| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00344/И |
| Дугаар | 384 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 384
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 2 дугаар хэсэг 2-11 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Цэрэндорж овогт Сэрээтэрийн Энхцэцэгийн /МЮ-62120569/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч С.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1986 онд их сургуулиа төгсөөд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймаг дахь Ойн техник мэргэжлийн дунд сургуульд онолын багшаар ажилд орж 1991 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тус сургуулийн бүтэц, зохион байгууллалтанд өөрчлөгдсөн учраас Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд хүүхдийн байгууллагын арга зүйчээр томилогдон ажиллаж байсан. 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Хүүхдийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт орж тус сургуулийн мэдэлд очин аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалаар 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд хүмүүжлийн эрхлэгчээр 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.
Одоо тэтгэвэрт гарах гэтэл 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал байхгүй учраас шүүхээр ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдсэн байгаа. Иймд намайг Сүхбаатар сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд хүүхдийн арга зүйч, хүмүүжлийн эрхлэгчээр 1991 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Энхцэцэг нь “...намайг Сүхбаатар сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд хүүхдийн арга зүйч, хүмүүжлийн эрхлэгчээр 1991 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
С.Энхцэцэг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд хүүхдийн байгууллагын арга зүйч, хүмүүжлийн эрхлэгчээр 1991 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1987 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн 387148 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбарын “Ажлын тухай мэдээ”-ний 2-7 талд авагдсан 1991 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн аймгийн Хүүхдийн байгууллагын зөвлөлийн даргын 19 дугаартай тушаалаар Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийн хүүхдийн байгууллагын арга зүйчээр ажилд томилсон, мөн даргын 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдийн 27 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 32 дугаартай тушаалаар Сүхбаатар сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн хүмүүжлийн эрхлэгчийн ажилд томилсон, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн талаарх тушаалуудын бичилт, Сэлэнгэ аймаг дахь Ойн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын 1991 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба комисс томилох тухай” тушаалын, Сэлэнгэ аймгийн Пионерийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай “Ажилд батлах тухай” тогтоолын хуулбар, гэрч Б.Батцэнгэл, Ч.Алтантуяа, З.Цогцагаан нарын шүүхэд ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд С.Энхцэцэгийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд хүүхдийн байгууллагын арга зүйч, хүмүүжлийн эрхлэгчээр 1991 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сэрээтэрийн Энхцэцэгийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд хүүхдийн байгууллагын арга зүйч, хүмүүжлийн эрхлэгчээр 1991 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА