Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2016/0298

 

“Мондулаан трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий, Д.Цэцэгсүрэн, хариуцагч Ш.Цогзолмаа, Т.Баасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Мондулаан трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.3, 1.6, 1.10, 1.7 дах заалтын бусдад олгосон 20,000,000 төгрөгийн төлбөрт татвар ногдуулахтай холбоотой хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулах, дээрх заалтаас бусад заалтаар ногдуулсан нийт 147,497,925.8 төгрөгийн торгууль, 124,591,519.1 төгрөгийн алданги, 16,365.1 төгрөгийн хүүг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан уг хариуцлагаас чөлөөлүүлэх, мөн дээрх заалтуудаас гадна бусад заалтаар нөхөн ногдуулсан 450,151,311.2 төгрөгийн татварын төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулж өгнө үү.

Тус компани нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Бернапартнер” ХХК-тай ашигт малтмалын хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний ажлын гүйцэтгэлд төлөх хөлсийг тухайн компанитай харилцан тохиролцсоны дагуу шатахуунаар төлсөн болно. Компани 27,521,091.8 төгрөгийн шатахууныг борлуулаагүй, харин ажлын хөлсний төлбөрийн хэлбэрээр компанид шилжүүлсэн болно.

Банкнаас авсан зээлийн зориулалт нь тус компанийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй, “Хишигтэн нүүдэлчин” ХХК-тай хамтран авсан боловч “Мондулаан трейд” ХХК нь дангаар ашигласан тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчөөгүй болно.

Тус компанийн ашигт малтмалын ашиглалтын талбайн зааг дотор байсан иргэн Д.Үүрийнбаярын өвөлжөөний нөхөн төлбөрт төлсөн төлбөр нь компанийн гэм буруутай үйл ажиллагаатай хамааралгүй бөгөөд харилцан тохиролцож бусдад олгосон нөхөн төлбөр тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.8.2 дах заалтыг зөрчөөгүй болно.

2010 онд ашигт малтмалын ашиглалтын 332А, 379А, 397А тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу дээрх тусгай зөвшөөрөлтэй талбайн уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт худалдан авсан болно. Тусгай зөвшөөрөл худалдан аваагүй...” гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Шатахуун өгсөн гэдгийг арилжааны гэрээний үйл ажиллагаа гэж үзээд 2012 онд 4,826,359.8 төгрөгийн, 2013 онд 22,694,732.0 төгрөгийн нийт 27,521,091.8 төгрөгийн шатахууны борлуулалтын орлогод татвар ногдуулаагүй нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-д үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн.

“Мондулаан трейд” ХХК нь Хаан банкнаас авсан зээлээ өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, Хишигтэн нүүдэлчин компанийн үйл ажиллагаа болох үхрийн фермерийн үйл ажиллагаанд зарцуулсан мөртлөө 2012 онд 8,724,332.3 төгрөгийн, 2013 онд 60,326,075.4 төгрөгийн нийт 69,050,407.7 төгрөгийн зээлийн хүүгийн зардлыг илүү тооцон, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зээлийн хүү, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн.

Өвөлжөөний нөхөн төлбөрийн тухайд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.2-т Албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн.

“Мондулаан трейд” ХХК нь 2010 онд ашигт малтмалын ашиглалтын 332А, 379А, 397А дугаар тусгай зөвшөөрлийг “Ти энд Чи” ХХК-иас худалдан авахдаа ямар нэгэн хөрөнгийн хамт худалдаж аваагүй бөгөөд тус компани нь “Ти энд Чи” ХХК-д шилжүүлсэн орлогоос Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татварыг суутган авч, төсөвт төлөөгүй тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т Эрх борлуулсны орлого, 8.2-т эрх борлуулсаны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлсэнээс олсон орлогыг хамааруулна, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5-д эрх борлуулсны орлого, 17 дугаар зүйлийн 17.2.7-д эрх борлуулсаны орлогод 30 хувиар гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. Дээрх актын бүх нөхөн татвар, алданги, хүү, торгууль нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон өршөөлийн тухай хуульд хяналт шалгалтаар ногдуулсан төлбөр хамрагдах боломжгүй юм.” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.8.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын 1.3, 1.6, 1.7 дахь хэсгээр ногдуулсан нөхөн татвар 26,961,787.34 төгрөг, торгууль 8,088,537.6 төгрөг, алданги 4,443,512.2 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д тус тус заасныг баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын 1.10 дахь хэсгээр нөхөн татвар 256,356,960.0, торгууль 76,907,088.0, алданги 128,178,480.0 төгрөг ногдуулсныг нотлох баримтад тулгуурлан шалгасны үндсэн дээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д тус тус заасны дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар торгууль 148,152,250.7 төгрөг, алданги 125,310,753.1 төгрөг, хүү 16,365.1 төгрөг төлүүлэхээр ногдуулсныг өршөөн хэлтрүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК-ийн актын үлдэх нөхөн ногдуулсан татвар 449,332,398.86 төгрөгийн төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ:

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч нь "Бернапартнер" ХХК-тай "Өрмийн ажил гүйцэтгэх гэрээ" хийж, гэрээний ажлын хөлсний нэг хэсгийг мөнгөөр, үлдэх хэсгийг түүхий эд материал буюу шатахуунаар төлсөн. "Мондулаан трейд" ХХК нь "Бернапартнер" ХХК-ийн хөлсөнд өгсөн шатахууныг тус компанийн оператор компани болох "Уул уурхайн үндэсний олборлогч" ХХК-ийн шатахуун түгээх станцаас олгосон. Ажлын хөлсөнд хүлээн авсан шатахууны үнийг "Мондулаан трейд" ХХК нь "Бернапартнер" ХХК-ийн хооронд гэрээ дүгнэсэн актад оруулан суутган тооцсон байна. Мөн "Уул уурхайн үндэсний олборлогч" ХХК нь "Бернапартнер" компанид өгсөн шатахууны үнийг "Мондулаан трейд" ХХК-иас авах авлагад оруулан тооцсон. Дээрх тооцоо нь байгууллагын өглөг, авлагын тооцооны дэлгэрэнгүй журналаар нотлогдоно. Шатахууны борлуулалт гэдгийг шатахуун борлуулагч компаниас шатахуун худалдан авсанаар ойлгох нь өрөөсгөл ойлголт юм. Шатахуун борлуулдаггүй компани нь ч гэсэн өөрийн бараа материалын үлдэгдэлд байгаа шатахууныг борлуулах тохиолдол байна. Энэ тохиолдолд шатахуун борлуулагч компанийн хувьд борлуулж байгаа шатахууны борлуулалт нь үндсэн үйл ажиллагааны, харин шатахуун борлуулдаггүй компанийн хувьд туслах үйл ажиллагааны орлого болно.

"Мондулаан трейд" компани нь мах, сүүний чиглэлийн үхрийн фермерийн төслийн зориулалтаар зээл аваад авсан зээлээ "Хишигтэн нүүдэлчин" компанид өгсөн. Уг зээлийг "Хишигтэн нүүдэлчин" компани тухайн төсөлд зарцуулсан. "Мондулаан трейд" компани, "Хишигтэн нүүдэлчин" компани нь тусдаа бие даасан хуулийн этгээд бөгөөд тус тусдаа санхүү, татварын тайлан гаргаж, харъяалах албандаа тайлангаа тушаадаг. Тиймээс "Мондулаан трейд" ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа банкнаас авсан зээлийг зарцуулж, зарцуулсан зээлийн хүүгийн зардлыг зөвшөөрч бүртгэсэн бол хууль зөрчөөгүй. Харин банкнаас авсан зээлээ "Хишигтэн нүүдэлчин" ХХК-д өгсөн ч гэсэн, уг зээлтэй холбогдон гарсан хүүгийн зардлыг уг компани нь зээлийн хүүгийн зардлаар бүртгэж, тайлагнах ёстой. Өөрөөр хэлбэл зээлийг хэн нь үйл ажиллагаандаа ашиглаж байна, тэр нь зээлтэй холбоотой хүүгийн зардлыг бүртгэх үүрэгтэй. Бид тус компанийн нягтлан бодох бүртгэлийн дансны дэлгэрэнгүй журнал, зээлийн хүүгийн зардал, дансны гүйлгээний утга, нягтлан бодох бүртгэлийн дансны бичилт зэргийг үндэслэн хариуцлага тооцсон.

Иймээс Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.7. зээлийн хүү, мөн хуулийн 14 дүгээр зүйл 14.1-д “Энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэсэн нь компанийн өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой зээлийн хүүг л хасагдах зардалд оруулан тооцохоос биш, бусад татвар төлөгчийн зээлийн хүүгийн зардлыг хасагдах зардалд оруулан тооцохгүй тул хариуцлага тооцсон болно.

Малчны өвөлжөө байрласан эзэмшилд тусгай зөвшөөрөл олгоогүй бол малчин тав тух алдахгүй, өвөлжөөгөө нүүлгэх, малаа өөр газар бэлчээрлүүлэх шаардлага гарахгүй байсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т эрх борлуулсаны орлого, 8.2-т эрх борлуулсаны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлсэнээс олсон орлогыг хамааруулна, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5-д эрх борлуулсаны орлого, 17 дугаар зүйлийн 17.2.7-д эрх борлуулсаны орлогод 30 хувиар гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. Шүүхийн шийдвэрт дурдсан 300,000.00 ам.доллар буюу 430,664,000.00 төгрөгийн 10 хувь буюу 43,064,400.00 төгрөгийн татварыг төлсөн гэдгийг нотлогдоогүй байхад улсын байцаагч нар эрх борлуулсан орлого нь хэдэн төгрөг байснаас хэдэн төгрөг суутган төлөх ёстойг дахин тодруулан, шалгасны үндсэн дээр акт тогтоох нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн боловч зарим нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт орууллаа.

1. Нэхэмжлэгч нь “Бернапартнер” ХХК-иар ажил гүйцэтгүүлсний хөлсийг /зарим хэсгийг/ шатахуунаар төлснийг шатахуун борлуулсан гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн татварын улсын байцаагчийн акт үндэслэлгүй байна. Учир нь “Бернапартнер” ХХК нь “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн шатахуун түгээх станцаас шатахуун авсан, харин үнийг нь нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК төлөхөөр санхүүгийн бүртгэлд тусгасан, “Мондулаан трейд” ХХК нь тухайн шатахууныг худалдан авч борлуулаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг “шатахуун борлуулсан орлогодоо татвар ногдуулж төлөөгүй” зөрчил гаргасан гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч нь ХААН банкнаас бусадтай хамтран авсан зээлээ өөрийн үндсэн үйл ажиллагаандаа ашиглаагүй, харин “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн фермерийн үйл ажиллагаанд зарцуулсан атлаа зээлийн хүүгийн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцсоныг зөрчил гэж үзсэн татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл фермерийн үйл ажиллагаа явуулдаггүйгээс гадна зээлийг зэрэгцээ[1] компани болох “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн, өөрөөр хэлбэл авсан зээлээ өөрийн үйл ажиллагаанд зарцуулаагүй байх тул уг зээлийн хүүгийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасах үндэслэлгүй. Татварын улсын байцаагч нар “Мондулаан трейд” ХХК-ийн үйл ажиллагаандаа ашиглахаар өөрийн нэр дээр авсан зээлээ өөр компаний үйл ажиллагааг санхүүжүүлж, зээлийн хүүг өөрөө төлж байгааг нь буруутгаагүй, харин уг зээлийн хүүг өөрийн татвар ногдох орлогоос хасч тооцсоныг зөрчил гэж үзсэн, мөн нэхэмжлэгч нь уг зээлийг өөр компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй гэж маргаагүй байхад анхан шатны шүүх “зээлдүүлэгч болон зээлдэгчийн хооронд үүссэн харилцаанд татварын улсын байцаагч хөндлөнгөөс оролцсон”, “өөрийн үйл ажиллагаандаа ашигласан эсэхийг тогтоолгүй ... акт тогтоосон” гэж буруу дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй болжээ.

3. Нэхэмжлэгч нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байрлаж байсан иргэний өвөлжөөг талбайгаас гаргуулахаар тохиролцож өгсөн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусдад өгсөн хохирлыг нөхөн төлсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.2-т “албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр албан татвар ногдох орлогоос үл хасагдана” гэж заасныг зөрчсөн гэсэн татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... малчны өвөлжөө байсаар атал тусгай зөвшөөрөл олгосон нь бусдад учруулсан хохирол гэж үзэхээр байна” гэх боловч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төрийн захиргааны байгууллага олгодог тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа татварын улсын байцаагчийн актаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байхад Хувь хүний орлогын албан татварын тухай хууль хэрэглэсэн нь буруу байна.

4. Нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК нь “Ти энд Чи” ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын 332А, 379А, 397А дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч өөрийн санхүүгийн бүртгэлд “биет бус хөрөнгө 854,523,200 төгрөг” гэж бүртгэжээ. Татварын улсын байцаагч нар акт гаргахдаа уг үнийн дүнгээр эрх борлуулсны орлогод татвар суутган аваагүй гэж үзсэнийг нэхэмжлэгч нь “... тусгай зөвшөөрлийг шилжүүлж аваагүй, зөвхөн техник хэрэгсэл, баримт бичиг худалдан авсан байхад эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутган аваагүй гэсэн нь үндэслэлгүй” гэж маргажээ. Анхан шатны шүүх уг үйл баримт буюу эрх борлуулсан гэж үзэх эсэхэд дүгнэлт хийлгүй эрх борлуулсны орлогын хэмжээ нь гэрээ болон санхүүгийн бүртгэлд тусгагдсантай зөрүүтэй байдлыг шалгасны үндсэн дээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн санхүүгийн бүртгэлд бүртгэхдээ хайгуул хийсэн зардлаа нэмсэн гэх талаарх баримт ч мөн хэрэгт авагдсан бөгөөд шүүх хэмжээний зөрүүтэй байдлыг хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж заажээ.

Үүнээс үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчээс уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт худалдаж авах нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахад хангагдах урьдчилсан нөхцөл бөгөөд энэ нөхцлийг хангасан тохиолдолд төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авдаг байх тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ти энд Чи” ХХК нь тусгай зөвшөөрөл буюу ашигт малтмал ашиглах эрхээ нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК-д борлуулсан гэж үзнэ. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу “Ти энд Чи” ХХК-ийн уг эрхүүдийг борлуулсны орлогод 30 хувиар албан татвар ногдуулж суутган төлөөгүйг зөрчил гэж үзсэн татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн “эрх борлуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “... Ашигт малтмалын нөөц мэдээ, мэдээлэл худалдан авах гэрээ байгуулж 300,000 доллар буюу тухайн үеийн ханшаар 430,664,000 төгрөгт ногдох 10 хувийн татвар төлсөн, уг үнэ дээр эхний жил хийсэн хайгуулын ажлын зардал 300 гаруй сая төгрөгийг нэмээд 854 саяар санхүүгийн бүртгэлдээ бүртгэсэн ...” гэж тайлбар гаргасан боловч хэрэгт хавсарган ирүүлсэн “Мондулаан трейд” ХХК нотлох баримт” гэсэн хавтсанд авагдсан тусгай зөвшөөрлүүд нь нэхэмжлэгчийн нэр дээр шилжээгүй, “Мондулаан трейд” ХХК-ийн 2009 онд явуулсан хайгуулын нарийвчилсан ажлын зардлын тооцоонд тусгагдсан 326,813.43 төгрөгийг дээрх 430,664,000 төгрөг дээр нэмэхэд ч санхүүгийн бүртгэлд бүртгэсэн дүнтэй тохирохгүй байна. Түүнээс гадна уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн аваагүй байхдаа тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийх боломжгүй бөгөөд “хайгуулын ажлын зардал нь эрх борлуулсны орлого дээр нэмэгдэх үндэслэлгүй, санхүүгийн тайланд хайгуул үнэлгээний зардлыг тусад нь тайлагнадаг” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч урьд нь “Ти энд Чи” ХХК-д шилжүүлсэн зарим орлогод 10 хувийн татвар 43,066,400 төгрөг ногдуулан суутган авч төсөвт төлсөн бол хариуцагчийн тайлбарласнаар Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу татварын албанд баримтаа өгч төлбөрөөсөө хасч, зөрүүг төлөх боломжтой байна.

Харин татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “татвар суутгагч ... шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх” гэж заасны дагуу зөвхөн татварыг нөхөн төлүүлэхээр байхад Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан татвар төлөгчид ногдуулах хариуцлагыг ногдуулсан нь үндэслэлгүй байх тул актын тухайн зөрчилд 76,907,088.0 төгрөгийн торгууль, 18,529,059.0 төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5. Шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг татварын улсын байцаагчийн актаар тогтоосон хариуцлагаас чөлөөлсөн нь зөв байх бөгөөд нэхэмжлэлийн 2, 4 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөнтэй холбогдуулан уг зөрчилд ногдуулсан хариуцлагаас нэхэмжлэгчийг чөлөөлөх нь зүйтэй байна.

6. Нэхэмжлэгчийн “... актаар тогтоосон бусад нөхөн татварыг Эл тод байдлыг дэмжих хуулийн дагуу чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг шүүх шууд хэрэглэж тайланг хүлээн авч татвараас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага биш тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь зөв байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн:

“1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 12 дугаар зүйлийн 12.8.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д зааснаар “Мондулаан трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар тогтоосон төлбөрөөс 13,004,600 төгрөгийн нөхөн татвар, 80,471,169.9 төгрөгийн торгууль, 130,252,987.2 төгрөгийн алданги, нийт 223,728,757.1 төгрөгийн төлбөрийг багасган, актаар тогтоосон төлбөрийг 722,646,546.2 төгрөгийн нөхөн татвар, 152,676,706.1 төгрөгийн торгууль, 127,679,758.1 төгрөгийн алданги, 16,365.1 төгрөгийн хүү, нийт 1,003,019,375.5 төгрөгөөр тогтоосугай” гэж, 3 дахь заалтыг:

“2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан “Мондулаан трейд” ХХК-ийг Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар тогтоосон 152,676,706.1 төгрөгийн торгууль, 127,679,758.1 төгрөгийн алданги, 16,365.1 төгрөгийн хүү, нийт 1,003,019,375.5 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 4, 5 дахь дугаарыг 3, 4 болгон тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ

 


[1] Мон дулаан трейд ХХК болон Хишигтэн нүүдэлчин ХХК-иуд нь Нүүдэлчин ХХК-ний охин компаниуд.