Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00942

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02756 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 425 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ш” ХХК, Ё.Ч, Ё.Чхолбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1.256.026.525 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, хариуцагч Ё.Чулуунцэцэг, Ё.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шижирдалай шим” ХХК, Ё.Чулуунцэцэг, Ё.Ч нар нь 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай, хувьсах хүүтэй төслийн зээлийн гэрээ-ний дагуу 400.000 ам.долларыг хувьсах хүүтэй буюу жилийн дундаж нь 6.5 хувь, 96 сарын хугацаатай зээлж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-215/3 тоот хаягт байрших 1008 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, мөн дүүрэг Үйлдвэрийн баруун бүс-2, 32 тоот хаяг, 1560 м.кв талбайтай үйлдвэрлэл, ажилчдын амрах байрны зориулалттай орон сууц, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон, 2695 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд, үйлдвэрийн тоног төхөөрөмж, 5122013845, 5122013222, 5122013233 тоот дансны орлого, авлага зэрэг хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нар үндсэн зээлд 75.097,05 ам.доллар, хүүд 44.131,42 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 0.49 ам.доллар, нийт 119.228,96 ам.долларын төлөлт хийсэн. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 324.902,95 ам.доллар, хүү 51.820,60 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 2.656,07 ам.доллар, нийт 379.379,62 ам.долларын зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Мөн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр талууд ЗГ-0373 дугаар Зээлийн шугамын гэрээ байгуулж, 200.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн ба зээлээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 267.000.000 төгрөг, хүүд 35.046.882,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.041.271,23 төгрөг нийт 303.088.153,42 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн хувьд 200.000.000 төгрөг, хүү 103.561.643,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.712.328,77 төгрөг, нийт 324.273.972,61 төгрөг байгаа болно. Зээлдэгч нарт гэрээний үүргээ зөрчсөн тул 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төслийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зээлийн үүрэгт 379.379,62 ам.долларыг шаардаж байна. Монгол банкнаас гаргасан валютын ханшаар тооцоолж, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2.455,99 төгрөгт тооцож, улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Ам.долларыг төгрөгт хөрвүүлэхэд 931.752.553 төгрөг болсон. Х ХХК-ийн хувьд ам.долларын ханш 1500 төгрөг байх үед зээлсэн мөнгөн хөрөнгө байдаг. Энэ хугацаанд ам.долларын ханш хоёр дахин өссөн ч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж зааснаар шийдвэрлэнэ.

Иймд шаардлагаа дэмжиж хариуцагч нараас 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн төслийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 931.752.553 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шугамын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 324.273.972,61 төгрөг, нийт 1.256.026.525 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК, Ё.Ч, Ё.Ч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Х ХХК-иас 400.000 ам.долларыг хөрөнгө оруулалтын чиглэлээр 3 шатлал бүхий Жайкагийн төслийн зээлийг авч, төслийг хэрэгжүүлэхийн тулд 2008-2013 он хүртэл судалгаа шинжилгээ хийгдэж, 2013 онд бодит судалгааны үндсэн дээр хөрөнгө оруулалтын зээл олгосон. Энэхүү хөрөнгө оруулалтын зээл эргэлтийн зээл шиг биш хөрөнгө оруулалтад хэрэглэх шаардлагатай байдаг. Тухайн үед ам.долларын ханш 1432 төгрөг байсан ба энэ ханшаар буцаан төлнө гэж бодож байсан. Одоо манай хашаанд блок, цемент, сантехникийн материалууд нь байгаа. 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн төслийн зээлээс 75 000 ам.доллар, хүүд 45.355 ам.доллар, нийт 120.355 ам.долларыг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төлсөн учир үндсэн зээлийн үлдэгдэл 325.000 ам.доллар бөгөөд үүнээс хүүг хасч 280.000 ам.долларыг 1432 төгрөгөөр тооцон төлнө. Ам.долларын өсөлтөөс болж алдагдалд орсон. Ханш хэлбэлзэх гэдгийг 200 төгрөгийн дотор хэлбэлзэхийг хэлдэг болохоос 1000 төгрөгөөр хэлбэлзэхийг хэлэхгүй. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шугамын зээлийн гэрээгээр 200.000.000 төгрөг, жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Энэ зээлээс 45.433.139 төгрөг төлсөн, үндсэн 200.000.000 төгрөг төлөгдөөгүй. Гэтэл нэхэмжлэгч надаас 324.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үндсэн зээл 200.000.000 төгрөгийг иргэн хүнийхээ хувьд төлнө. Энэ зээлийг 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр авч 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусах байсан ч 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хүү төлсөн. Зээлийн эргэн төлөлтийн тооцоолол зөрж байгаа. Хариуцагч нарын төлсөн төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцоогүй тул хасуулах хүсэлтэй ба ам.долларыг үүрэг үүсэх үеийн Монгол банкны ханшаар тооцож өгнө үү. Хариуцагч нар зээл авсан тул нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Шугамын зээлийн хүүд төлсөн 45.433.139 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй. 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ам.долларын зээлийн гэрээг банкны зүгээс хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ.

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02756 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ш ХХК, Ё.Чулуунцэцэг, Ё.Ч нараас 1.128.855.436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 127.170.989 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-215/3 хаягт байршилтай 1008 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Үйлдвэрийн баруун бүс-2, 32 тоот хаягт байршилтай, 1560 м.кв талбайтай үйлдвэрлэл, ажилчдын амрах байрны зориулалттай орон сууц, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон, 2695 м.кв талбайтай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.578.481.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 5.802.227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 425 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 793.850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Ш” ХХК, Ё.Ч, Ё.Ч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаар 183/ШШ2018/02756 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн тайлбарт Иргэний хуулийн 218.1-ийг мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх өдрийн бус харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцохоор заасан байна гэжээ. Учир нь доллар нь тухайн үеийн мөнгөн тэмдэгтийн төрлөөр тодорхойлогдох учраас үүрэг үүсэх үе бол өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан өдөр буюу 2013 оны 06 сарын 05-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханшаар тооцогдох ёстой гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ..., эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн байдаг ба хуулийн тайлбарт хуулийн 38.9 дэх заалтын зохицуулалт нь нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх талаар шүүхийн эрх хэмжээ түүний явуулах ажиллагаатай холбоотой гэж тайлбарлажээ. Тиймээс шүүх хуульд заасны дагуу хариуцагч нарын 45.433.139 төгрөгөө төлсөн гээд мэтгэлцээд байгааг түүнийг нотолсон баримт байгаа гэдэг нь ойлгомжтой шинээр н0тлох баримт шаардлагатай гэдэг нь харагдаж байхад энэхүү хуульд зааснаар хуулийг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 38.9 дүгээр зүйлийг хэрэглэж болох байсан атал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь 45.433.139 гэсэн тоог шууд хэлж чадах вэ ямар ч байсан баримт байгаа учраас л энэхүү тоог хэлээд байна гэдэг нь илэрхий байна. Мөн зохигчдын хооронд тооцооллын асуудал дээр зөрүүтэй эргэлзээтэй асуудал байгаа гээд байхад түүнийг огт тоолгүй хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тэр байтугай шүүх хуралдаан завсарлаад шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгосны дараагаар шүүгч би энэ шугаман зээл гэдгийг чинь үнэхээр ойлгохгүй байна тийм болохоор би нэхэмжлэгчийн нэхэмжилсний дагуу л шийдлээ гэж хэлж байгаад шийдсэн асуудал байдаг. Энэ нь 2018 оны 12 сарын 10-ны өдрийн хуралдааны бичлэгт байж болно. ИХ-ийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн байна. Энэ нь зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолд заажээ. Мөн энэхүү шийдвэр нь тооцооллын хувьд ч гэсэн нарийн сайн тооцвол алдаатай байгаа. Тухайлбал хүүний зөрүүнд гэхэд 7.561.643 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний зөрүү нь 1.512.328 төгрөг гэх мэт болно. Мөн ам.долларын ханшийн зөрүү 384.959.989,80 төгрөг байгаа.

