Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1730

 

Н.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01666 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал,

Хариуцагч Б.Энхжаргалд холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 500 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Б.Энхжаргалтай зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон нотариат орж зээлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаад уг мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Хариуцагч Б.Энхжаргал нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, ямар ч төлбөр тооцоо хийлгүй 9 сарын хугацаа өнгөрч надад их чирэгдэл учруулж байна. Иймд тус гэрээний дагуу үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн 2 сарын хүү болох 4 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 14 500 000 төгрөгийн алданги, нийт 43 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд уг төлбөрийг Б.Энхжаргалаас гаргуулж Н.Түмэнжаргал намайг хохиролгүй болгож, түүний өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Түмэнжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр Б.Энхжаргалд зээлүүлсэн байдаг. Б.Энхжаргал нь санхүүгийн мэдлэг муутайн улмаас сарын 8 хувийн буюу жилийн 96 хувийн хүүг зөвшөөрч зээл авсан байх бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байна.

Учир нь, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэд хоорондын зээлийн гэрээний дундаж хүү сарын 3 хувь буюу жилийн 36 хувиас хэтрэхгүй байна. Б.Энхжаргал, түүний гэр бүл Л.Амар нар нь бага насны 2 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрсдийн эцэг эхийн халамж, төр засгаас сар бүр өгч буй хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж буй амьдралд хөлөө олоогүй залуу гэр бүл бөгөөд нөхөр Л.Амар нь бусдад итгэж залилуулсны улмаас их хэмжээний өр төлбөрт орон одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу хүүгийн хэмжээг сарын 3 хувиар тооцуулах, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн анзын хэмжээг 50 хувиар бууруулж, 6 250 000 төгрөгөөр тооцуулах хүсэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс анз тооцохгүй хэмээн заасныг зөрчиж үндсэн үүрэг дээр хүүгийн төлбөрийг нэмж, түүнээсээ анз тооцсон нь хууль бус хэмээн үзэж байна. Хариуцагчийн зүгээс үндсэн зээл 25 000 000 төгрөг, анз 6 250 000 төгрөг, 2 сарын хүү 1 525 000 төгрөг, нийт 32 775 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10 725 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Энхжаргалаас 38 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016611 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 015 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Түмэнжаргалаас 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхжаргалаас 350 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “…хариуцагчийн төлөөлөгч нь сарын 8 хувийн хүү нь зээлдэгчийн эрх, хүуль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон хэмээн маргаж байгаа ч нотлооогүй, ...үндсэн зээл болон хүүгээс анз тооцож нэхэмжилсэн нь хуульд нийцсэн.” гэж дүгнэсэн. Сарын 8 хувь гэдэг нь жилийн 96 хувь болох бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор өндөр тогтоогдсон нь илэрхий байхад шүүх хариуцагчид ач холбогдолтой талаас нь дүгнээгүй. Жилийн 96 хувийн хүүг хэт өндөр байна гэдгийг ямар нэг хөдлөшгүй нотлох баримтаар нотлох шаардлагагүй хэмээн үзэж байна. Учир нь, санхүүгийн зах зээлд арилжааны зээлийн жилийн хэмжээ 8-36 хувийн хооронд хэлбэлзэж байгааг банк санхүүгийн системтэй харилцдаг хүн бүр мэдэх билээ.

Нэхэмжлэгч нь 25 000 000 төгрөгийн зээл, 4 000 000 төгрөгийн хүүгийн нийлбэр болох 29 000 000 төгрөгөөс 50 хувиар анз тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль бус хэмээн үзэж байна. Учир нь, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 14 500 000 төгрөгийн анз дотор 4 000 000 төгрөгийн хүүгээс бодогдсон анз орсон байна. Хариуцагч нь үндсэн зээлд 25 000 000 төгрөг, 2 сарын хүүд 1 525 000 төгрөг, үндсэн зээлийн 50 хувь болох 12 500 000 төгрөгөөс анхан шатны шүүхэээс бууруулахаар шийдвэрлэсэн 5 000 000 төгрөгийг хасаж 500 000 төгрөгийн анз, нийтдээ 34 025 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмж 4 475 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг, тухайлбал нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийн шаардлагийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 14 500 000 төгрөгийн алдангийг тус иргэний хэргийн оролцогч биш, огт хамааралгүй этгээд Л.Амарын бусдад өртэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тодорхойлолт, ажилгүй гэсэн тодорхойлолтуудыг үндэслэн 5 000 000 төгрөгийн алдангийг илт их гэж үзэн хэрэгсэхгүй болгож, миний эрхийг зөрчсөнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хангасан өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал Б.Энхжаргалаас 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 43 500 000 төгрөг гаргуулахаар болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын тухайд болон зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй талаар маргаагүй, 25 000 000 төгрөгийн үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрсөн, харин зээлийн хүү хэт өндөр, мөн хариуцагчийн төлбөрийн чадваргүй байдал зэргийг харгалзан зээлийн хүүг 3 хувиар тооцон, алдангийг 50 хувиар багасган тогтоож өгөхийг шүүхээс хүсчээ.

Талуудын хооронд байгуулагдсан  2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүүг сарын 8 хувь гэж заасныг зээлдэгч зөвшөөрч, гарын үсэг зурсан, 25 000 000 төгрөгийн зээлийг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй, зээлдүүлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд гэрээнд заасан 8 хувиар тооцож  зээлийн хүүд  4 000 000 төгрөг  нэхэмжилснийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, зээлийн гэрээний 2.4-т заасныг зөрчөөгүй, хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн зээлийг эргүүлж төлөх хугацааг тогтоож, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх ба үндсэн зээл, зээлийн хүү төлөх нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг тул нэхэмжлэгч нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу зээл, зээлийн хүүгийн дүнгээс тооцож алданги шаардах эрхтэй.

Зээлдэгч тал хүү төлөхөөр зөвшөөрсөн нь зээлийн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу хариу үүрэг бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлээр тодорхойлсон хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлага биш юм.

Иймд 4 000 000 төгрөгийн хүүгээс анз тооцох нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт нийцэхгүй гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй, харин талууд гэрээ байгуулахдаа зээлийн хүүг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагынхтай харьцуулбал харьцангүй өндөр хэмжээгээр харилцан тохиролцож тогтоосон, зээлдэгчийн зээлийн төлбөр төлөөгүй нь түүний санхүүгийн чадавхиас шалтгаалсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг шүүх харгалзан анзыг багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. 

Иймд шүүхэд олгосон эрх хэмжээний хүрээнд анзыг 5 000 000 төгрөгөөр багасган тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй тул зохигчдын энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно. 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 94 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 86 550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

,

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