Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00732

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1955 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух, Жорвон овогт Гарамын Уртнасан /РЯ55031314/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 155/2017/00632/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Г.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Уртнасан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Урандөш кино театрын харъяа Тосонцэнгэл сумын киномеханикчаар 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан. Урандөш кинотеатрын захиргаа 1993 онд тарж киномеханикчуудыг Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт харъяалуулсан юм. Тухайн үед ажиллаж байхдаа би хөдөлмөрийн дэвтэр нээлгээгүй байж байгаад сүүлд 1991 онд нээлгэсэн юм. Гэтэл нийгмийн даатгалын хэлтсээс хяналтын шалгалт хийж миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй тул шүүхэд хандаж улсад ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсний дагуу би хүсэлт гаргасан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Уртнасан нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Урандөш кино театрын харъяа Тосонцэнгэл сумын киномеханикчаар 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Уртнасан нь Хөвсгөл аймгийн Урандөш кино театрын харъяа Тосонцэнгэл сумын киномеханикчаар 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь Гарам овогтой Уртнасанд Урандөш кино театрын захиргаанаас 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний шагнагдаж байсан талаарх 1985, 1986, 1988, 1989, 1990 онуудад авч байсан баярын бичиг, дидплом, гэрч Ч.Нямжав, Д.Жамсранжав нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жорвон овогт Гарамын Уртнасангийн Хөвсгөл аймгийн Урандөш кино театрын харъяа Тосонцэнгэл сумын киномеханикчаар 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН