| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00628/И |
| Дугаар | 00726 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 7-8 тоотод оршин суух, Боржигон овогт Данаагийн Оюунчимэг /РУ81042302/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 47-13 тоотод оршин суух, Тогоруутан овогт Лхамсүрэнгийн Шаандар /РЭ84123012/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2017/00628/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Оюунчимэг миний бие нөхөр Л.Шаандартай 2005 онд танилцаж бидний дундаас 2005 оны 02 сарын 19-ний өдөр том хүү Мөнгөншагай, 2008 оны 04 сарын 18-ны өдөр охин Бямбадулам, 2009 оны 06 сарын 01-ний өдөр хүү Алтаншагай нар тус тус төрсөн. Том хүү Мөнгөншагайгаа төрсний дараа бид төрсний гэрчилгээг нь авахад гэрлэлтийн баталгаа шаардлагатай болж бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулж байсан. Охин Бямбадуламыг А.Эрдэнэчулуун, Х.Цэцэгдэлгэр гэх хүмүүст 1 сартай байхад нь үрчлүүлж, хүү Алтаншагайгаа 2 настай байхад нь Сэргэлэнболд гэдэг айлд үрчлүүлсэн. Охин маань одоо Тосонцэнгэл суманд, хүү Алтаншагай Шинэ-Идэр суманд үрчилж авсан аав, ээжийнхээ хамт амьдарч байгаа. Том хүү Мөнгөншагай миний асрамжинд байдаг юм. Шаандар бид хоёр 2005 оноос хойш 6 жилийн хугацаанд буюу 2011 он хүртэл хамт амьдарч байгаад салсан ба одоо тусдаа амьдраад 7 жил болж байна. Хамт байхад үргэлж архи ууж ирдэг, архинаас хамааралтай. Одоо ч гэсэн архи уугаад хаана байгаа нь мэдэгддэггүй, би гэрлэлтээ цуцлуулах гэж нилээн хайсны эцэст 10 дугаар хороонд байгааг нь мэдэж нэхэмжлэлээ гаргасан. Шаандар нь одоо өөр хүнтэй гэр бүл болсон, би ч мөн хамтран амьдрагчтай болж бидний дундаас хоёр хүүхэд төрсөн. Одоо бага нь нярай нэр өгч амжаагүй байна. Би гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан боловч Шаандар нь эрхэлсэн ажил байхгүй, байнгын архи уудаг, архинаас хамааралтай болсон тул би хүүхдийн тэтгэлэг гаргуулахаасаа татгалзаж байна. Одоо зөвхөн гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн миний хамтран амьдрагч надад хадаг сүйгээ өгсөн, одоо гэрлэлтээ батлуулъя гэхээр өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй учир болохгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцлж өгнө үү. Би хүү Мөнгөншагайгаа өөрийнхөө асрамжинд авна гэв.
Хариуцагч Л.Шаандар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Лхамсүрэнгийн Шаандар нь 10-47-10 тоотод оршин суудаг. П.Оюунчимэгтэй 2005 онд гэрлэлтээ батлуулсан. 7-8 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд 2 хүү 1 охинтой болсон. Таарч тохирохгүй хоёр тийшээ болж тусдаа амьдраад 7 жил болж байна. Нэг хүү, нэг охиноо айлд өргүүлсэн. Оюунчимэг нь хамтран амьдрагчтай болоод одоо төрөх гэж байгаа. Миний бие мөн хамтран амьдрагчтай болсон гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь хариуцагч Л.Шаандарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.
Гэрлэгчид нь 2005 онд гэр бүл болж, 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 00/003345 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүү Ш.Мөнгөншагай, 2008 оны 04 сарын 18-ны өдөр охин Бямбадулам, 2009 оны 06 сарын 01-ний өдөр хүү Алтаншагай нар төрсөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн №115/000044 дугаартай хүү Мөнгөншагайгийн төрсний бүртгэлийн лавлагаа , №00/003130 дугаартай хүү Алтаншагайгийн төрсний бүртгэлийн лавлагаа, №00/003129 дугаартай охин Бямбадуламын төрсний бүртгэлийн лавлагаа,
2008 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн охин Бямбадуламыг Агваан овогт Эрдэнэчлууны Нямдорж, Бөхчүүд овогт Халтарын Цэцэгдэлгэр нарт 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үрчлүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №00/002634 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар, 2009 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн хүү Алтаншагайг Жорвон овогт Уртнасангийн Сэргэлэнболд, Цэнгэлд овогт Юндэндоржийн Болормаа нарт үрчлүүлж, 2013 оны 01 сарын 07-ны өдөр бүртгүүлсэн болох нь №0003751 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2011 оноос хойш тус тусдаа амьдарч, хэн аль нь хамтран амьдрагчтай болсон гэх тайлбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ш.Мөнгөншагайг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Д.Оюунчимэгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Ш.Мөнгөншагайг эх Д.Оюунчимэгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.Шаандараас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хариуцагч Л.Шаандарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө гэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Данаагийн Оюунчимэг, Тогоруутан овогт Лхамсүрэнгийн Шаандар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ш.Мөнгөншагайг эх Д.Оюунчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Л.Шаандарт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Оюунчимэгт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Л.Шаандараас 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН