Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Батсуурь, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Л.Энхбаяр,

улсын яллагч Т.Уянга,

            иргэдийн төлөөлөгч С.Энхбат,   

шүүгдэгч Д.Оргилтөгс, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Оргилтөгсөд холбогдох 201625010908 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 4 дүгээр хэсэг 351 тоотод оршин суух бүртгэлтэй, 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгуүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистерийн дугаар ЦД86031615, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваасүрэнгийн Оргилтөгс.

                                                                                                         

           Шүүгдэгч Д.Оргилтөгс нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ургах наран-2" хүнсний дэлгүүрт худалдагч Ж.Буянчимэгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн 200.000 төгрөгийг дээрэмдсэн,

           

            мөн дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцад нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэж буюу дэлгүүрт гаднаас орж ирсэн хохирогч Т.Уянгад хүч хэрэглэн сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн, түүний зүүн гарын бугуйн тус газар хоёр удаа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           Шүүгдэгч Д.Оргилтөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Буянчимэг, Т.Уянга нарын өгсөн мэдүүлгүүд /хх17-19, 20-22/, гэрч Ж.Буянбадрахын мэдүүлэг /хх-26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3537, ¹2387 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-39, 41/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7/, шүүгдэгч Д.Оргилтөгсийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-56-59, 80/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-64-66/ хохирлын талаарх баримтууд /хх-20-21/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.Оргилтөгс нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ургах наран-2" хүнсний дэлгүүрт худалдагч Ж.Буянчимэгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн 200.000 төгрөгийг дээрэмдсэн,

            мөн дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцад нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэж буюу дэлгүүрт гаднаас орж ирсэн хохирогч Т.Уянгад хүч хэрэглэн сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн, түүний зүүн гарын бугуйн тус газар хоёр удаа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан болох нь:

 

