Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Болор, 

улсын яллагч Э.Гэрэлмаа,

иргэдийн төлөөлөгч Л.Баянзул,

хохирогч Ц.Батсайхан,

шүүгдэгч Ц.Жигдбат, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цэс овогт Цэсэнхүүгийн Жигдбатад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010570 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Цэс овогт Цэсэнхүүгийн Жигдбат, 1974 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Их монгол хотхонд слесарь ажилтай, ам бүл 3, эгч, хүргэн ахын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 2 хэсэг 2-127 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ХЖ74030919 тоот регистрын дугаартай,

Шүүгдэгч Ц.Жигдбат нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар хэсэг 2-127 тоот гэртээ Ц.Батсайханыг авгай хүүхэдтэй байж ар гэр эзгүйчлээд ахыг маань байхгүйд эгчтэй маань байна гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хэвлий тус газарт нь 1 удаа хутгалж хэвлийн хөндийг нэвтэлж элэг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт 900 мл бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

Шүүгдэгч Ц.Жигдбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 02 дугаар сарын16-ны өдөр ээлжийн ажилтай байсан. Ажил тарсаны дараа цуг ажилладаг ахтайгаа нэг шил архи уусан. Орой 8 цагийн үед манай дарга ирээд “чи архи уусан байна, одоо гэртээ харь, маргааш надтай ирж уулзаарай” гэж хэлээд явуулсан. Би орой 10 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд хаалга цоожтой байсан, хаалга тогшиход манай эгч хаалга нээсэн. Орж ирээд цай ундаа уучихаад, хойд өрөөнд куртикээ тайлахаар ороход Батсайхан байсан. Батсайханыг би “чи энд юу хийж яваа юм бэ? Авгай хүүхэдтэй байж айл гэр үймүүлээд яваад байна уу” гэхэд Батсайхан надад “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгээд бид 2 муудалцаж тэр өрөөнөөс түлхэлцээд гарсан. Тэр үед ширээн дээр хутга байсан болохоор би түүнийг айлгах гээд чичсэн. Тэгтэл эгч миний гарнаас хутга булаагаад  намайг унт гээд унтуулсан. Тэгээд Батсайхан гэрээс гүйгээд гарсан. Би Батсайханыг хутгалах санаа байгаагүй” гэв.

Хохирогч Ц.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 02 сарын 16-ны өдөр намайг гэрт байхад Баянжаргал эгч намайг “ганц пиво уух уу” гэхээр нь би нэг шил архи авч очсон. Баянжаргал эгч тэр архинаас их уугаагүй, ганц хоёр хундагыг л уусан. Би тухайн архинаас ихэнхийг уугаад халчихсан байхад хаалга дуугарсан. Жигдбатыг орж ирэхэд Баянжаргал эгч намайг хойд өрөө рүү оруулсан. Би тэр өрөөнд байхдаа сандал дээр байсан нэг зүйлийг санамсаргүй унагасан. Тэгээд Жигдбат орж ирээд намайг “чи юу хийж байгаа юм” гэхээр нь би өөдөөс нь сөргөж маргалдаад, зууралдсан. Зууралдах үед бид 2 бие биенээ нэг их цохиж зодоогүй. Тухайн үед миний цээж халуу оргисон мэдрэмж төрсөн. Би Жигдбатыг түлхээд гэрээс нь гараад гүйсэн. Хашаанаас нь гараад арын хашаа хүртэл хөл гуйваад явж чадахаа байсан. Би тэнд сууж байхад Баянжаргал эгч араас гарч ирээд чамайг хутгалчих шиг боллоо гээд үзэхэд, надаас цус урсаж байсан. Тэгээд түргэн дуудсан, түргэн тусламж цагдаагаа дууд гэж надад хэлсэн цагдаа дуудахад цагдаа ирсэн. Би одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна. Жигдбат надад гэмтэл учруулах гэсэн санаа зорилготойгоор хутгалаагүй” гэв,

