Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2001 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

Т.Эд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тунгалаг

Өсвөр насны шүүгдэгч Т.Э

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Эд холбогдох эрүүгийн 1714002030138 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Чимэддорж овогт Т.Э, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Т.Э нь бага насны хүүхэд Ж.Т, Г.Д нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Мөнх мандах жаргалан” хүнс барааны дэлгүүрт 2017 оны 9 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 350.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Чимэддорж овогт Т.Эг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д -т зааснаар өсвөр насны шүүгдэгч Эд гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан товч нэг ширхэг, бахь нэг ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Э гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Т.Э Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна. Надад шүүхээс дээрх тогтоолоор нэг жилийн хорих ял оногдуулсан. Би сая Баянговь сумын 9 жилийн дунд сургуулийг төгссөн 15 настай, би хүүхдүүдтэй нийлж болохгүй, хүүхдүүдийн үгэнд орж энэ хэрэгт орсондоо маш их гэмшиж байна. Цагдан хоригдож байгаа энэ хугацаандаа ээжийгээ бодож өдөр болгон маш их уйлж байна. Миний ээж унаж татдаг тархины өвчтэй. Би ээжтэйгээ хамт амьдарч түүнд тус нэмэр болдог байсан боловч одоо ээжтэйгээ уулзаж чадахгүй хоригдохгүй байна. Би том болоод эрдэм ном ихээр сурч улс эх орондоо ихийг бүтээсэн хэрэгтэй хүн болмоор байна. Би ирэх намар 10 дугаар ангид суралцахаар аймгийн төвд ирэх байсан боловч бүтэн жил сургуульд сурч чадахгүй болчихлоо. Би маш ихээр гэмшиж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Би цонхоор ороогүй ч гэсэн цонхоор орсон хүүхдүүд хүн харж өгсөн нь миний буруу юм байна гэдгийг маш сайн ойлгосон, миний буруу гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Эгийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Т.Э нь 2003 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд одоо 15 нас 3 сартай. Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид сурапцаж төгссөн. Одоо 10 дугаар ангид дэвшин суралцах эрхээ авсан уралдаан тэмцээнд анги хамт олноо манлайлан оролцдог тэргүүний сурагч юм.

Тэрээр үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө нөхөн төлсөн гэм буруугаа гэмшиж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Т.Э нь ээж Тунгалагийн хамт ам бүл хоёулаа амьдардаг бөгөөд ээж Тунгалаг тархины хүнд гэмтлийн улмаас байнга унаж татдаг, бусдын асаргаанд байх шаардлагатай. Т.Э нь суралцахын сацуу ээжийнхээ асран халамжлагч нь юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Т.Э нь гэмт хэргийг санаачлан оролцоогүйгээс гадна насанд хүрээгүй хүүхдүүдийн санаачлагаар үйлдсэн гэмт хэрэгт татагдан хамтран оролцсон байдаг билээ. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2015 оны Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн хүнд гэснийг Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэж өөрчилсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасны дагуу хуулийг хэрэглэж, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан өсвөр насны шүүгдэгч Т.Эд оногдуулсан ялыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг түүний хувийн болон ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан хуульд заасан бусад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хэрэглэж өгнө үү гэж энэхүү гомдлоо гаргаж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Т.Э нь бага насны хүүхэд Ж.Т, Г.Д нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Мөнх мандах жаргалан” хүнс барааны дэлгүүрт 2017 оны 9 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 350.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч *******/хх-ийн 22-26 дугаар тал/, гэрч Ч.Түвшинчимэг/хх-ийн 27-31 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч Ж.Т/хх-ийн 38-39 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч Г.Д/ хх-ийн 40-41 дүгээр тал/, иргэний хариуцагч Ч.Тунгалаг / хх-ийн 44-45 дугаар тал/ нарын мэдүүлгүүд болон Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Т.Эгийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдан 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хэрэгжсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өсвөр насны шүүгдэгч Т.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэж, өсвөр насны шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

41 дэх заалт болгон “Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Э нь 2018 оны 6 дугаар сарын 13-наас 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагдан хоригдож байгаа өсвөр насны шүүгдэгч Т.Эг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                           ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

                                                  Г.УЛАМБАЯР