| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00612/И |
| Дугаар | 00715 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Бугат сумын 01 дүгээр багт оршин суух, Хариад овогт Гочоогийн Чулуунбат /РУ60040217/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 155/2017/00612/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Давааням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Чулуунбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Гочоогийн Чулуунбат нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-нд хонин суурьт туслах хоньчин, төлчнөөр элсэн орж, 1978 оны 8 дугаар сарын 15 -нд хугацаат цэргийн албыг 1981 оны 8 дугаар сарын 15 - ныг хүртэл хааж, 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс тус нэгдэлд хоньчин, төлчин, тууварчнаар 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эхнэр Дариннямын хамт ажиллаж байсан юм. Ингээд би нийтдээ 13 жил тасралтгүй хоньчин, төлчин, тууварчнаар ажиллаж байсан юм.
Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, тус аймгийн Шинэ-Идэр сумын архивт хадгалагдаж байгаа 70 дугаар данснаас лавлагаа гаргуулан авсан нь 1976 оны 1,2,5,8,9,10,12 сарынх болон 1977 оных бичигдээгүй, 1981 оны 8 дугаар сарын 15-аас хойших хугацааны хөдөлмөрийн хөлс 10 дугаар сард л бичигдсэн байна. Үүний шалтгаан гэвэл би насанд хүрээгүй байсан тул хөдөлмөрийн хөлсийг аав, ээжийн нэр дээр нэгтгэн бичиж байсны дээр 1981 оны 08 дугаар сарын 15-аас 1981 сны 12 дугаар сарын 30-ныг дуустал хугацааны хөдөлмөрийн хөлсийг нэгтгэн нэг удаа 948 төгрөг авч байсан юм. Мөн төлчнөөр ажиллаж байхад хөдөлмөрийн хөлсийг улирал бүр, харин хоньчноор ажиллаж байхад сар бүр хөдөлмөрийн хөлс олгож байсантай холбоотой юм. Ингээд миний нэгдэлд ажилласан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд 1976 оны 1 сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаанд тасралтгүй 13 жил ажилласныг минь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Чулуунбат нь 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч мал маллаж байсан. Одоо ч малаа маллаж амьдарч байна. Тэрээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хоньчин, төлчин, тууварчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс улсад ажиллаж байсан нь тогтоогдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Чулуунбат нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 03 дугаар бригадад 1976 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, төлчин, тууварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Чулуунбат нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 03 дугаар бригадад 1976 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, төлчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь Гочоо овогтой Чулуунбатын Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Б.Цэрэндорж, Я.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хариад овогт Гочоогийн Чулуунбатын Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 03 дугаар бригадад 1976 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчин, төлчин, тууварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Чулуунбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН