Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 07

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч:  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК,

Хариуцагч: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар,

Гомдлын шаардлага: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн  2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165901 дүгээр шийтгэлийн хуудас, 76 тоот “Албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгуулах гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ,  хариуцагч  Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын байцаагч С.Отгонболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ...1.Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй хугацааны хувьд: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т тус тус заасныг үндэслэн дээр дурдсан захиргааны актуудыг хүчингүй болгуулах гомдлыг 2019.10.17-ны өдөр Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан. Энэ гомдлын хариу 2019.11.21-ний өдрийн 01/679 тоот албан бичгээр ирсэн бөгөөд “...байцаагчийн гаргасан захиргааны акт хуульд нийцсэн байна...” гэж үзсэн. Иймд манай компанийн зүгээс 2019.12.22-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан боловч хариу ирээгүй.

2. 76 дугаартай Эрх бүхий албан тушаалтны даалгавар, 0165901 дугаартай шийтгэлийн хуудас хууль бус болохын хувьд: Тус захиргааны актад 7, 11 дугаартай худгуудын нэмэлт хоолойнуудыг тоолууржуулаагүй тул Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу нөхөн төлбөрт 224 202 240 төгрөг, шийтгэлд 1 500 000 төгрөгийн торгууль оногдуулсан. 7, 11 дугаартай худгуудын нэмэлт хоолойнууд нь ус гаргах зориулалтгүй, даралт хийг бууруулах зориулалттай бөгөөд ус гаргаж ашиглаж байгаагүй. Энэ нь худгуудыг угсрахад шаардлагатай эрх бүхий байгууллагын баталсан ажлын зураг төсөл, тухайн худгуудад хийгдсэн улсын экспиртезийн дүгнэлт зэргээс харагдана. 224,202,240 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож бодохдоо хэрхэн бодож тооцсон, ямар хууль, дүрэм журмыг үндэслэснээ, мөн тухайн худгаар хэзээнээс хэзээний хооронд хэдий хэмжээний ус ашигласан гэж үзсэн зэргийг тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-т тус тус заасантай нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг захиргааны акт нь ямар хэм хэмжээний актад үндэслэж гарсан нь тодорхойгүй байна. Матад сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч сар бүр ирж, тухайн худгаас төлбөр тооцож авдаг байсан гэдгийг дурдсан байгаа. Иймд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч С.Отгонболдын үйлдсэн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаартай Эрх бүхий албан тушаалтны даалгавар, 0165901 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....нөхөн төлбөрийг тооцохдоо цэвэр таамаглалын үндсэн дээр тооцсон гэдэг нь харагдаж байна. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасан. Үүний дагуу журмыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар Улсын ерөнхий прокурор баталсан бөгөөд одоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэхүү журмын 3.2-т “Эрх бүхий албан тушаалтан ...журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тооцно”,  3.3-т “....хууль, ...холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийг тооцно”, журмын 2.2-т “хохирол гэдэг нь Зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна”, 2.3-т “нөхөн төлбөр гэдэг нь ...үнэлэмж, үнэлгээ байна” гэж тус тус тодорхойлсон байна. Хууль зүйн утгаараа нөхөн төлбөр гэдэг ойлголт бол бодит учирсан хохирол дээр үндэслэж яригдах болохоос биш таамгаар шийдэж, таамаглах асуудал биш юм. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл …зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, журмын 7.4-т “Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох, гаргуулах ажиллагаанд энэ журам болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хохирол, нөхөн төлбөрийг тооцохдоо захиргааны хэм хэмжээний актыг баримтлаагүй, цэвэр таамаглалын үндэслэл дээр тооцсон нь харагдаж байна. Хариуцагч хариу тайлбартаа “...нөхөн төлбөрийг хэрхэн тооцсон талаар холбогдох мэргэжилтэн болон тус компанийн удирдлагуудад танилцуулсан...” гэж тусгасан боловч холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд энэ талаар дурдаагүй байгаагаас харвал нөхөн төлбөр хэрхэн тооцсон болохоо танилцуулаагүй гэдэг нь нотлогдоно.  Мөн энэхүү зөрчлийн хэргийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоосон нөхцөл байдлын төгсгөл хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтыг тусгасан байсан. Энэ нь Газрын тухай хуулийг зөрчихтэй холбоотой заалт байгаа юм. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нөхцөл байдлыг тогтоосон тэмдэглэлдээ хүртэл хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн ахлах байцаагчийн үйлдсэн 2019 оны 09 сарын 21-ний өдрийн 76 дугаартай Эрх бүхий албан тушаалтны даалгавар, 0165901 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/250 тоот удирдамжаар Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн ХIX, XXI талбайд 2019 оны 09 дүгээр сарын 21-23 өдрүүдэд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар тус компанийн 7# 11# дугаартай худгуудын хоолой бүрийг тоолууржуулаагүй байгаа нь Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасныг зөрчсөн. Энэ зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу торгууль оногдуулсан. ...Би энэ захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу үйлдээгүй. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журмын дагуу үйлдсэн.

Худгийн тоолуурыг анхны эх үүсвэр дээр нь тавиагүй буруу газар тавьсан учир худгийнхаа хоёр хаалтыг хаагаад, нэг хаалтаа нээхэд түүгээр нь чөлөөтэй ус урсах боломжтой. Тухайн компанийн зүгээс “...хий гарах зориулалттай...” гэж тайлбарлаж байгаа боловч тэр хоолой нь зөвхөн хий гардаггүй гэдэг нь тодорхой юм. Хаалтыг нээнгүүт 5-10 секундын дараа ус шууд гарч байгаа нь харагдаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч “Петрочайна дачин тамсаг” ХХК нь Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165901 дүгээр шийтгэлийн хуудас, 76 тоот “Албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан болно.[1]

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/250 тоот удирдамжийн[2] хүрээнд Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн XIX, XXI дүгээр талбайд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Отгонболд төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулжээ.

Хяналт шалгалтаар “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн XIX дүгээр талбайн 7#,11# дугаартай худгуудын нэмэлт хоолойнуудыг тоолууржуулаагүй тул Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэгт “Ус авах цэг, газар доорхи усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу нөхөн төлбөрт 224.202.240 /хоёр зуун хорин дөрвөн сая, хоёр зуун хоёр мянга, хоёр зуун дөчин/ төгрөгийг, шийтгэлд 1.500.000 /нэг сая, таван зуун мянга / төгрөгийн торгууль оногдуулсан байна.[3]

Дээрхи зөрчилд нөхөн төлбөрийг тооцохдоо хэрхэн ямар аргачлалаар бодож тооцсон, ямар хууль, дүрэм, журмыг үндэслэсэн, хэзээнээс хэдний хооронд тухайн худгаар хэдий хэмжээний ус ашигласан зэргийг нарийвчлан тогтоогоогүй байж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрхи нөхцөл байдлыг нарийвчлан тогтоогоогүй нь хяналт шалгалтын тэмдэглэл болон хяналт шалгалт явуулсан баримтуудаар тогтоогдож байна. Тэмдэглэлийг үйлдэхдээ Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан “ гэх тухайн маргаантай ямарч холбогдолгүй хуулийн заалтыг баримталж тэмдэглэл[4] үйлдсэн нь буруу юм.

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн XIX дүгээр талбайн 7#,11# дугаартай худгуудын нэмэлт хоолойнууд тухайн хяналт шалгалт хийх үед ус гаргах зориулалтгүй, даралт хийг бууруулах, засвар үйлчилгээ хийхэд ашигладаг зориулалттай байсан нь гэрч Жиан Хун Фү, Н.Банзрагч нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.[5]

Шүүхээс “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрт үзлэг хийх явцад нийт 26 худаг байх бөгөөд тус компанийн 19 дүгээр талбайн кемпээс баруун хойд зүгт 5 км зайд 11# дүгээр худаг, тус худгаас зүүн хойд зүгт 4 км зайд 7# дугаар худаг байрлаж байлаа.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч нь “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн XIX дүгээр талбайн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т  “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” ...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэх заалтыг зөрчсөн байна.

Хариуцагч нь дээрхи шийдвэрийг гаргахдаа үндэслэл болгож байгаа нөхцөл байдлыг нарийвчлан судалж, тогтоохгүйгээр таамаглал маягаар шийтгэл ногдуулж, нөхөн төлбөр ногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “ ...захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим алдагджээ.

Иймд “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн  2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165901 дүгээр шийтгэлийн хуудас, 76 тоот “Албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5, дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4, Зөрчлийн тухай хуулийн 7.15  дугаар зүйлийн 1.4 дэх  хэсэгт  заасныг баримтлан, гомдол  гаргагч  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165901 дүгээр шийтгэлийн хуудас, 76 тоот “Албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-д зааснаар гомдол гаргагч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулж,  гомдол гаргагч компанид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т  зааснаар  энэхүү  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш таван хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 39-44-р хуудас

[3] Хавтаст хэргийн 10-р хуудас

[4] Хавтаст хэргийн 46-47-р хуудас

[5] Хавтаст хэргийн 50-52, 78-83-х хуудас