Хохирогч Ж.Буянчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: …Миний бие Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ургах нар-2" нэртэй хүнсний дэлгүүрийг ажилуулдаг юм. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15:30 минутын үед дэлгүүртээ ганцаар байж байтал нэг залуу нуруугаараа хаалга онгойлгож орж ирээд, гадуураа өмсөж явсан саарал куртикээр толгойгоо бүтээгээд зүүн гартаа барьсан төмөр иштэй сүхийг далайж "мөнгөө өг, бүгдийг нь өг" гэж орилж кассын машины лангууг төмөр сүхээрээ 2 удаа цохиж шаардсан. Мөн миний баруун гарын эрхий хуруу орчимд сүхээр нэг удаа цохисон. Би тэгэхээр нь "аваач дээ" гэж хэлэхэд "өөрөө авч өг гэж хэлэхээр нь кассын машиныг онгойлгож дээрээс базаж аваад мөнгө өгөхөд тэр залуу халаасандаа хийсэн. Яг энэ үед манай дүү Т.Уянга гаднаас орж ирэхэд нь "эгчийг нь аллаа" гэж орилоход тэр залуу Т.Уянга руу дайрч барьж явсан сүхээрээ түүний хоёр бугуй руу нэг удаа цохисон. Т.Уянга руу дайрахдаа ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Эргээд надаас мөнгөө авах гээд ирэхэд нь манай дүү Т.Уянга гарч зугтаахад араас нь гараад зугтаасан. Миний баруун гарын эрхий хуруу орчим хоёр газар хөхөрсөн гэмтэл учирсан байна. …Би айсандаа маш их уйлсан. Одоо сэтгэл санаа тавгүй байна. Би бараагаа авсны дараа мөнгөө тоолж үзэхэд 200.000 төгрөг байсныг тэр залуу дээрэмдэж авсан. Хэсэг хугацааны дараа намайг дээрэмдсэн залуу баригдаад ирэхэд нь халааснаас нь мөнгөө авсан /хх-17-19/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Т.Уянга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:…Би 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед манай ээжийн төрсөн дүү Ж.Буянчимэг эгчийн "Ургах нар-2" дэлгүүр рүү явж ортол цагаан өнгийн куртиктэй нүүрээ халхавчилсан 30 орчим насны залуу баруун гартаа түлээ хагалдаг төмөр сүх барьчихсан лангуун ы ард байсан эгч Ж.Буянчимэг рүү далайгаад зогсож байсан ба эгч намайг хараад "Уянгаа эгчдээ туслаарай" гээд орилсон. Тэгтэл тэр залуу над руу эргэж хараад сүхний ар талаар миний бугуй руу 2 удаа цохиод буцаж эгч рүү хараад мөнгө авах гээд явахад нь би зугтаж гараад “туслаарай” гээд орилоход гражид байсан Ж.Буянчимэг эгчийн дүү Ж.Буянбадрах найз Д.Отгоогийнхоо хамтаар гражнаас гарч ирсэн. Тэр үед дэлгүүрээс тэр залуу гарч зугтаасан ба араас нь араас нь Ж.Буянбадрах ах найзынхаа хамтаар хөөж барьж авсан. …Тэр залуугаас архи үнэртэж байсан /хх-20-22/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Буянбадрах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:…2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед гражид найз Д.Отгонбаярын хамтаар комиссын хувцас ялгаад сууж байтал дүү Т.Уянгаа сандарсан байдалтай орж ирээд "Баадай ахаа /намайг тэгж дууддаг/ Насаа эгчээ" гэж чангаар орилохлоор нь "юу болсон бэ" гэхэд "сүхтэй хүн дэлгүүр дотор байна" гэхээр нь Д.Отгонбаярын хамтаар дэлгүүр рүү гүйхэд дэлгүүрийн хаалгаар баруун гартаа сүх барьчихсан согтуу залуу гарч ирээд далайгаад намайг цохих гэхээр нь би сүхнийх нь ишнээс барьж авахад тэр залуу сүхээ хаячихаад миний хажуугаар гараад зугтсан. Сүхтэй залууг дэлгүүрээс 100 метр орчим зайд хөөж гүйхэд уг залуу шавхайн дээр хальтирч унахад нь дарж авсан. Уг залуу согтуу гүйж чадахгүй байсан. ...Би дэлгүүр дотор ороход кассын лангууны тавцанг 2-3 газар цохиод хонхойлгосон байсан. Дүү Т.Уянгын хоёр гарын бугуй хэсгийг болон эгч Ж.Буянчимэгийн гарыг нь цохисон хөндүүрлэж өвдөж байна гэж ярьж байсан…. /хх-26-27/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3537 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  1. Т.Уянгын биед зүүн гарын шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1. дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-39/ гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2387 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  

1. Шинжилгээнд ирүүлсэн "Д.Оргилтөгс БЗДЦХ-3" гэсэн хаягтай цусанд 2,8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.8 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна /хх-41/ гэсэн дүгнэлт,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7/,

-Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Оргилтөгсийн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн, сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн довтолж кассын машинд байсан 200.000 төгрөгийг дээрэмдсэн,

мөн дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг илэрхий үл ойшоож ямар ч шалтгаангүйгээр, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин сүхийг зэвсгийн чанартай ашиглан танхайрч хохирогч Т.Уянгын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Оргилтөгс нь 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан боловч ялгүйд тооцох хугацаа дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Оргилтөгсөд ял оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Оргилтөгс нь хүнд гэмт хэрэгт хэргүүдийг санаатайгаар үйлдсэн байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнийг эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр иштэй сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Оргилтөгс нь энэ хэрэгтээ 2016 оны  3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүх хуралдааныг хүртэл 90 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.        

    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Оргилтөгсийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн сүхийг зэвсгийн чанартай ашиглан довтолж, дээрдмийн гэмт хэргийг,  

мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, сүхийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Оргилтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оргилтөгсөд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаан/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр нийт 6 /зургаан/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оргилтөгсөд оногдуулсан 6 /зургаан/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оргилтөгсийн цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Оргилтөгсөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оргилтөгсийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                                             Э.ЧИНГИС

 

             ШҮҮГЧИД                                             Д.БАТСУУРЬ

 

                                                                           Ч.АЛТАНЦЭЦЭГ