Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00737

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 21-7б тоотод оршин суух, Хоньт овогт Чүлтэмийн Батбаяр /РЮ57111770/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2017/00676/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн П.Ундрах, нэхэмжлэгч Ч.Батбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чүлтэмийн Батбаяр нь 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар ажилд орсон юм. Ингээд хөдөлмөрийн дэвтэр авахад тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр олгосон хүн нь миний овгийн эхний үсэг буюу Чүлтэмийн Батбаяр гэхийн оронд Цүлтэмийн Батбаяр гэж андуурч бичсэн байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх эцгийн нэр өөр бичигдсэнийг залруулах шаардлагатай гэсний дагуу шүүхэд хандсан. Иймд Цүлтэмийн Батбаярт олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чүлтэмийн Батбаяр мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Батбаяр нь тус шүүхэд эрх олгосон баримт бичгийн буюу Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Цүлтэм овогтой Батбаярт Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрээс 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чүлтэм овогтой Батбаяр мөн болох нь Хоньт овогт Чүлтэмийн Батбаярын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын 2010 оны 09 сарын 11-ний өдрийн 0535971 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс Чүлтэм овогтой Батбаярт 1975 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгосон №320342 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Л.Сүхбаатар, П.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрээс 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цүлтэм овогтой Батбаярт нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хоньт овогт Чүлтэмийн Батбаяр /РЮ57111770/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН