Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0582

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э”

 ТӨХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, гуравдагч этгээд Б.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М

Нэхэмжлэгч: “Э” ТӨХК,

Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актыг хууль бус тул хүчингүй болгуулах,

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагч Д.Э, гуравдагч этгээд Б.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

Хэргийн индекс: 119/2023/0001/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.3, 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.1, 162.2.5, 162.3.1, 162.3.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эхолбогдуулан гаргасан “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актыг хууль бус тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

2.1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.9.1 дэх хэсэгт “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, гэж улсын байцаагчийн бүрэн эрхийг хуулиар тодорхойлж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хууль тогтоогч ажилтнаа шагнаж урамшуулах эрхийг ажил олгогчид өөрт нь олгосон ба ажилтнаа шагнаж урамшуулах нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаарсан ажил олгогчийн эрх юм.

 Гэтэл Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь ажил олгогчийн бүрэн эрхэд халдаж, захиргааны акт тавьж байгаа нь үндэслэлгүй байтал анхан шатны шүүх улсын байцаагчийн эрх хэмжээг хэтрүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт төрийн хяналт шалгалт хийхэд баримтлах зарчмыг тогтоож өгсөн бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт, шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх гэсээр байтал дээрх зарчмыг зөрчиж хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэл болгоогүй, ажил олгогчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдан акт гаргасан байтал анхан шатны шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлнэ” гээд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж хуульчилсан. Тодруулбал, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиудаар зөвхөн хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд цаашлаад хуулийг үндэслэн эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн актуудад хяналт тавих байтал “Э” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хүчингүй болгосон тогтоолыг үндэслэн акт тавьсан байтал анхан шатны шүүх хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” ёстой. Гэтэл Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар акт нь хүчингүй болгосон хэм хэмжээг тодруулбал “Э” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор буюу улсын байцаагчийн акт гарахаас өмнө хүчингүй болсон актыг үндэслэл болгосон байна. Шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлгээр хариуцагч өөрөө тус актыг хүчингүй болгосныг мэдсэн ба мэдсээр байтал хүчингүй болгосон журмыг баримталсан байхад анхан шатны шүүхээс “хэлбэрийн алдаа” гэж үзэж хэлбэрийн алдаа нь захиргааны актыг хууль бус гээд хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 Энд ямар нэг үг үсгийн, он цагийн гэх мэт хэлбэрийн төдий алдаа гараагүй бөгөөд харин “Э” ТӨХК-ийн ажилтнуудаа шагнаж урамшуулахтай холбоотой хөдөлмөрийн харилцааны хүрээний журмыг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл өөрөө баталсан байсныг хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж үндэслэл болгосон, цаашлаад хүчингүй болгосон ТУЗ-ийн журмыг үндэслэн зөрчсөн гэж маргаж буй захиргааны акт гарч буй тус захиргааны актын дагуу “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрөө баталсан журмаа өөрөө зөрчсөн мэтээр дүгнэж байхад шүүхээс хэлбэрийн алдаа гэж дүгнэж байгаа шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

2.3. Үр дүнгийн урамшууллын талаар ажилчдаас тэгш бус хандсан, адил нөхцөлөөр хангасангүй талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй бөгөөд энэ талаар гомдол  санал огт авагдаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх адил нөхцөлд адил боломжоор хангаагүй, 5 сар 6 хоног ажилласан шинээр томилогдсон ажилтанд журамд зааснаар нэмэгдэл цалин хөлс олгох эсэх асуудал нь тухайн байгууллагад эргэлзээ үүсгэсэн гэж хэрэгт огт байхгүй, талуудын маргаагүй нөхцөл байдлыг дүгнэж, нэхэмжлэгч компани ажилчдадаа тэгш бус хандсан мэтээр шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

 Хэрэв хэн нэг ажилтан нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал авах ёстой байхад олгоогүй гэж гомдож, энэ талаарх ажил олгогчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн маргаан таслах байгууллага, улмаар иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1-т заасанд нийцэхгүй дүгнэлтийг хийж, уг дүгнэлт нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үр дагаварт хүргэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.4. Нэхэмжлэгч компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор компанийн ажилчдад олгох урамшууллын дээд хэмжээг тогтоож өгсөн. Тус дээд хэмжээнээс бага хэмжээгээр ажил олгогч ажилчдадаа жилийн үр дүнгийн урамшуулал олгосон. Тодруулбал, төлөөлөн удирдах зөвлөлөөс баталж өгсөн хэмжээнээс бага хэмжээгээр хэмнэлттэй байх зарчмыг баримтлан ажилчдадаа зохих журмын дагуу урамшуулал олгосон байдаг.

Үүнээс харвал байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй гэж харагдаж байгаа бөгөөд улсын байцаагчийн акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсэг буюу байгууллагад хохирол учирсан байна гэх үндэслэлээр гарсан. Гэтэл хохирол учирсан нөхцөл байдал байхгүй, нэхэмжлэгч талаас компанид хохирол учраагүй байхад акт тавьсан нь үндэслэлгүй байна гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргасан байтал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

2.5. Хариуцагч нь нэхэмжлэгч компанид хохирол учирсан эсэх, ажилтан Б.З-т үр дүнгийн урамшууллыг ажилласан хугацаанд нь ногдуулж олгохыг зөвшөөрөх эсэх, захиргааны актын үндэслэл болж байгаа журам нь хүчинтэй эсэх, ажилтан Б.З-т үр дүнгийн урамшуулал олгохоор ТУЗ-өөс баталсан төлөвлөгөө болох ТУЗ-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан 1.251.682.711 /нэг тэрбум хоёр зуун тавин нэгэн сая зургаан зуун наян хоёр мянга долоон зуун арван нэгэн/ төгрөгт ажилтан Б.З-т олгосон урамшуулал багтсан эсэхийг, хариуцагчийн нэхэмжлэгчийг буруутгаж буй захиргааны актад тусгагдсан ТУЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан /ТУЗ-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болсон/ журмын дагуу урамшуулал олгогдох эрхтэй эсэхийг,хамтын гэрээний үйлчлэлд ажилтан Б.З- хамаарах эсэхийг тус тус “Э” ТӨХК-ийн ТУЗ-өөс хариуцагч лавлаагүй, энэ талаарх нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа явуулаагүй үндэслэлгүй шийдвэр гаргасан ба шүүхээс ч энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

2.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар болоод шүүх хуралдаан дээр хууль сануулж гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Л.Т мэдүүлгээс үзэхэд хяналт шалгалтын удирдамжид заагаагүй байцаагч болох Ж.Б, хариуцагч Д.Эай цуг явуулсан, гэсэн хэдий ч актыг зөвхөн Д.Э байцаагч гаргасан байна, хяналт шалгалт өөрөө хууль зөрчсөн байна гэж мэдүүлсэн мэдүүлэг, оролцогчдын тайлбар гарсаар байхад талуудын мэтгэлцээнд дурдсанчлан Төрийн хяналт шалгалтын хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй орхигдуулсан нь анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

3. Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах тусгай зарчмыг захиргааны байгууллага үйл ажиллагаандаа баримтлахаар заасан.

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э нь хяналт шалгалтын үйл ажиллагаандаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Б.З-т урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах тусгай зарчмыг хэрэгжүүлэх талаар огт арга хэмжээ аваагүй. Анхан шатны шүүх энэ талаар “... Улсын байцаагч нь шийдвэр гаргах ажиллагаанд Б.З-ийг оролцуулж, түүнээс тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй боловч Б.З- нь өөртэй нь холбогдох асуудлаар хяналт шалгалт хийж байгааг мэдсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 Учир нь Захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үүргийг хүлээхээр хуульд заасан атал анхан шатны шүүх иргэн Б.З- нь захиргааны байгууллагын тусгай зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй мэт агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан  хуульд үндэслэх зарчмыг захиргааны байгууллага үйл ажиллагаандаа тусгайлан баримтлахаар үүрэг болгон хуульчилсан. Улсын байцаагч Д.Э нь хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж улмаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаартай актыг гаргахдаа шалгуулагч байгууллага “Э” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 3.3-д заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг.

Улсын байцаагчийн актын үндэслэлд дурдагдаж улмаар шалгуулагч байгууллагыг буруутгаж буй “Э” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоол түүний хавсралт 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүчингүй болсноор ямар ч эрх зүйн үйлчлэлгүй болж эрх зүйн харилцааг зохицуулах хүчин чадалгүй болсон. Гэтэл улсын байцаагч нь эрх зүйн хүчин чадалгүй журмыг хэрэглэж шалгуулагч байгууллагыг буруутгаж байгаа нь Захиргааны байгууллага үйл ажиллагаагаа хуульд үндэслэн явуулах зарчмыг ноцтой зөрчсөн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх захиргааны байгууллагын хуулиар үүрэгжүүлсэн тусгай зарчмыг зөрчсөн хууль тогтоомжийн алдааг “хэлбэрийн алдаа” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болжээ. Хэлбэрийн алдаа гэдэг нь үг, үсэг, тоо тооцоолол зэрэг техникийн шинжтэй алдааг ойлгох учиртай бөгөөд хууль тогтоомж хэм хэмжээг сонгон хэрэглэхэд гаргасан алдааг хэлбэрийн алдаа гэж үзэх хуульд зүйн үндэслэл байхгүй юм.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг захиргааны байгууллага үйл ажиллагаандаа тусгайлан баримтлахаар үүрэг болгосон. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хууль тогтоогчоос тайлбарлахдаа нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгохоор заасан.

 Улсын байцаагч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаартай актыг гаргахдаа Б.З-т  эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байгаа буюу хууль ёсны итгэл бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байдаг. Харин Б.З-т олгосон жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлс 2.691.931 төгрөгийг Б.З-ээс гаргуулан төсвийн орлогод төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

 Ийнхүү шийдвэр гаргахдаа улсын байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5-д заасан” хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” заалтыг баримталсан байна. Хохирол гэдэгт “олох байсан орлого, орлогод хөрөнгийн дутагдал, алдагдал” зэргийг ойлгодог ба төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн ажилтнуудад жилийн үр дүнгээр олох нэмэгдэл хөлсний дээд хэмжээг тогтоосон үнийн дүнгээс алдагдал, дутагдал үүсээгүй харин ч хэмнэлт бий болсон байгаа нөхцөлд улсын байцаагчийн зүгээс бодитой дүгнэлт хийгээгүй. Энэ талаар талуудын хооронд үүссэн маргаанд анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

3.4. Шүүх хуралдааны явцад хяналт, шалгалтын үйл ажиллагааг улсын байцаагч Д.Э, н.Б нарын хамтран явуулсан болох нь гэрч буюу шалгуулагчийн төлөөлөгч Л.Т-н мэдүүлгээр тогтоогдсон.

Хяналт, шалгалтыг улсын байцаагч нар хамтран явуулсан тохиолдолд хяналт, шалгалтын бүрэлдэхүүн хяналт шалгалтын үр дүнд гаргасан шийдвэрийг баталгаажуулах мөн хяналт, шалгалтын удирдамжид хяналт, шалгалт явуулах бүрэлдэхүүнд тусгагдсан байх шаардлагатай байдаг. Гэтэл энэ талаар шүүх хуралдаан дээр тогтоогдсон хяналт, шалгалтыг улсын байцаагч нар хамтран явуулсан гэх маргаантай асуудалд шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв

2. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар улсын байцаагчийн актаар “ “Ажилтнуудад үйлдвэрлэлийн болон санхүүгийн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр нэмэгдэл хөлсийг олгох журам”-ын 3.3-д “Шинээр ажилд орж тухайн жилд 6 сараас доош хугацаагаар ажилласан ажилтанд нэмэгдэл хөлс олгохгүй” гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж Б.З-т 2022 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлс олгосон 2.691.931 төгрөгийг санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.З-ээр төлүүлж төсвийн орлого болгуулахаар улсын байцаагчийн акт тогтоосныг эс зөвшөөрч гаргасан “Э” ТӨХК-ийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 102 дугаар зүйлийн 102.1.1-д “Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална: цалин хөлсийг тооцох аргачлал ил тод, ойлгомжтой байх” 103 дугаар зүйлийн 103.3.4-т “Ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ: цалин хөлсний журам” гэж зааснаас үзвэл цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс багтаж байх бөгөөд ажил олгогч нь цалин хөлсний талаар журам гаргаж мөрдүүлэх эрх хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байна.

2.3. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 162 дугаар зүйлийн 162.1-д “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлнэ”, 162.2.5-д “иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг авах”,162.3.1-т “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах үүрэгтэй: хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх, ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, насанд хүрээгүй хүний хөдөлмөр зэрэг асуудлаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүхий л асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах”, 162.3.4-т “Ажилтан, үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх” гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “Хяналт шалгалтын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих”, 10 дугаар зүйлийн 10.9.1-д “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.8-т “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна ажилтны цалин хөлстэй холбоотой асуудал хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах хуулиар хүлээсэн үүрэг бүхий этгээд байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар албан бичгээр “... компанид 6 сар ажиллаагүй СЭЗХ-ийн дарга Б.З-т 2.691.931 төгрөгийн урамшуулал олгосон үйлдлийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандан гаргаж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 25/04 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг “Э” ТӨХК-д Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

2.5. Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хувьд хяналт шалгалт хийх эрхтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн” гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх “... Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07/25-02/121/03 дугаар актаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих улсын байцаагчийн эрх хэмжээг хэтрүүлээгүй” гэж зөв дүгнэсэн байна.

2.6. “Э” ТӨХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 4 дүгээр хурлын тэмдэглэлээр Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ч.Орхон үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд Б.З-ийг томилох ажиллуулах тухай гүйцэтгэх удирдлагаас оруулсан саналыг дэмжиж, “Э” ТӨХК-ийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/264 дүгээр тушаалаар Санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар Бямбарагчаагийн З-ийг томилсон байх бөгөөд 2022 оны ажлын жил дуусахад 5 сар 6 хоног ажилласан үйл баримт тогтоогдсон байна.

2.7. Анхан шатны шүүх “... Б.З- нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шинээр уг албан тушаалд томилогдсон учраас 2022 оны ажлын жилийн дуусахад 5 сар 6 хоног ажилласан байгаа нь 6 сараас доошгүй хугацаанд ажилласан гэдэгт хамаарахгүй ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээ зөрчиж нэмэгдэл цалин хөлс олгосон гэж үзэх үндэслэлтэй ... “Э” ТӨХК-ийн ажилтнуудад үйлдвэрлэлийн болон санхүүгийн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлс олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3-т “Шинээр ажилд орж тухайн жилд 6 сараас доош хугацаагаар ажилласан ажилтанд нэмэгдэл хөлс олгохгүй” гэсэн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байх тул уг хэм хэмжээг баримтлан ажиллах нь зүйн хэрэг бөгөөд уг хэм хэмжээ шинээр тухайн байгууллагад ажилд орсон бүх ажилтанд адил тэгш мөрдөгдөх учиртай ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

2.8. “Э” ТӨХК-ийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Ажилтнуудад үйлдвэрлэлийн болон санхүүгийн сарын, жилийн үйл ажиллагааны үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох журмыг батлах тухай” А/77 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар “Э” ТӨХК-ийн ажилтнуудад үйлдвэрлэлийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгох журмыг баталсан, уг журмын 3 дугаар бүлэгт нэмэгдэл хөлс олгохгүй буюу бууруулж олгох нөхцөлийг зохицуулсан байх бөгөөд 3 дахь заалтад “Шинээр ажилд орж тухайн жилд 6 сараас доош хугацаагаар ажилласан ажилтанд нэмэгдэл хөлс олгохгүй” гэж заажээ.

