Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар

 

 

 

 

                                                                                        

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар захирамж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/130 дугаар захирамж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/405 дугаар захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2023/0023 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, гуравдагч этгээд “Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 123/2023/0010/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар захирамж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/130 дугаар захирамж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/405 дугаар захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0023 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын “Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар захирамж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/130 дугаар захирамж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/405 дугаар захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хавтаст хэргийн материалтай бүрэн сайн танилцаагүй, бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй дүгнэлт, няцаалт хийгээгүй гэж үзсэн. Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн A/13 тоот захирамжийн 4 дэх заалтаар сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот шийдвэртэй “С-” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон боловч Төрийн байгууллага, албан тушаалтан, Засаг дарга, хэлтсийн хайхрамжгүй, хууль бус шийдвэрийн улмаас тус захирамжийг улсын бүртгэл, мэдээлэлд бүртгэхдээ Ц.Б-ын эзэмшлийн тус аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 106 дугаар тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийг сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн A/13 дугаартай захирамжаар хүчингүй болгосноор бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасныг тус тус зөрчсөн.

Газрын эзэмших эрхээ шилжүүлэгч Ц.Б- нь өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан, ямар байгууллага газрын эзэмших эрхийг шилжүүлж авч байгааг мэдэж байсан нь талууд тус тусдаа хүсэлт гаргах, газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулах хууль болон журамд тусгайлан заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй зөвтгөх буюу газрын эзэмших эрх хүлээн авагч тал хүсэлт гаргахгүй байх, талууд эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулахгүй байх үндэслэл болохгүй.

3.2. Мөн газрын эзэмших эрх шилжүүлэгч Ц.Б- нь тус газрын эзэмших эрхийг хүлээн авагч “Т-” ХХК-тай эрх зүйн харилцаанд огт оролцож байгаагүй болно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж байгаагүй, эрх шилжүүлэн авсан “Т-” ХХК нь газрын эзэмших эрх шилжүүлэн авах тухай хүсэлтийг өөрийн эрх бүхий байгууллагад өөрийн байгууллагын хэвлэмэл маягт дээр бичиж гарын үсэг, тамга тэмдэгтээр баталгаажуулаагүй нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд бүрэн хангалттай тогтоогдож байгаа.

3.3. Маргаан бүхий газрын эзэмших эрхийг “Т-” ХХК-д эзэмшүүлэх хүсэлт гаргасан М.Н- нь тус компанийг итгэмжлэлээр болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, тухайн байгууллагад ямар ч хамааралгүй, хүсэлт нь хууль бус болох нь гуравдагч этгээдийн бичгээр гаргасан тайлбар, архивын баримт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтаар эргэлзээгүй тогтоогдож байгаад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт, няцаалт хийгээгүй байна.

3.4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт зааснаар “нотариатчаар гэрчлүүлсэн эрх шилжүүлэх гэрээг хавсаргахаар” зохицуулсан боловч Төв аймгийн Баянцогт сумын Засаг дарга мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох” үүргээ хэрхэн биелүүлсэн, эрх хүлээн авагч хүсэлт гаргаагүй, эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.5. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар журам батлах тухай тушаалын хавсралтаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” баталжээ. Тус журмын 5 дугаар зүйлийн 5.4.2.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээний хуулбар /хэрэв тухайн нэгж талбарын хамтран эзэмшдэг бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрлийг гэрээнд тусгасан байна/ хавсаргахаар заасныг зөрчсөнийг хэрхэн зөвтгөж үзэж байгаа талаар хууль зүйн үндэслэлээ тодорхой бичиж няцаалт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт заасан “ ... гагцхүү хуульд захирагдах” зарчим, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ...” хэрэглээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох зүйл, заалт, журмуудыг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч газар эзэмших эрх зөрчигдсөнтэй холбоотой Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2 дахь хэсэгт зааснаар “ Сумын засаг дарга, аймгийн засаг дарга нарт гомдол, мэдээлэл гаргаж байсан нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байхад уг өргөдөл, гомдлыг гаргаагүй мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч газрын эзэмших эрхийг шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж маргаад байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй газрын төлбөр, 2014 оноос 2022 оныг хүртэлх хугацаанд бусдын эзэмшлээс газраа чөлөөлүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаагүй гэх зэрэг хэрэгт ач холбогдолгүй зүйлд дүгнэлт хийсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зохицуулсныг хэрхэн хэрэглээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнх 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж Ц.Б-ын “Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар захирамж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/130 дугаар захирамж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/405 дугаар захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3.1. Анх Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 106 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Б-т “Сэртэн” гэх байрлал бүхий газарт үр тарианы зориулалттай 510 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

Улмаар мөн сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Цэрэнпил овогтой Б- /НИ67051634/-ийн эзэмшилд байсан уг 510 га газрыг “Т-” ХХК-ний нэр дээр шилжүүлэн эзэмшүүлэхээр, 4 дэх заалтаар “сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр захирамжийг” хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн  Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/130 дугаар захирамжаар “... Сэртэнд үр тарианы зориулалттай 510 га газар эзэмшигч “Т-” ХХК-ийн эзэмшлийн тус газрыг “Г ” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, 9 жилээр хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Харин сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/405 дугаар захирамжаар "... 2014 оны ... 13 тоот захирамж гарсантай холбогдуулан Б-ын эзэмшилд байсан ...510 га газрын эзэмших эрх “Т-” ХХК-д шилжүүлэхдээ  ... тус захирамжийн 4 дүгээр зүйлд хүчингүй болгосон тоот дугаарыг буруу бичсэн зөрчил илэрсэн” гэсэн агуулга бүхий үндэслэлээр  өмнө нь Ц.Б-т газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 106 тоот захирамжаас түүнд холбогдох заалт, улсын бүртгэлийн 0246081 дугаартай гэрчилгээ"-г хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3.2. Нэхэмжлэгчээс дээрх захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... М.Н- гэх хүнийг “Т-” ХХК-ийн захирал гэж бодож байсан. Гэтэл хамааралгүй хүн байсныг сүүлд мэдсэн, ... А/13 дугаар захирамжаар “Т-” ХХК руу шилжүүлэхдээ Газрын тухай хуульд заасан эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан, “Т-” ХХК-иас хүсэлт гаргаагүй, талуудын хооронд нотариатаар гэрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, байгууллагын хэвлэмэл хуудас, тамга тэмдэг ашиглаж, байгууллагыг итгэмжлэлээр төлөөлөх эрхтэй этгээдийг томилоогүй, ... А/13 тоот захирамжийн 4 дэх заалтаар ... 09 дугаартай захирамжийг хүчингүй болгосон боловч ... улсын бүртгэлд бүртгэхдээ Ц.Б-ын эзэмшлийн нэгж талбарын дугаартай газрыг хүчингүй болгон бүртгэсэн, ... А/13 тоот захирамж илт хууль бус ... уг захирамжийг үндэслэж гарсан А/130, А/405 дугаар захирамжууд илт хууль бус, ... А/405 дугаар захирамжийг гаргахдаа ... тайлбар, санал гаргах боломж олгоогүй, нотлох баримт цуглуулах, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

3.3. Анхан шатны шүүх “... хэрэгт цугларсан баримтуудаар Ц.Б- нь өөрийн эзэмшлийн 510 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Т-” ХХК-д шилжүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, өөрийн хүсэл зорилгоо илэрхийлсэн бөгөөд энэ талаар маргаагүй, ... хариуцагчийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахдаа нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргасан эсэхийг тодруулаагүй” хэмээн буруутгах, улмаар сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг ... “газар эзэмших эх шилжүүлэх шийдвэр гаргах харилцааг хуулиар зохицуулаагүй” байхад гаргасан илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2.1-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.3.1-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б- нь 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Т-” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, улмаар “... өөрийн эзэмшилд байгаа 510 га газарт техник хөрөнгө хүчний дутагдалаас хамаарч хамтран хөрөнгө оруулах “Т-” ХХК гэрээгээр хамтарч ажиллах болсон тул иргэн миний эзэмшилд байгаа 510 га газрыг “Т-” ХХК-д шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтийг, “Т-” ХХК-ийн ерөнхий менежер гэх М.Н-ээс тус өдөр “... Ц.Б-ын эзэмшилд байгаа 510 га газарт хамтарч хөрөнгө оруулалт хийх 01 тоот гэрээ байгуулсан тул 510 га газрыг манай компанийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргад гаргасан үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үед буюу 2014 онд нэхэмжлэгч нь 510 га газар эзэмших эрхээ “Т-” ХХК”-д шилжүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн, уг хүсэлтэд өөрөө гарын үсэг зурсан болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй, 2014 оноос хойш уг газрыг бусад этгээд бодитоор эзэмшиж ашиглаж үр шимийг нь хүртэж байсан төдийгүй цааш өөр этгээдэд шилжүүлсэн байхад 7-8 жилийн дараа анх уг газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн, улмаар цааш бусдад шилжүүлсэн үйл баримтын улмаас мөн хариуцагчийн анх уг газрыг Т- ХХКд шилжүүлж шийдвэрлэхдээ анх газар эзэмших байсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болсныг заагаагүй өөр тухайн шийдвэрт хамааралгүй этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн алдаагаа засч зөвтгөсөн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх, маргаан бүхий шийдвэрүүдийг илэрхий алдаатай шийдвэр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.4. Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: нотариатаар гэрчлүүлсэн гэрээ” гэж заасан нь газар эзэмших эрх шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа этгээдэд аль алинд нь хамаатай зохицуулалт байх тул тухайн үед нэхэмжлэгчээс өөрийн газар эзэмших эрхээ шилжүүлэхдээ байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлэх талаар нөгөө талд хүсэлт гаргах улмаар нотариатаар гэрчлүүлэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх “... нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргах үүргийг  газар эзэмших эрх шилжүүлэгч болон тухайн эрхийг шилжүүлэн авахаар хүсэлт гаргагч нарт аль алинд нь хүлээлгэсэн, ... хариуцагчийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахдаа нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргасан эсэхийг тодруулаагүй” гэж буруутгах, улмаар сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, ... “газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргах харилцааг хуулиар зохицуулаагүй” байхад гаргасан илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх үндэслэлгүй ...” гэж зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын ... “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4.2.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээний хуулбар ... хавсаргахаар заасныг зөрчсөнийг хэрхэн зөвтгөж үзэж байгаа талаар шүүхээс хууль зүйн үндэслэлээ тодорхой бичиж няцаалт өгөөгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.5. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар, газар эзэмшигч нь газрыг зориулалтын дагуу бодитоор эзэмшиж ашиглах, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлөх, газрыг үр ашигтай ашиглах, мөн “эзэмшлийн газраа хамгаалах” эрх, үүрэгтэйгээс гадна газар эзэмшигчээс гаргасан хүсэлтийг үндэслэсэн эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх боломжтой байна.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 510 га газрыг 2014 онд “Т-” ХХК-д шилжсэнээс хойш 2022 оныг хүртэлх 8 жилийн хугацаанд “миний эзэмшлийн газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн” хэмээн маргаагүй уг газрыг бодитоор эзэмшиж ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй болох нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Ц.Б- нь маргаан бүхий 510 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2014 онд шилжүүлэх хүсэлтээ өгч, шийдвэрлүүлснээс хойш 2022 он хүртэлх хугацаанд бусдын эзэмшлээс газраа чөлөөлүүлэх хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй, эзэмшлийн газраа хамгаалах үүргээ биелүүлээгүй, тухайн газрын төлбөрийг төлөөгүй ... нь ... тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “...“ М.Н- гэх хүнийг “Т-” ХХК-ийн захирал гэж бодож байсан. Гэтэл хамааралгүй байсныг сүүлд мэдсэн. “Т-” ХХК-ийн захирал н.Батсуурь гэх хүнийг мэдэхгүй Батсуурь гэх хүнтэй газар шилжүүлэх талаар ярьж байгаагүй. Албан бланкад хүсэлтээ гаргаж, гарын үсэг зураагүй, эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан, талуудын хооронд нотариатаар гэрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, ... байгууллагын хэвлэмэл хуудас, тамга тэмдэг ашиглаж, байгууллагыг итгэмжлэлээр төлөөлөх эрхтэй этгээдийг томилоогүй байхад ... газрыг шилжүүлсэн, би гадаад яван, газар эзэмших эрх шилжсэнийг 2016 онд мэдсэн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй.  

