Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00744

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багт оршин суух, Боржигон овогт Дашдоржийн Пүрэвсүрэн /РЗ57071915/-ийн хүсэлттэй

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2017/00664/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би бага насандаа эцэг эхийгээ дагаж хөдөө мал маллаж байгаад 1975 оны 2 сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан Од” нэгдэлд анх малчнаар томилогдон ажиллаж байгаад 1975 оны 5 сарын 17-ны өдрөөс 1978 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл цэргийн албанаас халагдаж нутагтаа ирсэн. Улмаар 1978 оны 7 сарын 1-ний өдрөөс Рашаант сумын “Улаан Од” нэгдэлд малчнаар томилогдон ажилласнаас хойш 1993 оны 6 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус нэгдэлдээ малчнаар тасралтгүй ажилласан.

Би одоо 60 нас хүрч байна, өндөр настны тэтгэвэрийн материалаа бүрдүүлэх гэж сумын болон аймгийн архивт хандсан боловч миний ажиллаж байсан байдлыг тодорхойлох ажилд томилсон, чөлөөлсөн зэрэг тушаалууд огт олдоогүй. Рашаант сумын Засаг даргын тамгын газрын архивт удаа дараа хандаж байж цалин хөлсний 70-р дансаас миний ажиллаж, цалин хөлс тооцуулан авч байсан баримтыг минь шүүж хуулбарлан гаргаж өглөө. Би бага наснаасаа эцэг эхээ даган нэгдэлд мал маллан ажиллаж хөдөлмөрлөж байсан. Намайг ажиллаж байхад хамт ажиллаж байсан ажилчид, төрөл төрөгсөд бүгд намайг Дашдоржийн Пүрэв гэж нэрлэдэг байсан, энэ нэрээр надад нэгдлийн захиргаанаас цалин хөлс олгохдоо Д.Пүрэв нэрээр бичиж цалин хөлс олгодог байсан байна. Энэ байдлыг би тухайн үед ч огт анзаараагүй, тэгээд ч хөдөө мал малладаг, цалингаа аваад л явдаг, эдгээр бичиг баримтууд дээр миний нэрийг дутуу бичиж байсан талаар огт мэдээгүй, хожим ямар нэг үр дагавар үүснэ гэдгийг ч төсөөлөөгүй. Мөн надад нэгдлийн захиргаа, хороо. зөвлөл, сумын  намын хороо зэргээс миний хийсэн ажлыг үнэлж шагнал урамшуулал олгохдоо ч гэсэн Д.Пүрэв гэж зарим баримтууд дээр нэрийг минь дутуу бичиж олгож байсан байна.

Иймд Дашдоржийн Пүрэвсүрэн намайг Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний цэснээс хийсэн хуулбар, баярын бичгүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдлийн 1 дүгээр бригадад 1975 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж хөдөлмөрлөж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ах Пүрэвсүрэн нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 1 дүгээр бригадад 1975 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 31-ний  өдрийг  хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан тул дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн хөдөлмөрийн дэвтэр нь нь Дашдоржийн Пүрэв гэдэг нэрээр олгосон зөрчилтэй байх тул Дашдоржийн Пүрэвт нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дашдоржийн Пүрэвсүрэн мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Пүрэвсүрэн нь тус шүүхэд эрх олгосон баримт бичгийн буюу Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дашдоржийн Пүрэвт нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дашдоржийн Пүрэвсүрэн  мөн болохыг тогтоолгох,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдлийн 1 дүгээр бригадад 1975 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-нй өдрийг хүртэл хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Дашдорж овогтой Пүрэвт Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дашдорж овогтой Пүрэвсүрэн мөн болох нь Боржин овогт Дашдоржийн Пүрэвсүрэнгийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0760195 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын 2010 оны 09 сарын 11-ний өдрийн 0535971 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ц.Балжинням, Л.Сүхбаатар, П.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн Д.Пүрэвсүрэн нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдлийн 1 дүгээр бригадад 1975 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан болох нь Дашдорж овогтой Пүрэвт 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашааант сумын Улаан-Од нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар дансны хуулбарууд, 1984 оны 07 сарын 10,  1985 оны 07 сарын 11, 1988 оны 02 сарын 09, 1989 оны 10 сарын 30, 1991 оны 07 сарын 11-ний өдрүүдэд шагнагдаж байсан Баярын бичгүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1982 оны 07 сарын 01-ний өдрийн Хүндэт жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 07 сарын 06-ны өдрийн 23 дугаартай “Рашаант сумын Улаан-Од нэгдлийг хувьчлах тухай” тогтоолын хуулбар, гэрч Ц.Балжинням, А.Цэцэгмаа нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дашдорж овогтой Пүрэвт нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржин овогт Дашдоржийн Пүрэвсүрэн /РЗ57071915/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржин овогт Дашдоржийн Пүрэвсүрэнгийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан од” нэгдлийн 1 дүгээр бригадад 1975 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус хоньчноор ажиллаж  байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН