| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00609/И |
| Дугаар | 00727 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00727
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх сумын 2 дугаар багт оршин суух, Баяндай овогт Галсангийн Цэвээндэндэв /РИ63042217/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 155/2017/00609/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Золжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэвээндэндэв шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3, 5 дугаар бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл адуучнаар, мөн 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан үнэнтэй. 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан цэргийн албыг 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хааж халагдсан болно. Миний нэгдэлд ажиллаж байсан дээрх хугацааны сар тутам авч байсан ажлын хөлсийг тухайн бригадад ажиллаж байсан бригадын дарга, тоо бүртгэгч, аж ахуйн нярав нар нь хөдөлмөрийн дэвтэрт хагас дутуу таллаж байсны гадна Хөвсгөлийн долгио нэгдэл татан буугдаж Алтан тал нэгдэлд нийлсэн, мөн нэгдлийн өмч хувьчлал зохион байгуулалттай холбогдож 5 дугаар бригад татан буугдаж уг бригадын иргэд Ханх сумын харъяалалд шилжих болсон зэргээс бидний нэгдэлд ажиллаж байсан тухай албан бичиг баримт олдохгүй болсон зэргээс миний нэгдэлд ажилласан хугацаа тооцогдохгүй хохирсоор байгааг харгалзан үзэж миний Алтан тал нэгдэлд адуучин, үхэрчнээр ажиллаж байсан 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жил 5 сар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 6 жил нийт 7 жил 5 сарын хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Цэвээндэндэв нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус адуучин, үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Цэвээндэндэв нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус адуучин, үхэрчнээр ажиллаж байсан болох нь Галсан овогтой Цэвээндэндэвийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, тус сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ч.Батбаяр, Л.Дэмбэрэл нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхцэцэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баяндай овогт Галсангийн Цэвээндэндэвийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус адуучин, үхэрчнээр ажиллаж байсан байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Цэвээндэндэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН