Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч А.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Л.Тамир, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Тамирт холбогдох 201624000072 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, бага дарь эхийн 3 дугаар гудамжны 1220 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн №147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг эдлэх ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистерийн дугаар ХК88021712, хэрэг хариуцах чадвартай, Эвийн овогт Лувсандоржийн Тамир.

/Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Л.Тамир 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь эхийн 2 дугаар гудамжны 1834 тоот хашаанд байсан А.Эрдэнэбаатарын эзэмшлийн тоёота приус-11

маркийн 74-67 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан жолоодож явахдаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчин Б.Амгаланбаярын эзэмшлийн С.Болдбаатарын жолоодон явсан муссо маркийн   42-16 УБВ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн 138.000 төгрөгийн шууд, 298.000 төгрөгийн нийт хохирол учруулаад мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Л.Тамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэнээр мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

            Хохирогч А.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гарсаны урд өдөр Л.Тамир манайд ирж хоносон. Өглөө нь бид нар нэг шил архи уусан. Удалгүй манай найз нэг шил архитай ирж бид нар хамт уусан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Намайг сэрэхэд миний машин байхгүй байсан. Би хохирлын мөнгөө авсан тул шүүгдэгчид гомдол санал байхгүй гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-17/, Зам тээврийн осол, хэрэг нөхөн үзлэгээр тогтоосон байдал /хх-19/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл       /хх-22/, эд зүйл хураан авч эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-33/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-35-36/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-41/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-42/, “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-64-65/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-94/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-95/,      ЦЕГ-ын Лицензийн төвийн 2016 оын 2 дугаар сарын 29-ний өдрийн 17/320 тоот албан бичиг /хх-89/, хохирогч А.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-49/, эд зүйлийн үнэлгээ /хх-69/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-103/, техникийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 173 тоот дүгнэлт /хх-74-75/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Тамир 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь эхийн 2 дугаар гудамжны 1834 тоот хашаанд байсан А.Эрдэнэбаатарын эзэмшлийн тоёота приус-11 маркийн 74-67 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан,

мөн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчин Б.Амгаланбаярын эзэмшлийн С.Болдбаатарын жолоодон явсан муссо маркийн   42-16 УБВ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн 138.000 төгрөгийн шууд, 298.000 төгрөгийн нийт хохирол учруулаад мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж, зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Амгаланбаяр мэдүүлэхдээ: ...Би өөрөө энэ осол хэргийн талаар мэдэх ямар нэгэн зүйл байхгүй. Гэхдээ осол гарч миний машины хойд талын буфер, багаж эвдэрч гэмтсэн байна. Үнэлгээ хийлгэхэд шууд зардал нь 138.000 төгрөг, нийт дүн нь 298.000 төгрөг болсон... /хх-44/ гэсэн мэдүүлэг,

              Техникийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 173 тоот дүгнэлтэд:

1. Тоёота приус маркийн 74-67 УНЛ дугаартай автомашины жолооч Л.Тамир нь Монгол Улсын ЗХД-ийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, мөн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Муссо маркийн 42-16 УБВ дугаартай автомашины жолооч С.Болдбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-74-75/,

-Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-95/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчээс үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Тамирыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан,

 мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Тамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.      

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж заажээ.

Иймд шүүгдэгч Л.Тамирыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Тамир ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэм хорын хохирол арилсан байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулав.

    Шүүгдэгч Л.Тамир нь Төрийн сангийн 900005406 дансанд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 298.000 төгрөгийг тушаасан тул  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Тамирын хохиролд төлсөн 298.000 төгрөгийг Төрийн сангийн 900005406 данснаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Амгаланбаярт олгох нь зүйтэй байна.

    Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий СДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Тамирыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан,

мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Прокурорын газраас шүүгдэгч Л.Тамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тамирыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тамирт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тамирын цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Тамирт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Төрийн сангийн 900005406 данснаас 298.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Амгаланбаяр /РД:OД80122817/-т олгосугай. 

9.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС