгөөд төлбөр авагч “Штолл Финансиал Сервис” ХХК-д төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, энэ талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөн, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, сүлжих машиныг “Намере” ХХК-ийн төлбөрт үндэслэлгүйгээр хураан авч дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийж байгаа нь хууль зөрчиж байгаа тул манай байгууллага гомдолтой байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Нэйшнлкашмер силк” ХХК-ийн ажлын байранд байрлаж байгаа тус компанийн өмчлөлийн автомат удирдлагатай сүлжих Stoll машиныг үндэслэлгүйгээр “Штолл Финансиал Сервис” ХХК-д төлөх төлбөрт худалдан борлуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 5465 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.5-т заасныг баримтлан “Намере” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 423 441 288 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, түрээсийн зүйл болох 4 ширхэг автомат удирдлагатай сүлжмэлийн Stoll машиныг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч “Намере” ХХК-д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар захирамжилсан.

Энэхүү шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч “Намере” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 22-01 тоотод шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 4 ширхэг автомат удирдлагатай сүлжмэлийн Stoll машиныг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны 140/01 тоот тогтоолоор битүүмжилж, компанийг үүсгэн байгуулагч Д.Ганбатад тогтоолын хувийг гардуулж, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй болохыг мэдэгдэж, хадгалалт хамгаалалтад үлдээсэн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 5465 тоот захирамжаар “Намере” ХХК-аас 367 513 646 төгрөг гаргуулж “Штолл финансиал сервис” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Намере” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй.

Төлбөр авагч “Штолл финансиал сервис” ХХК-ийн 4 ширхэг сүлжмэлийн Stoll машиныг төлбөртөө тооцон авахаар хүсэлт гаргасаны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Намере” ХХК-ийн менежер Г.Сэр-Од, ажилтан О.Отгонжаргал нарыг оролцуулж, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 140/02 тоот хураах тогтоолоор дээрх машинуудыг хурааж, компанийн хадгалалтад үлдээсэн. Төлбөр төлөгч “Намере” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Ганбатад хураагдсан эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэх тухай 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/29975 тоот мэдэгдлээр мэдэгдсэн боловч үнийн санал өгөөгүй. Иймд эд хөрөнгийг мэргэжлийн шинжээч томилон үнэлүүлэхэд шинжээч 353 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлсэн эд хөрөнгийг хөдлөх эд хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаанд 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй.

Эд хөрөнгийг төлбөр авагч “Штолл финансиал сервис” ХХК төлбөртөө тооцон авах хүсэлт дахин гаргаад байна. Санхүүгийн түрээсийн төлбөрт 367 513 646 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, хариуцагч энэхүү төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлснөөр 4 ширхэг автомат удирдлагатай Stoll машины хууль ёсны өмчлөгч болохоор шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд дурьдсан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар “Намере” ХХК-д өмчлөх эрх үүсээгүй бөгөөд өмчлөх эрх зөрчигдсөн үндэслэлээр нэхэмжлэгч “Нэйшнлкашмер силк” ХХК тус албанаас шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу хураах ажиллагаанд урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байгаагүй бөгөөд гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэгч “Нэйшнлкашмер силк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Нэйшнлкашмер силк” ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 4 ширхэг автомат удирдлагатай сүлжээний Stoll машиныг төлбөрт хураан авч, худалдан борлуулах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7284 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Нэйшнлкашмер силк” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу тус компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн тул шудрага шүүхээр зөрчигдсэн эрхээ хамгуулахаар гомдол гаргасан юм. Гэтэл шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгч хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйд гомдож байна

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Намере ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа манай компанийн эрх ашгийг зөрчсөн байна. Учир нь, Нэйшнлкашмер силк ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр “Намере” ХХК-аас 480 000 000 төгрөгөөр 4 ширхэг автомат удирдлагатай сүлжээний машиныг худалдан авч, хөрөнгө шилжүүлэх акт  үйлдэн, өөрийн өмчлөлд шилжүүлж үндсэн хөрөнгөдөө бүртгэсэн нотлох баримтуудыг хэрэгт баримтаар гаргаж өгсөөр байтал шүүх үүнийг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохигчдын маргааны үйл баримтад хамааралтай талаас нь дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Нэйшнлкашмер силк” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 4 ширхэг автомат удирдлагатай сүлжээний “Stoll” машиныг төлбөрт хураан авч, худалдан борлуулах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5465 дугаар захирамж, /хх 32-33/ мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3121 дүгээр гүйцэтгэх хуудас /хх 31/-т үндэслэн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Намере” ХХК-д холбогдуулан мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол /хх 35/ гаргаж, маргаан бүхий эд хөрөнгийг битүүмжлэх, хураах /хх 38-39, 48-49/ ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйийн 36.1.2, 36.2, 36.4, 36.5 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

            Улмаар маргаан бүхий эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх мэдэгдлийг /хх 52/ 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Намере” ХХК-д хүргүүлж, төлбөр авагчтай эд хөрөнгийн үнийг тохиролцох, хэрэв тохиролцож чадаагүй бол шинжээч томилуулан зах зээлийн ханшаар үнэлгээ хийлгэх тухай мэдэгдсэн зэргээс үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзнэ.

            Хариуцагч байгууллагаас битүүмжилж, хураасан 4 ширхэг автомат удирдлагатай сүлжээний “Stoll” машиныг “Намере” ХХК-аас “Нэйшнлкашмер силк” ХХК-д худалдсан талаарх 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний агуулгыг /хх 7/ үзвэл талууд гэрээний гол нөхцөл буюу худалдаж байгаа зүйлийн талаар тусгаагүй тул 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийгдээгүйд тооцох үндэслэлтэй тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Мөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Намере” ХХК-аас “Нэйшнлкашмер силк” ХХК-д явуулсан 42 тоот албан бичиг /хх 8/-т өмнө нь авсан 510 сая төгрөгийн зээлийн төлбөрт тооцож маргаан бүхий эд хөрөнгийг шилжүүлэхийг хүссэн байх боловч хэрэгт зээлийн гэрээ, уг мөнгийг шилжүүлсэн талаарх баримт авагдаагүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар “Нэйшнлкашмер силк” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.Отгонжаргал байхад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Эд хөрөнгө хүлээлцсэн акт”-д “Нэйшнлкашмер силк” ХХК-ийг төлөөлж Ц.Дуламсүрэн гарын үсэг зурсан, эрх бүхий этгээдээс компанийг төлөөлөх эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй байна. /хх 11/ Мөн уг актад “Намере” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан Д.Ганбат нь төлбөр төлөгчийг төлөөлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцохдоо уг сүлжих машиныг бусдын өмчлөлд шилжүүлсэн талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй, харин төлбөрийг барагдуулах талаар төлбөр авагчтай зөвшилцөх хугацаа олгохыг хүсч байсан нь  тэмдэглэлд тусгагджээ. /хх37, 56/

Дээр дурдсан баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзвэл 4 ширхэг автомат удирдлагатай сүлжээний “Stoll” машиныг “Намере” ХХК-иас “Нэйшнлкашмер силк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь хөдөлшгүй баримтаар тогтоогдоогүй, эргэлзээтэй байх бөгөөд шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Намере” ХХК-д холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн нотлох баримтыг үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                                    Ч.ЦЭНД

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