Иймд 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 183/ШШ2018/02756 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 425 дугаартай магадлалыг тус тус өөрчлөлт оруулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02756 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 425 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нарт хүргүүлсэн Зээл буцаан дуудах тухай мэдэгдэлд зээлийг төлж барагдуулах хугацааг мөн өдрөөр буюу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор зээлийн нийт төлбөрийг төлж барагдуулахаар тогтоосон тул уг мэдэгдлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх боломжгүй. Харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй тул” гэж дүгнэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох 127 170 989 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс агуулгын хувьд хэвээр үлдээсэн нь буруу гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзах эрхтэй гэдэг нь сонгох эрхтэй зохицуулалт гэж ойлгож байна. Банк дээрх хуулийн зохицуулалтын дагуу гэрээнээс татгалзаж болно, шаардлагатай гэж үзвэл татгалзахгүйгээр гэрээний харилцааг цаашид үргэлжлүүлэх эрх нь нээлттэй байна. Банкны зүгээс зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар цуцлагдсанаар тооцох хүсэл зориг огт байхгүй байхад шүүх талуудын гэрээгээр тохиролцсон, хуулиар олгосон эрхэд хөндлөнгөөс халдаж, шууд гэрээнээс татгалзсанд тооцож, хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон нь үндэслэлгүй байна. Мөн хууль хэрэглээний хувьд зээлдэгч тал гэрээний үүргээ зөрчсөн асуудал байгаа учраас татгалзлын асуудал хөндөгдөхөд хүрвэл Иргэний хуулийн 225 дугаар зүйл /Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах/-ээр зохицуулагдана. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...уг мэдэгдлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх боломжгүй. Харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,”-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйл нь “Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах” асуудлыг зохицуулсан. Гэтэл хариуцагч талд хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байгаагүй, байсан гэж үзвэл энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй, үүнийгээ нотлоогүй болно. Х ХХК-ийн зүгээс гэрээнээсээ татгалзсан зүйл огт байхгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хугацаа дуусаагүй гэрээгээ цуцлаад, тухайн цаг хугацаанд хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүгээ нэхэмжилсэн байхад гэрээнээс татгалзаж, өгсөн, авснаа харилцан буцаах тухай зохицуулалтыг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэн өөрчлөөгүй нь буруу гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02756 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 425 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Нэхэмжлэгч Х ХХК  нь хариуцагч “Ш” ХХК, Ё.Чулуунцэцэг, Ё.Ч нараас зээлийн төлбөрт 1.256.026.525 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн гэрээг дурджээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзахдаа “...зээлийн үлдэгдэл 280.000 ам долларыг зээл авсан өдрийн ханш 1432 төгрөгөөр тооцож  төлнө, ...шугамын зээлийн гэрээний дагуу хүүд төлсөн 45.433.139 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ. 

Хариуцагч “Ш” ХХК, Ё.Чулуунцэцэг, Ё.Ч  нар нь Хнаас 400.000 ам долларыг 96 сарын хугацаагаар жилийн 6.5 хувийн хүүтэй зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1008 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилга, 1560 м.кв талбайтай үйлдвэрлэл, ажилчдын амрах байрны зориулалттай орон сууц, 2695 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, дансны орлого, авлагыг барьцаалахаар харилцан тохирч, 2013 оны 6 дугаар сарын 5-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй 2014 оны 8 дугаар сарын 27-ний өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, 200.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлжээ.

 Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн, зохигчийн хооронд банкнаас олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-т  “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан ба хариуцагч  нар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний зүйлийг хүлээн авсан тул нэхэмжлэгч хариуцагч нараас зээлийн төлбөр шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2013 оны 6 дугаар сарын 5-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 324.902.95 ам доллар, хүү 51.820.60 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 2.656.07 ам доллар нийт 379.379.62 ам доллар, 2014 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 200.000.000 төгрөг, хүү 103.561.643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.712.328 төгрөг нийт 324.273.972 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нар ам долларын зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардсаныг буруутгах боломжгүй.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба шугамын зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж,  ам долларын зээлийн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 8-ний өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэлд заасан хэмжээгээр тооцож хариуцагчаас 327.599 ам доллар буюу 804.581.563 төгрөг, шугамын зээлийн төлбөрт 324.273.972 төгрөг нийт  1.128.855.436 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо банкнаас зээл олгох гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх ам долларыг үүрэг үүсэх буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2455.99 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т нийцжээ. 

Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан, шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нь ам долларын гэрээг цуцалснаас хойших хугацааны  хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн шугамын зээлийн гэрээний хүүд төлсөн 45.433.139 төгрөгийг үндсэн зээлд тооцуулах тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Дээрх үндэслэлээр  нэхэмжлэгчийн “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” тухай, хариуцагчийн  “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай гомдлыг тус тус хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02756 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 425 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, хариуцагч Ё.Ч, Ё.Ч нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай. 2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 793.850 төгрөг, хариуцагчаас 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 2.128.120 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