Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2018/ДШМ/049

 

В.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлоор В.Бд холбогдох эрүүгийн 1814002200114 дугаартай хэргийг 2018 оны 7 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ямаатынхан овогт В.Б, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,

В.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 2018 оны 3 дугаар сарын 18-нд шилжих шөнө буюу 03 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Уранхайрхан” 2 дугаар багийн нутаг болох Хайрханы гэзэг гэх газар *******ын гэрт *******ыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                      

Баянхонгор аймгийн прокурорын газраас В.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ямаатынхан овогт В.Быг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүгдэгч 2018 оны 7 дугаар сарын 02-ны дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3 дэх хэсэгт зааснаар В.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар В.Баас 116.850 төгрөг гаргуулж хохирогч *******ад олгож, уг хохирлыг 2018 оны 6 дугаар сарын 29-ний дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч *******ын эмчилгээнд зардалтай холбоотой 350.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 808.150 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн сандлыг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******ад буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Эрдэнэбатад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар В.Бы эзэмшлийн “LG” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч В.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар В.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие В.Баас эмчилгээний зардалд 925.000 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх шүүгдэгчээс 116.850 төгрөгийг гаргуулж, 808.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие нь Бд зодуулсаны улмаас 2018 оны 4 дүгээр сарын 25-нд Мягмарсүрэн гэдэг хүнийг гуйж түүний 32-02 БНА улсын дугаартай авто машинаар Улаанбаатар хот руу ирж, очих болон хот дотор явах бензинийг нь хийж явсан ба шүүх энэ зардлыг В.Баас гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөн Баян-Овоо сумын цагдаа *******эд хохирлын баримт гэж толгойны компьютер томографикийн зураг авахуулсан СD, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас буюу 13/А, толгойн бүтэн зураг авахуулахад 80.000 төгрөг төлсөн баримт зэргийг өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй байгаа нь миний эрх ашгийг хохироож байна.

Тиймээс В.Баас эмчилгээний зардал болон эмчлүүлэхэд гарсан бензиний зардлуудыг гаргаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл В.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 2018 оны 3 дугаар сарын 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Уранхайрхан” 2 дугаар багийн нутаг болох Хайрханы гэзэг гэх газар *******ын гэрт нь эхнэр *******ыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж сохор, доголон хүүхэн гэх мэтээр хэл амаар доромжлон түүний толгойн тус газарт шар өнгөтэй, модон сандлаар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Дээрх үйл баримт нь Баянхонгор аймгийн прокурорын газраас В.Бд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үүсгэсэн эрүүгийн 1814002200114 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №267 тоот болон тус албаны 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №328 тоот нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтүүд, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сандлыг эд мөрийн баримтаар хураасан прокурорын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №123 дугаар тогтоол, В.Б нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч В.Быг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын болон учруулсан хохирол, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд зохих ял шийтгэлийг оногдуулсан нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Хохирогч ******* шүүгдэгч В.Баас эмчилгээний зардалд 925.000 төгрөг нэхэмжилсэнээс анхан шатны шүүх 116.850 төгрөгийг гаргуулж, 808.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хохирлын талаарх зарим баримтыг гаргаж өгсөн хэдий ч хэрэгт хавсаргагдаагүй байх тул эмчилгээний болон эмчлүүлэхэд гарсан бензиний зардлуудыг гаргуулж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 925.000 төгрөг болсон хэмээн шүүгдэгчээс нэхэмжилсэнээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нийт 116.850 төгрөг гаргуулж үлдэх 808.150 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна.

Уг 808.150 төгрөгийн нэхэмжлэлд хохирогч 480.440 төгрөгийн шатахууны баримт гаргаж өгсөн хэдий ч эдгээр баримтын зарим нэг нь тухайн хэрэг учрал болохоос өмнөх баримт байх бөгөөд бусад баримтууд нь хэний эзэмшлийн ямар маркийн автомашинд хэн ямар зорилгоор хаанахын шатахуун түгээх станцуудаас худалдан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байх тул энэ талаарх болон үлдэх 327.710 төгрөгийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэхгүй орхин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг дурдан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд тооцогдохгүй болно.

Иймд хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх В.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэсэн, мөн хохирогчийн нийт нэхэмжилж буй 925.000 төгрөгт орж тооцогдсон 350.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.4, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ямаатынхан овогт В.Быг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ямаатынхан овогт В.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтаас “...гурван зуун тавин мянган / 350000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” гэснийг хасч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

           ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

                                    М.МӨНХДАВАА