| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00318/И |
| Дугаар | 00719 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 03 дугаар багт оршин суух, Буриад овогт Агваандоржийн Мөнхжаргал /ЧР62062901/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 155/2017/00318/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие А.Мөнхжаргал нь 1962 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрж Их-Уул суманд бүрэн дунд боловсрол эзэмшиж улмаар 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс Хөнгөн үйлдвэрийн сургуульд элсэн орж 1982 оны 07 сарын 05-ны өдрөөс Ноосны үйлдвэрийн нэгдэлд шилжиж ажилласан. Одоо тэтгэвэр тогтоолгох нас 2017 оны 06 дугаар сарын 29-нд болох боловч ажлаас халагдсан тушаал бичигдээгүй шалтгаанаар улсад ажилласан жил бүрэн тооцогдохгүй байна. Иймд А.Мөнхжаргал намайг 1982 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сүлжмэлийн 2 дугаар үйлдвэрт пресс-индүүчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Мөнхжаргал нь Улаанбаатар хотын Сүлмжмэлийн 2 дугаар үйлдвэрт 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын Үйлдвэрлэл худалдааны “Сүлжээ” хувьцаат компанид 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд пресс-индүүчин, оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. А.Мөнхжаргал нь одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт ажлаас гарсан тушаал дутуу бичигдсэн, ажлаас гарсан тухай тушаал нь олдохгүй байгаа зэргээс улсад ажиллаж байсан байдал нь тооцогдохгүй байгаа юм гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Мөнхжаргал нь тус шүүхэд Улаанбаатар хотын Сүлмжмэлийн 2 дугаар үйлдвэрт 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Үйлдвэрлэл худалдааны “Сүлжээ” хувьцаат компанид пресс-индүүчин, оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч А.Мөнхжаргал нь Улаанбаатар хотын Сүлмжмэлийн 2 дугаар үйлдвэрт 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Үйлдвэрлэл худалдааны “Сүлжээ” хувьцаат компанид пресс-индүүчин, оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь Агваандорж овогтой Мөнхжаргалд Хөнгөн үйлдвэрийн техникийн сургуулийн захиргаанаас 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон 322847 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Булган, С.Цэцэгмаа нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Буриад овогт Агваандоржийн Мөнхжаргалын Улаанбаатар хотын Сүлмжмэлийн 2 дугаар үйлдвэрт 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Үйлдвэрлэл худалдааны “Сүлжээ” хувьцаат компанид пресс-индүүчин, оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН