Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2018/ДШМ/047

 

Г.Э, Г.З, Н.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******

Шүүгдэгч Г.Э, Н.Д

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЗ/509 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн 18 дугаар эсэргүүцлээр Г.Э, Г.З, Н.Д нарт холбогдох эрүүгийн 1714002230003 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигин овогт Г.Э, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер график дизайнер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2008 оны 3 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Монгол Улсын иргэн, Шарынхан овогт Н.Д, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Бүргээ овогт Г.З, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч, нягтлан бодогч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2013 оны 5 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Г.З, Н.Д нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Буян бааранд Г.Эг зодож бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Буян бааранд Н.Д, Г.З нарыг пивоны шил ашиглаж зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.З, Н.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар, Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Г.Э, Н.Д, Г.З нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан ажиллагаануудыг хийгээгүй гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

Үүнд:

1. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 543 дугаар дүгнэлтээр....Г.Эгийн биед баруун нүдний алимны битүү гэмтэл, баруун доод зовхинд цус хуралт, хамар, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэжээ. / хх-ийн 93-94/ гэжээ.

Гэтэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд Г.Зын үйлдсэн дээрх гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т ... энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж заасныг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн

2. Тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №142 дугаар шүүгчийн захирамжаар З.Эрдэнэсайханы үйлдлийг шалгуулахаар буцаасан бөгөөд уг захирамжид заагдсан ажиллагааг хийсэн боловч 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн № 11 дугаар прокурорын тогтоолоор З.Эрдэнэсайханд холбогдох үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль засан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны , гэм буруугийн зарчмуудыг баримталж ажиллах шаардлагатай бөгөөд шүүгчийн захирамжид заагдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг зөвтгүүлэх, үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр яллагдагч Г.Э, Н.Д, Г.З нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн /өдөр засвартай/ № 11 дугаар прокурорын тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1-д .. оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй... гэж заасан байхад оролцогч нарын эрхийг хангаагүй, шүүхэд хэргийг шилжүүлсэн буруу болжээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10-д заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай прокурорын хүсэлтийг хянан хэлэлцэх боломжгүй байна.

Улсын яллагч *******гийн бисэн 18 дугаар эсэргүүцэлд: Шүүгчийн дээрх захирамж нь үндэслэл бүхий болоогүй байна.

Учир нь яллагдагч Г.Э эрүүл мэндэд учирсан гэх баруун нүдний алимны битүү гэмтэл, баруун доод зовхинд цус хуралт, хамар, чамархайд зулгаралт гэмтэл нь яллагдагч Г.З, Н.Д нарын хэн хэний буруутай үйлдлийн улмаас учирсан байхад дан ганц Г.Зын нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж аль алинийх нь буруутай үйлдлээр гэж үзэхээр байхад дан ганц Г.Зын буруутай үйлдлээс үүссэн мэт үзсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хууль засан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Мөн 142 дугаартай шүүгчийн захирамжинд зааснаар З.Эрдэнэсайханы үйлдлийг прокуророос ял сонсгон хэрэгт холбогдуулан шалгаж түүний хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд З.Эрдэнэсайханы үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Прокурорын энэ шийдвэр нь үндэслэлгүй байна гэж үзсэн нь хууль зөрчсөн явдал юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд Прокурорын бүрэн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд тухайн эрхийнхээ дагуу хэрэгт З.Эрдэнэсайханыг яллагдагчаар татан шалгаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчилсан хууль ёсны, шударга ёсны зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзсэн үндэслэлгүй юм.

Прокуророос шүүгчийн захирамжийн дагуу хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэгт шийдэл гарган З.Эрдэнэсайханы үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан Прокурорын бүрэн эрх, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд заасан Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гарах шийдвэрт зэрэгт хөндлөнгөөс нөлөөлж буй гэж үзэхээр байна.

Мөн шүүхээс хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн тал бүрээс нь үнэлээгүй, тухайн нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-д зааснаар дээрх нотлох баримтуудыг тал бүрээс бодитоор шинжлэн судалж аль нь ямар учраас прокурорын шийдвэрийн үндэслэл болж буйг тогтоогоогүй, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж үнэлээгүй гэж үзэхээр байна.

Иймд Г.З, Н.Д, Г.Э нарт холбогдох хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 509 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Г.З, Н.Д нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Буян бааранд Г.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Буян бааранд Н.Д, Г.З нарыг пивоны шил ашиглаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.З, Н.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Г.Эы биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 543 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан байхад дээрх гэмтлийг хэн учруулсныг тогтоож, буруутай этгээдэд ял сонсгож, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэлгүй орхигдуулж, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн,

Мөн З.Эрдэнэсайханд холбогдох үйлдлийг прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж буй талаар дурдаж хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжид дурдагдсан дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт “Нотолбол зохих байдал”-д хамаарч байгаа буюу зайлшгүй хийгдвэл зохих ажиллагаанууд байх бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэвээр үлдээн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЗ/509 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагч *******гийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №18 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

         ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

                                Г.УЛАМБАЯР