| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00301/И |
| Дугаар | 368 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 368
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буур хээр 3 дугаар хэсэг 5-11 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 75-2 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 30 настай, эмэгтэй Баяуд овогт Маамжаагийн Бурмаагийн /МА-86112204/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй, булаг 1-2 тоотод оршин суух, 66 настай, эрэгтэй, өндөр насны тэтгэвэрт Баяуд овогт Лувсангийн Маамжаад /МА-50092011/ холбогдох
“ Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай “ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч М.Бурмаа, хариуцагч Л.Маамжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч: М.Бурмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2004 онд 10 дугаар ангиа төгсөөд 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин М.Хуланг төрүүлсэн. Би сургуульд явах болчихоод 2008 оны 07 дугаар сарын 20-ны өдөр охин М.Хуланг өөрийн аав, ээждээ үрчлүүлсэн. Хэдийгээр би охиноо аав, ээждээ үрчлүүлсэн боловч бид нар хамт амьдардаг байсан. Одоо нөхөр бид хоёр сургуулиа төгсөж, гэрлэлтээ батлуулан боломжийн амьдралтай болсон учраас охиноо өөрсөд дээрээ шилжүүлэн авах хүсэлтэй байна. Бид хоёр 2012 онд Улаанбаатар хот руу шилжин, охин маань 2014 оноос хойш бид хоёртой хамт амьдарч байгаа. Одоо охин маань 111 дүгээр сургуулийн 7 дугаар ангид суралцдаг. Иймд миний охин М.Хуланг аав Л.Маамжаа, ээж Д.Долгорсүрэн нарт 2008 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгон, эцэг, эхийнх нь асрамжинд шилжүүлж өгнө үү гэх.
Хариуцагч: Л.Маамжаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний зээ охин М.Хулан 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн. Охин М.Бурмаа маань сургуульд сурах гээд бид нар ярилцаж байгаад зээ охиноо хөгшин бид хоёр үрчилж авсан. Гэхдээ манай охиныхон манайд хамт амьдардаг байсан. Хүргэн, охин хоёр маань 2012 онд Улаанбаатар хот руу шилжин 2014 онд охиноо аваад түүнээс хойш зээ охин М.Хулан маань аав, ээж дүү нарынхаа хамт Улаанбаатар хотод амьдарч тэндээ сургуульд сурч байгаа. Одоо хөгшин бид хоёр нас өндөр болсон учраас зээ охиноо аав, ээжид нь буцаан өгч, үрчлэлтийг хүчингүй болгоход бидний зүгээс татгалзах зүйл байхгүй гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон насанд хүрээгүй гэрч М.Хулангийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:
Би одоо ээж дээрээ очихыг зөвшөөрч байна. Одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Ээж анхаарал сайн тавьдаг...бичиг баримтаа шилжүүлэхэд дуртай байна... гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Д.Долгорсүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:
М.Хуланг миний охин М.Бурмаа нь 10 дугаар ангиа төгсөх жилээ гаргасан юм. Хүүхдээ гаргаад “айлд өргүүлнэ” гэхээр нь “яах юм бэ, аав, ээж хоёр нь авчихъя” гээд өсгөсөн юм. Одоо хөгшин бид хоёр даралт их, зүрх муу, нас өндөр болж байна. Ач охиноо эхийнх нь нэр дээр болгуулах гэж байгаа юм. Хотын хүүхдүүд айхтар, “хөгшин аав, ээжтэй юм уу?” гээд шоолдог гэнэ. Хэдий хүртэл амьд яваа билээ, амьд дээрээ хүүхдийг нь эхэд нь өгч, бичиг баримтыг нь шилжүүлэх санаатай байгаа юм... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч М.Бурмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... миний охин М.Хуланг аав Л.Маамжаа, ээж Д.Долгорсүрэн нарт 2008 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгон, эцэг, эхийнх нь асрамжинд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
М.Бурмаагийн охин М.Хулан нь 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн байна. М.Бурмаа нь өөрийн эцэг Л.Маамжаа, эх Д.Долгорсүрэн нарт өөрийн охин М.Хуланг үрчлүүлсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хариуцагч Л.Маамжаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зээ охин М.Хулан 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн. Охин М.Бурмаа маань сургуульд сурах гээд бид нар ярилцаж байгаад зээ охиноо хөгшин бид хоёр үрчилж авсан...Хүргэн, охин хоёр маань 2012 онд Улаанбаатар хот руу шилжин 2014 онд охиноо аваад түүнээс хойш зээ охин М.Хулан маань аав, ээж дүү нарынхаа хамт Улаанбаатар хотод амьдарч тэндээ сургуульд сурч байгаа. Одоо хөгшин бид хоёр нас өндөр болсон учраас зээ охиноо аав, ээжид нь буцаан өгч, үрчлэлтийг хүчингүй болгоход бидний зүгээс татгалзах зүйл байхгүй” гэх, шүүхэд насанд хүрээгүй гэрч М.Хулан мэдүүлэхдээ: “Би одоо ээж дээрээ очихыг зөвшөөрч байна. Одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Ээж анхаарал сайн тавьдаг... бичиг баримтаа шилжүүлэхэд дуртай байна...” гэх, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамж, М.Хулангийн 2008 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №04 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ, 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0299878, Г-4/4 дугаартай Л.Маамжаагаар овоглосон төрсний гэрчилгээний хуулбарууд, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 46/001489 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”, гэрч Д.Долгорсүрэн, М.Анхтуяа нарын шүүхэд М.Хуланг үрчлүүлсэн талаарх гаргасан тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд Л.Маамжаа, Д.Долгорсүрэн нарт 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин М.Хуланг 2008 оны 07 дугаар 20-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, эцэг П.Сүхбат, эх М.Бурмаа нарын асрамжинд шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Бурмаагийн Хуланг 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Лувсангийн Маамжаа, Даржаагийн Долгорсүрэн нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин М.Хуланг эцэг П.Сүхбат, эх М.Бурмаа нарын асрамжинд шилжүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээсүгэй.
4.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар М.Хулангийн үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай бүртгэлд өөрчлөлт оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА