Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 082

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр  багийн оршин суугч Санырау  овогт А.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтcийн даргад холболдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “К.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Б, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би нөхөр болох Б.Ктэй 40 гаруй жил ханилсан бөгөөд хань маань энэ оны 4 дүгээр сард нас барсан билээ. Бид отгон хүү Б.Нын  охин Мыг 2017 онд тодорхой шалтгааны улмаас хуулийн дагуу үрчлэн авч, Өлгий сумын Засаг даргаар А/167 дугаар  захирамж гаргуулан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн төрсний гэрчилгээг нь шинээр авч асарсан юм. Хүү Б.Н, бэр О.О нар тухайн үед ажил төрөлгүй, орох орлогогүй, олон сар хоногоор хөдөө сум, аймгуудаар явж, хөлсний ажил хийдэг, хүүхэд асрах боломжгүй байсан учраас өвгөн бид хоёр аргагүйн эрхэнд үрчлэн авч асрах болсон юм. Нөхөр маань нас барсны дараа К.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр хариуцсан байцаагчид өргөдөл гаргаж, холбогдох бичиг баримтын хамт өгөхөд тэрээр үрчлэгч нь тухайн үед тахир дутуугийн тэтгэврийг 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтаар авч байсан, амьсгалын замын өвчтэй учир үрчлэлт буруу хийгдсэн гэж тэтгэвэр тогтоохоос татгалзсан. Миний нөхөр Дархан хотын цементийн үйлдвэрт цахилгааны инженерээр ажиллаж байгаад орчны тоосжилтын улмаас мэргэжлээс шалтгаалах өвчний группэд гарсан болохоос халдварт өвчтэй байгаагүй, мөн хэвтэрт ороогүй, асаргаа шаардаагүй юм. Хууль ёсны дагуу үрчлэлт хийгдсэнийг Нийгмийн даатгалын хэлтсийн  байцаагч нар хүчингүй гэж үзэж, улмаар тэтгэвэр тогтоохоос татгалзах эрх зүйн үндэслэл үгүй билээ. Иймд уг асуудлыг шалган үзэж К.Мд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Сын нөхөр Б.К нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан. Тэд 2017 оны 04 дүгээр сард Өлгий сумын Засаг даргад хүсэлт гаргаж, Н.М гэдэг ач охиноо төрүүлсэн эцэг, эхийн зөвшөөрлөөр үрчилж авсан байна.

Б.К нас барсны дараа К.Мд тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан. Гэвч тэтгэвэр, тэтгэмж хариуцсан байцаагч нь тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн учраас Нийгмийн даатгалын хэлтсийн даргад өргөдөл гаргасан. Нийгмийн даатгалын байгууллагаас Б.Кийг хөдөлмөрийн чадвар алдалт нь 70-аас дээш хувьтай байсан учраас хүүхэд үрчлүүлэх захирамж гаргасан нь хууль зөрчсөн гэсэн тайлбар ирүүлсэн байгаа.

Өлгий сумын Засаг даргын 2017 онд Н.Мыг Б.К, А.С нарт үрчлүүлсэн захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр бөгөөд захирамжийн дагуу Мы бүх бичиг баримт Б.К, А.С нарын нэр дээр шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдээд улсын мэдээллийн санд орсон. К.Мы төрсөн эцэг К.Нын нэр дээр ямар нэгэн бичиг баримт байхгүй. Өлгий сумын Засаг даргын  захирамж хүчин төгөлдөр байхад Нийгмийн даатгалын хэлтэс тэжээгч  алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь эрх зүйн хувьд үндэслэлгүй. Өлгий сумын Засаг даргын захирамжийг тухайн шатны Засаг дарга өөрөө буюу түүний дэд шатны Засаг дарга хүчингүй болгоно гэсэн хуулийн заалт байгаа. Б.Кий 2019 оны 08 дугаар сарын тэтгэврийг авсан бол тэжээгчээ алдсны тэтгэвэрийг  2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэж тогтоож өгвөл болно гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн А.Сын тус хэлтэст хандаж гаргасан өргөдлийг шалгаж үзэхэд нөхөр нь болох Б.К нь 1994 оноос хойш үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангаас тахир дутуугийн тэтгэврийг 75-80 хувиар авч байсан байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/167 дугаар захирамжаар Н овогтой Мыг Б.Кд үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Үрчлэгч нь насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна”, 57.2-т “Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж хасуулж байсан урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин үрчлэлт хийгдсэн байна.

            Иймээс А.Сын материалыг авсны дараа тэтгэврийн байцаагч мэргэжилтнүүд дээрх үндэслэлээр захирамжийн хуулийн үндэслэл буруу, хууль бус үрчлэлт хийгдсэн гэж үзсэн.Тухайн захирамж гарах үед А.Сын нөхөр болох Б.К нь 63 настай, хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувьтай, оношны заалт нь G68, амьсгалын замын өвчний оноштой байсан тул дээрх захирамж үндэслэлгүй гарсан гэж үзэж материалыг нь хүлээн авахаас татгалзсан болно. Учир нь Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг магадлах комиссын журамд хөдөлмөрийн чадвар алдалтын талаар тодорхой заасан. Тухайн заалтад 50-79 хувь хөдөлмөрийн чадвар алдсан иргэнийг хагас алдсан, 80-аас дээш хувьтай бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэх журам байгаа. Б.К нь 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа учраас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэж байгаа. Гэр бүлийн тухай хуульд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэнд хүүхэд үрчлүүлэх боломжгүй гэж заасан байгаа. Тухайн үед Б.К нь  хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаныг Засаг дарга мэдээгүй учраас захирамж гаргасан. Хөдөлмөрийн чадвар алдсаныг шүүхийн байгууллага тогтоох ёстой. Тухайн үед Б.Кий бичиг баримтыг хянаж үзээгүй учраас ийм алдаа гаргасан гэж үзэж байгаа. Захирамж гаргахдаа хүүхэд үрчлүүлэх хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэн, хянах ёстой байсан. Хөдөлмөрийн чадвараа 80-аас дээш хувь алдсан хүн асрамжийн тэтгэмж авах хуультай. Тухайн үед асрамжийн тэтгэмж авч байсан эсэхийг тогтоож чадаагүй. Нийгмийн даатгалын хэлтэс Өлгий сумын Засаг даргад тухайн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргах ёстой байсан. Энэ ажиллагаа хийгдээгүй учраас ийм маргаан гарч байгаа. Мөн Б.Кий өвчин нь амьсгалын замын өвчин. Холбогдох журмын заалтаар Б.К  нь халдварт өвчнөөр тахир дутуугийн тэтгэвэрт гарсан. Иймээс тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй, өмнөх шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг иргэн Б.К нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нас барснаар түүний эхнэр А.Саас насанд хүрээгүй охин К.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдлийг захиргааны байгууллагаас тэтгэвэр тогтоож олгохоос татгалзаж  шийдвэрлэжээ.

Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч А.С болон түүний нөхөр Б.К нар нь 2017 онд ач охин болох Нын Мыг үрчлэн авах тухай хүсэлт гаргаж,  Мы эцэг, эх нь  хүүхдээ үрчлүүлэх тухай зөвшөөрөл өгснөөр Өлгий сумын  Засаг даргаас Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасныг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/167 дугаартай захирамжаар Нын Мыг өвөг эцэг Б.К, эмэг эх А.С нарт үрчлүүлжээ.  Уг захирамжийн дагуу  Гэр бүлийн тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.8-д зааснаар тус сумын улсын бүртгэгчээс мөн өдөр хүүхэд үрчилсний бүртгэл хийж, бүртгэлийн 34 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, мөн хүүхдийн эцгийг Б.Кээр бүртгэж, Какений Мд  774 дугаартай төрсний гэрчилгээг шинээр олгосон байжээ.

 Эдгээр нотлох баримтуудаар Нын Мыг нэхэмжлэгч түүний нөхөр Б.К нар нь 2017 онд үрчилж авсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн нөхөр Б.К нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан журмаар тахир дутуугийн тэтгэвэр авдаг байсан үйл баримт маргаангүй байх ба 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нас барсан,  энэ тохиолдолд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж,  үүний  1 дэх заалтад  хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр  төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй  хүүхэд гэж  зааснаар  2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр  нэхэмжлэгч түүний нөхөр Б.К нарын үрчлэн авсан хүүхэд болох 5 настай К.М нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна.  

Нэхэмжлэгчээс гаргасан охин К.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдлийг аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсээс шийдвэрлэхдээ ...Мыг Б.Кд үрчлүүлэх үед Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг зөрчсөн, үрчлэлт хийгдэх үед Б.К нь 63 настай, хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувьтай, амьсгалын замын өвчний оноштой байснаар  сумын Засаг даргын захирамж үндэслэлгүй гарсан гэж үзээд тэтгэвэр тогтоохоос татгалзаж,  энэ тухай нэхэмжлэгчид 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 199 дугаартай албан бичгээр хариу өгчээ. Хариуцагчаас дээрх байдлаар тэтгэвэр тогтоохоос татгалзсан  үндэслэлийг  шүүхэд тайлбарлахдаа “...Б.К нь хүүхэд үрчилж авах үед хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувьтай, бусдын асрамжид байсан, тухайн үеийн өвчний заалт нь сүрьеэгийн гаралтай халдварт өвчинд тооцогддог байсан тул  Гэр бүлийн тухай 57 дугаар зүйлийн 57.2-т заасныг зөрчиж  үрчлэлт хийгдсэн”  гэж маргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэж заажээ.

 Хариуцагч талаас мөн зүйлд заасан үндэслэлийг  ...бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай болон сүрьеэ өвчтэй хүн байгаа тохиолдолд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж тайлбарлан маргаж байгаа боловч энэхүү маргаан нь үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай биш тул  ...тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, олгохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  үрчлэлт хууль ёсны хийгдсэн эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.

Түүнчлэн охин Мыг өвөг эцэг Б.К, эмэг эх А.С нарт үрчлүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/167 дугаартай захирамж, үрчлэлтийн улсын бүртгэл  хүчин төгөлдөр бөгөөд  хариуцагчийн дээрх маргаан нь Н.Мыг Б.К, А.С нар 2017 онд үрчилж авсан үйл баримтыг үгүйсгэхгүй тул тэжээгч нь нас барсан хүүхдэд  тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, олгохоос татгалзах үндэслэл болохооргүй байна гэж үзлээ.

   Дээрх байдлаар нэхэмжлэгч А.С, түүний нөхөр Б.К нар нь 2017 онд ач охин Мыг үрчлэн авсан  нь тогтоогдсон, 2019 онд ердийн өвчний улмаас нас барсан тэжээгч буюу  хүүхэд үрчлэн авагч  Б.К нь  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан  шаардлагыг хангасан, 2014 онд төрсөн К.М нь хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах  эрх бүхий этгээдэд хамаарч байхад холбогдох  захиргааны байгууллагаас  тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь К.Мы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, иймээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, олгохыг  хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Датгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг  нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл олгохоор зохицуулсан. Охин К.Мыг тэжээгч Б. Какен нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нас барсан байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг даалгахаар нэхэмжлэгчээс түүнд итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох  хариуцагчийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга гэж тодорхойлсон тул К.Мд тэжээгчээ алдсаны тэтгэврийг  тогтоож,  2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн  12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, К.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

  

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.РИЗА