3.6. Мөн анхан шатны шүүх “Баянцогт сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн А/13 дугаар захирамжийн 4 дэх хэсгээр тус сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийн дагуу тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргасны дараа тус шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал аймгийн газрын албанд бүртгэл хийлгэснээр эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан.

Хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар захирамжийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Ц.Б-ын хүсэлтээр түүний эзэмшлийн газрыг “Т-” ХХК-д шилжүүлж, 4 дэх заалтаар ийнхүү шилжүүлсэнтэй холбоотойгоор анх Ц.Б-т эзэмшүүлсэн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болсон талаар уг шийдвэрт тусгах учиртай. Гэтэл маргаан бүхий А/13 дугаар захирамжийн 4 дэх заалтаар тухайн асуудалд хамааралгүй Сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот захирамжаар “С-” ХХК-д Хонгор нэртэй газарт байрлах 400 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгосон, энэхүү алдаагаа хариуцагчаас 2022 оны А/405 дугаар захирамжаар зассаныг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

3.7. Нэхэмжлэгчээс “Баянцогт сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/130 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г гуравдагч этгээд “Г ” ХХК-д эзэмшүүлэх тухай захирамж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/405 дугаар “Ц.Б-ын 0246081 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжууд нь илт хууль бус 2014 оны А/13 дугаар захирамжийг үндэслэн гарсан байх тул илт хууль бус захиргааны акт” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсанчлан нэгэнт хариуцагчийн гаргасан 2019 оны А/130 дугаар захирамжийн үндэслэл болсон 2014 оны А/13 дугаар захирамж илэрхий алдаатай болох нь, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, шүүх нэхэмжлэгчээс гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаагүй, хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн, мөн захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарах хууль зүйн ойлголт нь тухайн актыг илт хууль бус байх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүх ... өргөдөл гомдол гаргаж байгаагүй мэтээр дүгнэлт хийсэн нь ... үндэслэлгүй ... нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй газрын төлбөр, 2014 оноос 2022 он хүртэлх хугацаанд бусдын эзэмшлээс газраа чөлөөлүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаагүй гэх мэт хэрэгт ач холбогдолгүй дүгнэлт хийсэн ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зохицуулсныг хэрэглээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй ... нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.  

3.8. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.

Хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/405 дугаар захирамжаар сумын Засаг даргын 2014 оны А/13 тоот захирамжийн 4-р зүйлд заасныг өөрчлөн сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 106 дугаар захирамжаар Ц.Б-т анх газар эзэмшүүлсэн заалт болон түүний эзэмшиж байсан газар эзэмших эрхийн 0246081 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосонд тооцож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актын илт хууль бус байх үндэслэлд хамаарахгүй тул шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж тус захирамжийг илт хууль бусад тооцох үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