2.9. Түүнчлэн нэхэмжлэгч талаас “... улсын байцаагчийн актад Э ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хүчингүй болсон 29 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон нь тул алдаатай ...” гэсэн агуулгаар маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн нь зөв байна.

2.10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Э” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/2200 дугаар албан бичгийн дагуу мөн зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч уг журмыг “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн /мөн өдрийн/ А/77 дугаар тушаалаар батлан мөрдүүлж байгаа, уг журамд “шинээр ажилд орж тухайн жилд 6 сараас доош хугацаагаар ажилласан ажилтанд нэмэгдэл хөлс олгохгүй байх” гэсэн заалт мөн адил тусгагдсан, нэгэнт хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдэд 6 сараас доош хугацаагаар ажилласан ажилтанд нэмэгдэл хөлс олгохгүй байхаар дотоод журам мөрдөгдөж байгаа болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх “ ... Улсын байцаагчийн акт нь хэдийгээр хүчингүй болсон ... тогтоолд заасан зөрчлийг гаргаж гэж төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн ч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн зөрчил тогтоогдож байх тул актын хэлбэрийн алдаа нь захиргааны актыг хууль бус гэж хүчингүй болгох үндэслэл болохгүй ...” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.11. Түүнчлэн анхан шатны шүүх “... актаар төлбөр ногдуулж, зөрчлийг таслан зогсоосон ... зорилго нь нэг талаас тухайн байгууллагад шинээр ажилд томилогдсон бүх ажилтанд Б.З-т нэмэгдэл цалин хөлс олгосон журмаар ... нэмэгдэл цалин хөлс олгодог практик тогтох эсхүл зарим шинээр орсон ажилтанд 6 сар ажиллаагүй гэж нэмэгдэл цалин олгохгүй байх зэргээр хөдөлмөрийн харилцаанд тэгш бус байдал үүсгэх, дахин зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн харилцаанд адил нөхцөлд адил боломжоор хангагдах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой ... тухайн байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл 6 сар төлсөн ... нь ... нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасалдаагүйг тогтоохоос бус тухайн байгууллагад тухайн албан тушаалд томилогдож бүтэн 6 сар ажилласан хугацааг тогтоох үндэслэл биш ...” гэж зөв дүгнэсэн байна.

2.12. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан.

2.13. Бодит нөхцөлд тохирсон буюу зүй зохистой хэм хэмжээнээс хэтрээгүй байх гэдэг нь эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд үзүүлэх сөрөг үр дагавар болон зорьсон зорилго хоорондын тэнцвэрт байдал бөгөөд нэгэнт 6 сар томилогдон ажиллаагүй Б.З-т 2022 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл хөлс олгосон 2.691.931 төгрөгийг санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.З-ээр төлүүлж төсвийн орлого болгуулахаар шийдвэрлэсэн улсын байцаагчийн маргаан бүхий акт бодит нөхцөлд тохирсон гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн эрх зөрчигдсөн гэх үндэслэлийг зааж маргаагүй, харин “манай байгууллагын ажил олгогчийн эрхийг зөрчсөн ... ажилтнуудыг идэвхжүүлэх хүний нөөцийн бодлогын хэрэгжүүлэхэд улсын байцаагч хөндлөнгөөс оролцож эрхээ хэтрүүлсэн ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг  мөрдүүлэх асуудал нь хяналт шалгалтын албан тушаалтанд хамааралгүй ...” гэж тодорхой ашиг сонирхол хөндөгдсөн гэсэн агуулгаар маргасан байх боловч улсын байцаагчийн актын улмаас нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх “... актын улмаас нэхэмжлэгч болоод гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