Гэрч Ц.Баянжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 02 сарын 16-ны өдөр 17 цагийн орчим Батсайхан над руу залгаад танайд хүн байна уу гэж асуухад би хүн байхгүй гэж хэлсэн. Тэгвэл би очлоо гээд 19 цагийн орчим ирсэн. Гэрийн хаалга хүн цохьсон хэн бэ? гэхэд манай дүү Ц.Жигдбат байсан тэгэхээр нь би Батсайханыг нуугдчих гээд байшингийнхаа илүү өрөөнд оруулсан манай дүү Ц.Жигдбат намайг архи уусан юм уу гэсэн би уугаагүй гэхэд аан за гээд гал тогооны өрөө рүү орсон тэгсэн харанхуй өрөөнд чимээ гарсан чинь Ц.Жигдбат ороод Батсайхан Жигдбат хоёр ноцолдоод харанхуй өрөөнөөс гарч ирсэн Батсайхан манай гэрээс гараад гүйсэн. Би Жигдбатыг унт гээд том өрөөнд оруулж унтуулаад гадагшаа Батсайхан дээр очиход хашааны буланд хэвтэж байсан. Манай нөхөр дүү хоёр нэг ээлж таараад би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд Батсайхантай уулзая гээд гэртээ дуудаад уулзсан. Тэгсэн манай дүү Жигдбат 22 цагийн орчим байх ажил дээрээ архи уугаад даргадаа баригдаад дарга нь маргааш ир гээд явуулсан байсан. Тэгээд гэртээ ирсэн гэсэн. Гал тогооны өрөөнд хутга ил байсан. Цэнхэр иштэй хутга байсан...” гэсэн мэдүүлэг. /хх31-32/,

Гэрч О.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Гачуурт 114 дуудлагатай чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалангийн өртөөний хойд талд хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиж шалгахад Амгалан өртөөний арын гудамжинд үзүүрийн хашааны буланд нэг эрэгтэй газар өвдөглөөд суусан хажууд нь Баянжаргал гэх эмэгтэй зогсож байсан. Батсайханы хэвлий орчмоос цус гаран гадуур хувцсанд шингэсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг. /хх42-43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2512 тоот дүгнэлтэнд:

  1. Ц.Батсайханы биед хэвлийн хөндийг нэвтэлж элэг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт 900 мл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээч М.Өнөржаргалын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн № 1812 тоот дүгнэлтэнд: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх цэнхэр иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна...” /хх-49/,

Хэргийн газрын үзлэг /хх3-10/, Ц.Жигдбатын мэдүүлэг /хх-12/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх25-26/, гэрч С.Баасанбатын мэдүүлэг /хх33-34/, гэрч Ц.Тосолсайханы мэдүүлэг /хх-35/, гэрч О.Алтанхуягын мэдүүлэг /хх37-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №1916 тоот дүгнэлт /хх-51/, ял шалгах хуудас /хх-70/, хохирол төлсөн баримт /хх-71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Жигдбатыг санаатайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулаагүй, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан болно. Шүүгдэгчид санаатай үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцсэн болно. Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Жигдбат нь хохирогч Ц.Батсайханы бие махбодид хүнд гэмтэл учруулсан нь санаатай үйлдэл гэж үзсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд болгоомжгүйгээр бусдын бие махбодид гэмтэл учруулсан нь нотлогдоогүй бөгөөд түүнийг болгоомжгүй буюу хайхрамжгүй хандсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Жигдбат нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар хэсэг 2-127 тоот гэртээ Ц.Батсайханыг авгай хүүхэдтэй байж ар гэр эзгүйчлээд ахыг маань байхгүйд эгчтэй маань байна гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хэвлий тус газарт нь 1 удаа хутгалж учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Жигдбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Жигдбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Ц.Батсайхан нь эмчилгээний зардалд 598.400 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Жигдбатыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ц.Жигдбат нь үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдал нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ц.Жигдбатад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй, мөн шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, ууттай цус мэт зүйл 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэс овогт Цэсэнхүүгийн Жигдбатыг нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 5511 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Жигдбатыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Жигдбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. . Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, ууттай цус мэт зүйл 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Жигдбат нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 598.400 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Жигдбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

                                             ШҮҮГЧИД                                  С.ӨСӨХБАЯР      

                                                                                                   Д.МӨНХТУЯА